Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00540

 

 

**************-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00682 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1013 дугаар магадлалтай,

 

БНХАУ-ын иргэн **************-ийн нэхэмжлэлтэй

Х.Энхтайванд холбогдох

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч **************-аас*******д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00682 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Ар зайсан гудамж, 100/6 дугаар байр, 41 тоот хаягт байршилтай 101.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч******* /РД:ЧЗ77092017/-ны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 837,750 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1013 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие ИХШХШТХуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасныг үндэслэн шүүгчээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн боловч шүүгч ИХШХШТХуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасны дагуу шийдвэрлэх байтал зөвлөлдөх тасалгаанд орж асуудлыг хэлэлцэлгүй орхиж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлснийг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Үүнээс гадна шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж, улмаар гаргасан болно.

Шүүгчийн дээр дурдсан үйлдлүүд нь ИХШХШТХуулийн 92 дугаар зүйлийн 92.4, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч ************** хариуцагч*******д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар зайсан гудамжны 100/6-р байр, 41 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

7. Нэхэмжлэгч өөрийг нь өмчлөгчөөр бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000484661 дугаартай гэрчилгээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байх бөгөөд хоёр шатны шүүх маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь баримтаар нотлогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан тул нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа хариуцагчийн эзэмшил хууль бус эсэхийг анхаарах шаардлагатай.

 

9. Хэрэгт авагдсан баримтаар БНХАУ-ын иргэн Хөгжилт /Hugejiletu/ нь 2015.06.16-ны өдөр Юнайтед топ ассетс групп ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Гүррагчаатай Зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийн үнэ бүхий арматурыг 21 хоногийн хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцааны зүйл болох маргаж буй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/6 байрны 41 тоот хаягт байршилтай 101.65 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэх, Зээл авагч нь хугацаандаа авсан зээлээ төлөөгүй бол алданги тооцох, улмаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулж төлбөрийг төлж, үлдэх мөнгийг буцаан авах, маргаан гарвал Монголын Үндэсний Арбитраар хэргийг шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Гэрээний дагуу зээлдэгч гэрээ байгуулсан 2015.06.16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн, 2015.06.19-ний өдөр зээлдэгч Б.Гүррагчаа нь зээлдүүлэгч Хөгжилт /Hugejiletu/-д 300,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, үлдэгдэл 180,038,880 төгрөгийг тооцоо бүрэн дуусгаж НӨАТ-ын баримт авахаар Тооцоо нийлсэн акт үйлдсэн үйл баримт тогтоогджээ.

 

2015.06.16-нд маргаж буй орон сууц Юнайтед топ ассетс групп ХХК-ийн өмчлөлд байсан бөгөөд хариуцагч******* тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, компанийн захирал Б.Гүррагчаагийн зөвшөөрлөөр тус орон сууцыг эзэмшиж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байхад шүүх маргаантай үйл баримтыг тодруулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл маргаж буй орон сууцыг эзэмшиж байсан хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн үндэслэлээ шүүх дүгнээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

10. Түүнчлэн Юнайтед топ ассетс групп ХХК нэхэмжлэлийн шаардлага түүний эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа үндэслэлээр хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргажээ.

 

Тэрээр хүсэлтдээ: ...БНХАУ-ын иргэн Хөгжилт /Hugejiletu/-өөс авсан зээлийг төлж барагдуулсан, ...маргаантай байрны төлбөр тооцоо дууссан бөгөөд Хөгжилт /Hugejiletu/ нь арматур төмөр худалдсан НӨАТ-ын баримтыг өгч, үлдэгдэл тооцоо нийлнэ гэж өдөр хоногийг аргацааж байгаад Хятад улс руу яваад ирж уулзахгүй байсан, 2016.05.07-ны өдөр зээлийн барьцаанд байсан орон сууцыг бидний огт танихгүй БНХАУ-ын иргэн **************-тай хуйвалдаж, Бэлэглэлийн гэрээгээр түүнд шилжүүлэн өгч, санаатайгаар компанид хохирол учруулсан... гэж тайлбарласан бөгөөд хүсэлтэд хамаарах Арматур худалдах-худалдан авах гэрээ, Зээлийн гэрээ, барьцаа хөрөнгө, тооцоо нийлсэн акт зэрэг баримтыг хавсаргажээ.

 

Шүүх Юнайтед топ ассетс групп ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хүсэлт гаргагчийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

 

11. Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн байх бөгөөд хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шүүгчийн татгалзлыг шийдвэрлээгүй, зөвлөлдөх тасалгаанд орж асуудлыг хэлэлцээгүй, хэргийн зохигчийг шүүх хуралдааны танхимаас гаргаж зөвлөлдсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2 дахь заалтуудыг зөрчсөн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй боловч шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхийг хүссэн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00682 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1013 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2020.06.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД