Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01083

 

*******-ийн нэхэмжлэлтэй

                иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00111 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 623 дугаар магадлалтай, 

*******-ийн нэхэмжлэлтэй,

Сумангүн трейд ХХК,******* холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 950,904,691 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* нь тус банктай 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дугаар 1050016421 зээлийн гэрээ байгуулж 500.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэй,

2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дугаар ЗГ1790002864 зээлийн гэрээ байгуулж 250.000.000 төгрөгийн зээлийг 10 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэй тус тус авсан бөгөөд нийт 750.000.000 төгрөгийн зээлийг авсан.

Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1. Ү-2204013228 улсын дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 297,7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Ү-2204011240 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай 110 м.кв талбайтай амины орон сууц,

3. Г-2204023940 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 0378985, нэгж талбарын 133016/0106 дугаартай Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 646 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар,

4. Ү-2204010616 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 59/2 тоот хаягт байршилтай 280мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

5.*******-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031289 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 59/3 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 408 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх хөрөнгө,

6. Г-2204023938 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 000318846, нэгж талбарын 18647311960685 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 669 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар.

Сумангүн трейд ХХК-ийн хүсэлтийг харгалзан талуудын хооронд байгуулсан 1050016421 болон ЗГ17900002864 зээлийн гэрээнд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт оруулж ЗГ1010026559 дугаартай зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээгээр дугаар 1050016421 гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл 314,792,585 төгрөг, дугаар ЗГ17900002864 гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл 246,358,526 төгрөг, нийт 561,151,111 төгрөгийг зээлийн үлдэгдлийг 365 хоногт 21,6 хувийн хүүтэйгээр 2022 оны 12 дугаар сарын 25-ны дотор сар бүр эргэн төлөх төлбөрийн нөхцөлийг талууд харилцан тохиролцсон. Зээлдэгч******* нь талуудын хооронд шинэчлэн байгуулсан дугаар ЗГ1010026559 зээлийн гэрээний гол нөхцөл болох Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч 840 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж эхэлсэн. Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ1010026559 дугаартай зээлийн гэрээг шинэчлэн байгуулснаар өмнө байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1050016421 дугаартай 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1790002864 дугаартай 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 561,151,111 төгрөг, хуримтлагдсан хүү 307,751,746 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,761,644 төгрөг, нийт 880.664.500 төгрөгийг*******-иас гаргуулах шаардлага гаргасан. Уг шаардлагаа 2019.04.04-ний өдрөөс 2019.10.15-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож зээлийн хүү 64,423,222 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,816,969 төгрөг, нийт 70.240.191 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ингээд зээлийн гэрээний үүрэгт 2019.10.15-ны өдрийн байдлаар 950,904,691 төгрөг болгосон.

Иймд талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан ЗГ1010026559 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 950.904.691 төгрөгийг хариуцагч*******, Б.Сүхбаатар нараас гаргуулж, сайн дураараа дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь талуудын хоорондох 500.000.000 төгрөг, 250.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон тул 2016.01.06-ны өдөр байгуулагдсан 561.151.111 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүссэн гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Хоёр гэрээний хугацаа дуусаагүй байсан ба уг гэрээгээр мөнгө төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа учир гэрээний үлдэгдэл болох 561.151.111 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Нэхэмжлэгч нь 2016.01.06-ны өдрийн зээлийн гэрээний хүүд 82.440.452 төгрөг төлсөн гэнэ, бид хүү ч юм уу, үндсэн зээл ч төлсөн гэдэг нь тодорхойгүй байдаг. Өмнөх 2 гэрээгээ хэрхсэн болох нь тодорхойгүй болчхоод байна. Үүрэг шаардаад байгаа гэрээний 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийснээр зээл олгосонд тооцно гэжээ. Гэтэл ******* нь мэргэжлийн байгууллага мөртлөө хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, өөрөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Өмнөх хоёр гэрээг нийлээд нэгтгээд явсан байх юм уу тийм зүйл огт хийгээгүй. 2014.03.27-ны өдрийн №1050016421 гэрээний 1-р зүйлд зээлдэгчид 500.000.000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, тоног төхөөрөмж худалдан авах зориулалттай олгоно, ингэхдээ жилийн суурь хүү дээр нэмэх нь 21,6 хувийн хувьсах хүүтэй байна. Мөрдөх жилийн буюу суурь хүүгийн хугацаанд мөрдөх зээлийн хүүгийн хувь хэмжээ 21,6 хувь гээд заагаад өгсөн боловч 1.3-т зээлдэгчид мэдэгдэх асуудал байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3-т зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл дээрх 500.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд хүүгээ яаж мэдэгдсэн болох нь тодорхойгүйгээс хэдэн хувийн хүү төлөх талаар мэдэхгүй байна. Зээлдэгчийн тухайд бүхий л эд хөрөнгөө эдгээр зээлийн гэрээний дагуу барьцаалсан учраас өөр зээл авах санхүүгийн чадамжгүй болчихсон.

Иймд 2016.01.06-ны өдөр байгуулагдсан 561.151.111 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хөрөнгө хүлээж аваагүй учир уг гэрээний дагуу үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас өмнөх 2 зээлийн гэрээний үлдэгдэл болох 561.151.111 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Сүхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 онд батлан даалтын гэрээ байгуулсан, уг гэрээний үүргийг хариуцах ёстой, гэтэл 2016 оны гэрээний дагуу банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн үүргийг Б.Сүхбаатараас шаардаж буй нь үндэслэлгүй байна. Уг гэрээний дагуу банк хуульд заасан шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулаагүй тул тэрээр шаардах эрхгүй гэж үзэж байна. Харин Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар гарсан зардлаа шаардах эрхтэй байж болох юм гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00111 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-т тус тус зааснаар хариуцагч*******-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 561.151.111 төгрөг, хүүд 307.751.746 төгрөг, нийт 868.902.857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 82.001.834 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч******* холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №БИ1010026559-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ, №БГ1010026559-01 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан:

-Б.Сүхбаатарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013228 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 297.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

-Б.Сүхбаатарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011240 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 110 м.кв талбайтай амины орон сууц.

-Сумангүн Трейд ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010616 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Да хүрээ гудамж, 59/2 тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

-Сумангүн Трейд ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031289 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Да хүрээ гудамж, 59/3 тоот хаягт байршилтай, 408 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн барилга зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,

-Б.Сүхбаатарын эзэмших эрх бүхий, №0378985 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 133016/0106, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 646 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар,

-Сумангүн Трейд ХХК-ийн эзэмших эрх бүхий, №000318846 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 133017/0118 /18647311960685/ дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлалтай, 669 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч*******-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,572,664 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,140,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 623 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00111 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 638,159 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,696,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 623 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэмэгдүүлсэн хүү тооцох эсэх талаар болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээнд тодорхойлох бөгөөд гэрээнд заасан хувь хэмжээгээр зээлдүүлэгч буюу банк нь зээлдэгчээс шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүхээс нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүлээдэг үүрэг гүйцэтгэгчийн хариуцлага гэж хуульд тусгагдаагүй агуулгаар тайлбарлан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байх тул зээлдэгч*******-ийн зээл ашигласан хугацаанд хариуцлага тооцох үндэслэлтэй гэж хуулийн ямар заалтыг үндэслэж буй нь тодорхойгүй байдлаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх байдлаар анхан шатны шүүхээс зээлийн гэрээг цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад Давж заалдах шатны шүүхээс үүнд эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, энэ талаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд дурдаж шүүх хуралдаан дээр тайлбарласан атал Магадлалд гомдлын энэхүү үндэслэлийг ямар үндэслэлээр хангаагүй талаар огт дурдалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 82,001,834 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна гэж дүгнэсэн нь Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан болон Давж заалдах шатны шүүх зохигч буюу хамтран хариуцагч******* холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хууль буюу Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн зохицуулалтыг огт хэрэглэлгүйгээр мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуульд батлан даалтын харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг эхлээд үндсэн үүрэг гүйцэтгэгчээс шаардаад амжилтад хүрээгүй бол батлан даагчаас шаардах боломжтой гэсэн зохицуулалт байхгүй байхад батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран зээлийг хариуцах үүрэг хүлээгээгүй тохиолдолд гагцхүү хариуцагч буюу зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй, аль эсхүл төлбөрийн чадваргүй нь илэрхий болсон нөхцөлд батлан даагч хариуцлага хүлээхээр байна гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Б.Сүхбаатар нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан Барьцааны болон Баталгаат ипотекийн гэрээний барьцаалуулагч тал буюу нийт 6 барьцаа хөрөнгийн 3 хөрөнгийн өмчлөгч нь болно.

Иймд Анхан шатны шүүхийн Шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 82,001,834 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч******* холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн хэсгийг, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж

шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 101 /ШШ2020/00111 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 623 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Талууд нь 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 500,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, зээлийн жилийн хүү нь банкны төгрөгийн АНУ-ын долларын жилийн суурь хүү дээр 5.1 хувийг нэмсэн тэнцүү 21.6 хувийн хувьсах хүүтэй (2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл мөрдөх жилийн буюу 365 хоногийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь хэмжээ 21.6 хувь байна) байхаар тохиролцсон. Мөн тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар энэ нь банк жилд 2 удаа зээлийн хувьсах хүүг өөрийн санаачилгаар, зээлдэгчийн оролцоогүйгээр өөрчлөн тогтоож, зээлдэгчтэй хийсэн гэрээний банкинд хадгалагдаж байгаа хавсралтад тэмдэглэж, зээлдэгчид мэдэгдэнэ, зээлдэгч нь энэхүү өөрчлөн тогтоосон хүүгийн хувь хэмжээг заавал мөрдөхөөр заасан байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зарчим зөрчигдөж байх бөгөөд улмаар Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн эрхийг зөрчсөн. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хууль зөрчсөн хэлцлийг хийсэн бол тэр нь шаардах эрхийг бий болгохгүй. Иймээс нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 500.000.000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500.000.000 төгрөг, тогтмол хүү 16.5 хувийн хүүг шаардах эрхтэй байгаа юм. Талууд гэрээний үүргийг тохиролцохдоо Хасбанк ХХК-аас 561,151,111 төгрөгийг 84 сарын хугацаатайгаар*******-д олгохоор зааж, тохиролцсон. Гэтэл бодит байдал дээр 561,151,111 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй,*******-д зээл олгогдоогүй байдаг. Зээл олгоогүй бол гэрээний үүргийг шаардах эрх бий болохгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 270,347,585 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүрэгт 246,358,526 төгрөг (нэхэмжлэлд дурдсан хугацааны хүрээгээр) шаардах, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр шаардах эрхгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 101/ШШ2020/00111 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 623 тоот магадлалд 868,902,857 төгрөг гэснийг 516,706,111 төгрөг болгож өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

******* нь******* болон Б.Сүхбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 950,904,691 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч*******-аас 868,902,857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 82,001,834 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч******* холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Зохигч хяналтын журмаар гомдол гаргасан боловч эвлэрсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй. 

Талуудын хооронд 2021.06.08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 235,877,707 төгрөгөөр багасгаж, 715,026,984 төгрөг болгосныг хариуцагч зөвшөөрч, 2021.6.8-нд 350,000,000 төгрөг, үлдэх 365,026,984 төгрөгийг 2021.12.31-ний өдрийн дотор бүрэн төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд дараах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, хариуцагч шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч талд төлөхөөр... харилцан тохиролцжээ. Үүнд: Ү-2204013228 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ-З-ын 2-р байрны 1 тоот хаяг байршилтай 297,7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2204011240 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ-З-ын 2-р байрны 2 тоот хаяг байршилтай 110 м.кв талбайтай амины орон сууц, Г-2204023940 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 0378985, нэгж талбарын 133016/0106 дугаартай Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 646 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Ү-2204010616 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамжны 59/2 тоот хаяг байршилтай 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2204031289 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамжны 59/3 тоот хаяг байршилтай 408 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2204023938 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 000318846, нэгж талбарын 18647311960685 дугаартай Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 669 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг багтжээ.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж Д.Батцэнгэл, хариуцагч*******-ийн захирал Б.Мөнхтөгс нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч ******* нь Д.Батцэнгэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдлэх итгэмжлэлийг 2021.06.08-ны өдрийн итгэмжлэлээр олгосон байх тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул зохигчоос хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох боломжгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00111 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 623 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчийн хооронд 2021.06.08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 235,877,707 төгрөгөөр багасгаж, 715,026,984 төгрөг болгосныг хариуцагч зөвшөөрч, 2021.6.8-нд 350,000,000 төгрөг, үлдэх 365,026,984 төгрөгийг 2021.12.31-ний өдрийн дотор бүрэн төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалсан Ү-2204013228 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ-З-ын 2-р байрны 1 тоот хаяг байршилтай 297,7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2204011240 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ-З-ын 2-р байрны 2 тоот хаяг байршилтай 110 м.кв талбайтай амины орон сууц, Г-2204023940 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 0378985, нэгж талбарын 133016/0106 дугаартай Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 646 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Ү-2204010616 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамжны 59/2 тоот хаяг байршилтай 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2204031289 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамжны 59/3 тоот хаяг байршилтай 408 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2204023938 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 000318846, нэгж талбарын 18647311960685 дугаартай Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 669 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч талд төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж,*******,******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 950,904,691 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай *******-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 567,959 төгрөг, хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 1,918,934 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ