Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 410

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00410

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03004 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЮБЭП” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 8 168 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "ЮБЭП" ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр "Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ"-г байгуулсан.

Энэхүү гэрээгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 00 дугаар хороолол, Хаппи Таун хотхоны ХД-71 дүгээр байрны 0 дүгээр орц, 00 дугаар давхарын 00 тоот хаягт байрлах 46,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай орон сууцыг 1 м.кв-ийг нь 1 880 000 төгрөгөөр тооцож, нийт 87 232 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

Миний бие нь тус гэрээнд заасны дагуу байрны төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 26 169 600 төгрөг, нэмж 6 062 400 төгрөгийг тус тус төлж, үлдэх 64 хувийг орон сууцны түлхүүр гардаж авахдаа төлөхөөр тохиролцож 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас 55 000 000 төгрөгийн зээл авч байрны төлбөрийг бүрэн барагдуулж, түлхүүрээ авсан.

Захиалагч миний захиалсан хэсэг болох 46.4 м.кв талбай бүхий орон сууцыг нэгэнт улсын комисс хүлээн авсан тул ямар нэг эргэлзээгүйгээр түлхүүрээ гардан авсан бөгөөд ашиглалтын явцад талбайн хэмжээ дутуу болохыг тусгай зөвшөөрөл бүхий "Эй Ди интернешнл" ХХК-иар хэмжүүлсний үндсэн дээр даруй 4,3 мкв талбай дутуу болохыг мэдсэн.

Улсын комисс миний захиалсан орон сууцны талбайн хэмжээг 46,4 м.кв байна гэж хүлээн авч акт үйлдсэн, түүнийг үндэслэн надад 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ү-2204068340 дугаартай 46,4 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон тул тухайн орон сууцыг хүлээн авсан.

Иймд надад учирсан бодит хохирол болох орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлөгдсөн 8 084 000 төгрөг, барилгын зураг төслийн компаниар хэмжилт хийлгэсэн хөлс 84 000 төгрөг, нийт 8 168 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЮБЭП" ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 00 дугаар хороолол, Хайппи таун хотхонд байрлах 71, 72, 00 тоот, барилгыг "Өндөрбуянт холдинг" ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.

Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг "Өндөр буянт" ХХК болон "Альяанстехник" ХХК, "Хай кик" ХХК, "Сигма-Отис" ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн.

Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд гомдол, шаардлага гаргаагүй.

Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн богөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компаний талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "ЮБЭП" ХХК-иас 8 084 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 84 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145 638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "ЮБЭП" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 144 294 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч "ЮБЭП" ХХК нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

А.Б- нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний дагуу Хаппи таун орон сууцны хорооллын 71 дүгээр байрны 0 дүгээр орц 15 давхар 00 тоот 46.4 мкв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан болно.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар бусад бичгэн нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн тухайн эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй бөгөөд тухайн орон сууцны төлбөрөөс хүү тооцох талаар огт тохиролцоогүй.

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг хүлээн авсанаас хойш одоог хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд энэ нь түүний хэрэгцээг хангаж байгаа нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт зааснаар доголдолтой эд хөрөнгө гэж үзэхгүй. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.

Учир нь талбайн орон сууцны м.кв-ын дутуу гэдэг ашиглалтын явцад үүсдэг далд доголдол биш бөгөөд орон сууцыг хүлээн авах үед илрүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл заавал тусгай мэдлэг, тусгай зөвшөөрөлтэй этгээд илрүүлэх боломжтой доголдол биш юм.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг үнэлэх талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч “ЮБЭП” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 8 168 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч “ЮБЭП” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулж, “ЮБЭП” нь Баянзүрх дүргийн 5 дугаар хороо, 00 дугаар хороолол Хаппи таун хотхоны ХД-71 дүгээр байрны 0 дүгээр орцны 15 давхарт 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, А.Б- нь гэрээнд заасан төлбөрт 87 232 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

            Гэрээний дагуу орон сууцны үнэ төлөгдөж, орон сууц А.Б-ийн өмчлөлд шилжсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Зохигчдын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах тухай гэж нэрлэгдсэн дээрх гэрээнд гэрээний хугацааг тухайн улиралд буюу 2014 оны 3 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтанд оруулахаар заасан, түүнчлэн хариуцагч “ЮБЭП” ХХК нь маргааны зүйл болох уг орон сууцны барилгыг 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Өндөр буянт холдинг” ХХК-иас худалдан авах үед барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байсан үйл баримт тогтоогдсон.

 

            Маргаан бүхий орон сууцны талаар хэлцэл хийх үед гэрээний зүйл болох орон сууц баригдсан, нэхэмжлэгч нар нь тухайлан уг орон сууцыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд бусдын өмчлөлд хариу төлбөртэйгээр шилжүүлэх буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

            Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Гэрээнд орон сууцны талбайн хэмжээг 46.4 м.кв гэж тохиролцсон хэдий ч бодитоор 42.1 м.кв талбай байх бөгөөд 4.3 м.кв-аар дутуу байгаа нь хэмжээний хувьд дутуу гэх доголдолд хамаарах боловч худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагч А.Б- нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болсон тул өөрийн өмчлөлийн зүйлийг хэмжүүлж, доголдлыг илрүүлэх боломжтой болсон мөн өдрөөс хойш 6 сарын дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргасан талаар баримтаа гаргаж өгөөгүй болно.

 

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Эй Ди интернэшнл” ХХК-иар талбайн хэмжилт хийлгүүлсэн байгааг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх нөхцөл байдал гэж үзэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт заасан шаардлагыг гаргах эрхгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч “ЮБЭП” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 8 168 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ЮБЭП” ХХК-иас төлсөн 144 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА