Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 817

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 08 өдөр             Дугаар 181/ШШ2019/00817                   Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 97в байр, 20 тоот хаягт оршин байгаа, Элжгэн овогт Булганбаатарын  /рд:ШУ89102832/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд оршин байгаа, /рд:5324165/-т холбогдох, 

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2012 оны 01 сарын 26-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны захирлын 44 тоот тушаалаар тус төвийн бүртгэлийн хэлтэст тоо бүртгэлийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлсэн.

Нэхэмжлэгч Б. миний бие 2012 оны 01 сараас эхлэн тус төвд ажиллахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан “... ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх...” үүргээ болон ажиллаж буй ажлын байр, орон тооны онцлогтой нийцүүлэн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, сахилгын болон бусад зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн.

Гэтэл ажил олгогч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2019 оны 01 сарын 17-ны Б/46 тоот тушаалаар Б. миний биеийг “... Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчиж хуурамч баримт бичгээр “Эм Си Пи Эл” ХХК-ийн 14 ширхэг тээврийн хэрэгсэл, 13 ширхэг чиргүүлийг “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан...” гэж үзэн 2019 оны 01 сарын 18-ны өдрөөр үүрэгт ажлаас халсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ажил олгогчийн дээрх шийдвэрийг илт хууль бус үндэслэлгүй тушаал, шийдвэр гаргасан гэж үзэж хуульд заасан эрхийн дагуу шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Ажил олгогчийн зүгээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/46 тоот тушаалын үндэслэлээ “... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12 дахь заалт, Үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.18, 3.18.1, 3.18.8, 3.9.12, 5.1.1, 5.1.3, 11.6.4, 11.6.6, 11.6.11, 11.6.19, 11.6.21, 11.6.22 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.13, 4.3.18, 4.3.22 дахь заалт...” гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд дээрх хууль зүйн үндэслэлүүд нь илтэд үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргахар хүргэсэн гэж үзэж байна.

Б. миний бие хууль, дүрэм, журамд заасан дээрх нөхцөлүүдийг зөрчиж ямар нэгэн сахилгын болон бусад зөрчил дутагдал гаргасан зүйл байхгүй.

Хариуцагчийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн Б/46 дугаартай “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын тушаах хэсгийн 1 дэх заалтад зөрчил гаргасан гэх үндэслэлийг “... хуурамч баримт бичгээр “Эм Си Пи Эл” ХХК-ийн 14 ширхэг тээврийн хэрэгсэл, 13 ширхэг чиргүүлийг “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн...” гэж тодорхойлон заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б. миний зүгээс дээрх хоёр компанид холбогдох тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийхдээ “... Өөрөө хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах...” санаатай үйлдэл гаргаж бүртгэл хийсэн үйлдэл огт байхгүй бөгөөд Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу бүртгэлийг хөтлөн явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй юм. Тодруулбал:

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “... Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурдсан бичиг, баримтыг үндэслэн бүртгэнэ...” гэж тодорхойлоод 3.3.1 дэх хэсэгт “... Иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлэх болон шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт...”, 3.3.2 дахь хэсэгт “... Шилжүүлэн авч байгаа өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар...”, 3.3.3 дахь хэсэгт “... Тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр...”, 3.3.5 дахь хэсэгт “... Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ...”, 3.3.6 дахь хэсэгт “... Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт...”, 3.3.7 дахь хэсэгт “... Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт...” зэргийг шилжилт хөдөлгөөн хийлгэхийг хүссэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгж бүрдүүлсэн байхыг шаардсан байдаг бөгөөд тушаалын үндэслэлд дурдагдсан “Эм Си Пи Эл” ХХК нь журамд заасан дээрх баримт бичгийн шаардлагыг бүрэн хангасан материал ирүүлсэн тул тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэж авсан.

“Эм Си Пи Эл” ХХК-ийн зүгээс “Хуан Лун Ке Жи” ХХК-д 14 ширхэг тээврийн хэрэгсэл, 13 ширхэг чиргүүлийг шилжүүлэхдээ 2018 оны 11 сарын 24-ний өдөр 18 ширхэг тээврийн хэрэгсэл, 2018 оны 11 сарын 30-ны өдөр 9 ширхэг тээврийн хэрэгслийг шилжүүлэх хүсэлтийг гаргасан байдаг бөгөөд журамд заасан үндэслэлийн дагуу бүрдүүлбэр хангасан материал гаргаж өгсөн болохыг Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулан дүгнэлт хийх бүрэн боломжтой юм.

Дээрх зөрчил нь тээврийн хэрэгсэл шилжүүлсэн Эм Си Пи Эл“ ХХК-ийн зүгээс 2018 оны 12 сард Автотээврийн үндэсний төвд хандаж гомдол гаргаснаар илэрсэн бөгөөд бүртгэлд ашигласан материалыг хуурамч гэж үзсэн үндэслэл нь компанийн тамгыг хуурамчаар үйлдсэн гэж тодорхойлсон байдаг.

Гэтэл нэхэмжлэгч Б. миний зүгээс хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлэх явцдаа хүсэлт гаргагч этгээдээс гаргаж байгаа бичгийн баримтууд нь хуурамч, хууль бус гэдгийг бүртгэл хөтлөх явцдаа шууд илрүүлж, мэдэх боломжгүй бөгөөд дээрх байдлыг тогтоох нь тусгай мэргэжлийн байгууллагын тогтоох боломжтой ажиллагаа юм.

Гэтэл дээрх зөрчлийг нэхэмжлэгч Б. бминий биеийг өөрөө санаатайгаар хийж гүйцэтгэж явуулсан мэтээр дүгнэж ажлаас халах шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хууль болон Автотээврийн үндэсний төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.8 дахь хэсэгт “... Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан ажилтнаар баталгаажуулж авна, зөрчил гаргасан ажилтан уг баримт, материалтай танилцаад тайлбар гаргах эрхтэй...” гэж нэхэмжлэгчийн зөрчилд холбогдсон үйл баримтын талаар эрхээ хамгаалж тайлбар гаргах эрхийг зөрчиж нэхэмжлэгчид тайлбарлах, мэдэгдэх ямар ч арга хэмжээ авалгүй шийдвэр гаргасан хариуцагчийн Б/46 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг илтэд алдагдуулсан хууль бус шийдвэр гэдгийг нотлон харуулна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, Автотээврийн үндэсний төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.8, 11.1, 11.8-д заасныг үндэслэж нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийг урьд эрхэлж байсан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б. нь бүртгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 11 сарын 23, 11 сарын 29-ний өдрүүдэд 14 чирэгч толгой, 13 чиргүүлийг “Эм Си Пи Эл” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхдээ Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3 дугаар зүйлийн 3.3-т заасныг зөрчиж бүртгэж авсан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн.

Б. нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлэхдээ “Эм Си Пи Эл” ХХК, “Хуан Лун Ке Жи” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтны нэр зөрүүтэй, баримтууд нь эргэлзээтэй илтэд алдаатай байтал зориудаар бүртгэлийг хийж хөдөлмөрийн гэрээний 4.3.22-т заасан ноцтой зөрчлийг гаргасан.

Энэхүү зөрчил нь “Эм Си Пи Эл” ХХК-иас гаргасан гомдлын дагуу илэрч шалгагдсан. Шалгах явцад нэхэмжлэгч болон нэр бүхий компанитай уулзаж тайлбар албан бичгүүдийг авсны үндсэн дээр сахилгын зөрчил гаргасан гэдгийг тогтоож сахилгын шийтгэлийг хүлээлгэсэн.

Өнөөдрийн байдлаар тус 2 компанийн хүсэлтийн дагуу “Эм Си Пи Эл” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийн өмчлөл шилжээд байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т  холбогдуулан, өмнө нь эрхэлж байсан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэлийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,300,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.эс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны захирлын 2012 оны 01 сарын 26-ны өдрийн “Ажилд томилох тухай” 44 тоот тушаалаар Б.Мөнх-Эрдэнийг тухайн албаны Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст Тоо бүртгэлийн мэргэжилтнээр анх томилж талуудын хооронд Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ. /хх-8х/

Нэхэмжлэгч Б. нь тухайн байгууллагад 2015 оны 09 сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Бүртгэлийн ахлах мэргэжилтэн, 2016 оны 05 сарын 31-ний өдрөөс 2016 оны 11 сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Бүртгэлийн ахлах мэргэжилтэн, 2016 оны 11 сарын 14-ний өдрөөс Архивын мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болох нь холбогдох Хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байх ба уг Хөдөлмөрийн дэвтрийн бөглөх хуудас дууссан учир хойшхи тэмдэглэлүүд бичигдээгүй гэсэн тайлбарыг зохигч талууд өгдөг. /хх-12х/

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2017 оны 02 сарын 22-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/217 тоот тушаалаар Б.Мөнх-Эрдэнийг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэлийн мэргэжилтнээр томилж, 2017 оны 07 сарын 16-ны өдөр БХ 17/10 тоот “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулжээ. /хх-120х, 125х, 118-119х/

Улмаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2019 оны 01 сарын 17-ны өдрийн “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/46 тоот тушаалаар Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Б.тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 сарын 18-ны өдрөөр цуцалж, ажлаас нь халж шийдвэрлэжээ. /хх-15х/

Дээр дурдсан тушаалд “...Б. нь “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг зөрчиж хуурамч баримт бичгээр “Эм Си Пи Эл” ХХК-ийн 14 ширхэг тээврийн хэрэгсэл, 13 ширхэг чиргүүлийг “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан...” хэмээн дурдсан байх ба уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18, 3.18.1, 3.18.8, 3.19.2, 5.1.1, 5.1.3, 11.6.4, 11.6.6, 11.6.11, 11.6.19, 11.6.21, 11.6.22, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.13, 4.3.18, 4.3.22-т заасныг тус тус үндэслэл болгожээ. /хх-15х/

Нэхэмжлэгч Б. нь сахилгын ноцтой зөрчил гаргаагүй, аливаа хууль, дүрэм, журам зөрчөөгүй, тээврийн хэрэгслийг холбогдох журамд заасан баримтын бүрдлийг шалгаж шилжүүлсэн, “Эм Си Пи Эл” ХХК хуурамч бичиг, баримт бүрдүүлснийг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй, үүнийг байгууллага өөрөө илрүүлээгүй, “Эм Си Пи Эл” ХХК гомдол гаргахад мэдсэн, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа өөрөөс нь тайлбар аваагүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б. нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай нэхэмжлэлээ шүүхэд 2019 оны 02 сарын 01-ний өдөр гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан байна гэж үзнэ.

Хариуцагч нь “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/46 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй, ажилтан Б. нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтны нэр зөрүүтэй, эргэлзээтэй баримтыг үндэслэн тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлсэн, “Эм Си Пи Эл” ХХК-ийн зүгээс гомдол гаргаснаар зөрчил илэрсэн боловч холбогдох тайлбарыг авч, баримтыг шалгаж сахилгын ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоосон хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

Ажилтан Б. нь 2018 оны 11 сарын 23-ны өдөр болон 11 сарын 29-ний өдөр “Эм Си Пи Эл” ХХК, “Хуан Лун Ке Жи” ХХК нарын гэх хүсэлтээр “Эм Си Пи Эл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 14 чирэгч толгой, 13 чиргүүлийг “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн нэр рүү бүртгэж, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч талын болон хариуцагч талын тайлбараар нотлогдож байна.

Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 3.3 дугаар зүйлд автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг ямар бичиг, баримтыг үндэслэн бүртгэх тухай нэг бүрчлэн заажээ. /хх-109х, 3.3.1-3.3.7 дахь заалт/

“Эм Си Пи Эл” ХХК, “Хуан Лун Ке Жи” ХХК нарын бүрдүүлж өгсөн гэх бичиг, баримтууд нь журамд заасан бүрдлийг хэлбэрийн төдий хангаж байх боловч бүртгэлийн мэргэжилтэн мэдэх боломжтой байсан дор дурдсан илэрхий алдаатай, эргэлзээтэй байхад бүртгэлийг хийсэн нь буруу болжээ. Үүнд:

а/. “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн тэмдэглэгээгээр Taogesi гэгч нь гүйцэтгэх захирал биш болох нь тогтоогдож байтал “Хуан Лун Ке Жи” ХХК-иас гаргасан гэх хүсэлтүүдэд “захирал Taogesi” гэж бичсэнийг анзаараагүй /хх-33х-арын нүүр, 36х-арын нүүр, 37х-арын нүүр, 39х-арын нүүр г.м/;

б/. Тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэн авахаар хүсэлт гаргасан гэх компанийн оноосон нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнд “Хун Лун Ке Жи” ХХК гэж тэмдэглэсэн байтал зарим баримтанд “Хуан Лун Ке” ХХК гэж алдаатай бичсэнийг анзаараагүй. /хх-58х, 71х-арын нүүр, 73х, 75х-арын нүүр, 78х г.м/;

в/. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийлгэхээр хүсэлт гаргасан гэх иргэн Б.Бямбадорж нь “Эм Си Пи Эл” ХХК, эсхүл “Хуан Лун Ке Жи” ХХК-д ажилладаг эсэх нь тодорхойгүй, тэдгээр компаниас Б.Бямбадоржид олгосон итгэмжлэлгүй байтал эдгээр баримтыг шаардаагүй, энэ нөхцөл байдлыг тодруулаагүй. /хх-76х/.

Дээр дурдсанаас үзэхэд “тээврийн хэрэгслийг холбогдох журамд заасан баримтын бүрдлийг шалгаж шилжүүлсэн, “Эм Си Пи Эл” ХХК хуурамч бичиг, баримт бүрдүүлснийг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй” гэсэн нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийн тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Ажилтан  нь хамт ажилладаг Г.Урангуагийн гуйснаар бүртгэлийг хийсэн гэж тайлбарладаг ба хэрэгт авагдсан 2019 оны 01 сарын 08-ны өдрийн “Хяналт, шинжилгээ, дотоод аудитын алба”-нд гэж хаягласан бичгийн нотлох баримтаар “ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа өөрөөс нь тайлбар аваагүй” гэсэн Б.Мөнх-Эрдэнийн тайлбар няцаагдаж байна.

Талуудын байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.3 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл буюу чухам ямар зөрчлийг “ноцтой зөрчил”-д тооцохыг нэг бүрчлэн дурдаж өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ба ажилтан Б. нь 4.3-ийн 1-д заасан “... журамд харш үйл ажиллагаа явуулсан”, 13-т заасан “Байгууллагын нэр хүнд...-д харшлах алдаа гаргасан”, 22-т заасан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн” гэснийг тус тус зөрчсөн байна. /хх-118-119х/

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх ажлын ард тээврийн хэрэгсэл буюу үнэ бүхий эд хөрөнгө нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид шилжиж байдаг тул бүртгэлтэй холбоотой зөрчлийг “ноцтой зөрчил”-д хамааруулахаар “Хөдөлмөрийн гэрээ”-нд тусгасныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2019 оны 01 сарын 17-ны өдрийн “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/46 тоот тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох, өмнө нь эрхэлж байсан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэлийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,300,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай, Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг мэдэгдсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.