Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01198

 

 Цэц хүрэл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/02820 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаар магадлалтай,

 Цэц хүрэл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т.Ганхуягт холбогдох, 

Орон сууц хөлсөлж суусны төлбөр 6,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцнаас албадан гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг  

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, хариуцагч Т.Ганхуяг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч Цэц хүрэл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанадад байгаа өрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газартай байгуулсан 2018 ны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02/18-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 2 дугаар байр хаягт байрлаж байгаа 5 давхар угсармал орон сууцны эзэмших эрхийг шилжүүлэн авсан.

Манай компани 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Т.Ганхуягтай 44 дугаартай Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г байгуулж, дээрх орон сууцны 44 тоот 2 өрөө байрыг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай, нэг сарын 450,000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслүүлсэн. Орон сууц түрээслэх 44 тоот гэрээний 2.3-т Түрээслэгч тал нь сар бүрийн 05-ны дотор түрээсийн төлбөр болох 450,000 төгрөгийг Цэц хүрэл ХХК-ийн ... дансанд шилжүүлнэ гэж заасан боловч түрээслэгч Т.Ганхуяг нь түрээсийн нийт хугацаанд түрээсийн төлбөрөө огт төлөлгүйгээр байранд оршин суусан. Тэрээр одоо ч уг байранд оршин суусаар байгаа болно. Түрээсийн гэрээний 4.4-т хэрэв түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасан.

Иймд талуудын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх гэрээний дагуу төлөөгүй төлбөр 4,050,000 төгрөг, алданги 2,025,000 төгрөг, нийт 6,075,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Тус байрны талаар Монгол Улс болон ОХУ-н хооронд өнөөдрийг хүртэл маргаантай байгаа. Өөрөөр хэлбэл 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны газар нь Монгол Улсын ард түмний өмч, дээрх байгууламж нь ОХУ-ын өмч гэсэн маргаантайгаар өнөөдрийг хүртэл явж байгаа. Маргаантай байдлыг далимдуулан өөрийн өмчлөлийн бус объектыг түрээслэх эрхгүй, түрээсэлж мөнгө олох гэсэн хуулийн этгээдүүд тус байрны оршин суугчдыг дарамталж түрээсийн гэрээ хийсэн. Өмчлөлийн маргаантай хугацаанд Цэц хүрэл ХХК болон тус хуулийн этгээдээс өөр гурван компани байрны цахилгаан, ус тасалж энэ байр бидний эзэмшил болсон гэж хэлэн хамгаалалтын алба авч ирж байгаад оршин суугчдыг хүчээр гэрээнд гарын үсэг зуруулж байсан. Цэц хүрэл ХХК-ийн байгуулсан гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОХУ-ын ерөнхийлөгчийн ХЭГ, Хилийн чанад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар шүүхэд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Бид хууль ёсны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэтэл 44 тоот орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа иргэн Т.Ганхуяг нь санаатайгаар саад учруулж байна. Т.Ганхуяг нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус зааснаар тус орон сууцыг өмчлөх гэрчилгээгүй, эзэмших, ашиглах эрхгүй бөгөөд хуулиар олгогдсон манай эрхийг санаатайгаар зөрчиж байна. Т.Ганхуяг нь манай байгууллагатай гэрээ байгуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл тус байранд хууль бусаар үнэ төлбөргүй амьдарч байна. Иймд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж 2 дугаар байр, 44 тоот орон сууцанд хууль бусаар сууж байгаа иргэн Т.Ганхуягийг тус орон сууцнаас албадан гаргаж, байрыг чөлөөлж, манай байгууллагын хуулиар олгогдсон өмчлөх эрхийг хангаж өгнө үү гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/02820 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 160 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Т.Ганхуягаас 6,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэц хүрэл ХХК-д олгож, хариуцагч Т.Ганхуягийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж 2 дугаар байр, 44 тоот орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,550 төгрөг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 116,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэц хүрэл ХХК-д, 70,200 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОХУ-ын ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Холбооны улсын үйлдвэрийн газарт олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17ы өдрийн 101/ШШ2019/02820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 160 дугаар зүйлийн гэснийг 106 дугаар зүйлийн гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Т.Ганхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 113 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Би 2015 онд анх БЗД, 5 хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 44 тоотод ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх газрын Хилийн чанд байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах газраас дамжуулан түрээслэх эрх бүхий Энхүүд ХХК-тай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж уг орон сууцанд нүүж орсон. Энхүүд ХХК-тай 2017 оны 07 сарын 16-наас 2018 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл орон сууц хөлслөх гэрээ байгуулж орон сууцны төлбөрийг тогтмол төлж ирсэн бөгөөд ЭнхүүдХХК-тай байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 3 сард Цэц Хүрэл ХХК-ны хүмүүс ирж орон сууцны түрээсийн гэрээг манай компанитай байгуулах ёстой гэсэн шаардлага тавьж орон сууцны хэрэглээний халуун ус, тог цахилгааныг тасалсан. Тус маргаан бүхий орон сууцны түрээслэгч нар нийлж Цэц Хүрэл ХХК- аас ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх газрын Хилийн чанд байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах газраас зөвшөөрөл олгогдсон эсэх, дамжуулан түрээслэх зөвшөөрөл болон холбогдох бичиг баримтыг үзүүлэхийг шаардахад ямарч бичиг баримт байгаагүй. Миний хувьд бага насны 2 нялх хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд Орон сууцны түрээсийн гэрээнд гарын үсгээ зурвал тог цахилгаан, хэрэглээний халуун усыг нээнэ гэсэн хясан боогдуулсан саналыг хүлээн зөвшөөрч Түрээсийн гэрээ гэх гэрээнд хүчээр гарын үсэг зурсан. Белозеров.В.В-д 131 тоот итгэмжлэлээр амины орон сууцны зориулалтаар бусдад 3 сар хөлслүүлэх, 3 сар хөлслүүлэхдээ Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газартай бичгээр урьдчилан зөвшилцсөний үндсэн тусгай загварын гэрээ байгуулах эрх олгогдсон байхад Итгэмжлэлд олгогдоогүй түрээсийн гэрээг 3 дагч этгээдэд дамжуулан Цэц хүрэл ХХК-тай байгуулж улмаар Цэц хүрэл ХХК-ны гуравдагч этгээдэд хууль бусаар 9 сарын хугацаатай түрээсэлсэн. Итгэмжлэлд заасны дагуу буюу түншийн эрэлт явуулах зорилгоор Белозеров.В.В нь 3 сарын хугацаатай Хуулийн этгээдийг байршуулах гэрээ хийх эрхтэй боловч итгэмжлэлээр олгогдоогүй үйлчилгээ үзүүлэх байршуулах гэрээг үзүүлж 3 дагч этгээдэд хөлслүүлэх эрхгүй болох нь тогтоогдож байна. Тодруулбал Гүйцэтгэгчийн эд хөрөнгө буюу ОХУ-ын эд хөрөнгө дээр Захиалагч болох Цэц хүрэлХХК-д эрх үүсэхгүй гэдгийг шууд зааж өгсөн байхад Цэц хүрэлХХК-нь 3 дагч этгээдэд хууль зөрчиж Орон сууц хөлслөх гэрээг дур мэдэн байгуулсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 56.1.1, 59.2, 189.1 дах заалтыг үндэслэж 2018 оны 04 сарын 03-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргахад сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх газрын Хилийн чанд байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах газраас Белозеров.В.В олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл гарын үсэг, тамга тэмдэггүй буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан болно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх газрын Хилийн чанд байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах газар нь Монгол улс дахь ОХУ-ын төлөөний газарт ажилладаг гэх Белозеров.В.В гэх хүнд 2017 оны 10 сарын 27-ноос 2018 оны 11 сарын 31-ний өдөр хүртэлх 131 тоот итгэмжлэлийн хуулийн хугацаа дууссан. Цэц хүрэл ХХК болон Т.Ганхуяг нарын хооронд байгуулсан түрээсийн байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, хэргийн үйл баримт болон нотлох баримтаар хүчин төгөлдөр бус нотлогдож байхад, Белозеров.В.В нь ОХУ- ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Гадаад орнуудыг төлөөлөх төлөөний газрыг шүүхэд төлөөлөх итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй /гарын үсэг тамга тэмдэг огт дарагдаагүй/, Белозеров.В.В-ын төлөөлөх итгэмжлэлийн хугацаа дууссан байхад БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд улсын дээд шүүх хэргийг тал бүрээс нь бодитой үнэлж шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Цэц хүрэл ХХК нь Т.Ганхуягт холбогдуулан орон сууцны хөлс 4,050,000 төгрөг, алданги 2,025,000 төгрөг нийт 6,075,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, гуравдагч этгээд ОХУ-ын ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн орнуудын төлөөлөгчийн газар нь орон сууцыг чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. Хариуцагч нэхэмжлэл, бие даасан шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэл, бие даасан шаардлагыг тус тус хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байр, 5 давхар угсармал барилга ОХУ-ын өмч бөгөөд тус улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар нь Цэц хүрэл ХХК-тай үйлчилгээ үзүүлэх, байршуулах гэрээ байгуулж, байрны эзэмшлийг шилжүүлэн хариуцуулсан, хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2018.04.03-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулжээ /хэргийн 4-19 дүгээр тал/. 

Уг гэрээнд зааснаар Т.Ганхуяг нь тус байрны 44 тоотын 2 өрөө орон сууцыг 2018.04.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэл хугацаанд эзэмшиж ашигласны хөлсөнд сар бүр 450.000 төгрөг төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байна.  

Зохигчийн тайлбар, гэрээний агуулгаас үзвэл, талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-т нийцжээ.  

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч орон сууцны хөлсийг хугацаанд нь төлөөгүй тул нэхэмжлэгч хөлс, алданги шаардсан нь хууль зөрчөөгүй байна.  

Түүнчлэн зохигчийн хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан, хариуцагч орон сууцыг анх авсан байдлаар нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул өмчлөгч болох гуравдагч этгээд орон сууцыг чөлөөлүүлэхээр шаарджээ.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэл, бие даасан шаардлагыг тус тус хангасан нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг буруу бичжээ. Уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.  

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан, итгэмжлэлийн хугацаа дуусаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байх тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.  

Хариуцагчийн ...түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүгчийн 2019.10.16-ны өдрийн 16447 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг зөрчөөгүй байна.  

Иймд хариуцагчийн ...хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах тухай гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганхуягийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 112,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН 

Х.ЭРДЭНЭСУВД