Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 218

 

Б.Ариунжаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг  Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Архангай  аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0226 дугаар магадлалтай, Б.Ариунжаргалын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг 9.1.2, 10 дугаар зүйлийн 10.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.15 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Ариунжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0226 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунжаргалд “сонгон шалгаруулалт зарлах тухай” аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн өгсөн мэдэгдлийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зарласан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Тухайн маргаан бүхий акт болох Засаг даргын мэдэгдэлд “Таныг аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилохдоо одоо эрхэлж байгаа ажлын байр буюу 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт зарлаагүй, урьд зарласан 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн тухайн албан тушаалд томилсон нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны  60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7.5-д “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна” гэсэн зохицуулалтад нийцээгүй байна. Мөн журмын 8.1.4-д зааснаар тухайн албан тушаалд томилогдох ажилтанд нэр дэвшигчдийг хэрхэн сонгосон тухай болон тэдний нэрс, дүнгийн жагсаалтыг нийтэд мэдээлэх, 9.2-д зааснаар Боловсролын газар нь сонгон шалгаруулалтын дүнг Төрийн албаны зөвлөлд албан бичгээр болон файлаар ирүүлэх аймгийн Боловсролын газрын хүлээсэн үүрэг хэрэгжээгүй байгааг дурдах нь зүйтэй. Иймд таны ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, хууль журамд нийцүүлэх шаардлагатай байгааг мэдэгдье” гэсэн сонгон шалгаруулалт зарлах тухай мэдэгдэл нь албан ёсны тамга тэмдэгтэй тухайн Захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. 37.2-д “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж хуульчилсан байдаг.

Гэтэл Давж заалдах шатны шүүх нь маргаан бүхий захиргааны акт авагдаагүй, үүнийг нийтэд илэрхий захиргааны акт гэж үзэх боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Тухайн маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн мэдэгдлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд нотлох баримтуудын 1 гэсэн дугаарт тэмдэглэн хавсаргаж өгсөн ба хавтаст хэрэгт авагдсан байгааг анхаарч үзнэ үү.

Мөн тухайн Б.Ариунжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль эрх зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоонд сул орон тоо гараагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа.

2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 6/13 тоот Архангай аймгийн засаг даргын “Б.Ариунжаргалыг ажилд томилох тухай” захирамж, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн Засаг даргатай байгуулсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунжаргал нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээнүүдээр хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэнийг нотолж байна.

9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунжаргалын хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй буюу тухайн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байхад сул орон тоо гарсан гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч тал нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунжаргалтай үр дүнгийн гэрээ байгуулсан нь тухайн албан тушаалыг сул орон тоо гэж үзээгүй өөрсдөө сул орон тоо биш гэдгийг хүлээн зөвшөөрч тухайн гэрээг байгуулсан гэж үзэж байна.

Засаг дарга нь сонгон шалгаруулалт зарлах эрхгүй.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөлд болон аймаг нийслэлийн боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ” гэж заасан байхад Засаг дарга Ц.Мөнхнасан нь өөрөө сонгон шалгаруулалтыг зарласан байдаг. Тухайн сонгон шалгаруулалтыг аймгийн Засаг дарга зарласныг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунжаргалд ирүүлсэн “сонгон шалгаруулалт зарлах тухай” мэдэгдлээс тодорхой харагдана.

Иймд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0226 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь Архангай аймгийн Засаг дарга болон тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад холбогдуулан Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зарласан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна. 

Нэхэмжлэлд тухайн сонгон шалгаруулалттай хамааралтай, сонгон шалгаруулалт зарласан захиргааны байгууллагын шийдвэр авагдаагүй, нэхэмжлэгч нь зөвхөн сонгон шалгаруулалт явагдах болсныг мэдэгдсэн аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдлийг гол нотлох баримт болгож шүүхэд ирүүлжээ.

Маргаан бүхий захиргааны акт хэрэгт байхгүй байхад шүүх энэ эрх зүйн актад үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүйг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой заасан байна.

Шүүх маргаан бүхий захиргааны актыг хэргийн оролцогчдоос гаргуулан авсны үндсэн дээр тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хариуцагч тус бүрийн тухайд дүгнэж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, энэ үйл баримттай хамааралтай маргаж буй захиргааны акт хэрэгт авагдаагүй байгааг магадлалд тодорхой дүгнэсэн байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй “мэдэгдэл”-ийг захиргааны акт мөн хэмээн маргаж, магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан гомдлынхоо үндэслэл болгосон нь буруу байна.  

Дээр дурдсанаар нэгэнт нотлох баримт бүрэн биш байхад “...сул орон тоо гараагүй, ...Засаг дарга сонгон шалгаруулалт зарлах эрхгүй...” гэх гомдлын бусад үндэслэлээр хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0226 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                              Л.АТАРЦЭЦЭГ