Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2019/ДШМ/1047

 

Б.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

хохирогч С.Бийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 695 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Бийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Хт холбогдох 1805014500507 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бийн Х, 1963 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг, Үтрэмийн 1-8 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлэн, Баянзүрх Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 504-д зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлэн, 2005 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

            Б.Х нь 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн С.Бтэй “...орцонд шээсэн...” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун 7, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушгины авчийлт, зүүн уушгины дээд дэлбэнгийн ар дээд хэсгийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал зэрэг хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хыг 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хын цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Бийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1524 дугаартай дүгнэлтэд “...С.Бийн биед тархины баруун тал, бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн таславч хоорондын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагзны ясны босоо шугаман хугарал, зүүн rap, хөлийн саа, саажил, баруун 7, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушгины авчийлт, зүүн уушгины дээд дэлбэнгийн ар, дээд хэсгийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал, духанд шарх зулгаралт бүхий хүнд гэмтэл тогтоогдлоо. ...” гэж, мөн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 678 дугаартай дүгнэлтэд “...баруун 7, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушгины авчийлт, зүүн уушгины дээд дэлбэнгийн ар, дээд хэсгийн няцрап, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зулгаралт гэмтэл ...” нь дангаараа хүнд гэмтэл бөгөөд шүүгдэгч Б.Хын хууль бус үйлдлийн улмаас дээрх гэмтлийг авсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. ...” гэж заасан.

Нэгдүгээр хавтас хэргийн 139-өөс 140 дүгээр хуудсанд хохирогч С.Бийн эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Гэтэл шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дүгнэхдээ “...Хавтас хэрэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж өгөөгүй. ...” гэж гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь, 1 дүгээр хавтас хэргийн 139-өөс 140 хуудсанд хохирогч С.Бийн эмчилгээний зардалтай холбоотой нийт 4.452.700 төгрөгийн эм тарианы баримт авагдсан байхад шүүхээс хохирлын баримт гаргаж өгөөгүй хэмээн илтэд үндэслэлгүй дүгнэсэн. Хохирогч С.Б нь бусдад зодуулж хүнд гэмтэл авсан бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 1 cap гаруй хугацаанд ухаангүй хэвтэн эмчлүүлсэн байдаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Цоодол “...Эмчилгээний зардал одоогийн байдлаар 6.000.000 төгрөг болоод байна. ...” /1хх 52-53/ гэж мэдүүлсэн байдаг. С.Б нь уг хүнд гэмтлийг авснаас хойш босож чадахгүй, байнгын хүний асаргаанд байх болсон бөгөөд хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан байдаг.

Хохирогч С.Б нь одоо ч эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд гэмтэл нь бүрэн эдгэрээгүй. Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Хт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан шийдвэрлэхэд түүнийг бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан байдаг. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 695 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Хаас 4.452.700 төгрөгийг гаргуулан, хохирогч С.Бт олгохоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд эмчилгээний зардалтай холбоотой 4.452.700 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн. ...“ гэв.

Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Учир нь, хохирлын хувьд 1 дүгээр хавтас хэргийн 139-өөс 140 дүгээр талд хуулбар баримт авагдсан байдаг. Тухайн хавирганы гэмтэлтэй холбоотой нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийнхээ талаар маргадаггүй ба анхнаасаа хэргийн талаар үнэн, бодитой мэдүүлсэн. Тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон ба анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн толгой болон цээжинд гэмтэл учирсан. Хохирогчийн зүгээс гаргаж өгсөн эмчилгээний баримтуудын ихэнх нь тархины гэмтлийн эмчилгээтэй холбоотой баримтууд байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч “...Хавирга нь бороолж эдгэрсэн, дээрх гэмтэлд эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. ...” гэж хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлын төлбөр тооцоог анхан шатны шүүх тогтоох боломжгүй бол дээрх асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр хуульчилсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх шүүгдэгчид 2 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгчээс хохиролд гаргуулах төлбөр байхгүй боловч шүүгдэгч нь хохирлыг барагдуулаагүй учир хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 695 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд хохирогч С.Б нь цээжний болон гавал тархины гэмтлийн улмаас мэс ажилбарт орж, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд дээрх гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтуудыг хавтас хэрэгт гаргаж өгсөн атал хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй байна.

Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Хын буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Бийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 678 дугаартай дүгнэлт /1хх 69-71/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 26060 дугаартай өвчний түүх /1хх 80-123/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографи зургийн дүгнэлт /1хх 127-131/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн цээжинд учирсан гэмтэлд тодорхой эмчилгээ хийгдсэн байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Бийн гаргаж өгсөн хохирлын талаарх баримт /1хх 139-140/ нь биеийн аль хэсэгт учирсан гэмтлийн эмчилгээтэй холбоотой болох нь тодорхойгүй, цээжинд учирсан гэмтлийг эмчлэхэд ямар хэмжээний зардал гаргасныг ялган тогтоох боломжгүй ч шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлт хийх үндэслэлгүй юм.

Иймд хохирогчийн биед учирсан цээжний гэмтэлтэй холбоотой гарсан зардалд бодитой хууль зүйн дүгнэлт хийх, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгана” гэж заажээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хыг “иргэн С.Бийн биед халдаж, баруун 7, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушгины авчийлт, зүүн уушгины дээд дэлбэнгийн ар дээд хэсгийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал зэрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хэлэлцээд Б.Хын үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт бодитой дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” заажээ.

Гэтэл шүүгдэгч Б.Хт дээрх зүйл хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулсан хууль зүйн үндэслэл, шалтгаанаа шүүх тодорхой дүгнэж, тайлбарлаагүй байна.

Иймд, хохирогч С.Бийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 695 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 695 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч С.Бийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Б.Хт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Б.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУНЧУЛУУН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ