Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00578

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/03016 дугаар шийдвэртэй

Б.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ч, О.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90,109,853 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Ббаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.Б нь Б.Чт 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлсэн. Б.Б нь тухайн үед Б.Чт мөнгө зээлдүүлэхийн тулд банкнаас зээл авсан бөгөөд уг зээлийн эргэн төлөлтийг Б.Ч хийхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй. Иймд Б.Боос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Б.Ч нь банкнаас авсан зээлийг төлнө гэсэн боловч төлөлгүй намайг хохироосон тул 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээл төлсөн 40,109,853 төгрөг, нийт 90,109,853 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Чын шүүхэд хариу гаргасан тайлбар, татгалзлын агуулга:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ч нь Б.Боос 50,000,000 төгрөгийн зээл огт авч байгаагүй. Т.Э гэж хүн Эрдэнэт хотод байрлалтай таун хаус бариулах төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байна гэсний дагуу Б.Б бид хоёр ярилцаад түүнд хөрөнгө оруулахаар болсон. Б.Б нь Т.Эт мөнгө өгсөн, би ч гэсэн эхнэрийн нэр дээрх зуслангийн газраа зарж 10,000,000 төгрөг, өөрийн ахын байрыг барьцаанд тавьж зээл аваад 60,000,000 төгрөг өгсөн. Гэтэл Т.Э нь төсөл нь амжилттай хэрэгжиж чадаагүй, барилга барьсан гүйцэтгэгч залилсан гэх үндэслэлээр Б.Б, Б.Ч бидний мөнгийг буцааж өгөөгүй. Иймд уг 50,000,000 төгрөгийг Б.Боос Б.Ч зээлээгүй бөгөөд Б.Б нь уг мөнгөө Т.Эоос шаардах ёстой гэжээ. 

3. Хариуцагч О.Бгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:  Б.Б, Б.Ч бидний хэн аль нь Т.Эын Эрдэнэт хотод хэрэгжүүлж байсан “О” хувийн орон сууцны хороолол барих төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. Б.Б нь тус төсөлд хөрөнгө оруулалт хийсэн болохоос Б.Чт болон надад мөнгө зээлдүүлээгүй, Б.Боос мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Б.Бын нэхэмжлэлтэй, Б.Ч, О.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90,109,853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 608,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч Б.Бын давж заалдах гомдлын агуулга: ...Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хурал дээр өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож, өмгөөлөгч маань нийтэд илэрхий Э.Ц нарын олон хоног үргэлжилсэн шүүх хуралд оролцож байгаа талаар хэлж, мөн шүүгчээс татгалзаж байгааг хэлсэн боловч миний хүсэлтийг хүлээн аваагүй хүч түрэн хурлаа хийсэнд гомдолтой байна. Би өмгөөлөгчгүйгээр өөрийн эрх ашгаа хамгаалж чадахгүй гэдгээ хэлсээр байтал намайг үл тоомсорлож миний хууль мэдэхгүйг далимдуулж хурал хийж, хариуцагч Б мөнгийг маань авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр атал хэргийг 2 дахь удаагаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хан-Уул дүүргийн шүүхэд өөр шүүгч байхгүй мэт удаа дараалан татгалзаж энэ шүүгчийг шударгаар хэрэг шийдвэрлэхгүй байгааг хэлсээр байтал шүүх нь хүлээн авахгүй байсаар ийм шийдвэр гаргаж байгаа нь авилга, хэн нэгний захиас даалгавар гэж ойлгогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн заалтад нийцэхгүй байна.  

3. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Ч, О.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон гэрээнээс учирсан хохиролд 90,109,853 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мядагмаа “...н.Ч, Б.Бат нарын хоорондоо фэйсбүүкээр харилцаж байсан чатанд үзлэг хийлгэх”-ээр хүсэлт гаргасныг шүүх “хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2019/05642 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /хх.126, 133-134/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан дээрх хүсэлтийг шүүх хангахгүй орхиж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийлгүйгээр тухайн хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй гэсэн дүгнэлт хийсэн нь зөрчилтэй болсон байна.

5. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00110 дугаар хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа дээрх үндэслэлийг заасан байхад анхан шатны шүүх уг зөрчлийг залруулаагүй байна. /хх.189-192/

6. Нэхэмжлэгч Б.Бын “Би өмгөөлөгчгүйгээр өөрийн эрх ашгаа хамгаалж чадахгүй гэдгээ хэлсээр байтал намайг үл тоомсорлож миний хууль мэдэхгүйг далимдуулж хурал хийсэн” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. Учир нь анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн 183/ШЗ2021/15952 дугаар захирамжаар “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хурал давхцсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүхээс хуульд заасан журмын дагуу товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ббаатарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

7.  Мөн нэхэмжлэгчийн “...шүүгчийг шударгаар хэрэг шийдвэрлэхгүй байгааг хэлсээр байтал шүүх нь хүлээн авахгүй шийдвэр гаргасан” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчээс татгалзах хүсэлт гаргаагүй байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/03016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бын төлсөн 608,499 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

                                                         Ц.ИЧИНХОРЛОО