| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 101/2020/02494/И |
| Дугаар | 001/ХТ2021/00938 |
| Огноо | 2021-09-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/00938
Ш.Дэлгэрдалайгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03446 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2308 дугаар магадлалтай,
Ш.Дэлгэрдалайгийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайхнаагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/03679 дугаар захирамжаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үүрэг гүйцэтгэгч Ш.Дэлгэрдалай, М.Мөнгөншагай нараас нийт 83,059,731.89 төгрөг гаргуулан, барьцааны зүйл болох Ш.Дэлгэрдалай миний өмчлөлийн Ү-2204038639 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Нарны зам, 410 дугаар байр 252 тоот2 өрөө, 69,9 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд орон сууцны 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр худалдах үнийн саналыг бичгээр гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээч томилох тухай 4/181 дугаар тогтоол гаргаж орон сууцны үнэлгээг Баян Модот ХХК -иар хийлгүүлэн 117,572,000 төгрөгөөр тогтоосон. Миний өмчлөлийн орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,682,000 төгрөгөөр тогтоосон нь миний үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг илт бууруулж, эд хөрөнгө өмчлөх эрхийг минь ноцтой зөрчиж байна. Иймд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэг хэсэгт зааснаар үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулж дахин үнэлгээ хийлгүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03679 дүгээр захирамжаар Ш.Дэлгэрдалай, М.Мөнгөншагай нараас 83.381.400 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19261072 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Ш.Дэлгэрдалай, М.Мөнгөншагай нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгдөөгүй тул барьцааны хөрөнгө болох Ш.Дэлгэрдалайгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/ Нарны зам 410 дугаар байрны 252 тоот, 69,9 м.кв талбайтай, хоёр өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038639 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор хураасан. Төлбөр хураагдсан хөрөнгөд хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ш.Дэлгэрдалай 139.800.000 төгрөгөөр үнэлж, М.Мөнгөншагай санал ирүүлээгүй, төлбөр авагч Хаан банк шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/181 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-ийг томилоход 117.572.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг талуудад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/13448 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03446 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалайгийн гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Нарны зам, 410 дугаар байр, 252 тоот хаягт байрлах Ү-2204038639 тоот улсын бүртгэлийн дугаартай хоёр өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2308 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 101/ШШ2020/03446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайхнаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 06 -ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 101/ШШ2020/03446 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07 -ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 2308 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Би үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд орон сууцны 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр худалдах үнийн саналыг бичгээр гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 04 дүгээр сарын 02 -ны өдрийн Шинжээч томилох тухай 4/181 дугаар тогтоол гаргаж орон сууцны үнэлгээг Баян Модот ХХК -иар хийлгүүлэн 117,572,000 төгрөгөөр тогтоосон. Интернет дэх зарын цахим хуудас болон фэйсбүүк сүлжээнд худалдахаар зар нийтлэгдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын орон сууцны 1 м.кв талбайн үнэ дунджаар 1,970,000 төгрөг байхад, миний өмчлөлийн орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,682,000 төгрөгөөр тогтоосон нь миний үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг илт бууруулж, эд хөрөнгө өмчлөх эрхийг минь ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг хүлээн авсан өдрөө шүүхэд гомдол гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Ш.Дэлгэрдалай нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ш.Дэлгэрдалай, М.Мөнгөншагай нараас 83,059,731 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3679 дүгээр захирамжийг биелүүлэхдээ төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн шийдвэрт заасны дагуу барьцааны хөрөнгө болох тус дүүргийн 26 дугаар хороо, Баян монгол хороолол 410 дугаар байр, 252 тоотын 69.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан байна.
Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч 139,800,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан, төлбөр авагч шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргажээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/181 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баян-Модот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.
Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 117,572,000 төгрөгөөр үнэлэхдээ олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын, өртгийн, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоож, энэ тухайгаа тайланд тодорхой тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03446 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2308 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайхнаагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД