Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1489

 

  

 

                                                         

 

 

   

 

2019 оны 6 сарын 25 өдөр                   Дугаар 183/ШШ2019/01489                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хийн / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эд / холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Х нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Ар зайсан гудамж, 100/6 байр, 41 тоотод байршилтай 101,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч. Гэтэл энэ орон сууцанд 2016 оноос Х.Э нь хууль бусаар оршин сууж байрыг суллаж өгөхгүй, өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж чадахгүй байна. Иймд улсын эрхийн бүртгэлийн Ү-2206041245 дугаартай бүртгэлтэй орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа Х.Эыг албадан нүүлгэж, байрыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

БНХАУ-ын иргэн Х нь Х.Эд холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ өмчлөгч тул өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гардуулан өгч, эрх үүрэг тайлбарласан боловч зөвшөөрөх эсхүл татгалзсан талаархи тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

БНХАУ-ын иргэн /Нugejilletu/-с БНХАУ-ын иргэн /Не Li Qiang/ Х нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Ар зайсан гудамж, 100/6 байр, 41 тоот орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр авч өмчлөгч болсон нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ, улсын эрхийн Ү-2206041245 дугаарт бүртгэгдэн олгогдсон 000484661 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгчийн тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн хувь хууль ёсны байх, хариуцагчийн эзэмшил нь хууль бус тохиолдолд шаардах эрх үүсэх юм.

 

Уг хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөл нь хууль ёсны эсэхэд маргаагүй, уг орон сууцыг хууль буюу гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй тул Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Ар зайсан гудамж, 100/6 байр, 41 тоотод байрлах, 101,65 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Х.Эы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Х.Эд түүний шүүхэд мэдүүлсэн хаягаар товыг мэдэгдэхээр хүргүүлэхэд ээж Д.Наран нь хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчээс эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Хийн өмчлөлийн улсын эрхийн Ү-2206041245 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Ар зайсан гудамж, 100/6 байр, 41 тоотод байрлах, 101,65 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Эы  хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ