Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 133/2018/00065

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: П.Л-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: ГААГХБХБГ-т холбогдох,

ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Л нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай гомдол гаргаж Захиргааны хэргийн шүүхээд шийдвэрлүүлэн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан билээ. Уг шийдвэр гарсанаас хойш тухайн албан тушаалтан одоо хүртэл шүүхийн шийдвэр биелүүлээгүй байгаа бөгөөд биелүүлэх боломжгүй тухай албан бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсэн байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тасалбар болгон тогтоож өгнө үү. 2017 оны 02 дугаар сарын 21-нд ажлаас чөлөөлөгдсөн. Энэ ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаа үндэслэлгүй гэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарч ажилд томилогдсон байгаа. Ингээд тухайн 07 дугаар сарын 16-ны өдөр миний цалинг тасалбар болгон олгогдохоор заасан байсан. Үүнээс хойш захиргааы хэргийн давж заалдах шат, хяналтын шатны шийдвэр гаргаад үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох бичиг баримтаа өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгүүлж өгөөч гэхэд одоо хүртэл ажилдаа аваагүй. Үүний дагуу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өдрийн цалингаа нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан. Миний ажлын байрны талаар ярьлаа. Эхнээсээ манай байгууллагын бүтцэд байгаагүй гэдэг тайлбар яриад байна. Анхнаасаа намайг Засгийн газрын 55 дугаар тогтоолоор тээврийн авто замыг татан буулгаад Тамгын газарт шилжүүлсэн. Тухайн үеийн даргад удирдлагууд энэ газрын ажилтан гэж намайг тийшээ шилжүүлээгүй. Одоо байгаа бичиг баримтад танай бүтцэд оруул гэсэн юм биш. Удирдлагаар нь хангаад адил чиг үүрэг хэрэгжүүлж байгаа хүнтэй адил цалин тамгын газраас олгож байсан. М.Ууган-Эрдэнэ даргын шийдвэр тамгын газрын ажилтанг хамаагүй хүн халчихсан. Заавал бүтцэд байх гээд байгаа юм биш. Зүгээр чиг үүргээр нь хангаад тэнд нь ажиллаад багаж тоног төхөөрөмж аймгийн нөөц бололцоог ашиглаад ажиллуулж байгаа хувилбар. Харин цалинг тэнд ажиллуулаад захиалагчийн хяналтын зардлаас Тамгын газрын шийдвэрээр гаргаад явж байсан. газрын харилцаа барилга хот байгуулалтын үндсэн бүтцээс геодиз зураг зүйн газраас ирдэг санхүүжилтээс нь нэг ч удаа цалин авч байгаагүй. Тэгэхээр үүн дээр бүтцийн талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа 2 үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт Засгийн газрын тогтоолоор татан буугдсан байгууллагын ажилтныг Тамгын газрын мэдэлд шилжүүлсэн тогтоолын заалт байгаа, Тамгын газар тогтоолоос илүү тушаал гаргаад манайх руу шилжүүлсэн. Цалингийн сан нийгмийн даатгал бусад асуудлуудыг шийдсэн байх гэж ойлгож байгаа боловч тийм зүйл байхгүй. Хоёрдугаарт тус газарт энэ хүнийг ажиллаж байсан гэж байгаа орон тоо байхгүй. Энэ талаар гарсан тушаал шийдвэр орон тоо бүтцийн холбогдолтой зүйлүүд хэргийн материалд байна. Энэ 2 үндэслэлээр үндэслэлгүйгээр томилж цалин олгож байсан гэж тухайн үеийн томилж байсан асуудлуудыг зөвшөөрөхгүй. Нөхөн олговрын хувьд орон тоо үндсэн ажилтнаар ажиллаагүй учраас цалин, нөхөн олговор өгөх асуудал байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч П.Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Л нь хариуцагч ГАА ГХБХБГ-тхолбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч П.Л нь ГАА ГХБХБГ-ын тээвэр авто замын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн, улмаар П.Л нь ГАА ГХБХБГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоогдсон болох үйл баримт нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 687 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 682 дугаартай захирамж зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, мөн зүйлийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан байхад Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийдвэрийг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь бүтэц орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүх дээр дурдсан хууль зүйн факт буюу үйл баримт, түүний нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч П.Л-ын ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг бодитойгоор биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

Шүүхийн шийдвэр бодитойгоор биелээгүй буюу зөрчигдсөн эрх болох цалин хөлсөө авч чадаагүй бүхий л хугацааны цалинг тооцон олгох нь зүйтэй юм. Иймээс ажилтны ажилгүй байсан хугацааг Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гарсны маргааш буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 416 хоногоор тооцон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй байна.

 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч П.Лын 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 645.673 + 910.352 + 780.413 = 2.336.438 төгрөг, 2.336.438 : 3 = 778.812 төгрөг байна. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 778.812 : 21.5 = 33.223 төгрөг байна. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал нийт ажлын 416 хоногийн цалинг тооцож 13.820.768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Л-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГАА ГХБХБГ-тдаалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 13.820.768 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 227.054 /хоёр зуун хорин долоон мянга тавин дөрвөн/ төгрөгийг хариуцагч ГАА ГХБХБГ-аас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч ГАА ГХБХБГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 416 хоногийн олговорт 13.820.768 /арван гурван сая найман зуун хорин мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Л-т олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Лын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ГАА ГХБХБГ-тдаалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 13.820.768 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 227.054 /хоёр зуун хорин долоон мянга тавин дөрвөн/ төгрөгийг хариуцагч ГАА ГХБХБГ-аас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН