Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 381

 

Ш.Чгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02958 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Чгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШГАт холбогдох

 

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, шинжээчийн тогтоосон үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл зэргийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгч А.Чимгээгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Ш.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/05369 дугаартай шийдвэрээр Ш.Чгээс 95 370 850 төгрөг гаргуулж, Д.Ш-д олгохоор шийдвэрлэсэн. НШГгазраас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний өмчлөлийн Б хаягт байрлах 63.38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус орон сууцыг хураан авсан. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хөндлөнгийн этгээд С.Мөнхдэлгэр, А.Түвшинжаргал нарыг оролцуулсан ч мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрчид эрх үүргийг нь тайлбарлан өгч, тэмдэглэлдээ дурдана гэж заасан. Гэтэл эд хөрөнгийг хураасан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг  харахад хөндлөнгийн гэрчүүдэд эрх, үүрэг тайлбарласан талаар тэмдэглэсэн зүйл байдаггүй. Энэ нь дээрх заалтыг зөрчсөн байна. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр НШГА тус орон сууцаа 260 000 000 төгрөгөөр үнэлж байгаагаа бичиж өгсөн. Гэтэл НШГА “Итгэлт-Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020761 дугаарт бүртгэгдсэн дээрх 63.38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 130 000 212 төгрөгөөр үнэлснээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон 91 148 400 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг санал болгосныг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Би уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь байр нь 2007 онд ашиглалтад орсон шинэ байр бөгөөд би уг орон сууцыг шинээр нь худалдан авч ганцаараа амьдарсан тул хуучирч муудаагүй, элэгдээгүй бөгөөд хотын төвд байрладаг, уг байрны зах зээлийн үнийг үзэхэд 200 000 000 төгрөгийн үнэтэй байхад миний байрыг зах зээлээс хямд үнээр үнэлсэнд гомдолтой байна.

            Мөн шүүхийн шинжээчийг томилоход н.У-д эрх үүрэг танилцуулсан боловч н.Эрдэнэбаяр үнэлгээ гаргасан байх тул шинжээчид хууль сануулаагүй гэж үзэн 130 212 000 төгрөг гэж тогтоосон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулж, мөн уг үнэлгээг үндэслэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 91 148 400 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай хурлын тогтоол гарсан боловч тогтоолд анхны дуудлага худалдааг хаана болохыг тэмдэглээгүйгээс нэхэмжлэгч оролцож чадаагүй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, шинжээчийн үнэлгээ, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, уг дуудлага худалдаа явагдах тухай мэдэгдсэн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл зэргийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч НШГгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн ан хан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2369 дүгээр шийдвэрээр Ш.Чгээс 95 210 850 төгрөг гаргуулж, Д.Ш- олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар бичлүүлэхийг мэдэгдсэн ч төлбөрөө барагдуулаагүй тул Ш.Чгийн өмчлөлийн сууцыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр битүүмжилж, уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн 2 гэрч оролцуулж, мөн Ш.Чг байлцуулан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 161/002 дугаартай тогтоолоор эд хөрөнгө хурааж, тогтоолын нэг хувийг Ш.Чд хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар тэмдэглэлд тусгайлан зааж ажиллагаа явуулсан. Ингэхдээ хөндлөнгийн гэрчид эрх үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Тогтоолд энэ тухай тусгаагүй ч тайлбарлаагүй гэсэн үг биш бөгөөд энэ талаар нэхэмжлэгч өмнө нь гомдол гаргаж байгаагүй. Ш.Чд хураагдсан орон сууцыг 260 000 000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлснийг төлбөр авагч Д.Ш зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход 130 212 000 төгрөгөөр үнэлсэн. Ш.Чд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/7482 дугаартай албан бичгийг 99770474 дугаарын утсаар үнэлгээг танилцуулахаар залгахад холбогдох боломжгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 130 212 000 төгрөгийн 70 хувь болох 91 148 400 төгрөгөөр оруулах мэдэгдлийг Ш.Чд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэхээр 99770474 дугаарын утас холбогдохгүй, 99718470 дугаарын утас дуудаад авахгүй, түүний хаягаар очиход хүнгүй байсан тул 3/7951 мэдэгдэл, 3/15 тоот тогтоолын хамт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэн өгсөн байхад мөн хуулийн  34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар НШГгазраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/05369 дүгээр шийдвэрийг биелүүлэхээр явуулсан ажиллагаанаас хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгө хураах ажиллагааг хүчингүй болгуулах тухай Ш.Чгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 140 400 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Ш.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шинжээч томилох тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр тогтоолд хууль сануулж, шинжээч н.Удвал гарын үсэг зурсан атал шинжээчийг дүгнэлтийг Ө.Эрдэнэбаяр, Э.Золбоо нар гаргасан. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, хууль сануулаагүй шинжээч нар миний өмчлөлийн Б хаягт байрлах 63.38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур 130 212 000 төгрөгөөр үнэлсэн атлаа шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийн дээрх заалтуудыг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Би энэхүү орон сууцаа 2008 онд худалдан авч байсан бөгөөд тухайн үед орон сууцны зах зээлийн ханш өөр байсан тул одоогийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний орон сууцыг хэт доогуур үнэлсэн гэдгийг нотлохоор шинжээч томилуулсан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, шинжээч нь “... ажлыг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хийсэн бөгөөд үнэлгээний өдрийг тухайн байдлаар тогтоов” гэсэн атал шинжээчид 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эрх, үүрэг хариуцлагыг тайлбарлаж гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл, шинжээчид хууль сануулж, эрх үүргийг нь тайлбарлаагүй байхад шинжээч дүгнэлтээ гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан журмын зөрчсөн бол тэдгээр нь нотлох баримтын чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж, өөр шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасныг хангахгүй орхисон атлаа шүүх үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талын хүсэлтээр “Мөнх оргил трейд” ХХК-иар уг орон сууцанд үнэлгээг хийлгэхэд 112 000 000 төгрөг үнэлсэн, дээрх 2 үнэлгээг шууд харьцуулан адилтгах боломжгүйгээс гадна уг үнэлгээнүүд хоорондоо хэт зөрүүтэй гэх байдал тогтоогдохгүй байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Ч нь хариуцагч НШГАт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/05369 дүгээр шүүхийн шийдвэрээр хариуцагч Ш.Чгээс 94 580 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Шараад олгохоор шийдвэрлэсэн байна. Уг шаардлагыг төлбөр төлөгч нь сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн хүсэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2016/28900 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж болон 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 3218 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ. /хх 29-30, 33/

Талууд дээрх үйл баримтын талаар маргаангүй, харин эд хөрөнгө хураах болон албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа, эд хөрөнгийн үнэлгээний талаар марган мэтгэлцсэн байна.

Хариуцагч НШГА нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 161/002 дугаартай эд хөрөнгө хураасан тухай тогтоолын дагуу нэхэмжлэгч Ш.Чгийн өмчлөлийн орон сууцыг хураах ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгч Ш.Ч, хөндлөнгийн гэрч А.Т, С.М нарыг оролцуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон. /хх 47-49 дэх тал/ Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэх боловч хураах ажиллагаа явуулсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээс үзвэл хариуцагч нь хөндлөнгийн гэрчид мөн зүйлийн 30.4 дэх хэсэгт заасны дагуу эрх үүргийг тайлбарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэхдээ төлбөр төлөгч Ш.Ч нь дээрх ажиллагааны талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу ажиллагаа явуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй, хуулиар тогтоосон гомдол гаргах журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн гомдолд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

Нэхэмжлэгч нь шинжээч орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр орон сууцны үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах гомдол гаргасан.

Хэргийн баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан журмын дагуу эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь заалтыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/15 дугаар тогтоолд анхны албадан дуудлага худалдаа хаана болох хаягийг заагаагүй үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.

Анхны албадан дуудлага худалдаа явуулах хугацаа товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд албадан дуудлага худалдаа явуулах газрын хаягийг заагаагүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалттай нийцэхгүй байхад нэхэмжлэгчийг гүйцэтгэх ажиллагааг хэзээ, хаана явагдах талаар тодруулах боломжтой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ. 

Гэхдээ анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах журмыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх 73-74/

Өөрөөр хэлбэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гараагүй байхад энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Шүүх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг гомдлын үндсэн дээр хянах ёстой байтал нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн нь буруу байна. Гэвч энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02958 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД