Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалцаны Цэнгэл |
Хэргийн индекс | 182/2019/00078/и |
Дугаар | 00448 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 00448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их Тойруу 15-1, “Ренталон” ХХК-ийн байрны 400-В тоотод байрлах, “Гандирс Орд” ХХК /РД:2095408/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Бага тойруу-3, Хангарьд Ордон 1206 тоотод байрлах, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/РД:5369622/-т холбогдох
Гэрээний үүрэг болох 124 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Гандирс Орд” ХХК-ийн ерөнхий захирал Т.Болд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болорчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Гандирс Орд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тус компанийн ерөнхий захирал Т.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2012 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний” ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерт “Гандирс Орд” ХХК ялж, гэрээ байгуулах эрх олгосон юм. 2012 оны 04 дугаар сарын 04-ний өдөр №ИШСЗТНЗАА2-03/11 тоот “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний гэрээ байгуулсан. Гэрээний нэг тал /захиалагч/ Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нөгөө тал /гүйцэтгэгч/ “Гандирс Орд” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан.
Гэрээгээр хүүхдийн урлан бүтээх төвийн хуучин барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир шинээр барилга барих, барилгын зураг төсөл боловсруулах байсан юм. Гэрээ байгуулсны дараа манай компани тухайн орчны геодезийн дэвсгэр зураг хийлгэж, инженер геологийн /буурь хөрсний/ дүгнэлт гаргуулан, экспертизээр хянуулан батлуулж, уг барилгын эскизийг боловсруулж, тус газрын зураг төслийн мэргэжилтэн Ц.Бадмаарагт 2012 оны 06 дугаар сард хүлээлгэн өгсөн. Хариуцсан мэргэжилтэн Ц.Бадмаарагаас асуухад “барилга буулгах зөвшөөрөл гараагүй байна гэсэн. Сүүлдээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх шаардлагатай болж байна. Түр хүлээж байгаарай гэсээр, он гарсан. Үүнээс хойш 2-3 удаа албан бичиг хүргүүлсэн.
2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дүгнэсэн протокол хийгдэж, гэрээ сунгагдсан. Мөн зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаар тушаал гарч, уг тушаалаар зураг төсвийн ажлын жишиг үнэ /БД81-16-12/-д өөрчлөлт орсонтой холбоотойгоор Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь зураг төсвийг боловсруулах гэрээг сунгахдаа нэмэгдэл 124 000 000 төгрөгийн хөрөнгийг уг протоколоор шийдэж, уг хөрөнгийг 2013 оны төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхөөр тохиролцсон юм. Өмнө нь мөрдөгдөж байсан зураг төслийн үнэ өөрчлөгдсөн учраас шинэчилсэн үнэлгээгээр зураг төслийн үнийг шинэчилье гэдэг хүсэлтээ 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд өгч байсан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь манай хүсэлтийг хүлээн авч, гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлс 136 000 000 төгрөг байсныг 260 000 000 төгрөг болгохыг зөвшөөрөөд, үүнийгээ протоколоор шийдсэн. Уг протоколд “гэрээг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэв” мөн зураг төслийн ажлын жишиг үнэ шинэчлэгдэн, мөрдөгдөж байгаатай холбоотойгоор зураг төслийн ажлыг 260 000 000 төгрөгөөр шинэчлэн боловсруулах саналыг судлан үзээд, зөрүү 124 000 000 төгрөгийг 2013 оны төсвийн тодотголд оруулахаар шийдвэрлэв” гэж тэмдэглэгдсэн.
Үүний дараа 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ИШСЗТНЗАА2-03/11 тоот “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа сунгалт-1” гэрээг шинэчилж байгуулсан. Ингээд гэрээний дагуу барилын зураг төсвийн ажлыг хийж дуусган, 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр улсын магадлал хийлгэн хүлээлгэн өгсөн. Манай компани өнөөдрийн байдлаар дээрх зураг төсвийн ажлыг гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 136 000 000 төгрөг хүлээн авч, үлдэх 124 000 000 төгрөгийг авч чадаагүй л байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар удаа дараа хүсэлт гаргаж байсан ба 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3/392 тоот албан бичиг, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/2661 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3/3785 тоот албан бичгүүдээр “барилга угсралтын ажил эхлэхэд эхний санхүүжилтээс шийдвэрлэнэ”, “тухайн барилга угсралтын ажлын хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн үед танай гүйцэтгэсэн ажлын нэмэлт хөрөнгө олгогдох боломжтой” гэх зэрэг хариу өгсөөр ирсэн. Иймд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 124 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болорчулуун хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага улс Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар юм. Уг гэрээтэй холбоотой ажлыг Нийслэлийн засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 899 дүгээр захирамжаар зохион байгуулсан байдаг. Дээрх захирамжийн 2 дахь заалтад барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын ерөнхий инженер Л.Алтангэрэлд даалгасан.
... Нийслэлийн Захирагчийн албаны ажлаас зохион байгуулагдсан ажилд нэхэмжлэгч “Гандирс Орд” ХХК шалгарч, гэрээ байгуулахаар манай байгууллагад шилжээд ирсэн. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн 3 дахь заалтад заасны дагуу хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан. Маргаан бүхий гэрээг талууд 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан. Гэрээний нэг тал болох Нийслэлийн засаг даргыг төлөөлж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр, гүйцэтгэгчээр “Гандирс Орд” ХХК,санхүүжүүлэгчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэс оролцож, 3 талт гэрээ байгуулсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил юм. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
2. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаа буруу тодорхойлсон. Уг гэрээ нь 3 нь талт гэрээ юм. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хариуцагч биш. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 899 дүгээр захирамжид тодорхой зааж өгсөн. Дээрх ажлыг Нийслэлийн захирагчийн албанаас зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зөвхөн захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхээр оролцсон. Бид хариуцагчийг тодорхойлох боломжгүй, нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна.
Манайх энэ гэрээнд ямар чиг үүрэгтэй оролцсон бэ гэхлээр хяналтаа тавьсан, нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, холбогдох баримтыг бүрдүүлээд санхүүжүүлэгч буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. Манайх эрх бүхий байгууллага биш байхад 124 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Гандирс Орд” ХХК нь хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-т холбогдуулан гэрээний үүрэг болох 124 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “... хариуцагч биш, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан байх тул хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний” ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерт “Гандирс Орд” ХХК 136 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр санал болгон шалгарч, зохигчдын хооронд 2012 оны 04 дугаар сарын 04-ний өдөр №ИШСЗТНЗАА2-03/11 тоот /Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ИШСЗТНЗАА2-03/11 тоот “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа сунгалт-1” гэрээ/-нүүдийг тус тус байгуулжээ. /х.х-ийн 11-29 тал/
Уг гэрээгээр гүйцэтгэгч “Гандирс Орд” ХХК нь захиалагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай “Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн шинэ барилгын зураг төсвийг боловсруулах /ажлыг/ гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацааг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна. /х.х-ийн 13-28 тал/
Түүнчлэн нэхэмжлэгч нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаар тушаалаар “зураг төсвийн ажлын жишиг үнэ “БД81-16-12” батлагдсантай холбоотойгоор гэрээний үнийн /зураг төсвийн үнэд/ дүнд өөрчлөлт оруулах саналаа хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлж байсан тухайд талууд маргаагүй.
Өөрөөр хэлбэл “Гандирс Орд” ХХК нь дээрх ажлыг тендерийн бичиг баримтад тусгагдсан 136 000 000 төгрөгийн үнэлгээнээс илүү үнээр буюу 124 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, 260 000 000 төгрөгөөр гүйцэтгэх, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нэмэлт санхүүжилтийг 2013 оны төсвийн тодотголоор оруулан шийдвэрлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 32-53 тал/
Дээрх үнийн өөрчлөлтийн асуудлыг талууд харилцан зөвшилцөж, зураг төслийн ажлыг 260 000 000 төгрөг байхаар гэрээг шинэчлэн боловсруулах саналыг судлан үзэж, зөрүү 124 000 000 төгрөгийг 2013 оны төсвийн тодотголоор оруулахаар шийдвэрлэн, энэ тухайгаа гэрээ дүгнэсэн протоколд тусгажээ. /х.х-ийн 25 тал/
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, 42 дугаар зүйлийн 2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд бичгийн хэлцэл хийсэн гэж үзэхээр тус тус заажээ.
Хэрэгт баримтаар Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан тухай акт авагдсан байна. /х.х-ийн 29 тал/
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-т “захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж тус тус заажээ.
“Гандирс Орд” ХХК нь дээрх ажлыг тендерийн төсөвт тусгагдсан 136 000 000 төгрөгийн хэмжээг 124 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 260 000 000 төгрөгөөр ажлыг гүйцэтгэж, хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, актад гарын үсэг зурж баталгаажуулсан гэж үзэхээр байна. /х.х-ийн 29 тал/
Зураг төсвийн ажлын жишиг үнэ гэх баримт бичигт өөрчлөлт орсонтой холбоотойгоор гүйцэтгэх ажлын төсвийн хэмжээ нэмэгдсэн байх бөгөөд “Гандирс Орд” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 345 дугаар зүйлийн 345.2, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2-т заасантай нийцсэн гэж үзнэ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах харилцаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн зохицуулалт үйлчлэх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан бараа ажил үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна гэж заажээ.
Хэдийгээр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөв боловсруулах “ажлыг тендерийн төсөвт тусгагдсан үнэлгээг 124 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 260 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр нэмэлт гэрээ буюу гэрээ дүгнэсэн протокол гэх баримт үйлдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27, 28, 29, 40, 41 дахь заалтыг зөрчсөн нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус байхыг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д тусгайлан заасан байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.
Түүнчлэн гэрээ хожим хүчин төгөлдөр бус болох нь нөгөө талд хийсэн ажлыг хүлээн авсан, түүний хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Гүйцэтгэсэн ажлыг хариуцагч хүлээн авч, акт үйлдсэнээ хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 124 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Гандирс Орд” ХХК-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч “Гандирс Орд” ХХК-иас ажлын хөлсний дутуу болох 124 000 000 төгрөг гаргуулах тухай албан бичиг, шаардлага удаа дураа хүргүүлж байсныг хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 3/392 тоот, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/2661, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3/3785 тоот албан бичгүүдээр тус тус хариу өгч байжээ. /х.х-ийн 44-46 тал/
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж, мөн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж, мөн хуулийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн хуулийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гарах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” тус тус гэж заажээ.
Иймд хариуцагчийн “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н Х о г-аас 124 000 000 /нэг зуун хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г О” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Г О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н Х о г /-/-аас 777 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г О” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ