Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/01182

 

 

 

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/01182

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Л.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБТЗ нийгэмлэгт холбогдох Ерөнхий хорооны 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017 оны 2-р сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 заалтыг тус тус хүчингүй болгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д /үнэмлэх 0662/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооноос 2014 оны 12-р сарын 12-ны өдөр Л.П-ыг Улаанбаатар төмөр замын даргын албан тушаалд томилж, контрактын гэрээгээр 1 жил 9 сар гаруй хугацаанд ажилласан. Контрактын гэрээ нь 3 жилээр хийгдсэн. Гэтэл Л.П-ыг 2016 оны 10-р сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Түүнийг ажлаас чөлөөлснөөр контрактын гэрээний 5-р зүйлийн 5.9 дэх хэсэгт заагдсан орон сууцны асуудлаар маргаан үүссэн. 2014 оны 12-р сарын 12-ны өдрийн Төрийн өмчийн хорооны тогтоол, шийдвэрийг үндэслэж контрактын гэрээ хийгдсэн боловч 2015 оны 7-р сарын 31-ний өдөр УБТЗ-ынерөнхий хороо дахин контрактын гэрээ хийсэн. Контрактын гэрээгээр Л.П нь гэмт хэрэгт холбогдоогүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Цэцээ гүн хотхоны таун хаус-5 байрыг үлдээхээр заасан. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны үйл ажиллагааг Шалган байцаах комисс нь шалгах эрхтэй. Тухайн үед шалган байцаах комисс нь Л.П-ыг үр дүнтэй ажилласан гэж үзээд байрыг нь олгохоор дүгнэсэн, энэ тухай Ж даргад зөвлөмж болгосон байдаг. Уг зөвлөмжийн дагуу н.Ж дарга 2016 оны 12-р сарын 05-ны өдөр шийдвэрээ гаргасан. Шалган байцаах комиссын дүгнэлтийг Ерөнхий хороо нь хүлээж авна уу гэхээс дүгнэлтийнх нь эсрэг шийдвэр гаргах эрх байдаггүй. 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн ерөнхий хорооны тэмдэглэлийн 7.3 дахь заалт нь Л.П-ын орон сууцыг зах зээлийн үнээр борлуулахаар шийдсэн. Гэтэл Ерөнхий хорооны хуралд 5 хүн оролцсоноос 4 хүний саналаар шийдсэн, мөн хоёр улсын 3, 3 хүнийг оруулж хуралдаагүй байдаг. Мөн 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн Ерөнхий хорооны хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалтаар Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Цэцээ гүн хотхоны таун хаус-5 байрлах орон сууцыг хэрхэн ашиглах, түүнийг худалдан борлуулах талаар санал боловсруулж, ерөнхий хорооны хуралд танилцуулахыг замын даргад даалгасан. Иймд Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, энэ хуулийн 12-р зүйлийн 12.1.4 дэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлд зааснаас бусад байгууллагын албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг иргэний шүүх хүлээн авч шийдвэрлэх ёстой. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.1.4 дэх хэсэгт 5.1.4.үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргааг нийтийн эрх зүйн этгээдийн захиргаа гэж ойлгоно гэж заасан. Улаанбаатар төмөр зам, түүний удирдах байгууллагууд буюу Ерөнхий хороо Улаанбаатар төмөр замын даргаас гаргасан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагад хамаарахгүй учраас иргэний хуулийн 13-р зүйлд заасан хэргийн харъяалал зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 117-р зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156-р зүйлд заасны дагуу гомдол гаргасан тохиолдолд шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн эсэх, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх, гомдол гаргаж байгаа этгээдийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн, тухайн этгээдэд шаардах эрх байгаа эсэх асуудлууд яригдана. Орон сууц, контрактын гэрээний асуудлаар 3 шатны шүүх шийдсэн. Л.П2014 оны 12-р сарын 12-ны өдөр Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны хурлаар замын даргаар томилогдсон, тэр өдрөө Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч буюу эрх зүйн чадамжгүй н.Ц гэх хүнтэй УБТЗ төлөөлөн контрактын гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний 5-р зүйлийн 5.7, 5.9 дэх хэсэгт маргааны зүйл болж байгаа таун хаус сууц, энэхүү гэрээгээр ажиллах хугацаанд нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газар замын даргыг амрах, амьдрах таатай нөхцөл бүрдсэн албан орон сууцаар хангах гэж байгаа. Л.П нь 2014 оны 01-р сарын 08-ны өдөр маргааны зүйл болж байгаа орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Улаанбаатар төмөр замыг төлөөлж өөрөө хийж, 2015 оны 01-р сарын 16-ны өдөр 639 253 000 төгрөг, 845 000 000 төгрөгийг шилжүүлж худалдаж авсан байдаг. Үүнээс хойш Л.П нь 2015 оны 7-р сарын 31-ний өдөр контрактын гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулсан, энэ гэрээгээр таун хаусын асуудал тусгагдаагүй, харин ажил олгогч нь замын даргын үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь амрах зориулалт бүхий орон сууцаар хангах үүргийг хүлээсэн. Л.П ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2016 оны 10-р сарын 03-ны өдөр түүнтэй байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгож, гэрээг цуцалсан. Контрактын гэрээнд тусгагдсан орон сууцтай холбоотой ганц заалт нь энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон байраар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны орон сууцаар хангах / нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газар амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн байрыг контрактын гэрээний хугацааны дуусгавар болгоход замын даргад байрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ/ гэж байгаа. Контрактын гэрээний хугацаа 3 жил гэж тооцвол 2018 оны 7-р сарын 31-ний өдөр хүртэл Л.П ажиллаж зохих ёсоор үүргээ биелүүлсэн байх ёстой. Гэтэл 2016 оны 10-р сарын 03-ны өдөр контрактын гэрээний 6.5 дахь заалтаар гэрээ цуцалсан. 6.5 дахь хэсэгт нийгэмлэг нь замын даргатай байгуулсан контрактын гэрээг Ерөнхий хорооны шийдвэрээр ямар ч үед хугацаанаас нь өмнө цуцалж болох бөгөөд замын даргын бүрэн эрхийг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцлана. Үүнд нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэр, дүрмийг зохих ёсоор биелүүлээгүй, замын даргын гэм буруугийн улмаас нийгэмлэгийн ажилтан нарын хөдөлмөр хамгаалалын шаардлагыг зөрчсөн, цалин хөлсийг 3 сар хүртэл хугацагаар өгөөгүй, нийгэмлэгийн бизнес, төрийн нууцад хамаарах асуудлыг задруулсан, хэлэлцээр дүрэм Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, нийгэмлэгийн хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл байгуулсан, нийгэмлэгийн оролцсон гэрээ хэлцэл байгуулахдаа хувийн ашиг сонирхолтой байснаа нуун дарагдуулсан гэх зэрэг хэд хэдэн заалт бий. Үүнээс, хувийн ашиг сонирхолтой буюу их хэмжээний үнийн дүнтэй хэлцлийг Компанийн тухай хууль зөрчиж, Нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хууль, Авлигын хууль зэргийг зөрчиж таун хаусын асуудал яригдаж гэрээ цуцалсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Улаанбаатар төмөр замын Шалган байцаах комиссын 2017 онд хийсэн шалгалтын актын 2.3.1 дэх хэсэгт орон сууцны үнийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг төлсөн байна. Мөн Ерөнхий хорооны хурлын тэмдэглэлийн заалтыг хүчингүй болгуулах гомдол гаргах эрх байх ёстой. Улсын дээд шүүх, Давж заалдах шатны шүүх Л.П нь маргааны зүйл болсон орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны гаргасан аль ч шийдвэрт шаардлага гаргах эрхгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй. Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны хуралдааны тэмдэглэлийн 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн 9.1 дэх заалт, 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн ерөнхий хорооны хуралдааны тэмдэглэлийн 7.3 дахь заалтууд нь Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн дүрмийн Удирдах байгууллага болох Ерөнхий хороо гаргасан. Нийгэмлэгийн ажил хэргийг шалган байцаах зорилгоор байнгын бус ажиллагаатай Шалган байцаах комисс ажилладаг, энэ нь удирдах байгууллагад ордоггүй. Улаанбаатар төмөр замтай холбоотой бүх харилцааг дүрмээрээ зохицуулдаг. Ерөнхий хорооны дүрмийн 17-р зүйлд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх болон холбогдох шийдвэрүүдийг гаргах эрхийг Ерөнхий хороонд олгосон. Маргаан бүхий 7.1, 9.3 дахь заалтуудыг А заалт гэж тайлбарладаг. Энэ заалт нь нийгэмлэгийн үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө бөгөөд үүнд хэн нэгэн иргэний хууль бусаар эзэмшиж байгаа орон сууцтай холбоотой асуудал хамаарахгүй. Тухайн жил хийх ажил үйлчилгээ, тайлан, баланстай холбоотой асуудал, орлого, зарлага зэргийг хянан үзээд хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурлаар батлуулахаар оруулдаг асуудал байдаг. Харин үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг Д заалтаараа зохицуулдаг буюу 19в заалтаар Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга захиран зарцуулдаг. 2016 оны 12-р сарын 05-ны өдөр, 2017 оны 02-р сарын 09-ний өдөр Ерөнхий хороо хуралдаж, олон асуудал хэлэлцсэний дотор маргааны зүйл болох орон сууцтай холбоотой шийдвэр гаргасан. Улаанбаатар төмөр зам үл хөдлөх хөрөнгөө нэр дээрээ авч Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж өмчлөгч болсон, улмаар захиран зарцуулахаар шийдсэн. Үүний дагуу орон сууцыг худалдаж авах саналыг Л.П-т 2017 оны 3-р сарын 14-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. Шийдвэрийг эрх бүхий этгээд хууль тогтоомж, тухайн байгууллагын дүрэм журмаар олгогдсон эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.П нь УБТЗ нийгэмлэгт холбогдох Ерөнхий хорооны 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017 оны 2-р сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 заалтыг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Маргааны зүйл болох иргэн Л.П-тай холбоотой орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017 оны 2-р сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.1.4.үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг ...тээвэр...зэрэг байгууллагын захиргааны нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэрт хамаарахгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д заасан Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэснийг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.4-т заасан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлоор шүүх иргэний хэрэг үүсгэх, 13.1-д заасан энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид нэхэмжлэл гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Энэ тохиолдолд иргэн Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрөөр хэлбэл, өөрийнхөө амьдрах зориулалтын гэх таун хаусын асуудлыг шийдвэрлэж эрхийг нь зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах эрхтэй байна.

Л.П нь УБТЗ нийгэмлэгтэй байгуулсан контрактын гэрээгээр Улаанбаатар төмөр замын даргаар ажиллаж байгаад 2016 оны 10-р сарын 03-ны өдрийн Б-i-222 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, контрактын гэрээг дуусгавар /хх 21-26, 44/ болгожээ.

Контрактын гэрээг дуусгавар болгохдоо контрактын 6.5 дахь заалт буюу хугацаанаас өмнө дуусгавар болгох заалтыг үндэслэсэн, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, таун хаус-5 байрны асуудлыг шийдвэрлэсэн Ерөнхий хорооны хурлын шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн байна.

Ерөнхий хорооны 2016 оны 12-р сарын 5-ны өдрийн хурлаар 9 асуудал хэлэлцсэний 1. УБТЗ ХНН-ийн 2015 оны үйлдвэрлэл, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Шалган байцаах комиссийн хийсэн шалгалтын тайлан, дүгнэлтийг хэлэлцэх, 9. Бусад асуудлыг /хх 10-16, 149-156/ хэлэлцжээ.

Нэхэмжлэгч энэ хурлын тэмдэглэлийн 9.1 дэх заалтыг хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ ...Шалган байцаах комисс нь Ерөнхий хороог шалгах эрхтэй, Л.П-ыг үр дүнтэй ажилласан гэж үзээд байрыг нь олгохоор дүгнэсэн, энэ тухай Ж даргад зөвлөмж болгосон, дүгнэлтийг Ерөнхий хороо нь хүлээж авах ёстой, харин дүгнэлтийнх нь эсрэг шийдвэр гаргах эрхгүй гэж тайлбарласан байна.

Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн дүрмийн 8. Нийгэмлэгийн удирдах байгууллага: а. Хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурал, б.Ерөнхий хороо, в.Замын даргаар толгойлуулсан төмөр замын хэрэг эрхлэх газар болно, 17.Ерөнхий хороо нь а/ нийгэмлэгийн үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө, түүний өнгөрсөн оны тайлан балансыг хянан үзээд хувь нийлүүлэгчдийн хамтарсан хуралд батлуулахаар оруулна, д/хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах...шийдвэрийг гаргах үүргийг хүлээдэг бол Шалгах байцаах комисс нь 30.жилийн тайлан баланс, ашиг хуваарилалт...зэргийг хэлэлцэх ба энэ талаар дүгнэлт хийх нь түүний үүрэгт хамаарна, 32....өөрийн үйл ажиллагааны тухай дүгнэлт ба тайланг хувь нийлүүлэгчдийн хамтарсан хуралд тавих ба нийгэмлэгийн ерөнхий хороонд мэдэгддэг байна.

Тухайн хурлаар УБТЗ ХНН-ийн 2015 оны үйлдвэрлэл, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Шалган байцаах комиссийн хийсэн шалгалтын тайланг /хх 6-9/ хэлэлцэж, өгсөн зөвлөмжүүдийг хүлээж авах, гарсан дутагдлыг арилгах, зөвлөмжийг хэрэгжүлэх талаар арга хэмжээ боловсруулж батлахыг замын даргад даалгах, тайлан, дүгнэлтийг Хувь нийлүүлэгчдийн хуралд танилцуулж батлуулахаар шийдвэрлэсэн /хх 10-15/ байх ба тайлангийн 43 дахь тал буюу хэргийн 8-р хуудасны ар талд ...2015.12.31-ний замын даргатай байгуулсан контрактын нөхцлийг биелүүлэх зорилгоор тус орон сууцыг худалдаж авсан байна....замын дарга Л.П-т тухайн байрыг төлбөргүй нөхцөлөөр шилжүүлэх баримтыг бэлтгэж Ерөнхий хорооны ээлжит хуралдаанд танилцуулахыг зөвлөж байна... гэсэн нь тухайн байрыг олгохоор шийдвэрлэсэн, дүгнэлтийг Ерөнхий хороо нь хүлээж авах ёстой, дүгнэлтийнх нь эсрэг шийдвэр гаргах эрхгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Харин хуралдааны хэлэлцэх асуудлын 9 буюу бусад асуудлыг хэлэлцэх хүрээнд 9.1 дэх заалтаар УБТЗ ХНН-ийн балансад байгаа Хан-уул дүүрэг, 11-р хороо хаягт байршилтай нийт 370 м.кв талбайтай орон сууцны 3 давхар байшинг цаашид хэрхэн ашиглах, түүний дотор худалдан борлуулах талаар санал боловсруулж Ерөнхий хорооны хуралд танилцуулахыг Замын даргад даалгаж шийдвэрлэсэн нь Нийгэмлэгийн дүрмийн 8б, 17д заалтыг зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Харин Ерөнхий хорооны 2016 оны 12-р сарын 5-ны өдрийн хуралдаанаас хойш буюу 2016 оны 12-р сарын 09-ний өдөр УБТЗ нийгэмлэг нь улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаарт бүртгэгдсэн, Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоот хаягт байршилтай 370 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, өмчлөх эрхийн 000576230 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 43/ олгогджээ.

Өмчлөгчтэй холбоотой маргааныг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх шийдсэн /170-197/ байна.

Улмаар Ерөнхий хорооны 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын 7-д УБТЗ ХНН-ийн орон сууцны сангийн үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх тухай хэлэлцэж, 7.3-т тухайн сууцыг зах зээлийн үнээр худалдахыг замын даргад үүрэг болгох, орлогыг ХНН-ийн орлогот тусгахаар шийдвэрлэсэн нь Нийгэмлэгийн дүрмийн 17-ийн д/хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах...шийдвэрийг гаргах үүрэгтэй, 16-д заасан ерөнхий хорооны хурал 4-өөс доошгүй гишүүн оролцсоноор хүчин төгөлдөр байх, шийдвэрийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх заалтуудыг зөрчөөгүй /хх 17-19, 157-169/ байна.

Нөгөө талаас, өмчлөгч өмчөө захиран зарцуулахаар шийдвэрлэсэн нь Л.П-ын эрхийг зөрчихгүй, Ерөнхий хорооны хуралд 5 хүн оролцсоноос 4 хүний саналаар шийдсэн, мөн хоёр улсын 3, 3 хүнийг оруулж хуралдаагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартай нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 9.1 дэх заалт, 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7.3 заалтыг тус тус хүчингүй болгохыг хүссэн Л.П-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА