Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/01204

 

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/01204

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

 

3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /0808/, хариуцагчийн төлөөлөгч Н.Мөрөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын ХААИС-ын харьяа сургуульд багшаар ажилладаг. 2015 оны 5 дугаар сараас өөрийн мэргэжлийг дээшлүүлэх, мөн ажлын шаардлагаар БНХАУ руу доктор хамгаалахаар хөөцөлдөж, тэндээ сургуульд суралцах боломжийг хайж эхэлсэн. Ингээд эхний ээлжинд Хятад хэлний бэлтгэлд суралцах зорилгоор хариуцагч байгууллагатай холбогдсон. Ингээд хамгийн анх “С” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Суралцуулах гэрээ” байгуулсан. Ингээд уг гэрээний 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсгүүдэд заасны дагуу дараах төлбөрүүдийг хариуцагч байгууллагад бэлнээр болон дансаар төлсөн. Үүнд:

1/ 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бүртгэлийн хураамж 500 ам доллар.

2/ 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг.

3/ 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг.

Эдгээр төлбөрүүдийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Суралцуулах гэрээ”-ний дагуу төлсөн. Үүний дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бид дахин хоёр дахь гэрээг байгуулсан. Тухайн үед хариуцагч байгууллагаас над руу залгаад “...та ирээд нэг гэрээ хийгээдхээч” гэж хүссэн учир дахин “Суралцахад зөвлөх гэрээ”-г байгуулсан болно. Бидний байгуулсан хоёр гэрээ хоёулаа хүчин төгөлдөр байгаа. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дараах төлбөрийг хариуцагчид бэлнээр дахин тушаасан. Үүнд:

1/ Оюутны байрны төлбөр 5,000 юань.

2/ Бүртгэлийн хураамж 400 юань.

3/ Эрүүл мэндийн даатгалд 600 юань.

4/ Шинжилгээний 360 юань. Эдгээр төлбөр нь нийт 6,360 юань болсон. Ингээд төлбөрөө төлсөн учир 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ руу Хятад хэлний бэлтгэлдээ явсан. Анх биднийг очиход гадаад оюутны байранд оруулна гэж байсан ч эрэгтэй оюутнуудтай хамт нэг байранд оруулсан. Байр маш тухгүй, хүйтэн байснаас шалтгаалж миний бөөр өвдөж буцаад Монгол руу явахаас аргагүйд хүрсэн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын сүүлээр би Монголд буцан ирсэн.  

Хамгийн анх би хариуцагч байгууллагаас 5,000,000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Гэхдээ одоо бол зөвхөн зөвлөх үйлчилгээний төлбөр болох 3,000,000 төгрөгийг л буцаан шаардаж байгаа. Мэдээж хэрэг би тодорхой хэмжээнд үйлчилгээ авсан, зуучилсан газар нь очиж суралцсан учир бусад төлсөн мөнгөө буцааж нэхэмжлэхгүй байгаа.

2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Суралцахад зөвлөх гэрээ”-ний 1.2.7-д “зөвлөх үйлчилгээний төлбөр” гэсэн хэсэг байгаа. Энэ төлбөр нь өөрөө 3,000,000 төгрөг юм. Хэрэв би хятад хэлний бэлтгэлээ дуусгаад цаашаагаа суралцах тэтгэлэг авсан тохиолдолд уг 3,000,000 төгрөгийг хариуцагч байгууллага авах ёстой байсан. Гэтэл би цаашаа суралцаагүй, тэтгэлэгт хамрагдаагүй учир урьдчилан төлсөн 3,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Тодруулбал, би зөвхөн хэлний бэлтгэлд сурсан болохоос хариуцагчийн зуучилсан “Хенан” технологийн их сургуулийн докторын зэрэг хамгаалах сургалт, тэтгэлэгт хамрагдаагүй. Түрүүн хэлсэнчлэн би хятад хэлний бэлтгэлээ дуусгаагүй ч гэсэн нэгэнт хэсэг хугацаанд сургалтад хамрагдсан учир бусад мөнгөө нэхээгүй.

Миний бие өвдсөн, цаашид суралцах боломжгүй болсон талаараа хариуцагчийн цахим шуудан болох нэртэй цахим шуудан руу өөрийн хаягаас нийт 5 удаа цахим шуудан явуулсан. Мөн утсаар болон биечлэн хариуцагчийн төлөөлөгчтэй уулзаж байсан. Уг нь хариуцагч тал миний мөнгийг тухайн үедээ буцаан өгнө гэж байсан ч сүүлдээ өгөөгүй алга болсон учир би шүүхэд хандсан гэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Мөрөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Манай компани гадаадад оюутан солилцоо, зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг. Бид 2015 онд БНХАУ-ын “Хенан” технологийн их сургууль дээр очиж албан ёсоор гэрээ хийсэн. Уг гэрээгээр манай зуучлалын төвөөр дамжуулан суралцахаар явж байгаа оюутнуудад тус сургууль төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, мөн докторантад суралцах тэтгэлэгт хамруулах талаар харилцан тохирсон байсан. Нэхэмжлэгч Д.Э нь манай төв дээр ирж бидний үйл ажиллагаатай танилцаад биднээр дамжуулж БНХАУ-руу хэлний бэлтгэлд хамрагдахаар болсон. Нэгэнт бид цаад сургуультайгаа гэрээтэй тул байж болох хамгийн хямд үнийг нэхэмжлэгчид санал болгосон. 2015-2016 оны хичээлийн жилд манайхаас нийт 25 оюутан суралцахаар болсны нэг нь нэхэмжлэгч юм. Дээр дурдсан БНХАУ дахь сургуультай гэрээ, хэлэлцээр хийхэд манай талаас зардал мөнгө их гардаг бөгөөд бид жилдээ 1 удаа элсэлт авч тэр орлогоо өөрсдийн дотоод үйл ажиллагаандаа зарцуулдаг. Ингээд нэхэмжлэгч Д.Эд бид дараах үнийг буюу 5,000,000 төгрөгийн төлбөрт хөтөлбөрийг санал болгосон. Үүнд:

1/ 1 жилийн хятад хэлний бэлтгэл. Энэ нь 2,000,000 төгрөгийн төлбөртэй.

2/ Мастер болон докторын зэрэгт суралцахад тэтгэлэгт хамрагдахад зөвлөх үйлчилгээний төлбөр. Энэ нь 3,000,000 төгрөг юм.

Харин бусад төлбөр буюу бүртгэлийн хураамж болох 500 ам доллар нь бидний зуучлалын хөлс учир буцаан олгогдохгүй. Мөн оюутны байрны төлбөр 5,000 юань, цаад сургуулийн бүртгэлийн хураамж 400 юань, эрүүл мэндийн даатгалын 600 юань, шинжилгээний 360 юань, нийт нэхэмжлэгчээс төлсөн 6,360 юань бол бидэнд биш сургуульд очдог төлбөр болно. Манай байгууллага нэхэмжлэгчтэй хоёр удаа гэрээ байгуулсан. Эхний гэрээг байгуулсны дараа бид харилцан ярилцаад хоёр дахь гэрээг шинээр байгуулсан. Өөрөөр хэлбэл эхний гэрээ цуцлагдсан гэсэн үг. Манай байгууллага жил бүрийн 3 дугаар сард тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын бүртгэлийг хийдэг. Гэтэл нэхэмжлэгч Д.Э нь 2016 оны 3 дугаар сард ямар ч хүсэлт ирүүлээгүй, надтай уулзаагүй. Мөн гэрээ цуцлах талаар надад мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр оюутныг асуулгах хүсэлт гаргасан. Гэтэл тэр хоёр оюутнууд нь албан ёсоор хүсэлтээ тавиад, тэтгэлэгт хамрагдах зөвлөх үйлчилгээ авахгүй гэсэн учир бид төлбөрийг нь буцаан олгосон. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд бидэнтэй холбоо бариагүй. Ийм учраас бид нэхэмжлэгчийн мастер болон докторын зэрэгт суралцахад тэтгэлэгт хамрагдахад зөвлөх үйлчилгээний төлбөрт төлсөн 3,000,000 төгрөгийг өөрсдийн цаашдын үйл ажиллагаандаа зарцуулаад дууссан. Ийм учраас уг нэхэмжлээд байгаа мөнгийг буцаан төлөхгүй.

Дахин хэлэхэд нэхэмжлэгчийн эхэлж тушаасан 2,000,000 төгрөг нь түүний хятад хэлний бэлтгэлд хамрагдахад төлөгдсөн төлбөр. Уг төлбөрийг буцаан төлөхгүй, учир нь тэрээр хятад хэлний хөтөлбөртөө хамрагдсан, бид уг мөнгийг нь тухайн сургууль руу нь шилжүүлсэн учир бидэнд мөнгө нь байхгүй. Харин 3,000,000 төгрөгийн хувьд гэрээний 2.4.3 дээр байгаа. Гэрээний 2.4.3-т “Гэрээ байгуулснаас хойш суралцагчийн тэтгэлэг авахаар анкетанд бөглөсөн их сургууль болон тэтгэлэг олгох байгууллагад мэдэгдэж, бүртгүүлсний дараа суралцагч гэрээ цуцлах хүсэлт гаргавал зөвлөх үйлчилгээний төлбөрийн 95 хувийг ажлын 10 хоногт багтаан суралцагчид буцаан олгоно” гэж заасан. Тодруулбал, суралцагч хятад хэлний хөтөлбөрөө дуусгаад цаашааг тэтгэлэгт хамрагдахаар бидэнд жил бүрийн 3 дугаар сарын дотор мэдэгдэх ёстой. Хэрэв цаашаа тэтгэлэгт хамрагдахгүй гэвэл бид мөнгийг нь буцаан өгдөг, энэ үед уг заалт үйлчилдэг. Гэтэл нэхэмжлэгч бидэнтэй холбоо бариагүй. Ийм учраас бид мөнгийг өөрсдийн тухайн жилийн үйл ажиллагаандаа зарцуулсан. Нэхэмжлэгчээс манай цахим шуудангийн хаяг болох “Eduworld [email protected]” нэртэй хаяг руу цахим шуудан илгээсэн болохыг бид сүүлд л шүүх дээр ирээд мэдлээ. Уг хаягийг хариуцан ажиллаж байсан хүний хариуцлагагүй байдлаас болоод би мэдээгүй байна. Уг нь нэхэмжлэгч бидэн дээр өөрөө ирээд, утсаар яриад холбогдчих бүрэн боломж байсан. Бид зах зээлийн хүнд нөхцөлд бид үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хэн нэгнээс огт үндэслэлгүй мөнгө авдаг газар биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин нэхэмжлэгч хүсэх юм бол түүний шаардаад байгаа 3,000,000 төгрөгт нь бид түүнд эсхүл түүний танил, найз нөхөд гэх мэт хүмүүс нь гадагшаа сургуульд явах гэж байгаа бол нэг удаа үнэгүй тусалж өгч болох юм гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Э болон хариуцагч “С” ХХК-иуд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Суралцуулах гэрээ” байгуулсан байна. Уг гэрээгээр “С” ХХК нь Д.Эг хариу төлбөртэйгөөр БНХАУ-д тэтгэлгээр докторын хөтөлбөрт хамруулахаар харилцан тохирчээ /хх9-10 хуудас/.

 

2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Д.Э болон “С” ХХК-иуд дахин “Суралцахад зөвлөх гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр “С” ХХК нь Д.Эг БНХАУ-ын “Женьжоу” /Zhengzhou/ хотын их сургуульд нэг жилийн хугацаатай хэлний бэлтгэлд суралцуулах, мөн Д.Э хүссэн тохиолдолд түүнийг өөрийнх нь сонгосон их сургуульд тэтгэлэг авахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, уг үйлчилгээний хариуд Д.Э тодорхой хэмжээний төлбөр төлөхөөр харилцан тохирсон байна /хх4-8 хуудас/.

Нэхэмжлэгчийн зүгээс “...хариуцагч надтай хоёр гэрээ байгуулсан, хоёулаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа” гэсэн, хариуцагчийн зүгээс “...сүүлийн гэрээ байгуулагдсанаар эхний гэрээ цуцлагдсан” гэсэн зөрүүтэй тайлбаруудыг шүүхэд гаргасан.

 

Харин шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нар 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Суралцахад зөвлөх гэрээ” байгуулснаар өмнө байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Суралцуулах гэрээ” дуусгавар болсон ба 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан “Зуучлалын гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулж 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан боловч шүүх хуралдаанд өөрийн шаардлагын хэмжээг 3,000,000 төгрөг болгон багасгаж байна.

 

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...би нийт 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Уг 5,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөг нь БНХАУ-д суралцах хэлний бэлтгэлийн хөлс байсан. Нэгэнт тодорхой хэмжээгээр хэлний бэлтгэлд суралцсан учир уг мөнгөө нэхэмжлэхгүй. Харин үлдэх 3,000,000 төгрөгөө буцаан шаардана. Учир нь би зуучлагчаар дамжуулан докторын сургалт, тэтгэлэгт хамрагдаагүй” гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн зүгээс дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа “...докторын сургалт болон тэтгэлэгт хамрагдахгүй гэдгээ Д.Э нь 2015 оны 12 дугаар сард Монголд ирсэн атлаа 2016 оны 3 дугаар сарын дотор бидэнд албан ёсоор хэлээгүй учир бид уг мөнгийг тухайн жилийн үйл ажиллагаандаа зарцуулаад дууссан” гэж тайлбарлаж байна.

 

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Тодруулбал, зуучлуулагч буюу даалгавар өгөгч нь зуучлагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар гуравдагч этгээдтэй хүссэн гэрээгээ байгуулсан нөхцөлд тохирсон хөлсийг зуучлагчид төлөх хуулийн зохицуулалттай.

 

Нэхэмжлэгч Д.Эгийн зүгээс хариуцагч “С” ХХК-д төлсөн 5,000,000 төгрөгийн зориулалт нь дараах хоёр хэсгээс бүрдэж байсан эсэх талаар зохигчид маргаагүй. Үүнд:

1/ 2,000,000 төгрөг нь БНХАУ дахь хэлний бэлтгэлийн төлбөр.

2/ 3,000,000 төгрөг нь Д.Э цаашид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нөхцөлд зарцуулагдах төлбөр.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагчийн зуучлалын үйлчилгээний тусламжтайгаар БНХАУ-д хэлний бэлтгэлд хамрагдсан хэдий ч 2015 оны 12 дугаар сард буцан ирсэн, мөн тэрээр БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрт /доктор/ хамрагдаагүй буюу энэ талаар хариуцагчаас зөвлөх үйлчилгээ аваагүй үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Эд БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрт /доктор/ хамрагдсан тохиолдолд төлөх ёстой байсан 3,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасантай нийцнэ.

 

Хариуцагчийн зүгээс “...Д.Э нь 2015 оны 12 дугаар сард Монгол улсад ирсэн атлаа 2016 оны 3 дугаар сараас өмнө бидэнд мэдэгдээгүй тул мөнгийг буцаан олгохгүй” гэж тайлбарласан хэдий ч энэхүү татгалзал нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондоо харилцаж байсан цахим шууданд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгосугай.   

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 62,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Н.ХАНГАЛ