Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1053

 

         Ө.А-т холбогдох эрүүгийн

                                                                                хэргийн тухай                  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1271 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.А-т холбогдох эрүүгийн 1903001910179 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Ө.А-, 1980 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Ө.А- нь 2019 оны 2 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04-өөс 07 цагийн үед, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 127 дугаар сургуулийн зүүн талын замд “Hyundai Sonata” загварын, 55-02 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а, 3.5-ын а, б, в, г болон мөн дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Пүрэвдоржийг мөргөж амь насыг нь хохироосон,

           мөн дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Ө.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.А-ийг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг, мөн дээрх гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг /найман цагийн ажлыг нэг хоногт шилжүүлэн тооцоход 90 хоног/ буюу 3 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.А-өөс 6.066.990 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Цэцэгмаад олгож, Ө.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг хийгээгүй хэргийн төлөө хилсээр гүтгэж ялласанд гомдолтой байна. Үүнд:

1. 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс байцаалт эхэлсэн бөгөөд мөрдөгч Лхагва-Эрдэнэ, Батбуян нар надаас байцаалт авахдаа “...хэргээ хүлээвэл гайгүй ял буюу тэнсэн авах боломжтой, харин хүлээхгүй бол чамайг хүнгүй, хол газарт аваачиж байгаад хэргээ хүлээтэл чинь нүднэ, хамгийн дээд хэмжээний ялыг өгнө...” гэх мэтээр байнга дарамталж заналхийлдэг байсан.

2. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөгч Хосбаяр нь “...өмгөөлөгч чинь одоо ирээд гарын үсэг зурна, чи зурчих, хэрэгтээ огт хамаагүй...” гээд хэдэн хуудас бичсэн зүйл дээр гарын үсэг зуруулсан. Үүнийгээ хэрэгт хавсаргасан байна.

3. 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед автомашиныхаа баруун урд талын шил болон арын хаалганы жижиг шилийг хагалсан. Үүнийг би өөрөө амортизатороор цохиж хагалсан байсныг дуудлагаар ирсэн хоёр цагдаагийн ажилтан, миний эхнэр Мөнгөнтуяа, дүү Майцэцэг, Отгонбаатар нар мэдэж байгаагаа гэрчилдэг.

4. 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед намайг автомашинтайгаа гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн Монелд байдаг ээжийндээ очиж 2 аяга цай уучихаад гэртээ харьсныг эхнэрийн дүү Отгонбаяр, Майцэцэг нар мэдүүлсэн байсныг хэрэгт хавсаргаагүй байна.

5. 2019 оны 2 дугаар сарын 27-ны орой ээжийнхээс ирснээс хойш 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр миний эзэмшлийн 55-02 УНЯ улсын дугаартай, “Hyundai Sonata-6” загварын автомашиныг шинжилгээний газар луу авч яваад үзлэг хийсэн бөгөөд тухайн үед хүн дайрсан гэх шинж тэмдэг, эд мөрийн баримт олдоогүй.

6. Талийгаачийн цогцос, хувцас хэрэглэлээс миний болон миний унаж явсан автомашинтай холбоотой ямар ч эд мөрийн баримт олдоогүй.

7. Хэрэг гарсан гэх газрын камерын бичлэгт олон автомашин зорчиж байхад зөвхөн намайг зогсоож шалгаад надад хэрэг тохсон.

8. Би болсон явдлыг сайн санаж байна. Миний бие энэ хэрэгт ямар ч хамаагүй гэдгээ анхнаасаа хэлсээр ирсэн. Иймд намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.А-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд, А- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон гэртээ эргэж ирсэн хугацааны хувьд хэрэг явдал гардаг өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01-ээс 03 цагийн хооронд болсон байдаг. Энэ нь гэрч Бадам, Мөнгөнтуяа болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. А- ээжийнхээсээ гараад гэр лүү харих зам хэдэн километр зайтай, үүнд хэр хугацаа зарцуулах боломжтой талаар тогтоогоогүй.

2. Хэргийн газраас А-ийн автомашины толь олдсон бөгөөд үүнийг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн. Гэвч хэргийн материалыг шинжлэн судлахад толь хэргийн газрын аль хэсгээс, амь хохирогчоос хэдэн метрийн зайд олдсон эсэх талаар эргэлзээтэй дүгнэсэн. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч автомашиныхаа толины хэсгээр амь хохирогчийг мөргөсөн мэтээр таамаглаж хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр хэргийн газрын үзлэг хийсэн эргэлзээ бүхий баримтан дээр нэмэлт шинжилгээ хийлгэх, амь хохирогчийн согтолтын зэргээс шалтгаалж осол болсон, эсхүл согтолтын улмаас унаж толгойндоо гэмтэл авсан эсэх асуудлыг шалгаж тогтоох шаардлагатай. Хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтэд амь хохирогчийн толгойн хэсэгт цустай, хурц мохоо үзүүртэй, том чулуу байсан. Гэвч өнөөдрийг хүртэл уг чулууны талаар дурдахгүй байна.

3. Хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24/-ээр тээврийн хэрэгслийн нууцлал бүхий арлын дугаарын хэлтэрхийг бэхжүүлсэн байдаг. Гэвч уг хэлтэрхий А-ийн автомашиныхтай тохирч байгаа эсэхийг тогтоогоогүй байж түүний автомашиных гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, А-ийн автомашины арлын дугаартай эд анги бүрэн бүтэн байсан тул уг эд зүйл өөр автомашиных болж таарч байна.

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 140-141/-ээр зөвхөн 5-6 цагийн хоорондох үйл явдлыг шалгасан. Гэтэл тухайн цаг мөчид ямар төрлийн хэдэн ширхэг тээврийн хэрэгсэл явсан, үүнээс ямар төрлийн автомашин сэжигтэй талаар дүгнэх ажиллагаа хийгдээгүй. Өөрөөр хэлбэл камерын бичлэгийг шалгахдаа хөтлөгдөж буюу хэргийн газраас олсон толиор баримжаалж шалгасан нь хэт нэг талыг барьж, нотлох баримт цуглуулсанг харуулж байна.

5. Аливаа тээврийн хэрэгсэл тэр дундаа жижиг автомашин хамраараа хүн юмуу, амьтан мөргөсөн тохиолдолд хамрын хэсэг чихэгдэх, хонхойх дүр зураг голчлон үзэгддэг. Гэтэл А-ийн автомашины урд хамарт ямар ч хонхойсон, эвдэрсэн хэсэг байхгүй төдийгүй гэмт үйл явдал болохоос өмнө цаг хугацаанд үүссэн гэмтлүүд л байдаг.

6. Ослын газрын 1 гэсэн дугаар бүхий тэмдэглэгээтэй баримтыг дахин шалгах шаардлагатай. Учир нь замын хашлагын гэмтэл хүчтэй мөргөлт, хатуу зүйлийн үйлчлэлээр бий болдог. Тэгвэл тээврийн хэрэгсэл замын хашлагыг мөргөөд цааш үргэлжлүүлэн хөдөлгөөн хийхдээ амь хохирогчийг мөргөсөн байх боломжтой. Иймэрхүү нөхцөлд хохирогчийн бултах, самбаачлах асуудал гарч байгаа юм.

7. А-ийн автомашины хамар 60 см өндөртэй. Амьдрал дээр иймэрхүү хэмжээ дундаж хүний өвдөг хүрдэг. Хохирогчийг мөргөсөн бол яс хугарах, магадгүй гар, сарвуунд яс хугарах нөхцөл байдал бий болно. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр ясны хугаралттай холбоотой зүйл огт тусгагдаагүй нь зам тээврийн осол болсон эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Уг асуудлыг тодруулахад шинжээч “...эдгээр гэмтлүүдийг хэвтээ байрлалд авсан байх боломжтой...” гэж тайлбарладаг. Мөргүүлснээс эсхүл унахдаа эдгээр гэмтлүүдийг авсан уу гэдэг нь туйлын эргэлзээтэй.

8. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр автомашинаас олдсон гэх цус хэний цус болохыг тогтоогоогүй. Хэрвээ амь хохирогчийн ДНХ-тай таарвал мөргөсөн үйл баримт тогтоогдох боломжтой.

Иймд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, А-ийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А- нь тухайн өдөр замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдсон. Шүүгдэгчийн эх Бадам гэрчээр мэдүүлэхдээ “...03 цагийн үед гараад явсан, арай ч тээврийн хэрэгсэл барихгүй байх гэтэл замын хөдөлгөөнд оролцоод явсан. Би тухайн үедээ айсан. ...” гэсэн байдаг. Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “...талийгаач нас бараад 6-8 цаг болсон байна...” гэсэн. Үүнээс үзэхэд тухайн осол 05-07 цагийн хооронд гарсан болох нь нотлогдож байна. Хэргийн газраас автомашины толь олдсоныг эд мөрийн баримтаар тооцож, хураан авч шинжилгээнд өгсөн. Харьцуулсан шинжилгээгээр уг толь нь шүүгдэгчийн жолоодож явсан автомашиных болох нь тохирсон. Камерын бичлэгт осол гарсан тухай харагдахгүй, харин “Hyundai Sonata” загварын автомашин тольгүй замын хөдөлгөөнд оролцсон байдлыг нотолдог. Шүүгдэгч мэдүүлэхдээ “...би тухайн үед тасарчихсан явж байсан. ...” гэдэг. Энэ нь шүүгдэгчийн эхнэр Мөнгөнтуяагийн мэдүүлгээр давхар нотлогддог. Анхан шатны шүүх шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 3 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Ө.А- нь 2019 оны 2 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04-өөс 07 цагийн үед, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 127 дугаар сургуулийн зүүн талын замд “Hyundai Sonata” загварын, 55-02 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Пүрэвдоржийг мөргөж амь насыг нь хохироосон, улмаар жолоодон явсан тээврийн хэрэгслээ зогсоож, осолд нэрвэгдсэн хүнд зохих тусламжийг үзүүлэлгүйгээр ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тухайлбал, гэрч Х.Мөнгөнтуяагийн “...манай гэрт А-, Цээгий бид гурав архи, пиво хувааж уусан. Орой Цээгийг явсны дараа А- бид хоёр хоорондоо маргалдаад хэрүүл хийсэн чинь А- автомашиныхаа салхины шил, цонхыг амортизатороор хагалчихаад жолоодоод яваад өгсөн. ...” /1хх 98/,

гэрч М.Отгонбаатарын “...орой 19 цагийн үед Майцэцэг “А-, Мөнгөнтуяа хоёр согтуу хэрүүл маргаан хийж байна, гэрт нь орчихоод ирье” гэж хэлээд гараад явсан. Удалгүй гадаа “түк түк” гэх чимээ гараад юм нүдээд байсан чинь Майцэцэг гаднаас “А- автомашиныхаа цонхийг хагалсан байна” гэсээр орж ирээд 102 дугаарт дуудлага өгсөн. Цагдаа ирэхээс өмнө А- автомашинаа жолоодоод гараад явсан. ...” /1хх 129-130/,

гэрч Т.Майцэцэгийн “...А- автомашиныхаа шилийг амортизатороор цохиод хагалаад байхаар нь 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгтэл А- автомашинаа жолоодоод яваад өгсөн. ...” /1хх 131-132/,

гэрч Д.Бадамын “...А- шөнө 03 цагийн үед ирээд ойр зуурын юм ярьж байгаад үүрээр 05 цагийн үед автомашинаа асаагаад гараад явсан. ...” /1хх 99-101/,

гэрч Ө.А-ийн “...орой 17 цагийн үед эхнэр Мөнгөнтуяа, дүү Цэрэнтогтох бид гурав архи, пиво хувааж уусан. 24 цагийн үед эхнэр, түүний дүү Майцэцэг нар надтай муудалцаад намайг гэрээсээ хөөсөн. Уурандаа автомашиныхаа салхины шил, цонх зэргийг амортизатороор хагалчихаад автомашинаа жолоодоод урд гудамжинд очиж архи уусан. Дараа нь Монелын хойд талын гудамжинд байрлах эхийнхээ гэрт очиж тэндээ сууж байгаад автомашинаа жолоодоод явсан. Архи согтууруулах ундаа маш их хэрэглэсэн байсан тул түүнээс хойш юу болсныг санахгүй байна. ...” /1хх 134-135/ гэсэн мэдүүлгүүд,

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 127 дугаар сургуулийн баруун талд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрхайрхан” хүнсний дэлгүүрийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны шөнийн 05-аас 06 цагийн хооронд бичигдсэн хяналтын дүрс бичлэг, түүнийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39-41/ зэргээс үзэхэд:

Ө.А- нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны шөнө 04-өөс 07 цагийн үед согтуурсан байхдаа, “Hyundai Sonata” загварын, 55-02 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Монел”-ын гудамжинд байрлах төрсөн эх Д.Бадамын гэрт очоод буцаж өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 331-б тоотод ирэхдээ, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 127 дугаар сургуулийн зүүн талын замаар зорчсон нь тогтоогдож байна.

Харин гэрч С.Гансүх “...орой 18 цагийн үед талийгаач Пүрэвдорж гаднаас халамцуу орж ирээд “Гэрт хүргээд өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би Зулбаярын хамт талийгаачийн гэр лүү явж, түүнийг Монелоос Дарь-Эх рүү явдаг замын голд буюу Ганц худгийн хойд талд байдаг гэрийнх нь хашааны үүдэнд 19 цаг 30 минутын үед буулгасан. ...” /1хх 93-94/,

насанд хүрээгүй гэрч Ө.Мандах “...өглөө 07 цаг 20 минутын орчим хичээлдээ явах гээд найзынхаа гэр лүү алхаж явтал 127 дугаар сургуулиас зүүн тийшээгээ 300 метрийн зайд цэнхэр өнгөтэй хашааны урд талын ховил дотор цаашаагаа хараад толгой хэсгээс нь цус гарсан, нуруу хэсэг нь ил гарчихсан хөдөлгөөнгүй хүн хэвтэж байсан. Тэгээд би 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. ...” /1хх 107/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн үзлэг /1хх 15-25/-ээр талийгаач 127 дугаар сургуулийн зүүн талын замын зорчих хэсгийн хойд талд байрлах ус зайлуулах шуудуунд доошоо харсан байдалтай хэвтэж байсан, түүнээс 11,10 метрийн зайд автомашины толь унасан байдлыг тус тус тогтоож, гэрэл зургаар бэхжүүлжээ.

Талийгаачийн цогцсонд задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 642 дугаартай “Талийгаач Г.Пүрэвдоржийн цогцост гавлын хэлбэр дүрс алдагдуулсан үйрч бяцарсан хугарал, дух, хамар, хацар, хоншоор ясны хугарал, баруун дух, чамархай, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун чамархайн хуйх, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, духны зүсэгдсэн шарх, баруун, зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт, зүүн өвдөг, баруун шилбэ, ууц, зүүн өгзөгний зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мохоо зүйлд цохигдох, мөргөгдөх, шахагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ууц, зүүн өгзөгний зулгаралт гэмтэл нь нас барсны дараа үүссэн ба бусад гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна. Талийгаач нь дээрх гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ. 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутад цогцост хийсэн гадна үзлэгээр талийгаач нас бараад 6-8 цаг болсон байна. ...” /1хх 163-165/ гэх дүгнэлт, уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар өгсөн шинжээч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /1хх 169-170/ зэргээр талийгаач зам тээврийн ослын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба талийгаачийн нас барсан цаг хугацаа шүүгдэгч Ө.А-ийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тухайн замын хөдөлгөөнд оролцсон цаг хугацаатай тохирч байна.

Түүнчлэн зам тээврийн осол болсноос 4 хоногийн дараа шүүгдэгч Ө.А-ийн жолоодон явсан “Hyundai Sonata” загварын, 55-02 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний оршин сууж байсан Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 331-б тоот хашаанд байрлаж байсныг илрүүлж, уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд баруун талын толь сууриараа хугарч гээгдсэн байсан бөгөөд зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн явцад олдсон автомашины толийг эд мөрийн баримтаар тооцож, криминалистикийн шинжилгээ /1хх 193-194/ хийхэд дээрх тээврийн хэрэгслийн эд ангитай шинж тэмдгээрээ тохирч байгаа болохыг тогтоожээ.

Дээрх байдлуудыг үндэслэн шүүгдэгч Ө.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 122 дугаартай дүгнэлт /1хх 218/ гарсан байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх эдгээрийн нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн харьцуулан шинжилж, нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэхэд,  шүүгдэгч Ө.А- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчин явган зорчигч Г.Пүрэвдоржийг мөргөсний улмаас Г.Пүрэвдорж нь гавал тархины хүнд гэмтэл авч нас барсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нар давж заалдсан гомдолдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргадаг бөгөөд ингэхдээ уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлүүдийг дурджээ.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Ө.А- мөрдөн байцаалтын явцад анх гэрчээр мэдүүлэхдээ “...автомашиныхаа салхины шил, цонхыг амортизатороор цохиж өөрөө хагалсан. Согтуурсан үедээ автомашин жолоодож Монелын хойд гудамжинд байрлах эхийндээ очсон. Түүнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байгаа. ...” талаараа мэдүүлсэн бөгөөд түүнийг ийнхүү мэдүүлэг өгөхөд нь аливаа албан тушаалтнаас хууль бусаар нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ө.А-ийн гэмт хэрэгт сэжиглэгдээгүй байх үедээ гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

Харин үүнээс хойш тэрээр яллагдагчаар өгсөн мэдүүлгүүддээ “...ээжийн гэрээс 2 өнгөрч байхад гарч, гэр лүүгээ автомашинаа жолоодоод ирсэн. Автомашиныхаа толийг би өөрөө цохиж эвдэлсэн. ...” /1хх 231-232/ гэж урьд санахгүй байсан цаг хугацаа, үйл явдлын талаар шинээр мэдүүлдэг боловч энэ нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүйн гадна, шүүх хуралдааны явцад автомашиных нь толь хэргийн газраас яагаад олдсон талаар тайлбарлаж чадаагүй зэргээр үгүйсгэгддэг.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад, зам тээврийн осол гаргасан этгээдийг олж илрүүлэх зорилгоор тухайн цаг хугацаанд уг замаар хөдөлгөөнд оролцсон байж болох цагаан өнгийн “Hyundai Sonata” загварын тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийж, жолооч нараас мэдүүлэг авсан /1хх 81-85, 88-89, 102-106, 109-114, 123-125, 156-161/ байх боловч эдгээр тээврийн хэрэгслүүдэд нь осол гаргасан байж болох үндэслэл бүхий сэжиг тогтоогдоогүй байна.

 Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй байх тул шүүгдэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.А-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, мөн дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэний зэрэгцээ, шүүхээс тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор тус тус ял оногдуулж, нийт эдэлбэл зохих ялын хэмжээ, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Ө.А-ийн эдэлбэл зохих үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээ нь түүний гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирчээ.

Үүнээс гадна, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгмаагийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож шүүгдэгч Ө.А-өөс гаргуулахаар, цаашид урьдчилан тооцоолох боломжгүй гэм хорын бусад хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, үйл баримт, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1271 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                                       ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                       ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН