Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

       2023         01          26                                    2023/ШЦТ/142

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Б.Одонтуяа,  

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, шүүгдэгч ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр *** төрсөн, ** настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******тоотод оршин суух хаягтай, ам бүл *, эхнэр * хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд: Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, ** овогт ****

Холбогдсон хэргийн талаар :

            Шүүгдэгч ** нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө ****н дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарж байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч **** мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :       

     

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө ******* хорооны автобусны буудлын явган хүний гарц зам дээр Тоёота приүс 30 маркийн **** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарж байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч **** мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь :   

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан... явган зорчигч автомашинд мөргүүлсэн...гэх тэмдэглэл / хавтаст хэргийн 2 дахь тал/,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4, 10 дахь тал/,

- зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн; 2022:11:23-ны өдрийн 14.12.49 цаг зааж байна. 2022:11:23-ны өдрийн 14:13:21 цагт дэлгүүрийн цаад талаас бараан өнгийн хувцастай ноосон малгайтай эмэгтэй хүн гарч ирж явга хүний гарц руу ойртож байна. 2022:11:23-ны өдрийн 14:13:34 цагт явган зорчигч явган хүний гарцаар зорчих хэсэг рүү орж 1 дүгээр эгнээг туулан 2 дугаар эгнээнд орох үед хойноос цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ирж явган мөргөсөн...тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 15 дахь тал/,

- хохирогч **** ... Би тухайн өдөр гэрээсээ гараад ажил дээрээ очих зорилгоор автобусны буудал явсан. ***** автобусны буудлын хойд талын явган хүний гарцаар баруунаас зүүн тийш чиглэлд зам гарч явтал хойд талаас 1 дүгээр эгнээнд явж байхад машин зогсоод зам тавьж өгөхөөр нь урдуур нь гараад 2 дугаар эгнээнд ортол 1 машин зогсолгүй ирж мөргөсөн. Цаашаа юу болсныг санахгүй байна, гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Хагалгаанд орсон эмнэлэгт 7 хоног хэвтээд, Тамир мандал гэх эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Одоо байнга хэвтэрт байна. Жолооч эм тариа, эмнэлгийн төлбөрийг төлсөн...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- хохирогч *** судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 30 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт: **** биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун талын 6-8-р хавирганы хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, духны зүүн хэсэгт шарх, толгойн хуйх, зүүн шилбэ, шагай, тавхайд зөөлөн эдийн няцрал, чих, зүүн шилбэнд цус хуралт, дух, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо  зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэн боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

- мөрдөгчийн магадалгаа: Жолооч **** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган ****** нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.../ хавтаст хэргийн 69 дэх тал/, 

- шүүгдэгч ***...Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баруунсалааны гэрээсээ Ханы материал орох зорилгоор, эхнэр Түмэндэлгэрийн нэг дээр байх Т.Приус маркийн **** УНО улсын дугаартай автомашиныг жолоодон ганцаараа явсан. Би 4 эгнээ эсрэг хөдөлгөөнтэй замын 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай хойноосоо урагш чиглэлд явж байсан, 7 дугаар хорооны буудлын замд явж байтал зорчих хэсгийн баруун гар талаас гэнэт миний урдуур эмэгтэй хүн гүйгээд гарч ирсэн, тоормос гишгэсэн боловч мөргөөд зогссон. Нөгөө хүн цааш шидэгдэн газарт унасан. Би өөрийнхөө гар утсаар цагдаа, түргэнд дуудлага өгсөн, би явган хүний гарц руу ойртож байгаагаа мэдэж байсан, хурдаа бага зэрэг хассан бөгөөд намайг 2 дугаар эгнээгээр ирэх үед 1 дүгээр эгнээнд машин зогсчихсон байсан бөгөөд хүн тэр машины урдуур гараад ирсэн. Цаг агаар хэвийн, хур тунадасгүй байсан, Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Эмнэлгийн хэрэглээний зардал, эм тариаг осол гарснаас хойш байнга авч өгсөн бөгөөд 6.214.000 төгрөгөөр юм авч өгсөн. Мөн цаашдын эмчилгээний зардалд бид нар хоорондоо тохиролцон 12.000.000 төгрөгийг бэлнээр өгч гомдол саналгүй болгосон. Осол гарсанд маш их харамсаж байна. Би өөрөө их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.   

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан,

шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 

үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн хувьд “болгоомжгүй” хэлбэрийн хүрээнд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эс үйлдэхүй ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

2.3. Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан буюу тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 13 дугаар зүйлд зааснаар ”Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэгдсэн журмаар тусгайлан зохицуулсан хэм хэмжээний акт” бөгөөд тус шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тийнхүү тогтоогдсон, тус тусгай мэдлэг шаардсан асуудлын хүрээнд эргэлзээ, маргаан бүхий байдал үүсээгүй байна.    

2.4. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-104-105, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.  

Иймд шүүгдэгч ***** г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид нотлох баримтын хүрээнд анх 6.214.250 төгрөг /хх-42-50/, мөн цаашид гарах эмчилгээний зардал, цалин хөлстэй холбоотой 12.000.000 төгрөг /хх-105, 106-110/, хохирогчийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1.465.000 төгрөг /хх-95-97/ тус тус төлсөн / шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

1.Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Шүүгдэгч урьд 2012 онд гэмт хэрэг үйлдсэн байх ба тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-81-91/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хүрээнд буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиар ажил хөдөлмөр эрхэлдэг, эд хөрөнгөтэй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-72-80, 92-93, 105, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор

уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, талууд болон хохирогчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

2. Бусад асуудал    

    

Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч **** авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *** оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тус гэмт хэргийн улмаас бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Тус хэрэгт хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР