Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2019/00876

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Э -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М.Э.К” ХХК /РД:5141583/-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Дөлгөөн нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь “М.Э.К” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтнаар ажиллаж байсан ба “М.Э.К” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж ажилгүй болсон. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөлөө гэмтээсэн тул хөлөндөө гипс тавиулан өнөөдрийг хүртэл өвчтэй байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “...эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа...” заасныг зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй юм. Иймд “М.Э.К” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, “М.Э.К” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор болох халагдсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх нөхөн олговрт 7,641,919 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан хамгаалалт хамаарахгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг үүсгэхэд нэхэмжлэгч маргаанаа санаачилж байгаа. Н.Эыг ажлаас халсан тушаалын үндэслэлтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Уг тушаалд бичигдсэн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг зөрчөөгүй, тушаал буруу гарсан гэж маргаагүй. Тиймээс ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч тал юу гэж маргасан бэ гэхээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөлөө гэмтээсэн, эмнэлгийн чөлөөтэй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн нь буруу гэж маргаж байна. Өөрөөр хэлбэл, намайг ажлаас халсан тушаалын бүх үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Гол нь намайг эмнэлгийн чөлөөтэй байхад халж болохгүй байсан гэсэн агуулгаар маргасан. Нэхэмжлэгч сая ярьснаараа н.Оюунчимэг гэдэг хүн гаргах ёстой байсан юм, өөр хүн гаргасан нь буруу гэж нэхэмжлэлийн үндэслэлийг гаргаад орж ирсэн бол бид маргана. Н.Э би архи уугаагүй байхад архи уулаа гээд халчихлаа гэсэн бол бид Н.Э архи уусан юм, архи уусан баримтууд нь энэ байна гээд гаргана. Архи уугаагүй гэж маргаагүй байхад бид нотлох баримт гаргахгүй. Бид ийм агуулгаар хэрэгт хандсан. Нэхэмжлэгч Н.Эыг М.Э.К ХХК-ийн захирал 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан зөрчил дээр халсан. Уг зөрчил дээр 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тушаал гаргасан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан зөрчлийг шалгаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан журмын дагуу сахилгын зөрчил гаргасан бол сарын дотор шийдвэрлэнэ гэдэг зүйлийг үндэслээд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тушаал гаргасан. Н.Э гэдэг хүн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зөрчил гарснаас хойш 2 хоногийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эмнэлгийн магадлагаа авч ажлаас чөлөөлөгдсөн. Зөрчил гарснаас хойш эмнэлгийн магадлагаа нь 2 хоногийн дараа хамгаалж байгаа юм. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болохгүй гэдэг агуулга биш үүнийг нэхэмжлэгч буруу ойлгосон. Энэ хуулийн зохицуулалт ямар учиртай вэ гэхээр энд байгаа зүйлийг зөрчил гэж харж болохгүй гэдэг агуулгатай. Жишээ нь цэргийн зарлан дуудах хуудас аваад явж байхад та ажлаа хийсэнгүй гээд халж болохгүй гэсэн үг. Сонгуульт ажилтай явж байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай байхад та ажлаа хийсэнгүй гэж ажлаас халж болохгүй гэсэн зохицуулалт. Түүнээс архи уугаад, ажлаа таслаад, хүнийг дарамталж заналхийлээд, элдвээр хэлсэн хүнийг халж болохгүй гэсэн хамгаалалт биш. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа анхнаасаа буруу тодорхойлсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч “М.Э.К” ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч Н.Э нь “М.Э.К” ХХК-нд 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан бөгөөд тус компанийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 043/19 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан тушаал, Н.Эын нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч “М.Э.К” ХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дугаартай “Н.Эт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9.7, 2.5.9.9, 7.5, Сахилгын дүрмийн 1.1, 5.1, 8, 12, Компанийн дүрмийн 8.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.5, 6.3.1, 6.3.2, 6.3.7, 6.3.11, 8.2.6, 8.2.12, 8.2.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн гаргасан байх бөгөөд уг тушаалд тус компанийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтан Нацагдорж овогтой Эрдэнэбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 31-нд согтууруулах ундаа хэрэглэж, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарч явсан, түүнчлэн ажлын байраа дур мэдэн орхин явж ажил тасалсан тул түүнд ажлаас халах сахилгын сахилын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хх 4/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

 

Тодруулбал, сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь зөрчил гаргасан байх явдал байх бөгөөд нэхэмжлэгч Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 31-нд согтууруулах ундаа хэрэглэж, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарч явсан, түүнчлэн ажлын байраа дур мэдэн орхин явж ажил тасалсан гэх зөрчил нь түүнийг сахилгын хариуцлага хүлээх үндэслэл болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэнэ.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч тал ажлаас халсан тушаалын үндэслэлд маргаагүй, хууль хэрэглээний хувьд маргасан тул уг тушаалын үндэслэлийг нотлох шаардлагагүй” гэж тайлбарлаж, тушаалын үндэслэлийг нотлох баримтыг гаргаагүй.

Иймд Н.Э нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зөрчсөн, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн хариуцагч “М.Э.К” ХХК нь нэхэмжлэгч Н.Эыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан зохицуулалтыг зөрчсөн байна.

Ажил олгогч нь ...эмнэлгийн шинжилгээ хийлгэх, ...эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй ба Н.Эаас эмнэлгийн магадлагааг ирүүлсэн, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн нь тогтоогдсон байхад 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас халсан нь эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүргээ зөрчсөн байна.

Түүнчлэн сахилгын шийтгэлийг ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч байна. Гэтэл “М.Э.К” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дугаартай Н.Эт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Эыг “М.Э.К” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

            Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Н.Эыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 108,394 төгрөг /1 сарын дундаж цалин нь 2,330,478 төгрөг /21,5=108,394 төгрөг/ гэж тооцож, нийт 50 хоногийн хугацааны цалин 5,419,700 төгрөгийг хариуцагч “М.Э.К” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Н.Эт олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч “М.Э.К” ХХК-нд нэхэмжлэгч Н.Эын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгав.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Эыг “М.Э.К” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч “М.Э.К” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5,419,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,222,219 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Н.Эыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “М.Э.К” ХХК-нд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М.Э.К” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 50,505 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ч.БАТЧИМЭГ