Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0696/з |
Дугаар | 221/МА2016/0526 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2016/0526
“Тайгер стийл” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа, хариуцагч Д.Цэцэгбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсүрэн нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 292 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Тайгер стийл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Цэцэгбадамд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Тайгер стийл” ХХК-ийн захирал Со Жэ И 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0001871 тоот зөрчлийн тэмдэглэлээр ногдуулсан шийтгэвэр, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0080321 тоот шийтгэврийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 298 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, 28.1.15, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.8, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0001871 тоот зөрчлийн тухай тэмдэглэл, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0080321 тоот шийтгэврийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Цэцэгбадам дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...“Тайгер стийл” ХХК-аас ажилтан Б.Мягмарбаярт ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр ханган ажиллуулж байх хугацаанд осолд орж, компанийн зүгээс осол гарсан даруй хохирогчид цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөснөөс үзэхэд нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлгүй. Б.Мягмарбаярт зөөлөн эдийн хөнгөн гэмтэл учирсан байх тул холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэг хүлээгээгүй, хөнгөн гэмтлийн үед ажилтныг хохироосон, нуун дарагдуулсан гэж буруутгах боломжгүй байна. Ц.Уранцэцэг нь хүндрэлтэй төрсний улмаас ослыг тогтоох ажиллагаа удаашралтай явагдаж байсныг үгүйсгэхгүй, БНСУ-ын хашаан дотор үйлдвэрлэлийн осол болсон учир хэрхэн бичиг баримтыг бүрдүүлэх ажиллагааг мэдэхгүй байсан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж... гэх үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д “хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох” гэсэн үүргийн хувьд компанийн зүгээс 1.076.450 төгрөгийг олгосон байна” гэжээ.
“Тайгер стийл” ХХК дээр гарсан үйлдвэрлэлийн ослын шалтгаан нь ажилтан Б.Мягмарбаярт ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангасантай холбоотой осол биш. Иргэн Б.Мягмарбаяр нь дээрх байгууллагыг үйлдвэрлэлийн ослын акт гаргаж өгөхгүй, хохирлыг барагдуулахгүй байгаа талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг.
Шүүгч “...зөөлөн эдийн хөнгөн гэмтэл учирсан байх тул холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэг хүлээгээгүй, хөнгөн гэмтлийн үед ажилтныг хохироосон, нуун дарагдуулсан гэж буруутгах боломжгүй байна хохирогчид цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөснөөс үзэхэд тухайн үйлдлийг нуун дарагдуулсан гэж буруутгах боломжгүй байна” гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.
“Тайгер стийл” ХХК-ийн холбогдох албан тушаалтан нь уг ослыг хөнгөн гэмтэл гэж үзээд мэргэжлийн хяналтын байгууллагад хандаагүй байж Цагдаагийн байгууллагад осолдогчийг хандахыг зөвлөсөн гэсэн үндэслэлээр нуун дарагдуулаагүй гэж үзэж байгаа нь эрх зүйн үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байна.
Учир нь иргэн Б.Мягмарбаяр нь осолд өртсөн тухай өөрөө гомдол гаргасан учраас Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс шинжээчийн дүгнэлт гаргуулахаар манай байгууллагад хандсан байдаг. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу 3 доошгүй бүрэлдэхүүнтэй комисс ажиллах бөгөөд комиссын гишүүн Ц.Уранцэцэгийг хуульд заасан эрхийнх дагуу амаржих, хүүхдээ асрах чөлөөг албан ёсоор өгөөгүй буюу тушаал шийдвэр гаргаагүй, түүний оронд орлон ажиллах комиссын гишүүнийг томилоогүй байсан нь ослын актыг гаргахгүй байх шалтгаан буюу ослыг тогтоох ажиллагаа удаашралтай явагдах үндэслэл болохгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод гадаадын аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн хоорондын” харилцааг зохицуулахаар заасан байх тул Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага нь Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд хууль мэдэхгүй байгаа нь хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй” гэж үзэж байна. /ослыг нуун дарагдуулж болно гэсэн үг биш/
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь хэсэгт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгохоор заасан ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.1.2 дахь хэсэгт зааснаар зохицуулагддаг бөгөөд хохирогч байнгын хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгоогүй учир хохирол нөхөн төлбөр аваагүй бөгөөд компанийн зүгээс олгосон гэх 1.076.450 төгрөг нь осолдогч эмнэлгийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний зардал, осолд өртөх хүртлээ ажилласан хугацааны цалин хөлс байдаг. Хууль, дүрэмд зааснаар хохирогч хөдөлмөрийн чадвараа сэргээгдсэн эцсийн өдөр хүртлээ үндсэн цалин хөлсөө авах эрхтэй бөгөөд “Тайгер стийл” ХХК нь осолдогчийн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин хөлсийг өгөөгүй буюу осолдогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хохирлыг барагдуулаагүй байдаг.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хохирогч Б.Мөнхбаяр 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдвэрлэлийн осол болсон талаар “Тайгер стийл” ХХК-д холбогдуулан гомдол гаргаснаар тухайн үйл явдал мэдээлэгдсэн байхад захиргааны шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл “Д.Цэцэгбадам нь хууль, стандартад заасан мэргэжлийн хяналт шалгалт хийх үүргийн дагуу үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсныг олж илрүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх, улсын байцаагчийн үүргийг биелүүлээгүй санаатайгаар үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан эсэх, үйлдвэрлэлийн осол бий болсон эсэхийг нягтлаагүй захиргааны арга хэмжээг ногдуулжээ” гэсэн байна.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хохирогч Б.Мөнхбаяр 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдвэрлэлийн осолд өртсөн гомдолтой байгаа талаар “Тайгер стийл” ХХК-д холбогдуулан гомдол гаргаснаар тухайн үйл явдал нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээлэгдээгүй бөгөөд Цагдаагийн хэлтсээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тоотыг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэнээр тус компанид үйлдвэрлэлийн осол гарсан болохыг манай байгууллага мэдсэн.
Мөн мэргэжлийн хяналтын байгууллага нь иргэний гомдол аливаа байгууллагаас ирүүлсэн хүсэлт, мэдээллийн мөрөөр тухай бүр хяналт шалгалт хийж, асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд улсын байцаагчийн хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд тухайн байгууллагад Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон тэдгээрийг дагалдан гарсан дүрэм, журам, стандартын талаар тайлбарлан таниулж, мэдээллээр ханган, зөвлөгөө өгч удаа дараа шаардсаны дагуу үйлдвэрлэлийн ослын актыг гаргуулж, уг ослыг нуун дарагдуулсан гэж үзэж бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хариуцлага ногдуулсан.
Хяналт шалгалтын баримт бичгийн бүтцийн шалгуурын И нормативд зөрчлийн тухай тэмдэглэлд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд зөрчлийн талаар тайлбар өгөх харьяалах дээд байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй гэдгийг уншиж танилцуулж, зөрчил гаргасан этгээдэд гарын үсэг зуруулна гэж зааснаар захиргааны арга хэмжээ авсан нь хууль зүйн дагуу явагдаагүй байна гэжээ.
2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0001871 дугаар бүхий Зөрчлийн тухай тэмдэглэлийн эхэнд “Захиргааны зөрчил гаргасан этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, нотлох баримттай биеэр танилцах, зөрчлийн талаар тайлбар өгөх, нотлох, баримт, хүсэлт гаргах, шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, хууль зүйн туслалцаа авах эрхээ зөрчигдсөн гэж үзвэл харьяа дээд тушаалтанд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулав” гэж гарын үсэг зурсан байна. Тус компани нь уг хуульд заасны дагуу харьяа дээд албан тушаалтанд гомдол гаргасан.
Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын тогтоолоор 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж “...0001871 дугаар зөрчлийн тухай тэмдэглэл, 0080321 дугаар шийтгэврийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, уг шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй” гэжээ.
Прокурорын гаргасан шийдвэр нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гэж ойлгогдож байгаа ба үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж тогтоохгүй байж болно гэсэн ойлголт биш бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй.
Нэхэмжлэлийн шаардлага нь үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан үндэслэлээр захиргааны арга хэмжээ авсныг хүчингүй болгуулах тухай байхад ослыг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй гэж үзэх үндэслэлгүй. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 6.З-д “хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь комиссоос гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хүлээн зөвшөөрөөгүй бол дүгнэлтээ тусдаа гаргаж болно” гэж заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 34-06-287/1045 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн осолд тооцсон бөгөөд үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар шүүхээс дүгнэлт гаргах шаардлагагүй байсан үзэж байна.
Дээрх бүх үндэслэлээс үзэхэд шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан үндэслэлийг үгүйсгэж улмаар үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд эргэлзэж буйгаа шууд илэрхийлж, нэхэмжлэгчийн талыг өөгшүүлсэн, өмөөрсөн, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан эсэхийг хуулийн байгууллагын зүгээс үнэн бодитойгоор тогтоогоогүй, Төрийн захиргааны байгууллагын нэр хүндийг унагаасан шийдвэр гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож “Тайгер стийл” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2.304.000 төгрөгийн шийтгэврийг улсын төсөвт төвлөрүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
“Тайгер стилл” ХХК-иас нэхэмжлэлийн үндэслэлээ “...тус компанийн ажилтан Б.Мягмарбаярт учирсан гэмтэл хөнгөн зэргийн болох нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, ослын улмаас хүнд болон хүний амь нас хохироогүй учраас Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар яаралтай мэдэгдэх хуудас болон утсаар мэдээлэх үүрэг үүсээгүй...” гэж, харин хариуцагчийн зүгээс “...үйлдвэрлэлийн осол болсон талаар яаралтай мэдэгдэх үүргээ биелүүлээгүй учраас зөрчлийн тэмдэглэл, шийтгэвэр гаргасан гэж тус тус маргадаг.
Хэдийгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 565 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан ч энэхүү магадлалд “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрт Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй...”, Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.9-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж тогтоосон акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, осолдогч буюу түүний гэр бүлийн хүмүүст аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн буюу хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид ажлын 3 өдөрт багтаан тус бүр 1 хувийг өгнө” гэж тус тус зааснаас үзэхэд хөнгөн, хүндээс үл шалтгаалж үйлдвэрлэлийн осол гарсан тухай бүрт ажил олгогч нь судлан бүртгэж акт үйлдэн, холбогдох байгууллагад мэдэгдэх бөгөөд эдгээр мэдээллийг авсны үндсэн дээр холбогдох байгууллагаас үйлдвэрлэлийн ослын шалтгаан, нөхцөлийг тогтоож, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үйл ажиллагааг явуулж иргэдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх дээрх хуулийн зорилго хангагдахаар байх тул нэхэмжлэгчийн “...дүрмийн 5.2-т заасны дагуу хүнд гэмтэл учраагүй, хүний амь нас хохироогүй учраас яаралтай мэдэгдэх хуудас болон утсаар мэдээлэх үүрэг үүсээгүй...” гэсэн тайлбар үндэслэлгүй болохыг эцэслэн дүгнэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар “...шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт,...-ын талаар маргах эрхгүй” гэж заасан тул хуулийн хүчин төгөлдөр магадлалаар дүгнэгдсэн дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...эмчийн үзлэгээр зөөлөн эдийн гэмтэл учирсан байх тул журамд зааснаар холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэг хүлээгээгүй, хөнгөн гэмтлийн үед мэдээлэх эсэх нь тодорхойгүй байхад...” гэх мэтээр дахин үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үйлдвэрлэлийн осол гарсан гэдэгтэй маргаагүй /энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд хангалттай тусгагдсан/, гагцхүү үүнийг нуун дарагдуулаагүй, тухайн үед Б.Мягмарбаярт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шаардлагатай эм тарианы зардлыг компаниас гаргасан, улмаар бүрдүүлбэл зохих шаардлагатай холбогдох баримтуудыг дүрэмд заасны дагуу гаргаж өгсөн гэх бөгөөд эдгээр нь ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог, гэтэл анхан шатны шүүхээс “...Б.Мягмарбаярыг 6 дугаар сарын 8-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байран дээр үйлдвэрлэлийн осолд орсон нь нотлогдож байна” гэсэн атлаа “...нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй болно” гэж логик уялдаагүй, өмнөхөө үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.
Иймд Б.Мягмарбаяраас 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд өртсөн ч ослын акт гаргаж өгөхгүй байгаа талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар тус компанид осол гарсан болох нь анх илэрсэн, мөн энэхүү осол гарснаас хойш 18 хоног өнгөрсний дараа, улсын байцаагчдаас шаардсаны дагуу ослын актыг ирүүлсэн, гэхдээ ийнхүү ирүүлэхдээ дээрх ослыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байхаар дүгнэлт гаргасан зэргээс дүгнэхэд хариуцагчдаас тухайн үед үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид торгуулийн арга хэмжээ авсныг буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдлын шаардлага үндэслэлтэй боловч Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан ....этгээдийг өршөөн хэлтрүүлэх”-ээр байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөнд хүлээлгэх хариуцлага болох “Тайгер стилл” ХХК-ийг улсын байцаагчийн зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврээр нийт 2.304.000 төгрөгөөр торгосныг үүнд хамааруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 292 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Тайгер стилл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0001871 тоот зөрчлийн тэмдэглэл болон мөн өдрийн 0080321 тоот шийтгэврээр тус компанид ногдуулсан 2.304.000 төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж, 2 дахь заалтын “...улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “...улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН