Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 181/2018/01091/И |
Дугаар | 001/ХТ2021/01378 |
Огноо | 2021-11-11 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2021/01378
Тэргүүн ресурс ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00039 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 403 дугаар магадлалтай,
Тэргүүн ресурс ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Мөнгөн гүрэн ХХК-д холбогдох,
Ажилд гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Л.Атарцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаяр, Ч.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнгөн гүрэн ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Мөнгөн гүрэн ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших ашигт малтмалын хайгуулын 10669Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээний 2.1-т заасан ажлуудыг гүйцэтгэгч буюу манай компани хийж гүйцэтгүүлэх, ажлын нийт төсвийг 230,000,000 төгрөгөөр тохиролцож, холбогдох санхүүжилтийг захиалагч буюу Мөнгөн гүрэн ХХК гэрээний 3.1-т заасны дагуу төлөхөөр тохиролцсон. Мөнгөн гүрэн ХХК гэрээний 3.1-т заасны дагуу ..Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичсэний дараа 25 хувь буюу 57,500,000 төгрөгийн санхүүжилт хийх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс цаашид бичигдсэн нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хамгаалах боломжгүй болж, энэ тухай Мөнгөн гүрэн ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэж байсан ч тэд төлбөрийн асуудлыг удахгүй шийдвэрлэж, бичигдсэн нөөцийн тайланг авна гэсээр өдийг хүрч, гэрээгээр тохиролцсон бусад ажлыг үргэлжлүүлэн хийлгэх эсэх нь тодорхойгүй болсон. Бидний хийсэн ажлын төлбөрийг төлөх хугацааг элдэв шалтаг тоочиж хойшлуулсаар ирсэн атлаа өнөөдөр тус компани А лицензээ гаргуулах авсан болох нь тогтоогдсон. Өнгөрсөн хугацаанд бид гэрээнд заагдсан ажлаас 172,500,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс Мөнгөн гүрэн ХХК нь 132,500,000 төгрөгийг төлж, үлдэх 40,000,000 төгрөгийг төлөөгүй тул ийнхүү төлбөрийн үлдэгдэл 40,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Мөнгөн гүрэн ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тэргүүн ресурс ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний гол зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд тодорхой ажлуудыг хийж, лиценз авах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, геологийн зураглал, тайлан, байгаль орчны тайлан гаргах зэрэг ажлуудыг хийх байсан боловч гэрээний явцад ажил маш удаашралтай байсан. Тухайн 25 га талбайд дутуу өрөм тавьсан байдаг. Энэ нь мэргэжлийн шаардлага хангахгүй, үргэлжлүүлээд ажлаа хийх байх гэж маш удаан хүлээсэн. 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажлын нэмэлт хавсралт гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төлбөрт өөрчлөлт оруулсан. Гэрээний 1 дүгээрт Эрдэст баялгийн зөвлөлд Тэргүүн ресурс ХХК-аас тайланг хүлээлгэн өгч, нөөцийн тайлан бичих явцад 30,000,000 төгрөг, тайлан бичиж дуусган Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэж өгсний дараа нөөцийн тайлангийн 1 хувийг хэвлэмэл байдлаар Мөнгөн гүрэн ХХК-д хүлээлгэж өгсний дараа 40,000,000 төгрөг, Эрдэст баялгийн зөвлөл ордын нөөцийг баталж, зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагаас А лиценз гарсны дараа 15 хувь буюу 34,500,000 төгрөг, А лицензийг гар дээрээ хүлээж авсны дараа 10 хувь буюу 23,000,000 төгрөг төлөхөөр гэрээний хавсралт баталсан. Гэтэл гэрээ хэрэгжээгүй, удаашралтай байсан. Тэргүүн ресурс ХХК нь ажлаа хийсэн гэх боловч эдгээр олон тайлангуудаас нэгийг ч хүлээлгэж өгсөн баримт, материал байхгүй. 2014 оны асуудлыг 2018 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч Эрдэс баялгийн зөвлөлд материалыг хүлээлгэн өгсөн байх гэрээний үүргээ хэрэгжээгүй тул 40,000,000 төгрөгийг өгөх үүрэггүй.
Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойлогдож байгаа Иргэний хуулийн 343, түүний үндэслэл болж байгаа гэрээний 3.1, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хуульд заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00039 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дугаар зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан Мөнгөн гүрэн ХХК-аас 40,000,000 төгрөгийг гаргуулж Тэргүүн ресурс ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 403 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00039 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шүүхийн 403 дугаар магадлалыг бүхэлд нь үл гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг ямарваа байдлаар хязгаарлаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүхийн: ...шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн болох нь эргэлзээтэй... гэх дүгнэлтийн тухайд: Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15.00 цагт шүүх хуралдаан болохоор товлогдсоныг хэргийн оролцогчдод, ялангуяа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/ Б.Онолтуяа, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг нарт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76, 77 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч Мөнгөн гүрэн ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд бичигдсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлж, мэдэгдсэн байдаг. Улмаар хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт бичгээр гаргасан бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирох, гэрээгээр хэлэлцэн тохиролцсон хөлсөө бүрэн авч чадахгүй удсан, анх шүүхэд нэхэмжлэл 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргаснаас хойш хэрэг, маргаанаа шийдвэрлүүлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дахин сунгагдахад хүрч болзошгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.4 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хянан хэлэлцээд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхийн: ...хариуцагч хэрэгт авагдсан нотлох баримттай бүрэн танилцаагүй... гэх дүгнэлтийн тухайд: Энэ хэрэг нь урьд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор буцаан хүргүүлсэн байдаг. Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газарт хадгалагдаж буй баримтад үзлэг хийж нотлох баримт цуглуулж, бүрдүүлсэн. Үүнээс өөр байдлаар хэрэгт шинээр нотлох баримт нэмэгдээгүй бөгөөд үүнийг хариуцагч тал ч сайн мэдэж байсан. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн өдрөөс анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх хүртэлх 8 сар гаруйн хугацаанд хариуцагч тал хэрэгтэйгээ танилцах эрхээ хэрэгжүүлэх хангалтай хугацаа, боломж тэдэнд байсан. Миний хувьд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчлийг илрүүлснийг буруутгахгүй байгаа ч гагцхүү уг алдаа, зөрчлийг залруулах арга, журмыг зөв сонгон хэрэглээгүй хэмээн үзэж байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 403 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК нь Мөнгөн гүрэн ХХК-тай 2013.11.07-ны өдөр байгуулсан Хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажлын хөлс 40,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...Тэргүүн ресурс ХХК нь ажлаа хүлээлгэж өгөөгүй...,...хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлсэн... гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх ...хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй...,.... гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх үзлээ.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж заасны дагуу шүүхээс 2019.12.30-ны өдөр хуралдаан болох тухай мэдэгдлийг 2019.12.23-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг нарт хүргүүлсэн, 2019.12.30-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн баримт хэрэгт авагджээ.
Шүүх хариуцагчаас ирүүлсэн эмнэлгийн магадалгаа талуудын гаргасан хүсэлтийг хянаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт 2018.7.30-ны өдөр хэргийн материалтай танилцсан, 2019.3.12-нд хэргийг дахин шийдвэрлүүлэх тухай Улсын Дээд шүүхийн тогтоолоос хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмал, газрын тосны газарт хадгалагдаж буй баримт бичигт үзлэг хийхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө оролцож, үзлэгийн тэмдэглэлд гарын үсгээ зуржээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас гаргасан хүсэлт нэг бүрийг шүүх хэлэлцэж, нотлох баримтыг талуудын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай Шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч Ө.Уянга хэргийн талаар танилцуулсан, шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийг татгалзаагүй байгаагаас үзвэл ...шүүгчийг томилсон ерөнхий шүүгчийн захирамж байхгүй, хууль бус бүрэлдэхүүн... гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.
Иймд хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, үүний улмаас хариуцагчийн эрх зөрчигдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.
Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1 дүгээр зүйлийн 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж заасантай нийцэхгүй байна.
2. Зохигчдын хооронд 2013.11.07-ны өдөр байгуулсан хайгуулын ажлын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ болохыг, нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК нь гэрээний дагуу Мөнгөн гүрэн ХХК-иас ажлын хөлс шаардах эрхтэй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нийт 230,000,000 төгрөгийн төсөвт ажлаас нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК нь 172,500,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, Мөнгөн гүрэн ХХК нь 132,500,000 төгрөгийг төлсөн, хайгуулын ажлын тайлан бичихээс өмнөх нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын талаар болон нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцалсан тухайд талууд маргаангүй.
Харин ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанд хариуцагчийг буруутай гэж нэхэмжлэгч үзсэн, хариуцагч нь нөөцийн тайланг бичиж дуусгаж, Эрдэс баялгийн зөвлөлд материал хүлээлгэн өгсөн, нөөцийн тайлангийн 1%-ийг захиалагчид хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
Хэргийн үйл баримтаас үзвэл, гэрээнд заасан нөөцийн тайлан бичиж, хүлээлгэж өгөх ажлын гүйцэтгэл нь маргааны гол бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв болно.
Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Зүүндалан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ХҮ-010669 талбайд 2014 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн 1%-ийг хэвлэмэл байдлаар хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх талаар талууд маргаж байгаа ч хэрэгт цугларсан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газрын Геологийн албанд хүргүүлсэн Мөнгөн гүрэн ХХК-ийн 14/21 тоот албан бичиг, уг ажлын үр дүнг хариуцагч ашиглан тайланд шинжээчээр дүгнэлт гаргуулж, Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн, өөрөөр хэлбэл дүгнэлт гаргуулахад ашиглагдсан дээрх баримтыг нэхэмжлэгчийн ажлын үр дүн биш гэж хариуцагч нь нотлох баримтаар нотолж, үгүйсгэж маргаагүй тул хариуцагчийг уг ажлын үр дүнг хүлээн авсан гэж шүүх үзсэнийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн нотлох баримтуудыг үндэслэн ...үүргийн гүйцэтгэлийг тодорхойгүй хугацаагаар хариуцагч хойшлуулсан... гэж ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох талаарх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Дээр дурдсаныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 403 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Х.ЭРДЭНЭСУВД