Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0244/З |
Дугаар | 128/ШШ2021/0510 |
Огноо | 2021-08-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2021/0510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Т с м ХХК /*******/
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд Т с м ХХК-ийг Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдээр тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, С.Б, Б.Н, өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч, Т с м ХХК нь 2017 оны 12 сард Монгол Улсад үүсгэн байгуулагдаж, 2018 оны 1-р сараас Т брэндийн Монгол дахь цор ганц бүрэн эрхт албан ёсны дистрибьютерын хувиар албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Монгол дахь албан ёсны Дилер компаниуд болох Т******* ХХК болон М*******ХХК-уудтай хамтран ажиллаж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 1-р сарын 22-ны өдрийн Мэдээлэл ирүүлэх хүсэлтийн дагуу бид холбогдох мэдээллийг хугацаанд нь хүргүүлсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 2-р сарын 25-ны өдөр сонсох ажиллагаанд манай компанийг урьж, судалгааны үр дүнд манай компанийг Давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоож буйг сонсгож, 2021 оны 2 дугаар сарын 26-ний өдөр 01 дугаартай тогтоолоор “суудлын шинэ автомашины импортын зах зээл”-д давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоосон.
Энэхүү тогтоолыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар олгосон эрх хэмжээг урвуулан, зах зээлийг хэт явцуу утгаар тодорхойлж, зах зээлийг бүтээгдэхүүн, үйлчилгээний ангилал төрлөөр бус “шинэ”, “хуучин” гэх шинж чанараар хувааж буй нь Т с м ХХК-нийг үндэслэлгүйгээр давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтооход хүргэсэн. Үүнээс үүдэн компани Өрсөлдөөний тухай хуулиар тогтоосон холбогдох хязгаарлалтад орж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна. Иймд тус Тогтоолыг дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь захиргааны байгууллагын хувьд зөвхөн түүнд хуулиар тусгайлан олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэх учиртай. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасан эрхээ хэрэгжүүлж давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоохдоо Засгийн Газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай журмыг баримтална. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс уг Журмын 2.2 дахь хэсэгт тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг тогтоохдоо 1-рт бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, 2-рт зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, 3-рт зах зээлийн төвлөрлийг тогтоох, 4-рт зах зээлийн хүчийг тооцож, тодорхойлохоор заасан үе шатуудын судалгааг бүрэн дүүрэн хийсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Бидний тодруулга хүссэн албан тоотод Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2021 оны 03 дугаар 12-ны өдрийн 01/460 тоот албан бичгээр хариу өгсөн боловч хангалттай үндэслэл бүхий тооцооллыг хэрхэн гаргасан талаар баримт, мэдээлэл өгөөгүй болно.
Журмын 3.1-д зааснаар Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо “эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код ...”-ыг үндэслэж ангилах ёстой байна. Эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангиллын хувьд олон улсад нийтлэг лавлах болсон Нэгдсэн Үндэсний байгууллагын 2008 онд гаргасан 4 дэх хэвлэлийн стандарт ангилал The International Standart Industrial Classification of All Economic Activities (ISIС)-ыг авч үзвэл түүнд 4510 гэсэн ангилалд “Моторт тээврийн хэрэгслийн худалдаа” гэсэн ангилал байгаа бөгөөд түүнээс цааш задарсан “шинэ” гэсэн дэд ангилал тусгайлан байхгүй болно.
Монгол Улсын хувьд Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал (ЭЗБТҮАСА)-ыг Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын хамтарсан 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн 319/А/160 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд үүнд мөн 4510 гэсэн ангилалд “Моторт тээврийн хэрэгслийн худалдаа” гэсэн ангилал байгаа юм. Харин 4510.1 зэрэг цааш задарсан дэд ангилал буюу “шинэ” гэсэн дэд ангилал тусгайлан байхгүй бөгөөд тийм дэд ангилал үүсгэж, өөрийн эрх мэдлийг гуйвуулан эдийн засгийн үйл ажиллагааны төрлийг тогтоож, дэд ангилал үүсгэх эрх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хуулиар олгогдоогүй байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тогтоолууд болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийн жагсаалтаас судалж үзэхэд Монгол Улсад өдрийг хүртэл Давамгай байдалтай аж ахуйн нэгжид бараа бүтээгдэхүүний “шинэ” гэсэн ангиллаар аливаа хуулийн этгээд тогтоогдож байгаагүй байна.
Бараа бүтээгдэхүүний хэрэглээ, зориулалт болон сонгосон ангиллын бараа бүтээгдэхүүний орлогдох байдал Журмын 3.2.1-д зааснаар дээр дурдсан ангиллын дагуу бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ, зориулалтаар нь ангилна гэсэн бөгөөд “шинэ”, “хуучин”-аас үл хамааран тухайн автомашин гэх бараа бүтээгдэхүүний хэрэглээ, зориулалт өөрчлөгдөхгүй тул ийнхүү “шинэ” гэж ялгаж өгөх нь үндэслэлгүй байна.
Мөн манай компани шинэ суудлын автомашины хувьд тодорхой хувь эзэлж болох ч уг бараа бүтээгдэхүүн нь тухайн хэрэглээ, зориулалтынхаа хувьд үл орлогдох бараа бүтээгдэхүүн биш бөгөөд “шинэ” эсвэл “хуучин” импортын машинаас худалдаж авах хэрэглэгчийн сонголт нээлттэй байгаа. 2-р хэсэгт дурдсан ангиллыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь буруу тодорхойлсноос үүдэн харилцан орлох бараа бүтээгдэхүүний хувьд хумигдаж, “суудлын шинэ автомашины зах зээл”-д өндөр хувь эзэлж харагдаж байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.7-д “бараа бүтээгдэхүүний хүрээ” гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг гэж тодорхойлсон. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бидэнд ямар үндэслэлээр “шинэ автомашин” нь “хуучин автомашин”-аар үл орлогдох гэж үзэж, “шинэ” автомашин нь хуучин автомашинаасаа өөр ангиллын бараа бүтээгдэхүүн болох талаар дүгнэлт танилцуулаагүй. Мөн бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь аливаа хэрэглэгчдийн судалгаа, мэргэжлийн шинжээчийн дүгнэлт зэргийг бараа бүтээгдэхүүний хүрээ тодорхойлохдоо ашигласан гэж үзэхгүй байна.
Бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвар Т с м ХХК нь “Моторт тээврийн хэрэгслийн худалдаа” гэх ангиллын хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу Монгол улсын зах зээлд хэдэн хувь эзэмшдэг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын уг судалгаагаар тогтоогдсон эсэх нь тодорхойгүй байна. Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар “тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд ... борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг ...” буюу 33% эзлээгүй тул хуулийн дагуу тодорхойлогдох этгээд биш юм. Иймд хэрэв Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь аж ахуй эрхлэгчийг Өрсөлдөөний тухай хуулийн 5.3-р зүйлд зааснаар давамгай байдалтай гэж тогтоож буй бол түүний бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгч гэдгийг үндэслэлтэйгээр тогтоосон байх шаардлагатай. Манай компанийн хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ шалгуурыг шалгаж тогтоосон эсэх талаар аливаа мэдээлэл бидэнд өгөөгүй болно. Т с м ХХК-г зах зээлд нөлөөлөх дээрх чадвар бүхий гэдгийг хэмжээс хийлгүйгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь манай компанийг тухайн зах зээлд давамгай байдалтай гэж тогтоох үндэслэлгүй болно. Дээрх бүх нөхцөлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхаарч судлаагүйдээ бус, харин ч манай компани 33%-аас дээш хувь эзлэх боломжтой илүү нарийвчилсан, манайд тусгайлан зориулсан дэд ангиллыг шинээр дур мэдэн үүсгэж, бараа бүтээгдэхүүний хүрээ тодорхойлох, “тодорхой бараа бүтээгдэхүүн”-ээр нь ангилах журмыг зөрчиж “шинэ” гэдэг шинжээр нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоосонд гомдолтой байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 2 дугаар сарын 26-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-т заасны дагуу “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох....” хуулиар олгосон бүрэн эрхтэй.
Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг үндэслэн боловсруулдаг.
Тус газраас суудлын шинэ автомашины импортын зах зээлийн зах зээлд албан ёсны дистрибьюторын эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдээс импорт, борлуулалтын орлогын мэдээллийг, Гаалийн ерөнхий газрын мэдээллийг тус тус гаргуулан авч давамгай байдалтайг аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаанд ашигласан.
Дистрибьютор гэдэг нь Бие даасан бизнес эрхлэгч, эсвэл үйлдвэрлэгчтэй дистрибьюторын гэрээ байгуулсан аж ахуй эрхлэгч нь тухайн аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгчтэй шууд харилцан бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах эрхтэй.
Дистрибьюторын гэрээнд заасны дагуу гэрээ байгуулсан аж ахуй эрхлэгч нь бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлдээр болон тодорхой бүс нутгийн хэмжээнд худалдаалдаг байна. Мөн үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний маркетинг, худалдаа борлуулалтыг хариуцаж, засвар, сэлбэгээр хангадаг. Мөн хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор аж ахуй эрхлэгчтэй дилерийн гэрээ байгуулдаг байна. Дистрибьютор нь тухайн үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг бөгөөд тухайн зах зээл дээр байгаа бусад үйлдвэрлэгчийн ижил төрлийн бараа бүтээгдэгдэхүүн үйлдвэрлэгчтэй дистрибьюторын гэрээ байгуулж болдоггүй байна.
Монгол Улс автомашин үйлдвэрлэгч орон биш бөгөөд автомашин нь импортоор орж ирдэг. Монгол Улсын зах зээлд импортоор шинэ буюу үйлдвэрлэгчээс шууд болон хуучин шинэ биш хэрэглэгдэж байсан/ автомашин орж ирдэг байна.
Бараа бүтээгдэхүүний хүрээг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс 2010 онд батлан гаргасан Автотээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт MNS ISO 3833:2010 стандартын ангилалд үндэслэн суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин гэж ангилах бөгөөд эдгээр автомашинуудын шинж байдал, хэрэглэх онцлог, зориулалт нь харилцан орлох боломжгүйг харгалзан үзэж нэг хүрээ буюу бие даасан нэг зах зээл /шинэ суудлын автомашины импортын зах зээл/ гэж үзсэн.
Нэхэмжлэлд дурдсан “Моторт тээврийн худалдаа” ангилал нь тус зах зээлийн судалгаанд хамаарахгүй бөгөөд тус судалгааны ажил нь суудлын шинэ автомашины импортын зах зээлийг судалсан болно.
Бараа бүтээгдэхүүний хүрээг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс 2010 онд батлан гаргасан Автотээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт MNS ISO 3833:2010 стандартын ангилалд үндэслэн суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин гэж ангилах бөгөөд эдгээр автомашинуудын шинж байдал, хэрэглэх онцлог, зориулалт нь харилцан орлох боломжгүй юм. Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам"-д 5.1.1-т “Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг дор дурдсан зүйлийг харгалзаж ойролцоогоор тооцож болно” гэж, 1-т “Биет хэмжээ” гэж, 2-т “Мөнгөн дүн” гэж заасны дагуу борлуулалтын орлого буюу мөнгөн дүнгээр тооцсон.
Шинэ суудлын автомашины импортын зах зээлийн төвлөрлийг Херфиндаль-Хершманы индекс (ХХИ)-ээр тодорхойлбол ХХИ 2020 он=4,018.05 нь тухайн зах зээлд төвлөрөл өндөр байгааг харуулж байна. Т с м ХХК нь шинэ суудлын автомашины импортын зах зээлд албан ёсны дистрибьютор эрхтэйгээр 2020 онд импортоор нийт оруулж ирсэн автомашины борлуулалтын орлогын 60.45 хувийг эзэлж байна.
Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.” гэж заасны дагуу тус зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа “Т с м"ХХК-ийг Шинэ суудлын автомашины импортын зах зээлд зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 2 дугаар сарыг 24-ний өдрийн 04/301 дугаартай албан бичгээр Т с м ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу сонсгох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн.
Тус мэдэгдлийн дагуу 2021 оны 2 дугаар сарыг 25-ний өдрийн 14.00 цагт Т с м ХХК-ийн холбогдох төлөөлөлд судалгааны ажлыг танилцуулсан болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу Т с м ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т с м ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд Т с м ХХК-ийг Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдээр тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг үнэлж, дараах байдлаар шийдвэрлэв.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 2 дугаар сарын 26-ний өдөр 01 дүгээр[1] тогтоолоор Суудлын шинэ автомашины импортын зах зээлд Т с м ХХК-ийг Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.
Нэхэмжлэгч Т с м ХХК-иас “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар олгосон эрх хэмжээг урвуулан, зах зээлийг хэт явцуу утгаар тодорхойлж, зах зээлийг бүтээгдэхүүн, үйлчилгээний ангилал төрлөөр бус “шинэ”, “хуучин” гэх шинж чанараар тогтоосноор Т с м ХХК-ийн Өрсөлдөөний тухай хуулиар тогтоосон холбогдох хязгаарлалтад орж эрх ашиг хөндөгдөж байна” гэж,
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхийн хүрээнд Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг үндэслэн тогтоосон” гэж тус тус маргажээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Т с м ХХК-ийг Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохын өмнө 2021 оны 2 дугаар сарыг 24-ний өдрийн 04/301 дугаар[2] албан бичгээр Т с м ХХК-д Сонсох ажиллагааны мэдэгдэл өгч, 2021 оны 2 дугаар сарыг 25-ний өдрийн 04/318 дугаар албан бичгээр хуралдааны тов мэдэгдэж, Т с м ХХК-д судалгааны ажлыг танилцуулжээ.
Т с м ХХК нь үйлдвэрлэгч Т компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютор бөгөөд үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг тодорхой бүс нутгийн хэмжээнд худалдаалах, бараа бүтээгдэхүүний маркетинг, автомашины засвар, сэлбэгийг худалдаалах зэрэг үйл ажиллагааг үйлдвэрлэгчийн өмнө хариуцдаг байна.
Тус улсад импортын суудлын автомашин нь үйлдвэрлэгчээс /дистрибьютор/ шууд болон хуучин /хэрэглэгдэж байсан/ байдлаар орж ирдэг бөгөөд нэхэмжлэлд дурдсан Моторт тээврийн худалдаа гэсэн ангиллаар зах зээлийг тодорхойлох боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
Учир нь: Хариуцагчаас үйлдвэрлэгчээс орж ирсэн болон хэрэглэгдэж байсан импортын суудлын автомашины харилцан үл орлох шинжийг харгалзан үзэж, үйлдвэрлэгчээс /дистрибьютор/ импортоор орж ирсэн суудлын автомашины хүрээгээр зах зээлийг тодорхойлж, уг зах зээлд албан ёсны дистрибьюторын эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдээс импорт, борлуулалтын орлогын мэдээллийг судалсны үндсэн дээр Т с м ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн тогтоосон байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.“зах зээл” гэж тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг;, 4.1.7-д “бараа бүтээгдэхүүний хүрээ” гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг ойлгохоор тодорхойлсон бөгөөд 15 дугаар зүйлийн 15.1.6. зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, ... бүрэн эрхийг хариуцагчид олгожээ.
Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс 2010 онд батлан гаргасан Төрөл, нэр томьёо, тодорхойлолт MNS ISO 3833:2010[3] стандартын ангилалд Автотээврийн хэрэгслийг суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин гэж ангилсан хэдий ч импортоор үйлдвэрлэгчээс шууд орж ирсэн болон хэрэглэгдэж байсан суудлын автомашин нь харилцан үл орлох шинж чанартай гэж үзэн зах зээлийн хүрээг ялгаж тодорхойлсон нь Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн тогтоох журмын 2.2.тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг тогтоохдоо 1. бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, 2. зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, 3. зах зээлийн төвлөрлийг тогтоох, 4. зах зээлийн хүчийг тооцож, тодорхойлохоор заасантай нийцсэн.
Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газраас хийсэн судалгаагаар Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмын 5.1.1-т “Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг дор дурдсан зүйлийг харгалзаж ойролцоогоор тооцож болно”, 1.Биет хэмжээ, 2.Мөнгөн дүн гэж заасны дагуу борлуулалтын орлого буюу мөнгөн дүнгээр тооцсон.
Мөн журмын 5.2-т Зах зээлийн төвлөрөл тооцсоноор бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт ХХИ>1800 бол тухайн зах зээлд төвлөрлийн түвшин өндөр буюу өрсөлдөөн хязгаарлагдмал гэж үзнэ гэж заасан аргачлалын дагуу Т с м ХХК-ийн үйлдвэрлэгчээс /дистрибьютор/ импортоор орж ирсэн суудлын автомашины зах зээлийн төвлөрлийг Херфиндаль-Хершманы индекс (ХХИ)-ээр тодорхойлж, 2019 онд 5,049,54, 2020 онд 4,018.05, 2020 онд импортоор оруулж ирсэн суудлын автомашины борлуулалтын орлогын 60.45 хувийг эзэлж байгааг тогтоожээ.
Түүнчлэн тус шүүхэд ирүүлсэн Гаалийн ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 11-ны өдрий н01-2/1451 дүгээр[4] албан бичгээр ирүүлсэн үйлдвэрлэгдсэнээс хойш 0-3 жил болсон суудлын автомашины импортын мэдээнд 2019 онд Т с м ХХК нь 1809, 2020 онд 1266 ширхэг суудлын автомашин импортоор оруулсан бол, бусад аж ахуйн нэгжүүд 2019 онд 2958, 2020 онд 2496 ширхэг суудлын автомашин импортоор оруулсан нь харагдаж байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ. гэж заасны дагуу үйлдвэрлэгчээс /дистрибьютор/ импортоор орж ирсэн суудлын автомашины зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа Т с м ХХК-ийг уг зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс Эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангиллын хувьд олон улсад нийтлэг лавлах болсон Нэгдсэн Үндэсний байгууллагын 2008 онд гаргасан 4 дэх хэвлэлийн стандарт ангилал The International Standart Industrial Classification of All Economic Activities (ISIС)-ыг авч үзвэл түүнд 4510 гэсэн ангилалд “Моторт тээврийн хэрэгслийн худалдаа” гэсэн ангилал,
Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын хамтарсан 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн 319/А/160 тоот тушаалаар батлагдсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалд 4510 “Моторт тээврийн хэрэгслийн худалдаа” гэж ангилагдсаны дагуу бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох ёстой гэж маргадаг.
Гэвч Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмын зохицуулалтаас үзэхэд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо дээрх ангилалыг харгалзан үзэхээс гадна илүү нарийвчилсан байдлаар тодорхойлох аргачлалыг баталсан бөгөөд хариуцагч эдгээр аргачлалын дагуу бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлсныг буруутгах боломжгүй.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэн үзээд нэхэмжлэгч Т с м ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд Т с м ХХК-ийг Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т с м ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд Т с м ХХК-ийг Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН