Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01019

 

                                                           Л.Дэлгэрийн нэхэмжлэлтэй

           иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02153 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2083 дугаар магадлалтай, 

Л.Дэлгэрийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Дэлгэр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч Л.Дэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00141 дугаар захирамжаар Ж.Алтансувдад 12,790,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцон эвлэрснийг баталсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Л.Дэлгэр миний эзэмшлийн 35-88 УБП улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэсэн, 2006 онд Монгол Улсад орж ирсэн, цэнхэр өнгийн, бага оврын ачааны Киа бонго фронтиер /Kia bongo frontier/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хураах, үнэлэх зэрэг ажиллагааг явуулсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гүйцэтгээгүй. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэлд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоож 6,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 4/8400 дугаар мэдэгдлээр үнэлгээг мэдэгдсэн. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг дахин дуудан тээврийн хэрэгсэлд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоосон хэмээж, улмаар үнэлгээг 5,650,000 төгрөгөөр үнэлсэн гэж хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь хэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/Ш32020/07660 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний эзэмшлийн 35-88 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5,650,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлсэнд гомдолтой байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00141 дүгээр захирамжаар Л.Дэлгэрээс 13,009,590 төгрөгийг гаргуулж Ж.Аптансувдад олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Л.Дэлгэрт 2017 оны 01, 02, 2018 оны 01, 2020 оны 17280354/10 дугаар мэдэгдлүүдээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөр төлөгчийн эзэмшлийн хөрөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 17280354/09 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 5,650,000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4/17161, 4/17160 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байсан боловч 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл хүлээн авснаас хойш 32 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02153 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Л.Дэлгэрийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 181/ШЗ2020/08566 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2083 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар дав ж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Дэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.27-ны өдрийн 181/ШШ2020/02153 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 2083 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг дотроос шуудангаар буцаан илгээгдсэн тэмдэглэгээ бүхий дугтуй, хавсралт бичгийг хэрэгт нотлох баримтаар гаргуулах, хөндлөнгийн гэрчээр оролцсон гэж тогтоолд тэмдэглэгдсэн А.Алимаа, К.Раушакул нарыг шүүхэд дуудан ирүүлж, гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Хариуцагч тал 2017 оны 11 сарын 14-ний өдөр 157/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 3 сарын 30-ны өдөр 157/01 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол тус тус үйлдэн нэхэмжлэгч миний эзэмшлийн 35-88 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч захиран зарцуулах эрх болон нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглон, өөрийн авто граждаа байрлуулсан боловч хариу тайлбартаа 2020 оны 4 сарын 09-ны өдөр 17280354/09 дугаар хураах тогтоолоор тээврийн хэрэгслийг дахин хураасан тухай бичиж нотлох баримтаар 17280354/09 дугаар хураах тогтоолыг хэрэгт гарган өгсөн байдаг. Харин миний бие хариуцагч талаас 2017 онд битүүмжлэх, 2018 онд хураах ажиллагааг явуулахад нь өөрийн биеэр ажиллагаанд оролцож, тогтоолуудад гарын үсгээ зурсан боловч 2020 онд явагдсан гэх хураах ажиллагаанд өөрийн биеэр огт оролцоогүй, энэ талаар мэдээгүй, хөндлөнгийн гэрчүүдийг хараагүй, тогтоол болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй, энэ талаар шүүхэд хэрэгт цугларсан нотлох баримттай танилцахдаа анх мэдсэн. Анхан шатны шүүх 2020 оны 4 сарын 09-ны өдөр 17280354/09 дугаар хураах тогтоолоор тээврийн хэрэгслийг хураасан хариуцагч талын ажиллагааг тодруулаагүй, тодруулах тухай гаргасан нэхэмжлэгч миний хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй, давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэнд гомдолтой байна. Хоёр шатны шүүх шийдвэр магадлалдаа ...нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаагүй, ...хураах ажиллагааны талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй гэж тус тус дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч талын дээрх хууль бусаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг миний бие огт мэдээгүй учраас хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлж чадаагүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.27-ны өдрийн 181/ШШ2020/02153 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 2083 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Л.Дэлгэр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураасан автомашиныг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.10-ны өдрийн 141 дүгээр захирамжаар Л.Дэлгэр нь Ж.Алтансувдад 12,790,000 төгрөг төлөх үүрэгтэй ба уг захирамжид үндэслэн бичигдсэн 2017.03.06-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2017.03.21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2017.05.17-ны өдөр арилжааны банкнаас төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгийн мэдээлэл ирүүлэх, улмаар дансны зарлагын гүйлгээг төлбөрийн хэмжээгээр зогсоож, дансны хасалт хийхийг мэдэгджээ /хэргийн 38 дугаар тал/.  

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017.11.14-ний өдөр төлбөр төлөгч Л.Дэлгэрийн эзэмшлийн 35-88 УБП улсын дугаартай, Киа бонго фронтиер маркийн автомашиныг битүүмжилж, төлбөрийг 2017.11.17-ны дотор төлөхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн, 2020.04.09-ний өдрийн Эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан байх ба үнийг харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгох талаар мэдэгджээ /хэргийн 49, 59, 67тал/.  

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020.05.04-ний өдрийн тогтоолоор Мөнх-оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч тээврийн хэрэгслийг 5,650,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр төлөгч үнэлгээний тайлантай 2020.05.25-ны өдөр танилцаж, үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд 2020.06.03-ны өдөр гаргасан үйл баримт тогтоогджээ.  

Шүүх, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг тогтоож, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, дүгнэх шаардлагатай.  

Төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах журмыг зохицуулсан ба мөн зүйлийн 86.1.-т Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна, 86.2.-т Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна, 86.3.Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлого нь банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд ордог бол энэ хуульд заасан төлбөрт суутгаж болохгүй орлогыг хасаж, бусад хэсгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ гэж тус тус заасан. 

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч эхний ээлжид төлбөр төлөгчийн бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс төлбөр гаргуулна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4.-т зааснаар төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна.  

Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэдэг нь тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгох ба шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах зорилгоор битүүмжлэх бөгөөд хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтоохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. 49.2., 49.4.1.-т тус тус заасан.  

Тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай тогтоолд хугацааг 3 хоногоор тогтоосон боловч уг хугацаанд тухайн хөрөнгийг хураасан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн ...машиныг битүүмжлээд шийдвэр гүйцэтгэх байгууллагын хашаанд аваачсан... гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.  

Шийдвэр гүйцэтгэгч нь тээврийн хэрэгслийг битүүмжилснээс хойш 3 жилийн дараа буюу 2020.04.09-ний өдөр хураах тогтоол үйлдсэн үндэслэл тодорхойгүй, уг тогтоолд төлбөр төлөгч гарын үсэг зураагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.,  54.2., 54.3., 54.4.-т нийцээгүй байна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоохоор зохицуулсан.  

Хуулийн дээрх заалтаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиролцох эсэхийг тодруулж, тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилж эд хөрөнгийг үнэлүүлэх зохицуулалт болохыг хоёр шатны шүүх тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэжээ.  

Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэгдсэн, хураагдсан автомашиныг төлбөрт суутгах бол төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх учиртай.  

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь тээврийн хэрэгслийн үнийг талууд тохиролцоогүй гэж үзэн шинжээчээр үнэлүүлсэн нь хуульд нийцээгүй байна.  

Тодруулбал, төлбөрт хураагдсан автомашины үнийг шинжээч томилж үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд нийцээгүй байна.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна шийдвэрийн тогтоох хэсэгт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т нийцээгүй байна.  

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 168 дугаар зүйлийн 168.1.1.-г зөрчжээ.  

Дурдсан үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан автомашиныг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Л.Дэлгэрийн нэхэмжлэлийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2083 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч Л.Дэлгэрийн нэхэмжлэлийг хангаж, 35-88 УБП улсын дугаартай, Киа бонго фронтиер маркийн автомашиныг 5,650,000 төгрөгөөр үнэлсэн Мөнх-оргил трейд ХХК-ийн 2020.05.06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж, 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ 

П.ЗОЛЗАЯА

.ЦАГААНЦООЖ