Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 102/2019/02575/И |
Дугаар | 001/ХТ2021/01071 |
Огноо | 2021-09-16 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/01071
Даймонд очир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02892 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2184 дүгээр магадлалтай,
Даймонд очир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
А.Маратад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 463,887,705 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
Нэхэмжлэгч Даймонд очир ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Марат нь манай байгууллагатай 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2177 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, А.Марат, Ш.Төгсбат нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 9/1 дугаартай барилгын 1 тоотод байрлах 218 м.кв талбай бүхий Ү-2205063917 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь үүргээ ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний 7.1, 7.1.1-д зааснаар гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлд 0 төгрөг, хүүнд 35,009,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 42,548 төгрөг, нийт 35,052,295 төгрөг төлөөд байна. Зээлдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй. Иймд үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 110,127,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,260,000 төгрөг, нийт 432,387,705 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн хүүг 14,700,000 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 2,940,000 төгрөгөөр, мөн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн хүүг 11,550,000 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 2,310,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Иймд үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүү 136,377,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,510,000 төгрөг, нийт 463,887,705 төгрөгийг хариуцагч А.Маратаас гаргуулж өгнө үү, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Марат шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрвээ зээлийн төлөлтөөс ямар нэгэн төлбөр хийгээгүй бол нэмэгдүүлсэн хүүг авах боломжтой. Харин миний хувьд тодорхой хэмжээний төлөлтийг хийж байсан. Тиймээс нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийг анх надтай хамт өөр хоёр хүн авсан. 300,000,000 төгрөгийг бүхэлд нь би өөрөө зарцуулсан зүйл байхгүй. Банк санхүүгийн байгууллага барьцаа хөрөнгийг тооцож, судалж байгаад авсан байх гэж бодож байна. Миний хувьд барьцаанд байгаа объектыг худалдан борлуулж байгаад л зээлийг төлөх боломжтой. Өөр надад зээлийг төлөх ямар ч боломж байхгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02892 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч А.Маратаас үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүүнд 136,377,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,510,000 төгрөг, нийт 463,887,705 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Даймонд Очир ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 00002177 тоот барьцааны гэрээний 3.1, 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 9/1 дугаартай барилгын 1 тоотод байрлах 218 м/к талбай бүхий Ү-2205063917 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,863,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,863,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2184 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч А.Марат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02892 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2184 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
Даймонд Очир банк бус санхүүгийн байгууллага ХХК-аас би зээл авсан нь үнэн, гэхдээ зээлийн тооцооллыг нягтлан шалгалгүй анхан шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч намайг хугацаандаа зээлийн хүүгээ төлөөд явж байхад нэмэгдүүлсэн хүү бодсон, тооцоолол буруу байхад шүүх үүнийг нягтлаагүй миний эрхийг зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Даймонд Очир ББСБ ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд зээлийн хүү 35,009,747 төгрөг нэмэгдүүлсэн хүү 42,548 төгрөг төлсөн гэж нэхэмжлэл гаргаснаас харахад анхнаасаа шууд нэмэгдүүлсэн хүүг төлөлтөөс суутгасан нь харагдаж байна, иймд нэмэгдүүлсэн хүүг буруу тооцоолж гаргасан 27,510,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхэд энэ асуудлыг тавихад шүүгч мөн гайхаад ойлгохгүй байсан, тооцооллыг мэргэжлийн байгууллагаар нарийн шалгуулаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2,-т заасан шаардлагад нийцээгүй.
Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02892 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2184 дугаар магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Даймонд очир ББСБ ХХК нь А.Маратад холбогдуулан зээлийн төлбөрт 463,887,705 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ. Хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...зээлийн тооцооллыг нягтлан шалгаагүй, ... хугацаандаа зээлийн хүүгээ төлөөд явж байхад нэмэгдүүлсэн хүү бодсон, тооцоолол буруу байхад нягтлаагүй гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2018.06.12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, А.Марат нь 300,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 9/1 дугаартай барилгын 1 тоотод байрлах 218 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ /хэргийн 7-10 дугаар тал/.
Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн төлбөр шаардаж, 2019.08.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэх үндэслэл дурджээ.
Анхан шатны шүүх ...зээлийн гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болохоор байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн.... гэж гэрээг цуцалж, ...нэхэмжлэл гаргасан, ... гэж үзсэнийг буруутгах боломжгүй боловч нэхэмжлэлийг хангахдаа ...хариуцагч үндсэн зээлээс огт төлөөгүй, хүү тооцсон тооцоололд маргаагүй, ...үүргээ зөрчсөн өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ ...зээлдэгч зээлийг хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулаагүй, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 463,887,705 төгрөгийн төлбөр хуримтлагдсан болох нь зээлийн эргэн төлөлтийн тооцооллоор тогтоогдож байна гэж тус тус дүгнэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагыг ...үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүү 110,127,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,260,000 төгрөг... гэж, нэмэгдүүлсэн шаардлагадаа ...хүү 26.250.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.250.000 төгрөг гэж тодорхойлсон боловч ийнхүү тооцсон зээлийн тооцооллын баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хоёр шатны шүүх дүгнэлт хийлгүй, тооцоололд маргаагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нарийвчлан тодорхойлж чадаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 167 дугаар зүйлийн 167.1.5-т нийцээгүй байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж дүгнэсэн атлаа цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулсан үндэслэлээ шийдвэр магадлалд дурдаагүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй, үүний үндсэн дээр нотлох баримт үнэлэх ажиллагаа буюу дүгнэлт хийгдээгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, энэ тохиолдолд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02892 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2184 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 295,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ