Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2019/01265

 

     2019 оны 05 сарын 31 өдөр

              Дугаар 183/ШШ2019/01265

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Б.Ч-т холбогдох,

 

            Хариуцагч: О.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90.109.853 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б- нь багын найз Б.Ч-ын санал тавьсны дагуу Э хотод орон сууцны зориулалттай барилга байгууламжид хөрөнгө оруулж ашиг олох зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 50.000.000 төгрөгийг 2014 оны 11 сард буцаан төлөх нөхцөлтэйгөөр 4 хувийн хүүтэй аман хэлцэл байгуулан Б.Ч-т зээлдүүлсэн. Тухайн үед Б.Ч-т мөнгө зээлэхийн тулд Б.Б нь хамтран өмчлөгч ээж Б.Н-ээс "орон сууц захиран зарцуулах тухай” итгэмжлэл хийлгэн авч 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, ............ тоот хоёр өрөө орон сууцыг 73.000.000 төгрөгөөр, мөн н.Ба-ын нэр дээр байх гурван өрөө орон сууцыг 100.000.000 төгрөгөөр хоорондоо солилцон худалдаж, банкнаас орон сууцны ипотекийн зээл авсан. Ийнхүү Б.Ч нь тус орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сар бүр хийхээр тохиролцсон хэдий ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй. Б.Б нь 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ... дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж Голомт банкнаас 100.000.000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээл авч 48.902.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт өгч, үлдсэн 50.000.000 төгрөгийг Б.Ч-т зээлсэн. Ингээд Б.Б нь Э хотод хөрөнгө оруулсан гэх орон сууцны ажлын явцтай танилцахаар очтол Б.Ч нь ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй байсан ба мөн зээлийн гэрээгээр тохирсон хугацаа дууссан учраас зээлсэн мөнгөө авья гэж удаа дараа Б.Ч-аас шаардсан боловч элдэв шалтаг тоочиж, зугтаад уулздаггүй байна. Б.Б- нь Б.Ч-ын ятгалгад орон сууцны ипотекийн зээл авсан учраас сар бүр тодорхой эргэн төлөлт, банкны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлж мөнгө эдийн засгаараа хохироод байна. Үүнээс үүдэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Ч-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан хэдий ч оршин суугаа хаяг дээрээ байдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул эрэн сурвалжлуулж хаягийг нь тогтоолгон шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Б.Ч-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл төлсөн ипотекийн зээл төлж хохирсон тул 40.109.853 төгрөг, нийт 90.109.853 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан, Б.Ч нь н.Э гэдэг хүний Э хотод барьж буй барилгад нь хөрөнгө оруулалт хийх зорилгоор Б.Б-оос 50.000.000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бэлнээр зээлж авсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарыг хүртэл сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Иймээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд олгосон зээлийг буцаан төлөөгүй тул 50.000.000 төгрөг, зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул зээлийн хүү шаардах эрхгүй тул гэрээнээс учирсан хохиролд /50.000.000 төгрөгийг Б.Ч-т зээлдүүлэхийн тулд ипотекийн зээл авч төлсөн тул 40.109.853 төгрөг/ нийт 90.109.853 төгрөгийг хариуцагч Б.Ч, тухайн үед зээл олгоход хамт байсан түүний эхнэр О.Б нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Б нь Б.Ч надтай 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 50.000.000 төгрөгийг 2014 оны 11 сард буцаан төлөх нөхцөлтэйгөөр 4 хувийн хүүтэй зээлийн гэрээг аман хэлцлээр байгуулсан гэжээ. Энэ нь бодит байдалд огт нийцэхгүй байна. Т.Э гэж хүн Э хотод байрлал сайтай томоохон газартай бөгөөд түүн дээрээ таун хаус бариулах төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй гэсэн учраас Б.Б бид хоёр ярилцаад түүнд хөрөнгө оруулахаар тохирч, Б.Б нь н.Э-т мөнгө өгсөн дээр би өөрийн эхнэрийн нэр дээрх зуслангийн газраа зарж 10.000.000 төгрөг, өөрийн ахын байрыг барьцаанд тавьж зээл авч 60.000.000 төгрөг тус тус нэмж Т.Э гэж хүнд өгсөн. Гэтэл Т.Э нь төсөл нь амжилттай хэрэгжиж чадаагүй, барилга барьсан гүйцэтгэгчиддээ залилуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн болон миний мөнгийг буцааж өгөхгүй өдийг хүрсэн юм. Тиймээс энэ хэрэгт би биш Т.Э гэж хүн хариуцагчаар татагдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч тайлбартаа зээлийн гэрээг 2014 оны 11 сар хүртэл хугацаагаар байгуулсан гэжээ. Энэ тохиолдолд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Б нь 2014 онд Б.Ч-ын ажлын шугамаар холбогдон Н.Э-ын Э хотод хэрэгжүүлж байсан О хувийн орон сууц /таун хаус/-ны хороолол барих төсөлд хөрөнгө оруулж, ашиг олох зорилгоор хөрөнгө оруулсан. Хариуцагч Б.Ч, нэхэмжлэгч Б.Б бидний хэн аль нь тус төсөлд хөрөнгө оруулсан. Нэхэмжлэгч Б.Б тус төсөлд хөрөнгө оруулсан болохоос Б.Ч-т мөн надад мөнгө зээлдүүлээгүй. Дээр дурдсанчлан би Б.Б-оос мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Б.Б-ын нэхэмжлэлтэй, Б.Ч, О.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90.109.853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б-ын “...Б.Ч нь н.Э гэдэг хүний Э хотод барьж буй барилгад нь хөрөнгө оруулалт хийх зорилгоор Б.Б-оос 50.000.000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бэлнээр зээлж авсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарыг хүртэл сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Б.Ч нь зээлсэн 50.000.000 төгрөгийг буцаан төлөөгүй тул зээлийн гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээнээс учирсан хохиролд /50.000.000 төгрөгийг Б.Ч-т зээлдүүлэхийн тулд ипотекийн зээл авч төлсөн тул 40.109.853 төгрөг/ нийт 90.109.853 төгрөгийг хариуцагч Б.Ч, тухайн үед зээл олгоход хамт байсан түүний эхнэр О.Б нараас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ч, О.Б нар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...бид нар Б.Б-оос 50.000.000 төгрөгийг зээлж аваагүй, харин Б.Б нь н.Э гэдэг хүний Э хотод барьж буй барилгад нь хөрөнгө оруулалт хийсэн тул тэр хүнээсээ уг мөнгөө шаардах нь зүйтэй...” гэсэн хариу тайлбар гаргаж, талууд мэтгэлцжээ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Б болон Б.Ч, О.Б- нар 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож амаар хэлцэл байгуулан, Б.Б нь 50.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 11 сар хүртэл хугацаагаар Б.Ч, О.Б- нарт зээлдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагч нарын хариу тайлбар, Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкнаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, дансны хуулгаар нотлогдохгүй байна.

 

Мөн гэрч Б.Ба-ын “...Б.Ч нь Б.Б бид хоёртой уулзаад найзад нь мөнгө хэрэгтэй байна, юм хийх гэсэн юм, та хоёр тус болооч гэсэн. Тухайн үед Б.Б бид хоёрт бэлэн мөнгө байгаагүй тул өөр өөрсдийн нэр дээрх байраа ипотекийн зээлд оруулаад Б.Б нь 50.000.000 төгрөгийн зээлийг 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр банкнаас аваад, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Занабазарын музейн дэргэд Б.Б нь бэлнээр 50.000.000 төгрөгийг Б.Ч, О.Б нарт өгсөн. Б.Б нь 50.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй Б.Ч-т зээлдүүлсэн. Б.Ч нь Б.Б-ын ипотекийн зээлийг төлнө гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд гэрчийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50.000.000 төгрөгийг хариуцагч Б.Ч, О.Б нараас шаардах эрхгүй юм.

Түүнчлэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Б-ын “зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч Б.Ч, О.Б нар үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 40.109.853 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасантай нийцэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан Б.Ч, О.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90.109.853 төгрөг гаргуулах тухай Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан Б.Б-ын нэхэмжлэлтэй, Б.Ч, О.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90.109.853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 608.499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.СЭМЖИД