Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00970

 

 М.Энхбаатарын нэхэмжлэлтэй 

              иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр магадлалтай, 

М.Энхбаатарын нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцов. 

Нэхэмжлэгч М.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 1011 дугаар захирамжаар Капитрон банкинд 39,436,740 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэгдсэн. Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007313 дугаартай Дархан-Уул аймаг дахь 11-р баг 6-р хороолол, 5-р байр 36 тоот, 36,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр буюу Капитал зууч ХХК-аар үнэлүүлсэн байна. Капитал зууч ХХК нь 2020.06.02-ны өдрийн үнэлгээний тайландаа Барьцааны хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ нь 68,000,000 төгрөг байна гэж дүгнэсэн байна. Миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн М.Энхбаатар, Г.Лхагвадулам нараас 39,436,740 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч М.Энхбаатар, Г.Лхагвадулам нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч М.Энхбаатарын өмчлөлийн шийдвэрээр Дархан-Уул аймаг дахь 11-р баг 6-р хороолол, 5-р байр 36 тоотод байрлах, Ү-2003007313 дугаартай, 36,4 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20070189/04 дугаартай тогтоолоор хураан авч, талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч М.Энхбаатар, Г.Лхагвадулам нар нь үнийн саналаа 78,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Капитрон банк нь хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх саналыг ирүүлэн, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20/16 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 68,000,000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр талуудад албан бичгээр мэдэгдэн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК нь хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Энхбаатарын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан томилогдсон шинжээч Капитал зууч ХХК-ийн төлбөрт хураагдсан Дархан-Уул аймаг дахь 11-р баг 6-р хороолол, 5-р байр 36 тоотод байрлах, Ү-2003007313 дугаартай, 36,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 68,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Энхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Миний орон сууцны зах зээлийн бодит үнэлгээ нь цахим орчинд ижил төстэй орон сууцууд 72,000,000-84,000,000 төгрөг болохыг үнэлгээний Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлангийн 2.4-д дурдсан байдаг. Гэсэн хэдий ч манай орон сууцыг дундаж үнэлгээгээр үнэлсэнд гомдолтой байна. Миний орон сууц нь хотын төвд байрлалтай, сургууль, цэцэрлэг, их дэлгүүр, Дархан цогцолбор гээд л бүх зүйлээрээ 78,000,000 төгрөгийн үнэлгээтэй байх байсан. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 М.Энхбаатар нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1011 дүгээр захирамжаар М.Энхбаатар нь Капитрон банкинд 39,436,740 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 Төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг дахь 11 дүгээр баг, 5 дугаар байрны 36 тоотын 36.4 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилж, хурааж, үнэлгээ тогтоох ажиллагааг явуулжээ.  

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасан. 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож дуудлага худалдааны үнийг тогтоож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгч Капитал зууч ХХК-г шинжээчээр томилсон, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 68,000,000 төгрөгөөр үнэлжээ /хэргийн 14-25 тал/. 

Дээрх үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч нь ...цахим орчинд ижил төстэй орон сууцнууд 72,000,000-84,000,000 төгрөгийн үнэтэй байхад манай орон сууцыг багаар үнэлсэн... гэжээ.  

Шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилохдоо эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан бөгөөд шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд ...орон сууцны үнэлгээ тогтоохоор заасан боловч тухайн үнэ нь зах зээлийн үнэ гэдгийг тодорхой заагаагүй нь хуульд нийцээгүй байна. 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилохдоо эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгох ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан.  

Шинжээч Капитал зууч ХХК нь үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ орлогын, хандлагын аргуудыг ашигласан эсэх нь тодорхой бус, энэ талаар үнэлгээний тайланд огт дурдаагүй, зах зээлийн үнэлгээг хэрхэн яаж хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, шинжээч дүгнэлт гаргахдаа хөрөнгийг олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу хандлагын, орлогын, зах зээлийн аргуудыг харьцуулан, үнэлэгдэж буй объектын байршил, үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлсон, бусад нийтэд зар гаргаж худалдаалагдаж байгаа ижил төстэй орон сууцны үнийн харьцуулалт хийж, энэ тухайг тайланд тодорхой тусгасан байх шаардлагатай.  

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж, зөвтгөөгүй нь буруу.  

Түүнчлэн хэргийн 38-64 дүгээр талд авагдсан баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.  

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар төлбөрт хураагдсан Дархан-Уул аймаг дахь 11-р баг 6-р хороолол, 5-р байр 36 тоот, 36,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн Капитал зууч ХХК-ийн 2020.06.02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан М.Энхбаатарын нэхэмжлэлийг хангасугай гэж, 2 дах заалтын ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ  

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН