Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1013

 

 

 

 

 

 

 

 

 

Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00682 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х-ийн хариуцагч Х.Э-д холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Х- нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Ар зайсан гудамж, 100/6 байр, 41 тоотод байршилтай 101.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч. Гэтэл энэ орон сууцанд 2016 оноос Х.Э- нь хууль бусаар оршин сууж байрыг суллаж өгөхгүй, өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж чадахгүй байна. Иймд улсын эрхийн бүртгэлийн Ү-2206041245 дугаартай бүртгэлтэй орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа Х.Э-ыг албадан нүүлгэж, байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Ар зайсан гудамж, 100/6 дугаар байр, 41 тоот хаягт байршилтай 101,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Х.Э- /РД:ЧЗ77092017/-ны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 837 750 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т “...Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн шүүгчээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн боловч шүүх хуралдаан даргалагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т “Татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэх байтал зөвлөлдөх тасалгаанд орж асуудлыг хэлэлцэлгүй орхиж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнээс гадна шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т “Татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн114.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т “Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасныг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х- нь хариуцагч Х.Э-д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шаардсанд хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар зайсан гудамж, 100/6 дугаар байр, 41 тоот хаягт байршилтай 101,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг БНХАУ-ын иргэн Хөгжилт /Hugejilletu/-өөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр авсан үйл баримт хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, Ү-2206041245 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна./хэргийн 6, 41 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийн оролцогчдоос шүүх бүрэлдэхүүнээс татгалзах эсэхийг асуухад татгалзах хүсэлт гаргаагүй байна. Харин шүүхээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргасан нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дах хэсэгт заасан журмын дагуу гаргасан хүсэлтэд тооцогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийг татгалзан гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзах хүсэлтийг гаргаагүй байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 92 дугаарзүйлийн 92.6 дах хэсгийг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1553 дугаар магадлалаар хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дагуу хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг шийдвэрлэсэн боловч хариу тайлбар гаргахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянн шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 лэх хэсгт зааснаар татгалзсан тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргах үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсанд тооцогдоно. Тодруулбал, хариуцагч маргаан бүхий орон сууцыг хууль болон гэрээний дагуу эзэмшиж байгаа буюу түүний эзэмшил нь хууль ёсны болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зохицуулжээ.

 

Мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусаж, нотлох баримтыг шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан завсарлаж шүүгч шийдвэр үйлдэхээр зөвлөлдөж, улмаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийн оролцогч нарт шийдвэрийг танилцуулсан нь тэмдэглэлд тусгагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийг зөрчсөн гэх үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                       С.ЭНХТӨР