Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2019/01267

 

2019 оны 05 сарын 31 өдөр

             Дугаар 183/ШШ2019/01267

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х-ийн нэхэмжлэлтэй,

 

            Нэхэмжлэгч: Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,  

 

............ дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг гэрээгээр олгогдсон 80.000.000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ............ дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36.683.799 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: ............. нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Үүнд:

1. Нэхэмжлэгч Ч.Х, Т.Н нар 80 сая төгрөгийн зээлийг ............ дугаартай зээлийн гэрээгээр авсан. Харин 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд нийт 262.600.000 төгрөгийн зээлийг Х ХХК нь Ч.Х, Т.Н нарт зээлийн гэрээ байгуулалгүйгээр олгосон байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ бол нэг удаагийн шинж чанартай ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байдаг. Иргэний хууль ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дээрхи заалтуудад “уг мөнгөн хөрөнгө” гэж онцгойлон, тусгайлан заасан байгаа нь зээлийн гэрээнд зээлийн хэмжээг тодорхой хэдэн төгрөг гэж тусгахыг шаардаж байна. Иймд ............ дугаартай зээлийн гэрээгээр зөвхөн 80 сая төгрөгийн зээл олгогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн ............ дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон 262.600.000 төгрөгийн зээлийг ямар нэгэн зээлийн гэрээгүйгээр олгогдсон зээлүүд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Монгол Улсын зээлийн эрх зүйгээр бол зээлийн гэрээ төгс байгуулагдахын тулд хоёр үе шаттай байдаг. А) Зээлдэгч тал зээлийн гэрээтэйгээ танилцаад гарын үсэгнүүдээ зурна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг бичгээр хийнэ. Б) Зээлийн гэрээнд тусгагдсан зээл гэх мөнгөн дүнг шилжүүлж байж сая зээлийн гэрээ эцсийн байдлаар байгуулагдсанд тооцохоор хуульчилсан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана.” гэж заасан байдаг. Энэхүү заалтаас харахад ............ дугаартай зээлийн гэрээгээр зөвхөн 80 сая төгрөгийн зээл олгогдсон гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Мөн ............ дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон 262.600.000 төгрөгийн зээлийг ............ дугаартай зээлийн гэрээтэй холбоогүй буюу холбогдолгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд ямар нэгэн зээлийн гэрээгүйгээр олгогдсон зээлүүд гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Учир нь ............ дугаартай зээлийн гэрээнд зөвхөн гагцхүү 80 сая төгрөгийн зээл гэж тусгасан байна.  

2. ............ дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон 262.600.000 төгрөгийн зээлийг гэрээ байгуулалгүйгээр олгосон тул Х ХХК 262.600.000 төгрөгийн зээлээсээ хүү авах эрхээ алдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан байдаг. Гэтэл Х хүү авах эрхээ алдчихаад байтал 262.600.000 төгрөгийн зээлэндээ 21.392.720 төгрөгийн хүүг хууль бусаар зээлдэгч Ч.Х, Т.Н нараас авсан байдаг.

3. ............ дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлийн хүүгийн тооцооллыг хавсралтаар үзүүлж харуулсан болно. Энэхүү 80 сая төгрөгийн зээл 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16.999.694 төгрөгийн зээл төлөгдсөнөөр тэрхүү 80 сая төгрөгийн зээл төлөгдөж дууссан. Өөрөөр хэлбэл, ............ дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хавсралтанд тусгагдсанаар зээлдэгч Ч.Х, Т.Н нар тэрхүү 80 сая төгрөгийн зээлэндээ 755.642 төгрөгийн хүү илүү төлсөн байна. ............ дугаартай зээлийн гэрээнд коммитмент хүү гэдэг нь зээлийн шугамын хэмжээнд ашиглаагүй зээлээс тооцох хүү гэж тодорхойлжээ. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно“ гэж заасныг зөрчсөн байдаг. Гэтэл Х ХХК ашиглаагүй зээлээс хүү тооцсон нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байна. Х зээлдэгч Ч.Х, Т.Н нараас коммитмент хүү гэж 136.636 төгрөгийг хууль бусаар авсан байдаг.

4. Х хүүгээс торгууль тооцож, зээлдэгч Ч.Х, Т.Н нараас торгууль гэж 444.190.08 төгрөгийг авч хууль зөрчсөн. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Хүүгээс анз тооцохгүй.” гэж заасан байдаг.

5. Х БГҮ/..........дугаартай барьцааны гэрээний 5.3.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44.4-т заасан барьцааны зүйлд барьцаалбар үйлдэхгүй бөгөөд хуульд заасны дагуу шүүхийн журмаар худалдан борлуулна” гэж заасан байсан. Гэтэл Х барьцааны гэрээгээ зөрчиж, барьцааны зүйл болох Ү-.........улсын дугаартай, 2 өрөө орон сууцыг зарж борлуулсанд зээлдэгч Ч.Х, Т.Н нар гомдолтой байна. Х зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хууль зүйн үндэслэлгүйгээр хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа учир Хийг хууль бусаар мөнгө хүүлж байна гэж миний бие үзэж байна. Иймд “............ дугаартай 80 сая төгрөгийн зээлийн дүнтэй зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцож, ............ дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон 80 сая төгрөгийн зээлээс хойш олгогдсон 262.600.000 төгрөгийн дүнтэй зээлүүдийг ............ дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ............ дугаартай зээлийн гэрээний дагуу 80.000.000 төгрөгийн зээл олгосноос хойших зээлүүд нь ............ дугаартай зээлийн гэрээнд хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцооллын талаар маргахгүй, Х нь зөв бодсон, маргаангүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зуплийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж, 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол хүүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж тус тус зохицуулснаас үзвэл зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч зээлдэгч нар зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөхөөргүй байна. Мөн зээлийн үлдэгдэл байгаа учраас уг зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцох боломжгүй. “Х” ХХК-тай зээлдэгч нар нь шугамын зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 80.000.000 төгрөгийг төлөөд буцаагаад авах боломжтой зээлийн гэрээ юм. Өөрөөр хэлбэл кредит карттай ижил юм. Банк нь хуулиараа торгууль хэрэглэх эрхгүй бөгөөд тооцооллын дээд хэсэгт нэр томьёоны алдаа гарч нэмэгдүүлсэн хүүг торгууль гэж бичсэн хэдий боловч доод хэсэгт нь залруулаад нэмэгдүүлсэн хүү гэж байна. Комитмент хүү нь ашиглаагүй зээлээс маш бага хэмжээгээр хүү тооцдог. Энэ тухай Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуульд заасан байдаг.  

Зээлдэгч Ч.Х, Т.Н нар нь Х ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ............ тоот зээлийн гэрээ байгуулж, 80.000.000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 20.4 хувийн хүүтэй зээлж, мөн өдөр БГҮ/.......... тоот барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд .............. дугаарт бүртгэлтэй, ..............  тоот хаягт байрлах 300 м.кв талбай бүхий 3 давхар барилга, мөн хаягт байрлах 399 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. Иймд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ............ тоот зээлийн гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Үндсэн зээлд 21.755.069,63 төгрөг, зээлийн хүүд 12.574.978,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.349.395,70 төгрөг, нийт 36.683.799,51 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.Х, Т.Н- нарын нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох, ............ дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг гэрээгээр олгогдсон 80.000.000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ............ дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36.683.799 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Ч.Х, Т.Н- болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ............ дүгээр “Зээлийн шугамын гэрээ”-ээр зээлдүүлэгч “Х” ХХК нь “зээлийн шугамын хэмжээ 80.000.000 төгрөг”-ийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай /хүссэн зээлийн хэмжээ болон үндсэн зээлийн үлдэгдлийн нийлбэр нь зээлийн шугамын хэмжээнээс хэтрэхгүй байхаар” зээлдэгч Ч.Х, Т.Н нарт олгохоор тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг байгуулжээ.

  

Уг гэрээний 1.2.1, 1.2.5, 2.1.1, 2.2.1, 2.2.2-т заасны дагуу зээлдүүлэгч “Х” ХХК-иас 80.000.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч Ч.Х, Т.Н нарт тэдний хүсэлтийн дагуу шилжүүлсэн, зээлдэгч нь үндсэн зээлд 7.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлдүүлэгчид буцаан төлж, зээлдүүлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийг хүсэлтийн дагуу зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь үндсэн зээлд 8.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буцаан төлж, зээлдүүлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөгийг хүсэлтийн дагуу зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь үндсэн зээлд 10.000.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, 10.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зээлдүүлэгчид буцаан төлж, зээлдүүлэгчээс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөгийг хүсэлтийн дагуу зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь үндсэн зээлд 15.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буцаан төлж, зээлдүүлэгчээс 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөгийг хүсэлтийн дагуу зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь үндсэн зээлд 13.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр буцаан төлж, зээлдүүлэгчээс 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 13.000.000 төгрөгийг хүсэлтийн дагуу зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь үндсэн зээлд 24.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлдүүлэгчид буцаан төлж, зээлдүүлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 24.000.000 төгрөгийг хүсэлтийн дагуу зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь үндсэн зээлд 12.999.695 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлдүүлэгчид буцаан төлж, зээлдүүлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг хүсэлтийн дагуу зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь үндсэн зээлд 20.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлдүүлэгчид буцаан төлж, зээлдүүлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 28.000.000 төгрөгийг хүсэлтийн дагуу зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь үндсэн зээлд 16.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлдүүлэгчид буцаан төлсөн гэх мэтчилэн сүүлийн байдлаар зээлдүүлэгчээс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 11.000.000 төгрөгийг хүсэлтийн дагуу зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь үндсэн зээлд 58.000.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зээлдүүлэгчид буцаан төлж, нийт зээлдүүлэгчээс үндсэн зээлд 342.600.000 төгрөгийг зээлдэгчийн хүсэлтийн дагуу түүнд шилжүүлж, зээлдэгчээс үндсэн зээлд нийт 320.844.930 төгрөгийг буцаан төлсөн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зээлийн бүртгэлийн карт, түүний тооцоолол, Зээлийн хүсэлтүүдээр нотлогджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ............ дүгээр “Зээлийн шугамын гэрээ”-ний 1.2.1-1.2.6, 2.1.1, 2.1.6, 2.2.1, 2.2.2-т “...80.000.000 төгрөгийн зээлийн шугамын хэмжээнд зээлийн гэрээний хугацаа болох 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд зээлдэгчийн хүссэн зээлийн хэмжээ болон үндсэн зээлийн үлдэгдэлийн нийлбэр нь зээлийн шугамын хэмжээнээс хэтрэхгүй бол банкнаас зээлийг олгоно, зээлийн хүү нь жилийн 20.4 хувь, коммитмент хүү нь зээлийн шугамын хэмжээнд ашиглаагүй зээлээс тооцох ба жилийн 4 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэж дүгнэхээр байна.

 

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Х ХХК нь зээлийн гэрээний дагуу 80.000.000 төгрөгийн зээл олгох байтал, илүү 262.600.000 төгрөгийн зээлийг гэрээ байгуулахгүйгээр Ч.Хд шилжүүлсэн, иймээс Ч.Х нь төлөх ёсгүй хүү, нэмэгдүүлсэн хүү, коммитмент хүү төлсөн” гэж тодорхойлсон хэдий боловч зээлдэгчийг гэрээний гол нөхцөл, ерөнхий агуулгыг ойлгоогүй гэх боломжгүй ба хавтаст хэрэгт авагдсан Зээлийн хувийн хэрэгт хавсарган ирүүлсэн баримт, Зээлийн хүсэлтүүд, урьд нь Ч.Х-гаас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/15/93 дугаар Зээлийн шугамын гэрээний дагуу “Х” ХХК-иас зээлж авч байсан талаарх баримтаар үгүйсгэгдсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ............ дүгээр “Зээлийн шугамын гэрээ”-ний дагуу зээлдэгч Ч.Х, Т.Н-ын нарын хүсэлтийн дагуу нийт 342.600.000 төгрөгийн үндсэн зээлийг зээлдүүлдэгч “Х” ХХК-иас олгосон, зээлдэгч нар үндсэн зээлд 320.844.930 төгрөгийг буцаан төлж, үлдэх 21.755.070 төгрөгийг зээлдүүлэгчид төлөөгүй болох нь тогтоогдсон тул Ч.Х, Т.Н-ын нарын нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох, ............ дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг гэрээгээр олгогдсон 80.000.000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ............ дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Нэхэмжлэгч тал “...банк зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг илүү тооцон авсан, торгууль, коммитмент хүү тооцон авах эрхгүй, мөн банк өөрөө барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээл төлүүлсэн нь хууль зөрчсөн, үүнд гомдолтой байна” гэсэн тайлбар гаргасан бөгөөд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.

 

2. Хариуцагч “Х” ХХК-ийн “...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ч.Х, Т.Н-ын нараас 36.683.799 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч тал “............... дугаартай зээлийн гэрээний дагуу 80.000.000 төгрөгийн зээл олгосноос хойших зээлүүд нь ............ дугаартай зээлийн гэрээнд хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцооллын талаар маргахгүй, Х нь зөв бодсон, маргаангүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

Ч.Х, Т.Н- болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ............ дүгээр “Зээлийн шугамын гэрээ”-ний үүрэг дуусгавар болоогүй, мөн уг гэрээгээр олгогдсон 80.000.000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ............ дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болох нь тогтоогдоогүй тул “Зээлийн шугамын гэрээ”-ний 2.1.3-2.1.5, 2.5.3, 4.2.1, 5.1.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хариуцагч “Х” ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч Ч.Х, Т.Н- нараас шаардах эрхтэй юм.

 

Иймд хавтаст хэрэгт авагдсан Зээлийн бүртгэлийн картын тооцооллыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21.755.070 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 12.574.978 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2.349.395 төгрөг, нийт 36.683.799 төгрөгийг хариуцагч Ч.Х, Т.Н нараас гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэж байна.

 

Мөн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан Ч.Х, Т.Н болон “Х” ХХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр БГҮ/..........дүгээр “Барьцааны гэрээ” байгуулагдаж, барьцаалуулагч Ч.Х, Т.Н нар ..............  тоот байршилтай 31.2 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, ..............  тоотод байршилтай хувийн сууцны зориулалтай 300 м.кв талбайтай 3 давхар барилга, ..............  дугаар бүхий 399 м.кв газрын эзэмших эрх, 11.340.000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг “Х” ХХК-д барьцаалжээ.

 

Иймд хариуцагчийн “...Ч.Х, Т.Н нар ..............  тоотод байршилтай хувийн сууцны зориулалтай 300 м.кв талбайтай 3 давхар барилга, мөн хаягт байршилтай 399 м.кв газрыг барьцаалсан тул дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Ч.Х, Т.Н нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу барьцааны гэрээний зүйл болох Ч.Х-гийн эзэмшлийн ..............  дугаар бүхий 399 м.кв газрын эзэмших эрх, Ч.Х, Т.Н нарын өмчлөлийн ..............  тоотод байршилтай, хувийн сууцны зориулалтай 300 м.кв талбайтай 3 давхар барилгыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй юм. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 236 дугаар зүйлийн 236.1-д заасныг баримтлан Ч.Х, Т.Н нарын нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох, ............ дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг гэрээгээр олгогдсон 80.000.000 төгрөгийн зээлээс хойш олгогдсон зээлүүдийг ............ дугаартай зээлийн гэрээтэй холбогдолгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Х, Т.Н- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36.683.799 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Х, Т.Н- нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Ч.Х-гийн эзэмшлийн ..............  дугаар бүхий 399 м.кв газар эзэмших эрх, Ч.Х, Т.Н нарын өмчлөлийн ..............  тоотод байршилтай, хувийн сууцны зориулалтай 300 м.кв талбайтай 3 давхар барилгыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Х-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 1.470.950 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 487.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 411.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Х, Т.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 411.569 төгрөг гаргуулан хариуцагч “Х” ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД