Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 411

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00411

 

 

Г.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04028 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 2 410 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Илүү төлсөн 1 638 960 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С- нь 3 888 000 төгрөгийн “Софт кейк” нэрийн барааг худалдан борлуулах зорилгоор Нарантуул худалдааны төвийн 35 тоот лангуунд наймаа эрхэлдэг иргэн Ж.Б-д хүлээлгэн өгч, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан.

Барааны үнийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Ж.Б-ыг гэрээгээр хүлээн авсан барааны үнээ төлөхийг шаардахад 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 774 000 төгрөгийн үнэ бүхий бараа, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 696 000 төгрөгийн үнэ бүхий барааг үндсэн төлбөрөөс хасаж өгсөн. Үүнээс хойш төлбөрийг шаардахад төлөхгүй гэх хариу өгсөн байдаг.

Нэхэмжлэгч нь компаниас барааг авч өөрөө цааш нь зарж, борлуулаад төлбөрийг нь компанидаа төлдөг. Гэтэл нэхэмжлэгч Г.С- нь хариуцагчид өгсөн барааны төлбөрөө хугацаандаа авч чадаагүйгээс болж өөрийнхөө цалингаас уг барааны төлбөрийг суутгуулж, байгууллагадаа төлж хохирсон байдаг. Иймд хариуцагчаас худалдааны хамтран ажиллах гэрээний үүрэгт 2 410 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна.

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20 хайрцаг иштэй чихэр өгсөн гэж баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 2016 оны 03 дугаар сарын 28, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2 баримтыг л хүлээн зөвшөөрч байна. Хугацаа дууссан бараа гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримт байхгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.С-гаас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3 888 000 төгрөгийн үнэ бүхий Софт кейк нэрийн кейксийг борлуулахаар авсан нь үнэн.

Гэрээнд зааснаар төлбөр төлөх хугацаа болох 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө би 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хамгийн сүүлд уулзахдаа 696 000 төгрөгийн үнэ бүхий попс нэртэй иштэй чихрийг хүлээлгэн өгсөн. Мөн кейк тараасан 50, 173, 213 тоот лангуунуудаас өөрөө мөнгөө цуглуулж авч 2 073 600 төгрөгийг авсан байдаг. Энэ талаараа баримт бичиж өгсөн бөгөөд үүнээс хойш би Г.С-д 214 000 төгрөгийг өгөх үлдэгдэлтэй болсон байсан. Энэ талаар Г.С- өөрөө тооцоо нийлсэн акт дээрээ бичсэн байгаа.

Мөн надаас 774 000 төгрөгийн үнэ бүхий 10 хайрцаг бон бон нэртэй чихэр, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20 хайрцаг попс нэртэй иштэй чихрийг 696 000 төгрөгт тус тус тооцож авсан. Уг 696 000 төгрөгийг иштэй чихрийг өгөөд бидний тооцооноос 214 000 төгрөг үлдсэн байсан. Гэтэл үүнээс хойш миний 35 тоот павилон дээрээс миний зөвшөөрлөөр 20 хайрцаг попс нэртэй иштэй чихрийг авсан тул би 482 000 төгрөгийн авлагатай болж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Б-аас 2 410 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-ы Г.С-д холбогдуулан гаргасан 1 638 960 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 173 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж Ж.Б-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдсон тохиолдолд яригдана. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүх хуралдааны явцад үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн нэгэнт хүлээн аваад талууд тайлбараа гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь процессийн алдаа гэж үзэж байна. Нэгэнт хүлээн авсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай дурдах нь зүйтэй байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг өөр утгаар ойлгогдохоор буруу хэрэглэж шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн Ж.Б-ы үүргээ гүйцэтгээгүйн улмаас Г.С- нь өөрийн цалингаас суутгуулж өөрийн цалин, эд хөрөнгөөр хохироод байгааг шүүх тогтоож чадсангүй. Хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрээнээс үзвэл Ж.Б-, Г.С- хоёрын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан. 3 888 000 төгрөгийн барааг Г.С- Ж.Б-д итгэл хүлээлгэн хүлээлгэн өгсөн. Борлуулагч Ж.Б- нь барааны үлдэгдэл төлбөр 2 410 000 төгрөгийг өгөхгүй байгаа нь гэрээний үүргээ зөрчсөн.

Үүнээс үүдээд “Галт суман мөндөр" ХХК нь Г.С-гаас 2 410 000 төгрөгийг цалингаас суутгаж авсан. Энэ тухай цалингийн хүснэгтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэвч шүүх үүнийг үнэлэхдээ Г.С- нь "Галт суман мөндөр" ХХК-д борлуулагчаар ажиллаж. компанийн байраа, бүтээгдэхүүний худалдан борлүүлах үүрэг хүлээсэн этгээд байна гэж үнэлсэн. Энэ цалингийн хүснэгтийг гаргаж өгсөн шалтгаан нь Ж.Б-ы гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг Г.С- төлсөн гэдгийг нотлох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримт юм. Г.С- нь Ж.Болдсайхны өмнөөс 2 410 000 төгрөгийг төлж барагдуулсан. Тэрхүү мөнгөө буцаан Ж.Болдсайхнаас нэхэмжилж байна.

Анхан шатны шүүх Г.С-гийн эрх зөрчигдөөгүй нэхэмжлэх эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Г.С- нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 2 410 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, барааны үнэд илүү төлсөн 1 638 960 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            “Галт суман мөндөр” ХХК болон Ж.Б- нар нь 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, нийлүүлэгч бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, борлуулагч төлбөр төлөхөөр тохиролцож, компанийг төлөөлж менежер Г.С- гарын үсэг зуржээ. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Гэрээний дагуу 3 888 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн талаар талууд маргаагүй, харин төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргасан.

 

            Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, “Галт суман мөндөр” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн тодорхойлолт, цалингийн хүснэгт зэрэг баримтаар иргэн Г.С- нь “Галт суман мөндөр” ХХК-нд борлуулагчаар ажилладаг болох нь тогтоогдож байх боловч дээрх гэрээний оролцогч биш тул шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн “Галт суман мөндөр” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Г.С-гийн цалингаас 500 000 төгрөгийн суутгал хийсэн үйл баримт нь хариуцагч Ж.Б-ы тус компанид төлөх ёстой төлбөр байсан гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэл тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 53 510 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА