Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/01160

 

2019 оны 05 сарын 14 өдөр

   Дугаар 183/ШШ2019/01160

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Т овогт Б Л  /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Б овогт Ч А  /РД:.../-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 683 328 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Приус 30 маркийн ******* улсын дугаартай авто машиныг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, ашиглалтын төлбөр 27 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам, гуравдагч этгээд Э.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяр-Эрдэнэ нар оролцов.

          

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Л  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Л  нь Увс аймагт амьдарч, худалдаа эрхэлдэг бөгөөд Улаанбаатар хотын Нарантуул зах дээр бөөний худалдаа эрхэлдэг Ч.А гаас тамхи худалдан авахаар утсаар ярилцан харилцан тохиролцож, 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7 907 500 төгрөг, 8 дугаар сарын 02-ны өдөр 26 625 000 төгрөг, нийт 34 532 500 төгрөгийг Ч.А гийн Хаан банкны******* дугаартай дансаар шилжүүлсэн. Гэвч барааг шилжүүлж өгөөгүй, удаа дараа хойшлуулсаар байсан. Улмаар Улаанбаатар хотод ирж, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр биечлэн уулзахад “чиний шилжүүлсэн мөнгийг 35 000 000 төгрөгөөр тооцон би сарын 5 хувийн хүүтэйгээр зээл болгон авъя” гээд өөрийнхөө гараар бичиж, гарын үсэг зуран нотариатаар баталгаажуулсан. Үүнийхээ баталгаа болгон өөрийн приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаар бүхий автомашиныг           10 000 000 төгрөгт тооцон бодож өгөхөөр Б.Л ын эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч албан ёсоор өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Мөн зээлийн төлөлт хийх хугацаа өнгөрсөн боловч одоогоор тохирсон хугацаанд зээлийг төлөөгүй байгаа болно. Ч.А гийн зээлсэн 35 000 000 төгрөг, 9 сар 16 хоногийн гэрээгээр тохирсон 5 хувийн зээлийн хүү нийт 51 683 328 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Харицагч Ч.А  шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.Л аас 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкаар хүлээн авсан 7 907 500 төгрөгт нь 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 26 авдар тамхи буюу орос чүдэнз /25 авдар*35 000/ тамхины цаас /90 000-5 боодол/ ачааны ******* улсын дугаартай Маргад гэх нэртэй жолоочоор, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуучин саарал ЛД 2 авдар /100*21 000/ нарын шонхор 2 авдар          /100*19 000/ нарийн ЛД 2 авдар /100*19 000/ алтан навчис /50*13 650/ 7 авдар тамхийг ачааны ******* улсын дугаартай автомашинаар ачуулан явуулсан бөгөөд дээрхи тамхинуудыг хүлээн авсан байдаг. Харин 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлсэн 26 625 000 төгрөгт тооцогдох тамхийг авахаар өөрөөсөө нэмж ******* ХХК-д 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 95 000 000 төгрөг болгон өгсөнөөс гадна өөр бусад хувь хүн компаниас орж ирсэн мөнгийг мөн л тамхи авахаар тус компани руу шилжүүлсээр байсан боловч ******* ХХК нь нэг ч тамхи гаргалгүй их хэмжээний мөнгийг аваад маргаан үүсгэсэн болно. Ингээд миний бие маш их хэмжээний өр төлбөрт өөрийн эрхгүй орж учраа олохгүй байж байх үед Б.Л  нь хотод ирж утсаар дуудаад уулзая гэхдээ миний унаж явсан Приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэн авч явсан бөгөөд хэдэн хоногийн дараа хүрч ирээд чиний машиныг өгье, 35 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр төлнө гээд бичээд өг, тэгэхгүй бол цагдаа, шүүхэд өгнө хориулна, цагдуулна гэж айлган сүрдүүлж байж бичүүлж аваад машинаа авья гэтэл битгий горьд гээд явсан. Нэхэмжлэлд бичсэнчлэн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр       35 000 000 төгрөгийг хүлээн аваагүй бөгөөд миний бие өөрийн санаачлагаар              26 625 000 төгрөгийг 35 000 000 төгрөг болгон хүү, алданги төлөх хүсэл зориг илэрхийлээгүй болно. Харин тамхи авах зорилгоор шилжүүлсэн 26 625 000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 26 625 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа болно гэв.

 

Хариуцагч Ч.А  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Л тай 2015 оноос эхлэн бизнесийн харилцаатай байсан бөгөөд Ч.А  надаас бараа зээлээр авч борлуулдаг байсан. Б.Л  нь тухайн нөхцөл байдал үүсэх үе буюу 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө ямар ч төлбөр тооцоогүй байсныг Хаан банкны дансны хуулга болон бараа хүлээж авч байсан жолоочийн гарын үсэг бүхий баримтаар нотлогдоно. Б.Л  нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 40 авдар улаан шонхрын мөнгө болох 26 625 000 төгрөгийг Ч.А гийн Хаан банкны******* данс руу шилжүүлсэн. Б.Л ын зүгээс ачаа ачих машин тухайн үед байгаагүй учир тамхи ачих явц хойшлогдсон юм. Ч.А  миний бие Монгол ******* ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажилладаг учраас Б.Л ын тамхийг өгч чадаагүй нь үнэн. Б.Л  гэгч нь 2017 оны 9 дүгээр сард Нарантуул захын замын урд байрлах Тод өнгө дэлгүүрийн гадна уулзий гэж дуудуулсан. Уулзаад тамхи өгч чадахгүй байгаа асуудлаа хэлэхэд танайд очий гэсэн. Юу яриад байна, таньж мэдэхгүй хүн юу гэж гэртээ аваачих вэ гэхэд “машинаа өг гээд миний машины түлхүүрийг булааж аваад асаагаад явсан” намайг ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлж, шахаж шаардах замаар ногоон төгөл хотхонд байрлах наториатод аваачсан. Би аргагүйн эрхэнд 26 625 000 төгрөг өгөх байсныг 30 000 000 төгрөг болгож өг гэж нэхсэний дагуу арга буюу гэрээ хийхэд хүрсэн. Хэрвээ гэрээ хийвэл машиныг чинь буцааж өгнө гэж хэлж байсан. Би өөрийн нэр дээр байгаа машинаа авахын тулд арга буюу 35 000 000 төгрөг төлнө, 5 хувийн хүү төлнө гээд нотариатаар батлуулж гарын үсэг зурсан. Тухайн үед би их дарамтлуулж байсан учир арга буюу энэхүү гэрээг хийж гарын үсэг зурж өгсөн. Энэ хүн одоо хүртэл миний машиныг унаж эдэлж хэрэглэж байгаа. Приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаартай автомашиныг Б.Л ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, автомашиныг түрээслэх тохиолдолд зэх зээлийн ханшаар өдрийн 50 мянган төгрөг байдаг тул нийт 1 жил 8 сар ашигласан гэж тооцож, 27 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:

Б.Л , Ч.А гаас бөөнөөр тамхи худалдан авч өөрийн дэлгүүртээ борлуулдаг байсан бөгөөд өмнө нь худалдан авч байснаараа утсаар ярилцан харилцан тохиролцож, итгэн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7 907 500 төгрөг, 8 дугаар сарын 02-ны өдөр 26 625 000 төгрөг, нийт 34 532 500 төгрөгийг түүний Хаан банкны******* дугаартай дансаар шилжүүлсэн. Гэтэл барааг шилжүүлж өгөөгүй, удаа дараа хойшлуулсаар 3 сар болсны дараа уулзахад “мөнгийг чинь өгөх боломжгүй байна, чиний шилжүүлсэн мөнгийг 35 000 000 төгрөгөөр тооцон би сарын 5 хувийн хүүтэйгээр зээл болгон авъя” гээд өөрийнхөө гараар бичиж, гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Мөн өөрийн приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаар бүхий автомашиныг 10 000 00 төгрөгт тооцохоор барьцаанд өгсөн. Тухайн машиныг Ч.А  өөрийнх нь гэж өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр хүний өмчлөлийнх гэдэг тогтоогдлоо. Ч.А  шаардах эрхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.  

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Л  нь хариуцагч Ч.А д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51 683 328 төгрөг гаргуулах, хариуцагч нь Приус 30 маркийн ******* улсын дугаартай авто машиныг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 1 жил 8 сар ашигласан гэж үзэж өдрийн 50 000 төгрөгөөр тооцон, 27 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасныг талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч барьцаанд өгсөн Приус 30 маркийн ******* улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан болно.

 

            Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ч.А гаас тамхи авахаар 34 532 500 төгрөгийг түүнд шилжүүлсэн боловч тамхи өгөх боломжгүй болсон гэсэн тул тухайн мөнгийг сарын 5 хувийн хүүтэйгээр тооцон буцаан төлөхөөр тохирсон. 9 сар 16 хоногийн хүү тооцон нийт 51 683 328 төгрөг шаардаж байна ...” гэж тодорхойлон маргаж байна.

 

            Зохигчдын тайлбар болон хэрэг авагдсан баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч                 Б.Л  нь 2017 оны 6 сарын 17-ны өдөр 7 907 500 төгрөг, 2017 оны 08 сарын      02-ны өдөр 26 625 000 төгрөгийг тус тус хариуцагч Ч.А гийн Хаан банкин дахь******* дугаарын дансанд тамхи худалдан авах зорилгоор шилжүүлсэн байна. /хх-10-11/

           

            Хариуцагч Ч.А  нь Б.Л аас 2017 оны 06 сарын 17-ны өдөр шилжүүлсэн 7 907 500 төгрөгт мөн оны 6 сарын 18, 7 сарын 04-ний өдрүүдэд тус тус барааг ачуулсан гэж тайлбарлан өөрийн данс бүртгэдэг дэвтрийг нотлох баримтаар гаргасан ба тус дэвтрээс үзэхэд хэдэн төгрөгийн барааг хэнд хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй байхаас гадна 2017 оны 09 сарын 12-ны өдрийн Ч.А гийн өөрийн гар бичмэл болох тодорхойлолт, зээлийн гэрээ гэх баримтуудаар хариуцагчийн тайлбар няцаагдаж байна гэж үзлээ. /хавсралт баримт ногоон өнгийн А5 хэмжээт дэвтэр, хх-4-6 тал/

 

            Түүнчлэн хариуцагч Ч.А  нь 2017 оны 09 сарын 12-ны өдрийн тодорхойлолт, зээлийн гэрээг айлган сүрдүүлж хийлгэсэн гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч *******аас худалдах-худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 34 532 500 төгрөгийг 2017 оны 09 сарын 12-ны өдрөөс эхлэн сарын 5 хувийн хүү тооцон буцаан төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон буюу худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр хийгдэх гэрээ нь зөвхөн талууд гарын үсэг зурснаар бус, харин гэрээ байгуулах саналыг хүлээн авснаа бичгээр мэдэгдэхийг, ингэхдээ гарын үсэг зурсан захидал, албан бичиг гэх мэт хэлбэрийг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд гэрээ байгуулсанд тооцно гэж заасан. /хх-4-5/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэлээ. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

 

Талууд 35 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаанд буцаан төлөхөөр тохирсон байгаа хэдий ч нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд бодиттой шилжсэн 34 532 500 төгрөг, тохирсон хугацааны буюу 5 сарын хүү 8 633 125 төгрөг, нийт 43 165 625 төгрөгийг нэхэмжлэгч Б.Л  нь хариуцагч Ч.А гаас шаардах эрхтэй байна гэж үзлээ.

 

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 43 165 625 төгрөгийг хариуцагч Ч.А гаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 517 703 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ч.А  нь нэхэмжлэгч Б.Л д холбогдуулан Приус 30 маркийн ******* улсын дугаартай авто машиныг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 1 жил 8 сар ашигласан гэж үзэж өдрийн 50 000 төгрөгөөр тооцон, 27 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Тухайн Приус 30 маркийн ******* улсын дугаартай авто машин нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.О гийн өмчлөлийн эд хөрөнгө байх ба  хэрэгт 2019 оны 03 сарын 29-ний өдрийн Э.О гээс Ч.А д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр олгосон итгэмжлэл нь шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хариуцагч Ч.А  нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжидурьдчилан төлсөн 537 766 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А гаас улсын тэмдэгтийн хураамжид 373 778 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Л д олгож,  хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 295 450 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагч Ч.А д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийн дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар гаргаагүй, харин түүний гаргасан хүсэлтийг мөн хуулийн 105 дугаар зүйлийн        105.1-д зааснаар шийдвэрлэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсний хойно “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэгийг зөрчиж байгаа тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй, харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийн удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.А гаас 43 165 625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 517 703 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заанаар нэхэмжлэгч барьцаанд өгсөн Приус 30 маркийн ******* улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.А гийн гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 537 766 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А гаас улсын тэмдэгтийн хураамжид 373 778 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Л д олгож,  хариуцагч Ч.А гаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 450 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ