Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00110

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01265 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар 05-ны өдрийн 1470 дугаар магадлалтай,

 *******ын нэхэмжлэлтэй,

Б.Чинбаяр,******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 40 109 853 төгрөг, нийт 90 109 853 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч*******, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мядагбадам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь багын найз*******ын санал тавьсны дагуу Эрдэнэт хотод орон сууцны зориулалттай барилга байгууламжид хөрөнгө оруулж ашиг олох зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сард буцаан авах нөхцөлтэйгөөр, 4 хувийн хүүтэй аман хэлцэл байгуулан*******т зээлдүүлсэн.

Тухайн үед*******т мөнгө зээлэхийн тулд ******* нь хамтран өмчлөгч ээж Б.Наранчимэгээс орон сууц захиран зарцуулах тухай итгэмжлэл хийлгэн авч 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хан-Уул дүүрэг 43 дугаар байр, 31 тоот хоёр өрөө орон сууцыг 73 000 000 төгрөгөөр, мөн н.Батын нэр дээр байх гурван өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр хоорондоо солилцон худалдаж, банкнаас орон сууцны ипотекийн зээл авсан. Ийнхүү******* нь тус орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сар бүр хийхээр тохиролцсон хэдий ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй.

******* нь 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ЗГ1205053284 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж Голомт банкнаас 100 000 000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээл авч 48 902 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт өгч, үлдсэн 50 000 000 төгрөгийг*******т зээлсэн.

Ингээд ******* Эрдэнэт хотод хөрөнгө оруулсан гэх орон сууцны ажлын явцтай танилцахаар очтол******* нь ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй байсан ба мөн зээлийн гэрээгээр тохирсон хугацаа дууссан учраас зээлсэн мөнгөө авъя гэж удаа дараа*******аас шаардсан боловч элдэв шалтаг тоочиж, зугтаад уулздаггүй байна.

Иймд*******, О.Болормаа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 000 000 төгрөг бэлнээр өгсөн, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ипотекийн зээлд 40 109 853 төгрөг төлж хохирсон тул, нийт 90 109 853 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Чинбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Элдэв-Очир гэж хүн Эрдэнэт хотод байрлал сайтай томоохон газартай бөгөөд түүн дээрээ таун хаус бариулах төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй гэсэн учраас ******* бид хоёр ярилцаад түүнд хөрөнгө оруулахаар тохирч, ******* нь Т.Элдэв-Очирт мөнгө өгсөн, мөн би өөрийн эхнэрийн нэр дээрх зуслангийн газраа зарж 10 000 000 төгрөг, өөрийн ахын байрыг барьцаанд тавьж зээл авч 60 000 000 төгрөг тус тус нэмж Т.Элдэв-Очир гэж хүнд өгсөн.

Гэтэл Т.Элдэв-Очир нь төсөл нь амжилттай хэрэгжиж чадаагүй, барилга барьсан гүйцэтгэгчиддээ залилуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн болон миний мөнгийг буцааж өгөхгүй өдийг хүрсэн юм. Тиймээс энэ хэрэгт би биш Т.Элдэв-Очир гэж хүн хариуцагчаар татагдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч тайлбартаа зээлийн гэрээг 2014 оны 11 дүгээр сар хүртэл хугацаагаар байгуулсан гэжээ. Энэ тохиолдолд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* 2014 онд*******тай ажлын шугамаар холбогдон Т.Элдэв-Очирын Эрдэнэт хотод хэрэгжүүлж байсан Оранж лакшири виллаж хувийн орон сууцны хороолол барих төсөлд хөрөнгө оруулж, ашиг олох зорилгоор хөрөнгө оруулсан.

Хариуцагч*******, нэхэмжлэгч ******* бидний хэн аль нь тус төсөлд хөрөнгө оруулсан. Нэхэмжлэгч ******* тус төсөлд хөрөнгө оруулсан болохоос*******т мөн надад мөнгө зээлдүүлээгүй. Дээр дурдсанчлан *******оос мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01265 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй,*******,******* нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 90 109 853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 608 499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар 05-ны өдрийн 1470 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэлгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх тухай гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэгт хохирол гаргуулах шаардлага байхад хэргийг дангаар шийдвэрлэж хууль зөрчсөн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.7-г баримталсан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийг баримтлах болсон үндэслэл нь аман хэлцэл хийж зээл өгсөн нь нотлогдохгүй байна гэж үзсэн. Энэ талаар хангалттай нотлох баримт байгааг давж заалдах гомдолд дурдсан бөгөөд хариуцагч нарын тайлбар нь мөнгийг нь Элдэв-Очирт шилжүүлчихсэн учраас тэр хүнээс нэх гэж л үгүйсгэж байхад мөнгө өгсөн нь нотлогдохгүй байна гэж, мөн бэлнээр хүлээлгэн өгсөн мөнгийг банкнаас ирүүлсэн лавлагаа дансны хуулгаар нотлогдохгүй байна гэж нотлох баримтыг хариуцагч нарт ашигтайгаар илт гуйвуулсан.

Энэ нь хариуцагч******* нь Тодорхой хэмжээний мөнгө өгсөн юм шиг байсан яг хэдэн төгрөг өгснийг санахгүй байна, ...******* хэлэхдээ тодорхой хэмжээний мөнгө авсан, хэдэн төгрөг авснаа өөрөө мэдэхгүй байна. Мөнгийг аваад Элдэв-Очирлуу шилжүүлсэн гэв /хх-93/ гэж мөнгө авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлээд байхад нотлогдохгүй байна гэж дүгнэлт хийж байгаа нь илт нэг талд үйлчилсэн байгаагаа илтгэсэн хэрэг болж байна. Хариуцагчийн мэдүүлэг, тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасан ...зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл ...тогтоогдоно гэсэн заалтаар тогтоогдож байгаа нотлох баримтыг шүүх үгүйсгэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй.

Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-г баримталсан. Энэ заалт нь үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлын талаар заасан. Харин хариуцагч Чинбаяр нь Болд, Бат хоёрын орон сууцыг ипотекийн зээлд хамруулж, ипотекийн зээлийн хүүг нь төлнө гэж амлаад Болдын зээлийн эхний 3 сарын хүүг төлөөд түүнээс хойших хүүг нь төлөөгүйгээс Болд өөрөө одоо болтол төлж хохирсон хохирлоо нэхэж байхад мөн л хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Мөн хамтран нэхэмжлэгчээр татуулах хүсэлт гэрчээр оролцсон Бат гаргасныг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, бүрдүүлбэр хангаагүй гэж шийдсэн нь хэргийн гол үйл баримт болох мөнгө зээлдүүлсэн нөхцөл байдлыг тодруулахгүй байх, тухайлбал Бат мөнгөө дансаар шилжүүлсэн баримтыг үгүйсгэн дарагдуулж зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж шийдэх нөхцөлөө бүрдүүлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасан заалтыг зөрчсөн.

Ийм шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн хамгаалсан байдлаар магадлал гаргасан. Учир нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд өмгөөлөгч миний хэлсэн үгийг илт гуйвуулан ...анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэж бичсэн байдаг. Иймээс би шүүх хурлын видео бичлэгийг хуулбарлан авсан болно. Мөн даргалагч шүүгч магадлалын үндэслэлийг тайлбарлахдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна гэсэн боловч магадлалд тусгагдаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах, хясан боогдуулах гэсэн санаагаар хэлсэн болж таарч байна. Энэ нь мөн магадлалын тогтоох хэсгийн 3-д заасан талуудыг үүрэгжүүлсэн заалт оруулсан боловч өөрсдөө магадлалаа 2019 оны 9 сарын 04 хүртэл гаргахгүй байснаар давхар харагдсан болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан заалтыг дурдсан байдаг. Нэхэмжлэгч тал хуульд заасан нотлох баримт, тайлбар гаргаж, гэрч асуулгаж, холбогдох хүсэлт гаргах зэргээр өөрөөс шалтгаалах үүргээ гүйцэтгэсэн байхад дээрх заалтыг оруулсан нь хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн байна.

Иймд анхан болон заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч ******* нь*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 40 109 853 төгрөг, нийт 90 109 853 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар хяналтын журмаар гомдол гаргажээ.

 Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч*******ын хүсэлтээр Эрдэнэт хотод орон сууцны зориулалттай барилга, байгууламжид хөрөнгө оруулж, ашиг олох зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөгийг 2014 оны 11 сард буцаан авах нөхцөлтэйгөөр 4%-ийн хүүтэй зээлэхээр аман хэлцэл байгуулж, банкнаас ипотекийн зээл авч, эхнэртэйгээ хамт байхад нь өгсөн. ...Банкны зээлийн төлбөрийг******* төлнө гэж тохирсон боловч ямар нэг төлөлт хийгээгүй, энэ хугацаанд банкинд 40 109 853 төгрөгийг төлсөн. ...Өнөөдрийг хүртэл авсан зээл, банкинд төлөх төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээл, банкны төлбөрийн хамт 90 109 853 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна... гэж тайлбарласан.

 Хариуцагч нар нэхэмжлэлийн эс зөвшөөрч: ...тухайн үед Т.Элдэв-Очир гэж хүн Эрдэнэт хотод томоохон газартай, тэр газар дээрээ таун хаус бариулах төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байна гэхээр нь бид ярилцаад хөрөнгө оруулахаар болсон. Нэхэмжлэгч нь надад биш Т.Элдэв-Очирт мөнгө өгсөн, би мөн 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй байна. ...Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, бид хариуцагч биш... гэж маргажээ.

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.6.-д нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж тус тус зохицуулжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаатай байсныг нотлохоор ...нэхэмжлэгч, хариуцагч нарын фэйсбүүкээр харилцаж байсан чатыг гаргуулах... хүсэлт гаргасныг шүүх ...тухайн хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй... гэх үндэслэл зааж, хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэл муутай, зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байх бөгөөд улмаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг засуулаагүй нь хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.7., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй байна.

 Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоос ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...нотлох баримтыг бүрдүүлэх журам зөрчсөн... гэх хэсэг үндэслэлтэй байна.

 Харин Б.Батыг нэхэмжлэгчээр татан оролцуулах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг нэхэмжлэгч гэнэ гэж заасан бөгөөд Б.Бат нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй болно.

 Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардлага гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1.-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд ...шүүх хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлээгүй... гэх гомдол үндэслэлгүй байна.

 Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01265 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар 05-ны өдрийн 1470 дугаар магадлалыг тус тус хүчингүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатарын гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатараас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 608 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧ            Х.ЭРДЭНЭСУВД