Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 1076

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01076

Улаанбаатар хот

  

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Баруун баян Уул 00 гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Боржигон овогт Н. Т  /рд:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах, З.Т.Н /рд:000000/-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , хариуцагчийн өмгөөлөгч Н.Б  /ШТЭҮД-0000/, гэрч П.Н , М.Б , У.С , нарийн бичгийн дарга Ц.Г  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н  овогтой Төрбат би 0000 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэгдүгээр баазад жолоочоор ажиллаж байгаад 0000 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Автобус-1 ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаар үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын 0000 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн  тоот тогтоолоор орон тооны даргаар 4 жил ажилласан. З.Т.Н-ын Автобус-1 баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаар 0000 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэр 00 тоот тогтоолоор орон тооны даргаар тогтоогдон ажилласан. Энэ хугацаанд З.Т.Н -ын дарга Г.Т , орлогч дарга Б.Д , техникийн албаны дарга Б.Э , хуулийн зөвлөх Ц.Б , нэгдүгээр баазын дарга н.Б  нар нь үйлдвэрчний эвлэлийн хороодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй, санхүүгүй болгож, даргаар томилогдсон Н.Т-г цалингүй болгож, байгууллага руу оруулахгүй, гишүүдтэйгээ хурал хийхэд нь хурлаас хөөх зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас З.Т.Н-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 тоот тогтоолоор Н.Т-г үндсэн автобусны жолоочийн ажил мөн З.Т.Н-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон даргын ажлыг орон тооны бусаар хавсран ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч өмнөх шүүх хурал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Т  намайг үйлдвэрчний эвлэлийн хороон дарга биш гэж хэлж байсан хэрнээ Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар эргээд ажилдаа орохыг хүсч, үйлдвэрчний эвлэлийн орон тооны бусаар ажиллахаар болсон гэдгээ хэлээд өргөдлөө өгөхөд “ажлаас чөлөөлөгдөөгүй байна, чөлөөлөгдсөн тогтоол шийдвэрээ авчир, үйлдвэрчний эвлэлийн хороон даргыг огт хийхгүй болсон тохиолдолд таныг ажилд авах боломжтой” гэсэн хариу өгсөн. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, Тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрэм, Зорчигч тээврийн нэгтгэл, ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дотоод үйл ажиллагааны журмуудад орон тооны болон орон тооны бус гэсэн байгаа. Орон тоогоор ажиллана гэдэг нь ажлаас бүрэн чөлөөлөгдөж, тухайн байгууллагын хийх ёстой үндсэн ажлаа хийхгүйгээр үйлдвэрчний эвлэлийн хороон даргыг хийх, хийснийхээ төлөө хороодын гишүүдийн татвараар цалинждаг. Орон тооны бус нь тухайн хүн өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэж цалин хөлс авахын зэрэгцээ гишүүдийн татвараас урамшуулал гэж авдаг. Иймд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн орон тоогоор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн учраас З.Т.Н-ын Автобус нэгдүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Н.Т  жолоочийн цалинг 0000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тоолж ажлын 00 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4 606 389 төгрөгийг олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , өмгөөлөгчийн хамт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Н.Т  нь 0000 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэгдүгээр баазад нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 0000 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаар Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажилласан.  0000 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр З.Т.Н-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байна. З.Т.Н-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдохдоо З.Т.Н-ын ажилчдын бүх гишүүдийн хурлаар сонгогдоогүй. Есөн тэргүүлэгчдийн хурлаар сонгогдсон байдаг. 0000 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00 тоот албан бичгээр байгууллагад ажилд авах тухай хандсан байдаг. Зорчигч тээврийн нэгтгэлээс 0000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт үндсэн ажлаас чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан... түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс буурахгүйгээр ажил олгохоор заасан байна. Хуульд зааснаар иргэн Н.Т  нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргээс чөлөөлөгдөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажлыг хийсээр байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т  нь хариуцагч З.Т.Н-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд Н.Т  нь Улаанбаатар хотын компанийн захирлын 0000 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 00 дугаар тушаалаар Хайлаас бригадад  томилогдон ажиллаж байхдаа ОНӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлын 0000 оны 3 дугаар сарын 02-ний өдрийн 00 тоот тогтоолоор  үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож, дээрх үндэслэлээр ОНӨҮГ-ын захирлын 0000 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 000 тоот тушаалаар түүнийг жолоочийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. 

 

Улмаар Н.Т  нь З.Т.Н ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын 0000 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00 дугаар тогтоолоор үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар дахин  сонгогджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...0000 оноос хариуцагч байгууллагын удирдлагууд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, нөлөөлж үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цуглуулах боломжгүй, байгууллагын хашаагаар орох боломжгүй, гишүүдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжгүй болгосныг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд, 0000 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 00 тоот тогтоолоор Н.Т-г орон тооны бус эвлэлийн хороон дарга болон жолоочийн ажлыг давхар хийлгэхээр шийдвэрлэсэн тул жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарласан.   

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ “...Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт үндсэн ажлаас чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан, ...түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс буурахгүйгээр ажил олгохоор заасан. Н.Т  нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргээс чөлөөлөгдөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл сонгуульт ажлаа хийсээр байгаа” тайлбарлан маргасан.

 

З.Т.Н-ын  ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын 0000 оны 12 дугаар сарын 19-ний 13 дугаар тогтоолоор Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, З.Т.Н-ын  ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалтыг тус тус үндэслэн Н.Т-г орон тооны бус даргаар ажиллуулж, үндсэн ажлынх нь цалингийн 40 хувийн нэмэгдэл цалинг 0000 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс сар бүр Н.Төрбатад олгохооор шийдвэрлэсэн байна.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд орон тооны бус дарга ажиллах талаар хуульчлан зохицуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийнхүү тогтоол гаргасан үндэслэлээ “...Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дүрмийн 12 дугаар зүйлийн 12.10-т “...анхын шатны үйлдвэрчний эвлэлийн хороо дотоод үйл ажиллагааны журамтай байж болно”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “...үйлдвэрчний эвлэл нь ... бүтэц зохион байгуулалт, орон тооны асуудлаа өөрсдөө шийдвэрлэнэ” гэж заасныг дагуу 0000 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 00 тоот тогтоолоор З.Т.Н-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дотоод үйл ажиллагааны журам баталж, уг журмын 7.10-т “З.Т.Н-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг орон тооны дарга буюу орон тооны бус даргаар ажиллаж болно” гэж заасныг баримтлан Н.Т-г орон тооны бус даргаар томилсон” гэх агуулга бүхий тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч энэхүү тогтоол нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс нь буурахааргүйгээр ажил олгоно” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.Т-г сонгуульт ажлаа эрхэлж байгаа гэх үндэслэлээр ажилд эгүүлэн томилохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсгийг баримтлан хариуцагч З.Т.Н-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Н.Т  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ