Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/01090

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 17 өдөр

 

 

 

 

Дугаар 102/ШШ2019/01090

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Э О ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О. Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Г нь Э О ХХК-д ажиллаж байхдаа 2013 оны 01-р сараас 2016 оны 12 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд 20 800 000 төгрөг зээлсэн. 2016 оны 12 сарын 07-ны өдөр 25/16ЕО тоот зээлийн гэрээ байгуулсан. Энэ өдрийн байдлаар 12 197 458 төгрөгийн үлдэгдэлтэй, талууд харилцан тохиролцоод сар болгон 500 000 төгрөг төлөхөөр, төлөөгүй тохиолдолд 2 хувийн хүү төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2017 оны 01-р сард 100 000 төгрөг, 2017 оны 03-р сард 300 000 төгрөг, 2017 оны 04-р сард 250 000 төгрөг, 2017 оны 05-р сард 400 000 төгрөг, 2017 оны 06-р сард 300 000 төгрөг, 2017 оны 07-р сард 400 000 төгрөг, 2017 оны 08-р сард 447 458 төгрөг, 2017 оны 09-р сарын 400 000 төгрөг, 2017 оны 10-р сард 400 000 төгрөг, 2017 оны 12-р сард 400 000 төгрөг, 2018 оны 05-р сард 400 000 төгрөгийг төлсөн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Ингээд үлдсэн 8 400 000 төгрөг, хүү 4 200 000 төгрөг нийт 12 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч зээлийн хүүг тооцоолж 2018 оны 06 сарын байдлаар үндсэн зээл 8 400 000 төгрөг, зээлийн хүү 3 053 923 төгрөг нийт 11 453 923 төгрөг болгон багасгаж О.Г-өөс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, хэзээний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. 2013 оны 01-р сард 12 700 000 төгрөг, 2014 оны 02-р сарын 01-нд 3 000 000 төгрөг, 2014 оны 10-р сар 1 500 000 төгрөг, 2014 оны 12-р сард 1 600 000 төгрөг, 2016 оноы 04-р сард 2 000 000 төгрөг нийт 20 800 000 төгрөг зээлүүлсэн байна. Үүнээс О.Гнь 8 602 542 төгрөг төлж, үлдэх 12 197 458 төгрөгийн хэмжээнд 2016 оны 12-р сарын 07-ны өдөр талууд зээлийн гэрээг нөхөж хийсэн байдаг. Энэ гэрээгээр Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг бодитоор шилжүүлж өгөөгүй. Тэгэхээр 2013, 2014 онд үүссэн зээлийн харилцааг нөхөж хийснээрээ хүү авах эрх үүсэхгүй, энэ гэрээний дагуу мөнгө шаардах эрхгүй. Хариуцагч нь ажил олгогчоосоо цалингаа урьдчилж авсан, харин зээл аваагүй. 2016 оны 12 сарын 07-ны өдрийн гэрээг ажилтанд олгох цалинг доош дарж 8 400 000 төгрөгийн өртэй гэж тохируулж бодсон байдаг. Энэ нь 2017 оны 01 сараас 2018 оны 07 сар хүртэлх хугацааны цалингийн хүснэгтийн дэлгэрэнгүй тооцооллоор харагдана. Хариуцагч Г-ийн 2017 оны 01-07 сар хүртэлх хугацааны цалин харьцангүй өндөр буюу 2017 оны 01 сард авах ёстой байсан цалин нь 601 952 төгрөг, үүнээс 200 000 төгрөгийг дансаар авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг хасаад, үлдэх 323 452 төгрөг нь зээлэндээ суутгуулсан, 2017 оны 02 сард 829 200 төгрөгийн цалин бодогдож 200 000 төгрөг, 127 396 төгрөгийг 2 удаа цалинд авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг хасаад үлдсэн 423 304 төгрөгийг зээлэнд суутгуулсан, Энэ мэтээр 2017 оны байдлаар 11 085 541 төгрөгийн цалин авахаас 3 911 060 төгрөгийг цалинд авч 6 089 891 төгрөгийг үндсэн зээлдээ суутгуулсан байгаа. 2018 онд авах ёстой байсан цалин нь 3 374 543 төгрөг, авсан цалин нь 1 672 227 төгрөг, үүнээс зээлдээ 1 324 357 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 246 400 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 131 000 төгрөгийг тус тус суутгуулсан байдаг. Иймэрхүү байдлаар хариуцагч урьдчилж авсан цалингаа суутгуулж, үлдсэнийг нь гар дээрээ авдаг байсан. Гэтэл өнөөдөр нөхөж хйисэн гэрээний дагуу зээл олгосон гэж гэрээг үндэслэж мөнгө шаардаад байгаа нь үндэслэлгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э О ХХК нь О.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 11 453 923 төгрөг болгон багасгасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5 669 194 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Э О ХХК нь О.Г-тэй 2016 оны 12-р сарын 7-ны өдөр Зээлийн гэрээ /хх 7/ байгуулжээ. Гэрээнд ажилтан О.Г нь 2013 оны 01-р сард хашаа байшин худалдан авахаар зорилгоор 12 700 000 төгрөг, сургалтын төлбөр төлөх зорилгоор 2014 оны 02-р сарын 01-нд 3 000 000 төгрөг, 2014 оны 10-р сар 1 500 000 төгрөг, 2014 оны 12-р сард 1 600 000 төгрөг , 2016 оны 04-р сард 2 000 000 төгрөг нийт 20 800 000 төгрөгийг зээлсэн, үүнээс 8 602 542 төгрөг төлж, үлдэх 12 197 458 төгрөгийг төлөөгүй талаар тусгаж, үүнийг сар бүр 500 000 төгрөгөөр төлөх, төлөөгүй тохиолдолд сар бүр 2 хувийн төлөхөөр тохирсон байна.

Энэхүү зээлийн гэрээгээр 2016 оны 12-р сарын 07-ны өдөр зээлдүүлэгч зээлдэгчид 12 197 458 төгрөгийг шилжүүлээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Харин Э О ХХК-иас О.Г-т олгосон 20 800 000 төгрөгийн зээлээс 8 602 542 төгрөг төлсөн, төлөөгүй нь 12 197 458 төгрөг болохыг харилцан тооцсон баримт гэж үзнэ. Талууд тооцоо нийлснээс хойш зээлдэгч нь 3 797 458 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, үлдэх 8 400 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хүү тооцож гаргуулахаар шаардсан бол хариуцагч Э О ХХК-иас цалингаа урьдчилж авсан, цалингаас суутгаж тооцсон, зээл төлөхгүй гэж маргажээ.

Э О ХХК нь ажилтныхаа хувийн асуудлаа шийдвэрлэхэд нь зориулж түүний хүсэлтээр зээл олгосон нь буруу биш бөгөөд төлбөр тооцоог цалин тооцсон, олгосон баримтыг үндэслэн тооцлоо.

Э О ХХК нь 2017 оны 1-7 дугаар сарын цалинд /хх 43/ 6 037 251 төгрөг олгохоос нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, бусад суутгалыг тооцон 5 003 833 төгрөг, 2017 оны 8-12 дугаар сарын цалин 5 048 190 төгрөг олгохоос татвар, шимтгэл тооцон 4 513 190 төгрөг нийт 9 517 023 төгрөг олгохоос 7 898 928 төгрөгийг олгож, 1 608 095 төгрөгийг олгоогүй, 2018 оны 1-5 дугаар сарын цалинд 3 374 543 төгрөг олгохоос шимтгэл, татвар, бусад суутгалыг тооцон 2 251 832 төгрөг олгохоос 1 129 121 төгрөг олгож, 1 122 711 төгрөгийг олгоогүй /хх 32, 44-47/ байна. Ажил олгогч нь 2017-2018 оны цалингаас 2 730 806 төгрөгийг ажилтанд олгоогүй байх тул энэ хэмжээгээр зээлээс төлсөнд тооцож хасах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, 8 400 000 төгрөгөөс 2 730 806 төгрөгийг төлсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 669 194 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Э О ХХК нь 2017 оны 1-7 дугаар сарын цалингийн тооцоог хариуцагчид олгосон хэмжээгээр тооцсон, харин нэхэмжлэгчээс энэ хугацааны тооцоог гаргасан боловч харицагчид олгосноос багаар тооцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Г-өөс 5 669 194 /таван сая зургаан зуун жаран есөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулж Э О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5 784 729 /таван сая долоон зуун наян дөрвөн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.Гантөмөрөөс 105 657 төгрөг гаргуулж Э О ХХК-д олгосугай.

 

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА