Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 976

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 29 өдөр             Дугаар 181/ШШ2019/00976                   Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай, 4/6-р байр, 34 тоот хаягт оршин суугаа, Хаадай овогт Эрдэнэбилэгийн  /рд:УЗ93011901/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Усны гудамж, 44-р байр, 1 тоот хаягт оршин суугаа, Боржигон овогт Дашнямын  /рд:ХК65042060/-д холбогдох,

 

“Бөмбөлөг цэцэрлэг” БСБ-ын ре-8253943, 1117249286 тоот тамгыг, мөн 143006/0134 нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэргийн эх хувийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д. нь 2017 оны 08 сарын сүүлээр надтай ирж уулзан 11-р хороололд 389 м.кв газар худалдах санал тавьсан. Бид уг 389 м.кв газрыг сонирхон үзээд тухайн газрыг Боловсрол сургалтын байгууллагын эрхийн 0002154 тоот тусгай зөвшөөрлийн хамт 139,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж харилцан тохиролцож, урьдчилгаанд 9,000,000 төгрөг өгсөн.

Уг газар нь доогуураа 4 ширхэг төвийн магистрал шугам татагдсан барилга барих боломжгүй байгаа гэхдээ би өөрийн зардлаар шугамуудыг зөөвөрлөн барилгажих талбайгаас гаргуулахаар холбогдох байгууллага, ажил гүйцэтгэлийн компанитай тохиролцсон байгаа гарах зардлуудыг би төлнө гэж хэлээд Дулааны зүүн түгээх төвийн ерөнхий инженер Дэлгэрсайхан гэх хүнийг дуудан ирүүлж бидэнтэй уулзуулсан.

Дэлгэрсайхан ярихдаа “Уг газар дээрхи төвийн шугамуудыг хажуугийн авто замын талбайг эвдлэн зөөвөрлөж болно, ажлын болон материалын зардал 81,000,000 төгрөг болно. Би төрийн албаны хүн учраас өөрийн таньдаг дүүгийнхээ компаниар ажлуудыг хийж өгье. Санаа зоволтгүй.” гээд “Төгс мандал сутай” ХХК-ийн захирал Б.Мөнх-Ялалтыг дуудан манай компанийн инженер Насанбат, менежер Ганболд, захирал Н.Уранчимэг нартай уулзуулан харилцан тохиролцож уг ажлыг 81,000,000 төгрөгт гүйцэтгэхээр болсон. Бид “Төгс мандал сутай” ХХК-тай ярилцаж Д.д төлөх 139,000,000 төгрөгөөс дулааны шугамны 81,000,000 төгрөгийг “Төгс мандал сутай” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон юм.

Ингээд Э. миний бие “Бөмбөлөг” цэцэрлэгийн эрхлэгч Д.тай 2017 оны 09 сарын 10-ны өдөр “Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г, 2017 оны 09 сарын 14-ний өдөр “Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нүүдийг харилцан тохиролцон хийж 366 тоот нотариатчаар батлуулсан.

Гэрээрээр цэцэрлэгийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх, газар эзэмших эрхээ 139,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон.

Гэрээний дагуу төлбөр тооцоог шилжүүлэхдээ дулааны болон усны төвийн шугамны зардлын үнэ 81,000,000 төгрөгийг ажил эхлэх урин дулаан болохоор “Төгс мандал сутай” ХХК-д олгохоор хасаж тооцон үлдэгдэл төлбөр болох 59,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг бэлнээр Д.д өгсөн, 40,000,000 төгрөгийг Д.ын “Хаан банк”-д байрлах Бөмбөлөг цэцэрлэгийн 5028657129 тоот дансанд шилжүүлсэн ба одоо 9,000,000 төгрөгний үлдэгдэл төлбөрийг өгч тамга, газрын гэрчилгээ, гэрээгээ авах гэсэн боловч Д. хууль бусаар эзэмшин өнөөдрийг болтол авчирч өгөхгүй байна.

Анхнаасаа намайг төөрөгдүүлж гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч гэрээний дагуу талууд харилцан баталгаажуулсан албан ёсны баримттай учир Иргэний шүүхэд ханд гэсэн хариуг мөрдөгч Батсайхан хэлсэн.

Иймд Д.ын хууль бус өмчлөлөөс гэрээний дагуу 000300964 тоот газрын гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон “Бөмбөлөг” цэцэрлэгийн тамга тэмдгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний хувьд  гэдэг хүнийг огт танихгүй бөгөөд Төмөрбаатар гэж надтай нэг компанид ажилладаг байсан хүн танай цэцэрлэгийг бариулах хөрөнгө оруулагч байна гээд Уранчимэг гэдэг хүнтэй уулзуулсан юм. Тэгээд Уранчимэг гэдэг хүнтэй уулзахад танай цэцэрлэгийн хувьд олон жил ажилласан, цэцэрлэгийн барилгаа барихад бүх бичиг баримт бэлэн болсон байна.

Нэгэнт ийм сайхан гэгээлэг, бэлэн ажилд хөрөнгө оруулж туслахад урамтай таатай байна гэдгээ амлаж, манай охины нэрээр ийм ийм гэрээ хийчих, тэгээд дараа нь цэцэрлэгээ бариулаад буцааж бичиг баримтаа аваарай, энэ олон жилийн хөдөлмөрийг нь үнэлж, өрөвдөж, танайд туслахаар шийдлээ гэж намайг төөрөгдүүлж, эдийн засгийн зовлонтой байдалд орсныг далимдуулж ийм нэхэмжлэл гаргасанд маш их гомдож харамсаж байна.

Анхнаасаа Уранчимэг надад чи миний хэлснээр ийм гэрээ хийж байж л манай компаниас мөнгө гарна, тэгээд цэцэрлэгийн барилгыг чинь барьсны дараа бүх бичиг баримтыг чинь буцааж танай нэр рүү шилжүүлнэ, чамд туслах ийм л боломж надад байна, тэгээд цэцэрлэгт гарсан хөрөнгө оруулалтын мөнгөн дээр 10 хувь ч юм уу сэтгэлээрээ нэмж өгнө биз гэж байсан юм.

Мөн би танай бичиг баримтыг шилжүүлэхгүйгээр тусалмаар байна, гэвч би өөрөө хуулийн байгууллагаар олон асуудалтай учраас ингэж шилжүүлж байж л манайхан надад итгэж, танай цэцэрлэгийн барилгыг барьж өгч чадна. Төмөрөө чамайг надад хамт ажилладаг байсан, маш сайн хүн гэж магтдаг байсан учраас л би таньтай уулзаж бүх юм бинь үнэхээр жин тан байсан учраас ийм аргаар тусалъя гэж шийдсэн гэж надад маш их итгэл найдвар төрүүлчихээд ийм муухай зан гаргаж залилан мэхлэх, луйврын шинж агуулж байгаад нь итгэж чадахгүй байна.

Иймд бодит байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Д.д холбогдуулан, “Бөмбөлөг цэцэрлэг” БСБ-ын ре-8353943, 1117249286 тоот тамгыг, мөн 143006/0134 нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэргийн эх хувийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д. нь ноцтой төөрөгдсөний улмаас, хуурч мэхлэгдсэний улмаас гэрээ байгуулсан, талууд анхнаасаа цэцэрлэгийн барилгын ажилд хөрөнгө оруулах хүсэл зоригтой байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.Солонгын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийнхээ хүрээнд зохигч талуудаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын тухайд.

а/. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох зорилгоор 2017 оны 09 сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 09 сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 09 сарын 15-ны өдрийн “Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ” зэрэг гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн ба /хх-7х, 125х, 12х, 134х, 13х, 130х, 14х, 135х, 26-27х, 131-132х/ Н.Уранчимэг, Г.Төмөрбаатар нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан. /хх-100-101х, 117-122х/

Нэхэмжлэгч нь хэдийгээр дээр дурдсан 5 ширхэг гэрээг нотлох баримтаар өгсөн хэдий ч 2017 оны 09 сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 09 сарын 15-ны өдрийн “Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа гэж тайлбарладаг. /хх-13х, 130х, 14х, 135х, 26-27х, 131-132х/

Гэрч Н.Уранчимэг нь 2018 оны 04 сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Би хөрөнгө оруулалтын талаар огт мэдэхгүй, Төмөрбаатар газар зарна гэж өөрийг чинь танилцуулсан”, “Би хөрөнгө оруулалт гэж юу ч яриагүй...” гэж тус тус мэдүүлсэн байна. /хх-100-101х/

Гэрч Г.Төмөрбаатар нь 2018 оны 05 сарын 07-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “2017 оны 07-08 сард тааралдаад  газар зармаар байна. 2011 оноос хойш мөнгө төгрөг түгжигдээд байна гэж хэлсэн. Ингээд надад газар авах хүн байна уу гэж асуусан. Тэгээд би 2-3 хүнээс асуухад дулааны халуун хүйтний шугамтай байсан. Сүүлд Уранчимэгт санал тавьсан. Надтай хамт Говьд ажиллаж байсан. Бичиг баримт нь бэлэн байна, энэ газрыг авах уу гэхэд очиж үзье гээд үзээд доор нь шугамтай гээд авахгүй гэж хэлсэн. Дахиад  яриад шугамыг нь зайлуулж болдог гэж байна гээд 81 сая төгрөг хүнд өгөөд зайлуулахаар болсон. Дараа нь худалдах, худалдан авах гэрээ байгуулаад авахаар тохиролцсон”, “Би худлаа яриагүй болсон зүйлийг бүгдийг ярьсан”, “140 сая гээд дулааны инженер хүмүүст 81 сая, үлдсэн мөнгийг нь д өгнө гэж гэрээ хийсэн”, “Хөрөнгө оруулах гэж байгаа хүн юу гэж дулааны мөнгө өгдөг юм. Тэгэхээр тэр газрыг зарна гэж хэлсэн. Түрээсийн байрнаас хөөгдөх гээд байна 120 саяар ч болтугай зараад өгөөч гэж өөрөө надаас гуйсан” гэж тус тус мэдүүлсэн байна. /хх-117-122х/

б/. Хариуцагч нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох зорилгоор Ж.Буянтогтох, Ч.Мягмарсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан. /хх-240-241х, 242-243х/

Гэрч Ж.Буянтогтох нь 2019 оны 04 сарын 15-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Уранчимэг, Төмөрөө 2-ыг жил хагасын өмнө хөрөнгө оруулагч гэж танилцуулж байсан”, “Анх Бөмбөлөг гээд цэцэрлэг байгуулах гээд байгаа юм өөрт 11-р хороололд газар байгаа. Цэцэрлэгээ барих гэхээр хөрөнгө оруулагч хэрэгтэй байгаа юм. Эдгээр хүмүүс надад хөрөнгө оруулахаар болсон гэж хэлж байсан” гэж тус тус мэдүүлсэн байна. /хх-240-241х/

Гэрч Ч.Мягмарсүрэн нь 2019 оны 04 сарын 15-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Одоогоос 2-3 жилийн өмнө Уранчимэг, Төмөр гэгч залуутай хамт Хүнсний 1-р дэлгүүрийн ард Угалз гэж хоолны газар анх танилцсан. Тэгэхэд хөрөнгө оруулагч хэрэгтэй байна гээд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн 2 хүн ирж байна. Чи ирээд зөвлөөд өгөөч гээд дуудаад тэгэхэд анх танилцсан. Д. нь нилээд олон хуудас бүхий зузаан материалаа бариад ирсэн байсан”, “Хуучин гэмтэл 11-р хороолол, 2-р сургуулийн хажууд нийт 389 м.кв газар байна. Тэр газар дээр цэцэрлэг барих гэсэн хөрөнгө оруулагч байхгүй байна гэхэд Уранчимэг хөрөнгө оруулах хятадууд байна гэж байсан. Тэгээд 389 м.кв талбайд 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Эхний ээлжинд 130 саяыг өгье гэсэн. Подвал 1 давхруудыг  бүлэг байгуулаад ашигаа хуваая гэж тохиролцсон” гэж мэдүүлсэн байна. /хх-242-243х/

Хоёр. Зохигч талуудаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтанд эрх зүйн дүгнэлт өгөхөд.

а/. Бөмбөлөг цэцэрлэгийн эрхлэгч Д., Э. нар 2017 оны 09 сарын 14-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Боловсролын сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж, Д. нь “Бөмбөлөг цэцэрлэг”-ийн эзэмшилд бүртгэлтэй, газар эзэмших эрхийн 000300964 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 143006/0134 дугаар бүхий Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай 389 м.кв талбай бүхий газар эзэмших эрх болон 8253943 регистрийн дугаартай “Бөмбөлөг цэцэрлэг” БСБ-ын 100%-ийн хувьцаа зэргийг тус тус Э.д шилжүүлэн өгөх, Э. нь газар эзэмших эрх болон Боловсрол, сургалтын байгууллагын хувьцаа зэргийн үнэ 139,000,000 төгрөгийг Д.д төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдах гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-13х, 130х, 14х, 135х/

Мөн талууд 2017 оны 09 сарын 15-ны өдөр “Газрын эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, газар эзэмших эрх, Боловсрол, сургалтын байгууллагын 100%-ийн хувьцаа зэргийг хэрхэн шилжүүлэх, төлбөрийг хэрхэн хийх талаар тохиролцсон байх ба худалдагч Д. нь “Бөмбөлөг цэцэрлэг” БСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэргийг акт үйлдэх худалдан авагч Э.д хүлээлгэн өгөх, худалдан авагч Э. нь газар эзэмших эрх, Боловсрол, сургалтын байгууллагын 100%-ийн хувьцаа зэргийн үнэ болох 139,000,000 төгрөгөөс 81,000,000 төгрөгийг дулааны болон цэвэр усны шугам зайлуулах зардалд, 15,197,000 төгрөгийг шугам зайлуулахтай холбоотойгоор авто зам эвдэлсний төлбөрт суутган тооцох, үлдэх 42,803,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болохыг дурдаад үлдэгдэл 33,803,000 төгрөгийг Д.ын эзэмшдэг Хаан банкны 5028657129 тоот дансанд шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /26-27х, 131-132х/

Дээр дурдсан хэлцлүүдийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна эдгээр хэлцлүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хэргийн 29-р хуудаст авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, 83-р хуудаст авагдсан “Хаан банк” ХХК-ийн “Шилжүүлгийн мэдээлэл” зэрэг баримтаар худалдан авагч Э. нь 9,000,000 төгрөгийг бэлнээр, 40,000,000 төгрөгийг дансаар тус тус худалдагч Д.д шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /хх-29х, 83х/

Хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-8х/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-9-10х/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-15х, 15х арын нүүр/, “Бөмбөлөг цэцэрлэг” БСБ-ын дүрэм /хх-16-22х/, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл /хх-23х/ зэрэг баримтаар Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай 389 м.кв талбай бүхий газар нь “Бөмбөлөг цэцэрлэг”-ийн нэр дээр бүртгэлтэй, “Бөмбөлөг цэцэрлэг” БСБ нь 1 гишүүнтэй, эрхлэгчээр Д. бүртгэлтэй, үүсгэн байгуулагч нь Д. болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э. нь хуулийн этгээдийн тамга, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.аас шаардах эрхтэй гэж үзэв.

б/. Нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч Н.Уранчимэг, Г.Төмөрбаатар нар, хариуцагч талын хүсэлтээр асуугдсан гэрч Ж.Буянтогтох, Ч.Мягмарсүрэн нарын мэдүүлэг зэргийг харьцуулан үзээд эдгээр гэрч нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байх ба гэрч Н.Уранчимэг, Г.Төмөрбаатар болон гэрч Ж.Буянтогтох, Ч.Мягмарсүрэн нар нь харилцан адилгүй, бие биенээ үгүйсгэсэн, хүсэлт гаргагч талд ашигтай мэдүүлгийг өгсөн байхаас гадна нэхэмжлэгч болон хариуцагч талтай гэр бүлийн холбоотой, найз нөхдийн харилцаатай байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Гурав. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 2461 дүгээр магадлалд дурдагдсан ажиллагааны тухайд.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 2461 дүгээр магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч Д. нь анхнаасаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэж мэтгэлцэж, үүнтэй холбоотойгоор... нэр бүхий 11 этгээдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх ... хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэлтэй болж чадаагүй байна” гэж дурдсан байдаг.

Анхан шатны шүүх 2019 оны 04 сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг “Гэрчээр асуулгахыг хүссэн нэр бүхий этгээдүүд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой чухам ямар нөхцөл байдлыг гэрчлэх, тэдгээр нь Монгол Улсад байнга оршин сууж байгаа эсэх, тэдгээрийг шүүхэд дуудан ирүүлэх хаяг зэргийг тодруулах боломжийг хариуцагч талд олгох” үндэслэлээр хойшлуулсан. /хх-229-231х/

Үүний дагуу хариуцагч Д. нь зарим этгээдтэй холбоотой асуудлаа тодруулан иргэн Ж.Буянтогтох, Ч.Мягмарсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хангаж, иргэн Ж.Буянтогтох, Ч.Мягмарсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч бусад эдгээдтэй холбоотой асуудлаа тодруулж, гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн зүгээс хариуцагч Д.д хүсэлтээ тодруулах, хангагдах боломжтой хэлбэрээр гаргах боломжийг олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагч энэ талаар санаачилга гаргаагүй болно.

Дөрөв. Шүүхээс гарах шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга.

Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй учир хариуцагч Д.аас “Бөмбөлөг цэцэрлэг” БСБ-ын 8253943, 1117249286 тоот тамгыг, мөн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 143006/0134 дугаар бүхий 389 м.кв газрыг эзэмших эрхийн 000300964 тоот гэрчилгээ, холбогдох “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэргийг эх хувиар нь тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.д олгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Тав. Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухай.

Хариуцагч Д. нь 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулахаар “Эмнэлгийн магадлагаа” гэх баримтыг шүүх хуралдаанд ирүүлсэн байдаг.

Дараах үндэслэлээр уг “Эмнэлгийн магадлагаа” гэх баримтаар шүүх хуралдааныг хойшлуулах хариуцагч талын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

а/. “Эмнэлгийн магадлагаа” гэх баримтын зүүн дээд буланд “Эмнэлгийн нэр” гэсний ард “Gyals Center” буюу “Гялс төв” гэж бичсэн байтал “Элж эмнэлэг” гэсэн тэмдэг дарагдсан нь хоорондоо зөрүүтэй байна.

б/. “Эмнэлгийн магадлагаа” гэх баримтын зүүн дээд булан болон баруун доод буланд дарагдсан “Элж эмнэлэг” гэх тэмдэг дээр “Жадамба Эрдэнэцэцэг” гэж бичсэн байх боловч “Жадамба Эрдэнэцэцэг” нь хүний их эмч болох, эмнэлгийн байгууллагын эрх баригч болох эсэх нь тодорхойгүй, тэмдэгт бичигдээгүй байна.

в/. Дээр дурдсан “Эмнэлгийн магадлагаа” гэх баримт нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А243 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 4.5-д “Эмнэлгийн магадлагаа нь ... тодорхой дугаар, ...-тай бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторын эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж... баталгаажуулсан байна” гэснийг, мөн журмын 4.7-д “Эмнэлгийн магадлагаа олгосон тухай тусгайлан бүртгэлийг дүн бүртгэгч эмч бүртгэх ба магадлагааны дугаар бүртгэлийн дугаартай тохирч байна” гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд хариуцагч Д.ыг шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зургаа. Бусад.

Хариуцагч Д. нь 2019 оны 04 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч гэх Цацралтуяаг Дарханд хуралтай учир ирээгүй гэж /хх-229х/, 2019 оны 04 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд өчигдөр утсаар ярихад с Улс руу гэнэт явахаар болчихлоо гэсэн гэж тус тус тайлбарласан байдаг.

Гэтэл шүүгчийн туслахаас өмгөөлөгч С.Цацралтуяад шүүх хуралдааны тов мэдэгдэхээр утсаар ярихад өмгөөлөгч С.Цацралтуяа нь “Миний бие Д.ын өмгөөлөгчөөр ажиллахаа больсон” гэж хэлсэн нь тэмдэглэгдсэн байдгийг дурдах нь зүйтэй. /хх-227х/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Э.Солонгын хариуцагч Д.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагч Д.гаас “Бөмбөлөг цэцэрлэг” БСБ-ын 8253943, 1117249286 тоот тамгыг, мөн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 143006/0134 дугаар бүхий 389 м.кв газрыг эзэмших эрхийн 000300964 тоот гэрчилгээ, холбогдох “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэргийн эх хувийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.д олгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.д буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.