Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 40

 

Б.Ам-, Б.Ца- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамц, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 784 дүгээр магадлалтай 201726020168 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ам-, шүүгдэгч Б.Ца-гийн өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 574 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жил хянан харгалзсан Б.Ам-,

2.  Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2005 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан,

2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ял,

2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял,

2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж 5 жил хорих ял шийтгүүлсэн Б.Ца- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ам-, Б.Ца- нарыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Ам-ын цагдан хоригдсон 58 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Ца- нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ам-аас 250.000 төгрөг гаргуулж хохирогч П.Бо-д олгох, Б.Ам-, Б.Ца- нар нь бусад хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ам-, шүүгдэгч Б.Ца-гийн өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ам- нь хохирогч П.Бо-д 250.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ам- гаргасан гомдолдоо: “...Миний бие анх удаа залилах гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас гэмшиж бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр шүүх яллах талыг баримтлан хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ар гэрийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ца-гийн өмгөөлөгч С.Санжаажамц гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...шүүгдэгч Б.Ам-, Б.Ца- нар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгодог. Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Ца- нь одоо 6 сартай жирэмсэн бөгөөд сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй нь гэрчийн мэдүүлэг болон өөр бусад нотолгооны хэрэгслээр нотлогддог. Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан зохих арга хэмжээг хэрэглэх боломжтой байтал Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан шүүгдэгчийн хувийн байдалд ач холбогдол өгөхгүй хэргийг шийдвэрлэсэн.

Иймд шүүгдэгч Б.Ам-т Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, уг хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ца-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэжээ.

Прокурор хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ам- нь дангаар болон өөрийн эгч Б.Ца-тай  бүлэглэн худалдан авсан барааныхаа төлбөрийг цахим гүйлгээний хэлбэр болох “мобайл банк”-аар хийсэн дүр эсгэж хохирогч нарыг төөрөлдүүлэн хувиараа худалдаа эрхлэгч нэр бүхий дөрвөн иргэнээс нийт 6.186.000 төгрөгийн эд зүйлийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ам-, Б.Ца- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тэдний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно.” гэж тус тус заасан.

Гэтэл шүүгдэгч Б.Ам-, шүүгдэгч Б.Ца-гийн өмгөөлөгч С.Санжаажамц нар нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлийг хэрхэн зөрчсөн талаар бус харин хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг заавал хэрэглэх үндэслэлтэй гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Ам-, Б.Ца- нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг, түүнчлэн шүүгдэгч Б.Ца- хэдий жирэмсэн боловч тэрээр удаа дараа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, залилах гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хойшлуулах боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд шүүгдэгч Б.Ам-ын гаргасан “хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү”, шүүгдэгч Б.Ца-гийн өмгөөлөгч С.Санжаажамцын гаргасан “хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 784 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ам-, өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                       ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН