Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01065

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01065

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, О овогт Б  Б  /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... байранд байрлах, Т ББСБ ХХК /РД:.../-д холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 873 ам.доллар буюу 15 453 624.9 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 35 322.11 ам.доллар буюу 93 106 961.1 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн төлөөлөгч Г.Зандан, А.Базар, Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т ХХК-тай 2015.11.05-ны өдөр №15/649 тоот '"Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тоёота ланд крузер прадо 150 дизель автомашиныг 104 000 000 төгрөгөөр худалдан авсан. Автомашины нийт төлбөрт гаалийн татвар, НӨАТ, худалдагчийн ашиг, гаалийн бүрдүүлэлтийн хураамж, гадаад валютын ханш, тээврийн хадгалалтын болон бусад зардал багтсан байсан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу уг худалдах, худалдан авах хэлцэл нь төгрөгөөр хийгдсэн бөгөөд миний бие гэрээний дагуу урьдчилгаанд автомашины 40 хувь болох 41 600 000 төгрөгийг төлсөн. Автомашины үлдэгдэл төлбөр болох 62 400 000 төгрөгийг Т ББСБ ХХК-иас санал болгосны дагуу зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу санхүүжүүлэх зээлийн зориулалт нь автомашин худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 62 400 000 төгрөг болохыг гэрээний талууд аль аль нь мэдэж байсан бөгөөд Т ББСБ ХХК-иас Т ХХК руу 2015.11.06-ны өдөр 62 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Учир нь зээлээр санхүүжүүлэх үндсэн гэрээ нь хуульд заасны дагуу төгрөгөөр хийгдэж урьдчилгаа төлбөрийг мөн төгрөгөөр гүйцэтгэсэн байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийн үүрэг мөн төгрөгөөр төлөгдөхөөр хүлээгдэж байсан. Тухайн үед автомашин худалдан авч байсан иргэн миний хувьд гадаад валютын тэр дундаа америк долларын зээл авах хэрэгцээ байгаагүй бөгөөд зөвхөн автомашины үлдэгдэл болох 62 400 000 төгрөгийг зээлэх хэрэгцээ байсны дагуу Т ББСБ ХХК нь энэхүү үлдэгдэл 62 400 000 төгрөгийг зээлдэж Т ХХК-руу шилжүүлсэн. Гэтэл Т ББСБ ХХК төгрөгөөр санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийг ам.доллароор төлөхийг санал болгож улмаар миний бие ам.доллароор зээлийг эргэн төлөх тухай стандарт зээлийн гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан нь миний алдаа болсон. Бодит байдал дээр надад анхнаасаа валютын хэрэгцээ байгаагүй, би өөртөө Т ББСБ ХХК-аас валют бодитоор зээлэн авч арилжаа хийгээгүй, миний дансанд валютын гүйлгээ хийгээгүй, Т ББСБ дээр арилжаа хийгдээгүй, тэр ч бүү хэл Т ББСБ-аас нэг ч ам.доллар, нэг ч центийн валютын эх үүсвэр гараагүй болно. Т ББСБ ХХК-аас Т ХХК руу 62 400 000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт нь валютын эх үүсвэр гараагүй болохыг нотолдог. Одоо Т ББСБ ХХК надад олгосон зээлийн үндсэн төлбөрийг болон хүү буюу гэрээний дагуу заасан ашигаа авсан байж хамгийн гол нь үүн дээр долларын ханшийн өсөлтийг нэмж ашиг олоод байна. Б.Б , Т ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.11.06-ны өдрийн №13/0559 тоот зээлийн гэрээний 2.1.1 дэх заалтыг зээлдүүлэгч Т ББСБ ХХК нь зөрчиж зээлдэгчийн өмчлөлд 31 307.23 ам.долларыг бодитойгоор шилжүүлээгүйн улмаас зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул уг зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 873 ам.долларыг 2019.04.08-ны өдрийн ханшаар тооцож, хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу төлсөн 5,873 ам.долларыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Нэхэмжлэгчийн тус нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар үндэслэлгүй байх тул бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа "Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн өмчлөлд 31,307.23 ам.долларыг шилжүүлэх үүргээ хариуцагч буюу зээлдүүлэгч зөрчсөн хэмээн тайлбарласан байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Б.Б тай байгуулсан Зээлийн гэрээний хувьд тийнхүү нөхцөл бүрдээгүй. Манай компанийг Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн буюу 31,307.23 ам.долларыг надад бодитоор шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, тууний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заасны дагуу зээл олгох хэлбэрийг зээлдэгч болон зээлдүүлэгч нар гэрээгээр харилцан тохиролцох хууль зүйн боломж нээлттэй. Үүний хүрээнд Б.Б тай байгуулсан Зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт зааснаар Автомашин борлуулагчийн харилцах дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлэх хэлбэрээр зээл олгох тухай талууд харилцан тохиролцсон байна. Учир нь, нэхэмжлэгч Б.Б  нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээг Т ХХК-тай байгуулж, гэрээний 2.1 дэх хэсэгт заасан ёсоор 104,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг тус компаниас худалдаж авсан бөгөөд тус гэрээний төлбөрийн 60 хувийн үлдэгдэл болох 62,400,000 төгрөгийг манай компаниас зээл авах замаар төлөх үүднээс бидэнтэй Зээлийн гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотой Зээлийн гэрээний дагуу олгогдох зээлийн төлбөрийг өөрт нь шилжүүлэх бус шууд автомашин борлуулагч болох Т ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно. Өөрөөр хэлбэл, бид зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцоогүй. Иймд зээлийг надад бодитоор олгох үүргээ зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн биднийг Зээлийн гэрээнд заасан дүн болох 31,307.23 ам.долларыг шилжүүлээгүй гэж байгаа нь мөн адил үндэслэлгүй юм. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасны дагуу Т ХХК нь автомашин автомашин худалдах, худалдан авах гэрээний үнийг гадаад валютаар илэрхийлэх, гадаад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх, хүлээж авах нь хориглогддог. Үүнтэй холбоотой бид тус компанид гадаад валют болох ам.доллар шилжүүлэх нь хууль зөрчсөн хэрэг болно. Дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан ёсоор хуулийн хэрэгжилттэй холбоотой хяналт тавих эрх бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бидэнд дээрх шаардлагыг тавьж ажилладаг. Тодруулбал, хэргийн 98 дахь талд авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны албан бичигт "... хуулийн 4.4-т заасны дагуу ... банк, ББСБ-с бусад байгууллага, тухайлбал Т Групп ХХК-ийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналын зөвхөн ... төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэн хуулийн шаардлагад нийцүүлж ажиллах шаардлагатай тул Т ББСБ-с Т Групп ХХК-д шилжүүлж буй төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх шаардлагатай болохыг үүгээр мэдэгдэж байна хэмээн бидний тодруулгад хариу ирүүлсэн. Иймд бид Б.Б гийн хүсэлтийн дагуу Т ХХК-д ам.доллар шилжүүлэх нь хууль зөрчсөн хэрэг болох тул 31,307.23 ам.долларыг тухайн үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар төгрөг рүү хөрвүүлж, Т ХХК-ийн данс руу шилжүүлсэн.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх тухай заасан. Үүрэг гүйцэтгэх газар болон хугацааны талаар үүргийн зөрчил гаргаагүй бөгөөд энэ талаар зохигчдын хооронд маргаангүй. Харин бид үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн нь маргаантай байгаа. Бидний зүгээс гэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч бидэнтэй Зээлийн гэрээ байгуулж, зээл хүссэний зорилго нь Т ХХК- тай байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу тус компанид төлөгдөх төлбөрийн үлдэгдэл болох 62,400,000 төгрөгийг төлөх явдал байсан. Бид нэхэмжпэгчтэй байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Т ХХК-д 62,400,000 төгрөгийг шилжүүлсэнээр Б.Б  нь Т ХХК-д ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй болж, төлбөрийн үлдэгдлээс чөлөөлөгдсөн. Иймд биднийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, бид нэхэмжлэгч Б.Б д эсвэл Т ХХК-д 31,307.23 ам.долларыг шилжүүлсэн ч тус компани эсвэл нэхэмжлэгч Б.Б  адилхан төгрөг рүү хөрвүүлэх ажиллагааг хийх бөгөөд үүнээс Б.Б  болон Т ХХК ямар нэгэн ашиг хийхгүй. Нөгөө талаар бид 31,307.23 ам.долларыг төгрөгөөр илэрхийлж шилжүүлсэнээс бид ямар нэгэн ашиг хийгээгүй. 62,400,000 төгрөг бус ам.доллар шилжүүлсэн ч бидэнд болон Б.Б , Т ХХК-иудад санхүүгийн хувьд ижил үр дагавартай билээ. Иймд биднийг үүргээ шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.Хэрэв энэ асуудалд уян хатан бус, хатуу байдлаар хандаж ББСБ нь зөвхөн 31,307.23 ам.доллар шилжүүлэх үүрэгтэй байсан гэж тайлбарлавал энэ нь гэрээг цуцлах үр дагаварт хүргэхүйц зөрчил эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай болно. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх заалтад үүргийн ялимгүй зөрчилд гэрээг цуцалж болохгүй тухай заасан. Дээр тайлбарласанчлан бид Т эсвэл Б.Б д 62,400,000 төгрөг эсвэл 31,307.23 ам.доллар шилжүүлэх нь санхүүгийн хувьд ямар ч ялгаагүй тул хэрэв биднийг гэрээний үүрэг зөрчсөн гэвэл энэ нь үүргийн ялимгүй зөрчил болно. Тодруулбал, бид Б.Б д эсвэл Т ХХК руу 31,307.23 ам.доллар шилжүүлсэн ч тухайн үеийн ам.долларын ханшаар тус ам.долларыг Монгол төгрөг рүү хөрвүүлж, шилжүүлэхэд ялгаагүй үр дүн гарна. Иймд хэрэв бид гэрээний үүрэг зөрчсөн гэж үзвэл ялимгүй зөрчил байх тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.Түүнчлэн, Б.Б гийн зүгээс биднийг Зээлийн гэрээний үүрэг зөрчсөн хэмээн үзэж, үүнтэй холбоотой Зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх учиртай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил болох тухай заасан. Иймд биднийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа бол дээрх хугацаанд багтаан шүүхэд нэхэмжпэл гаргах учиртай байсан. Нэхэмжпэгч нэхэмжпэлийн шаардлагаа өөрчлөх үед тус хугацаа дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн шаардлагын хувьд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иймд бид гэрээг цуцлах, гэрээний дагуу төлсөн зээлийн төлөлтийг буцаахаас татгалзах эрхтэй байна. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэхтэй холбоотой зээлийг төгрөг рүү шилжүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь бидэнд гаргасан. Бид түүний хүсэлтийг хүлээн авч, зээлийн төлбөрийг 62,600,000 төгрөг болгож, зээлийн хүүг тухайн үеийн манай ББСБ-ын төгрөгийн хүүд өөрчлөх байдлаар эвлэрэх боломжтой тухай хэлсэн боловч тэрээр хүлээж аваагүй. Учир нь, түүний зээлийг дээрх байдлаар төгрөг рүү шилжүүлэхэд төгрөгийн зээлийн төлөлт нь ам.долларын зээлийн төлөлтөөс илүү гарч байсан. Гэвч Б.Б гийн зүгээс бидэнд тавьсан зээлийг төгрөг рүү шилжүүлэх саналыг бид хүлээж авахаас татгалзаагүй. Иймд тэрээр гэрээг цуцлах эрхгүй гэж үзэж байна. Тухайн үед манай ББСБ-ын зүгээс ам.долларын болон төгрөгийн зээлийн хүү батласан тушаал болон тус тушаалаар батлагдсан ёсоор Б.Б гийн зээлийг төгрөг рүү шилжүүлэхэд одоогийн төлөх үүрэгтэй зээлийн дүн болон зээлийг хаах нийт дүнгийн тооцооллыг хавсаргав. Тус тооцооллын дагуу бид эвлэрэх санал тавьж байсан боловч нэхэмжлэгч Б.Б  нь хүлээж аваагүй болно. Бидний тус санал түүний шударга ёс, эрх тэгш байдалд нийцэж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг боловч зээлийг төгрөг рүү шилжүүлсэн ч зээлийн төлөлт надад өндөр тусч байна гэх үндэслэлээр татгалзсан. Бидний зүгээс зээлийн гэрээг төгрөг рүү шилжүүлж өөрчлөх тухай түүний саналыг одоо ч хүлээн авах бүрэн боломжтой. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б  нь Т ББСБ ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №13/0559 тоот зээлийн гэрээ байгуулж Тоёота Ландкруйзер Прадо-150 маркийн 104 000 000 төгрөгийн үнэтэй JTEBH3FJ40K175287 арлын дугаартай, 60-90 УБВ улсын дугаартай/ тээврийн хэрэгслийг сарын 0.8 хувийн, нэмэгдүүлсэн хүүг хүүгийн 20 хувиар тус тус тооцож 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Б  нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Тоёота Ландкруйзер Прадо-150 маркийн 60-90 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалуулсан болно. Б.Б  нь зээлийн гэрээг удаа дараа зөрчиж 2016 оны 08 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийг ямар нэг байдлаар төлөөгүй байна. Хариуцагч Б.Б  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох зээлийн үндсэн төлбөр 27 683.26 ам.доллар, зээлийн хүү 7 234.56 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 404.29 ам.доллар, нийт 35 322.11 ам.долларыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож 93 106 961.1 төгрөг болж байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 35 322.11 ам.доллар буюу 93 106 961.1 төгрөгийг Б.Б гаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Б  сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Анх машиныг 104 000 000 төгрөгөөр худалдаж авахдаа урьдчилгаанд 31 600 000 төгрөг төлж, төлбөрт 11 000 000 орчим төгрөг төлсөн гэхээр 50 000 000 төгрөг орчим төлөгдсөн. Гэтэл одоо 93 106 000 төгрөг гаргуулна гэсэн нь үндэслэлгүй юм. 10 гаруй хувийн хүүгийн өсөлт байлаа гэж бодоход хариуцагч тал надаас 23 000 000 төгрөгийн ханшийн зөрүү тооцож байгаа. 35 222 ам.долларыг тухайн үеийн Монгол банк ХХК-ийн ханшаар буюу 1993 төгрөгөөр тооцоход 70 000 000 төгрөг болдог. Гэтэл хариуцагч өнөөдрийн байдлаар долларын хүүн дээр маргадаггүй. Хэрвээ зөв гэж үзээд доллар өгөөгүй байж төллөө гэж тооцоход цаашид арилжааны банкиудад маш буруу жишиг тогтоно. Тийм учраас илэрхий хууль зөрчсөн, мөн гэрээний үүрэг зөрчсөн асуудал байх тул гэрээний үүрэг зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцалж өгнө үү. Төгрөгөөр төлбөр тооцоо гүйцэтгэх хуулийн агуулга нь валютын ханшийн өсөлтийг хязгаарлахын тулд улсын хэмжээнд бараа, ажил үйлчилгээ, бүх зүйлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хий гэсэн санаа буюу гол ашиг сонирхол нь ханшийн өсөлтийг барих зорилгоор гаргасан. Гэтэл хариуцагч талын гаргаж байгаа санаа нь энэ хуулийн эсрэг байгаа. Өөрөөр хэлбэл 62 400 000 төгрөгийг хүүтэй нь хамт төлөх ёстой байтал зээлээгүй доллараа авч арилжааны банкинд очиж доллар худалдаж авч байгаа нь долларын эрэлтийг нэмэгдүүлж байгаа. Т ХХК болон Санхүүгийн зохицуулах хорооны тайлбаруудыг харсан. Энэ нь хариуцагч тал өөрийн буруу бүтээгдэхүүн гаргаснаа халхавчлах зорилготой гэж харж байна. Т ХХК нь хоорондоо холбоотой учир нэгнээ дэмжсэн тайлбар гаргасан байна гэж ойлголоо. Санхүүгийн зохицуулах хорооноос Танайх доллараар зээлээ гаргаж болно, гэхдээ зээлсэн доллараа Т ХХК руу шилжүүлэхдээ төгрөг шилжүүлэхээс өөр арга байхгүй гэсэн агуулгатай тайлбар байдаг. Иргэн Б.Б гийн маргаан руу орж ирээд, хариуцагчид ашигтай тайлбар өгсөн нь сонин байгаа. Миний харж байгаагаар хэрвээ хариуцагчийн гаргаж байгааа зээлийг шүүхээс зөв гэж үзвэл энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг маш ноцтойгоор зөрчиж байгаа зүйл болно. Би хуульч учраас маргаж байгаа болохоос хуульч биш бусад хүмүүс нь зээл аваад, аваагүй доллар дээрээ хүү төлөөд, ханшийн өсөлтийн зөрүү төлж автомашин авч байгаа олон хүн байгаа. Дээрээс нь бүтээгдэхүүнээ буруу гаргаж байгаа нь гол алдаа учраас үүнийг залруулах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар доллараар зээл олгож байгаа зүйл байхгүй болсон хэдий ч буруу гаргасан зүйлийг зөвтгөж болохгүй. Би төгрөгөөр тооцоо хийх саналыг олон удаа гаргаж байсан ч хүлээж аваагүй. Банкиудын түвшинд буюу өндөр хэмжээний зээл болвол маш том асуудал болно. Хэрвээ шүүх зөвтгөж өгвөл олон хэрэглэгчийг хохироосон зүйл болно. Сөрөг нэхэмжлэлийн гэрээний үүргийн зөрчил дээр маргаан байхгүй. Би шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөөгүй нь үнэн. Гэхдээ үндсэн гэрээний маргаанаас болж гэрээ зөрчигдсөн гэж үзэж байгаа. Түүнээс хуваарийн дагуу төлж байгаа гэж хэлээгүй. 5873 доллар төлснөөс хойш өнөөдрийн маргаантай асуудлаас болж төлөөгүй байгаа. 62 400 000 төгрөгийг яах вэ гэсэн асуудал байгаа. Үүнийг зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна. Харин тусдаа намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг өөр үндэслэлээр шаардвал би маргахгүй. Энэ зээлийн гэрээгээр би 62 400 000 төгрөгийг төлж чадахгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Т ББСБ ХХК-д холбогдуулан 2015.11.06-ны өдрийн №13/0559 тоот зээлийн гэрээний 2.1.1 дэх заалтыг зээлдүүлэгч Т ББСБ ХХК нь зөрчиж зээлдэгчийн өмчлөлд 31 307.23 ам.долларыг бодитойгоор шилжүүлээгүйн улмаас зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул уг зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 873 ам.долларыг /2019.04.08-ны өдрийн ханшаар тооцож/ гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, Т ББСБ ХХК нь зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 35 322.11 ам.доллар буюу 93 106 961 төгрөгийггаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Б  нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр автомашин худалдан авах зорилгоор 60 сарын хугацаатай, сарын 0.8 хувийн хүүтэй, 31 307.23 ам долларын зээл авахаар,  автомашин борлуулагчийн харилцах дансанд зээлийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлснээр зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид олгосонд тооцохоор Т ББСБ ХХК-тай тохиролцож, №13/0559 тоот зээлийн гэрээ байгуулсан, зээлдүүлэгч тал 62 400 000 төгрөгийг автомашин борлуулагч Т ХХК-ийн данс руу шилжүүлсэн, зээлдэгч тал борлуулагчаас автомашины эзэмшлийг шилжүүлэн авч өнөөдрийн байдлаар эзэмшиж ашиглаж байгаа үйл баримт тогтоогдох бөгөөд эдгээрт зохигч маргаангүй,  харин нэхэмжлэгч нь хариуцагч Т ББСБ ХХК-ийг зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлдэгчийн өмчлөлд 31 307.23 ам.долларыг бодитойгоор шилжүүлээгүйн улмаас зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул уг зээлийн гэрээг цуцална гэж маргаж байна.

 

Харин хариуцагч Т ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ Манай компанийг Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн буюу 31,307.23 ам.долларыг надад бодитоор шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Бид зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж тус төлбөрийг автомашин худалдагч Т ХХК-д шилжүүлсэн. Ингэхдээ төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зээлсэн 31 307.23 ам долларыг тухайн өдрийн ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэсэн. Т ХХК руу 31,307.23 ам.доллар шилжүүлсэн ч тухайн үеийн ам.долларын ханшаар тус ам.долларыг Монгол төгрөг рүү хөрвүүлж, шилжүүлэхэд ялгаагүй үр дүн гарна. Иймд хэрэв бид гэрээний үүрэг зөрчсөн гэж үзвэл ялимгүй зөрчил байх тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм гэж тайлбарлан, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үүргийг шаардсан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас дүгнэхэд талуудын байгуулсан гэрээний хүчинтөгөлдөр эсэхэд маргаагүй бөгөөд харин хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, төлбөрт төлсөн мөнгөө авна гэсэн агуулгаас дүгнэхэд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн гэрээнээс татгалзах агуулгаар нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж ойлгоно.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс харахад талуудын хооронд 31 307.23 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний 2.1.3-т заасан автомашин борлуулагчийн харилцах дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно. гэсэн тохиролцооны дагуу уг зээлийг ам.доллараар бус төгрөгөөр автомашин борлуулагчид шилжүүлснийг зээлдэгчийн өмнө гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байгаа хэдий ч энэ нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

 

Тодруулбал, дээрх зээлийн гэрээний дагуу мөнгө шилжсэн эсэх, түүнчлэн уг мөнгийг автомашин борлуулагчид шилжүүлсэн эсэхэд зохигч маргаагүй бөгөөд харин хариуцагч зээлийн гэрээний дагуу ам.доллар шилжүүлэх үүргээ зөрчиж, төгрөг шилжүүлсэн гэж маргаж байгаа нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн үндэслэлд хамаарна.

Иймд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр автомашин худалдан авах зорилгоор талуудын хооронд байгуулагдсан №13/0559 тоот зээлийн гэрээгээр 62 400 000 төгрөг зээлдүүлсэн, энэ нь бодитоор биелэгдсэн гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан №13/0559 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн харилцаанд хамаарч байх тул дээрх гэрээний дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсгийг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгч Б.Б гийн зээлийн төлбөрт төлсөн 5 873 ам.долларыг анх гэрээ байгуулагдсан үеийн ханшаар хасаж тооцон, үлдэгдэл төлбөрийг гаргуулах нь хуульд нийцнэ.

Дээрхийг нэгтгээд зээлдэгч Б.Б  нь уг зээлийн гэрээгээр 62 400 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, сарын 0,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан үйл баримт тогтоогдож байх тул зээлийн үндсэн төлбөрт 62 400 000 төгрөг, зээлийн хүүнд 2015.11.06-ны өдрөөс 2019.4.22-ны өдрийг хүртэл 20 966 400 төгрөг /499 200х42 сар/, нийт 83 366 400 төгрөгийн үүрэг үүссэн ба үүнээс төлөгдсөн 11 699 990 төгрөгийг хасаж, зээлдэгч Б.Б гаас 71 666 410 төгрөгийг гаргуулан Т ББСБ-д олгож, хариуцагчийн илүү нэхэмжилсэн 21 440 551 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б гийн Т ББСБ ХХК-д холбогдох зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 873 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан №13/0559 тоот зээлийн гэрээг цуцалж, Б.Б гаас 71 666 410 төгрөгийг гаргуулан Т ББСБ ХХК-д олгож, хариуцагчийн илүү нэхэмжилсэн 21 440 551 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780 857.68 төгрөгийгтус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 516 282 төгрөгийг гаргуулж хариуцагчТ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ