Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1465

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 6 сарын 24 өдөр                   Дугаар 183/ШШ2019/01465                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Оын /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бд /РД: / холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,023,480 /хорин найман сая хорин гурван мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.О нь 2013 оны 10 сарын 25-ны өдөр Б.Бтэй Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 9,500,000 төгрөгийг 2013 оны 8 сарын 01-ний өдрөөс 2014 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2014 оны 7 сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ”-г байгуулан зээлийн хэмжээг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2014 оны 8 сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилээр сунгаж, хүүг 5% болгон бууруулсан. Зээлдэгч нь зээлийг тухайн өдрүүдэд бэлнээр хүлээн авсан. Иймд зээлдэгч нь Зээлийн болон нэмэлт гэрээний дагуу үндсэн зээл 10,0 сая төгрөг, 24 сарын хүү 9,120,000 төгрөгийг 2015 оны 8 сарын 01-ний дотор төлөх үүргийг хүлээсэн. Зээлийн гэрээний 7-д Зээлийн хүүг сар бүрийн 01-ний өдөр төлнө гэж заасан ба зээлдэгч 2013 оны 8 сарын 04-нөөс 2014 оны 12 сарын 25-ныг хүртэл нийт 6,437,680 төгрөгийн хүүг төлж, 8,682,320 төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээний 3-т Зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэж зааснаар 2015 оны 8 сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 18,682,320 төгрөгийн 50 хувь 9,341,160 төгрөгийн алдангийг төлнө. Иймд гэрээнүүдийн дагуу үндсэн зээл 10,0 сая төгрөг, хүү 8,682,320 төгрөг, алданги 9,341,160 төгрөг, нийт 28,023,480 төгрөгийг Б.Бээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн ихэнх хэсгийг бэлнээр болон дансаар төлж байсан ба үүнийг шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргаж өгөх болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

А.О нь Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,023,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь зээлээс ихэнхийг бэлнээр болон дансаар төлсөн гэж маргалаа.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 9,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлж, гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан хуулийн шаардлагад талуудын тохиролцоо нийцсэн, зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь зээлийг тохиролцсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байна.

 

Зохигч дээрх нь гэрээний хугацааг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1 жилээр сунгаж, зээлийн хэмжээг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хүүг 5% болгон бууруулжээ.

 

Дээрх хугацаануудад хариуцагч нь 9,500,000 болон 500,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, энэ талаар маргахгүй байна.

 

Хариуцагч 2013 оны 8 сарын 01-ний өдөр 9,500,000 төгрөгийг зээлж, мөн оны 8 сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн байх тул 3 хоногийн хугацааны хүү /9,500,000х8 хувь: 31 хоног/ төлөх ба /24,516 төгрөг х 3 хоног/ 73,548 төгрөгийг төлөх, 8 сарын 04-ний өдрөөс /9,500,000-1,000,000/ үндсэн зээл 8,500,000 төгрөгөөс 8 хувийг тооцоход /8,500,000х8хувь:31 хоног/ хоногийн 21,935 төгрөгийг мөн оны 8 сарын 21-ний өдрийг хүртэлх 17 хоногоор тооцоход /21,935х17/ 372,903 төгрөг төлөхөөр байна.

 

Хариуцагчаас 2013 оны 8 сарын 21-ний өдөр 600,000 төгрөг төлсөн тул 8,500,000 төгрөгөөс хасч /8,500,000-600,000/ үндсэн зээлийн 7,900,000 төгрөгт ногдох 8 хувийн хүүг мөн оны 8 сарын 22-ны өдрөөс 9 сарын 01-нийг хүртэлх хугацааны /7,900,000х8 хувь:31/ хүүг тооцоход хоногт 19,592 төгрөг ба 10 хоногт 195,920 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Дээрхийг нэгтгэхэд /73,548 + 372,903 + 195,920/ 2013 оны 8 сарын 01-ний өдрөөс 9 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хүүний төлбөрт 642,371 төгрөг төлөхөөс хариуцагчийн энэ өдөр төлсөн 50,000 төгрөгийг хасахад /642,371-50,000/ 592,371 төгрөгийг төлөөгүй байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дахь заалтаар “зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч нь 2013 оны 10 сарын 01-нд үндсэн зээлийн хүүнд /7,900,000 төгрөгийн 8 хувь/ 632,000 төгрөг, 2013 оны 11 сарын 01-ний өдөр 632,000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна.

 

Иймд  2 сарын хүү /632,000х2/ 1,264,000 төгрөг, 2013 оны 9 сарын 01-ний өдөр төлөх байсан 592,371 төгрөг төлөөгүй тул/1,264,000+592,371/ 1,856,371 төгрөгт алданги тооцох үндэслэлтэй байна.

 

2013 оны 11 сард /255,000+950,000+712,680+200,000/ нийт 2,117,680 төгрөг төлсөн ба үүнээс өмнөх сард гүйцэтгээгүй үүрэг болох 1,856,371 төгрөгийг хасахад /2,117,680-1,856,371/ 261,309 төгрөг илүү төлснийг алдангид тооцох нь зүйтэй.

 

2013 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл төлөгдөөгүй 592,371 төгрөгийн 0,5 хувийн алданги нь хоногт 2,961 төгрөг ба 10 сарын 01-нийг хүртэл 30 хоногийн алдангид 88,856 төгрөг төлөх, 11 сарын 08-нийг хүртэлх 632,000 төгрөг төлөх үүргийн 0,5 хувийн алдангийг хоногт 3,160 төгрөгөөр тооцоход /3,160х38/ 120,080 төгрөг төлөх буюу энэ хугацааны алданги нь 208,936 төгрөг байна.

 

2013 оны 11 сард төлсөн төлбөрөөс илүү төлөгдсөн 261,309 төгрөгөөс алданги 208,936 төгрөгийг /261,309-208,936/ хасахад 52,373 төгрөг илүү төлсөн байх тул үндсэн зээл 7,900,000 төгрөгөөс /7,900,000-52,373/ хасч тооцох нь зүйтэй байна.

 

Дээрх тооцооллоор зээлийн төлбөрт 7,847,627 төгрөгт 8 хувиар тооцон 2013 оны 12 сараас 627,810 төгрөгийн хүүг төлөх үүргийг хүлээх бөгөөд  хариуцагчийн төлсөн 1,489,870 төгрөгийг хасч, зээлийн төлбөрт 6,357,757 төгрөгт 8 хувиар тооцоход 12 сарын 01-нд 508,621 төгрөг төлөхөөс 12 сарын 13-нд 475,000 төгрөг төлж 33,621 төгрөг дутуу төлжээ.

 

Дээрх сард төлөх 508,621 төгрөгөөс 0,5 хувийн алданги тооцоход хоногт 2,543 төгрөг ба хугацаа хэтрүүлсэн 7 хоногийн 17,802 төгрөгийг тооцох нь зүйтэй.

 

Хариуцагч 12 сарын 31-нд 140,000 төгрөг төлсөн байх тул хэтрүүлсэн 18 хоногийн алдангид /33,621х0,5х18/ 30,258 төгрөг байх тул зээлээс дутуу төлсөн 33,621 төгрөгийн хамт /33,621+30,258/ 63,879 төгрөгийн хариуцлага хүлээх тул төлсөн 140,000 төгрөгөөс хасахад 76,121 илүү төлөлттэй байна. 

 

Иймд зээлийн үүргээс илүү төлснийг хасахад /6,357,757-76,121/ үндсэн зээлийн үүрэгт 6,281,636 төгрөг төлөхөөр ба хариуцагч 2014 оны 01 сарын 01-нд энэхүү үүргийн 8 хувь болох 502,530 төгрөг төлөх үүргээс 2014 оны 01 сарын 13-нд 530,000 төгрөг төлж, 12 хоногоор хугацаа хэтрүүлсний алдангид /502,530х0,5х12/ 30,152 төгрөг тооцож, тухайн сард /502,530+30,152/ 532,686 төгрөг төлснийг хасахад /6,281,636-2,686/ 6,278,950 төгрөг байна.

 

2014 оны 02 сарын 01-нд 6,278,950 төгрөгийн 8 хувийн хүү 502,316 төгрөг төлөхөөс 02 сарын 28-нд 190,000 төгрөг төлж 27 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул алдангид /502,316х0,5х27/ 67,813 төгрөг ба /502,316+67,813-190,000/ 380,129 төгрөг төлөх үүрэгтэй.

 

2014 оны 03 сарын 01-нд 502,316 төгрөг төлөх, өмнөх сарын төлөөгүй 380,129 төгрөг буюу хүүний төлбөрт 882,445 төгрөг төлөөгүй тул 04 сарын 01 хүртэл 30 хоногийн алдангид /882,445х0,5х30/ 132,367 төгрөг төлнө.

 

2014 оны 04 сарын 01-нд хүү 502,316 төгрөг төлөх үүрэг дээр өмнөх саруудын хүү 882,445 төгрөг нэмэгдэж 1,384,761 төгрөгийн хүүнд 0,5 хувийн алдангийг  2014 оны 04 сарын 17 хүртэл 16 хоногоор /1,384,761х0,5х16/ 110,780 төгрөг байна.

 

Үүнийг нэгтгэхэд /132,367+1,384,761+110780/  хүү алдангид 1,627,909 төгрөг төлөхөөс 2014 оны 04 сарын 17-нд 400,000 төгрөг төлснийг хасч тооцоход 984,761 төгрөг төлөөгүй тул 2014 оны 05 сарын 01 хүртэл алданги /984,761х0,5х30/ 147,714 төгрөг тооцно.

 

2014 оны 05 сарын 01-нд хүү 502,316 төгрөгийг өмнөх сарын төлөөгүй хүү 984,761 төгрөг буюу 1,487,077 төгрөгөөс 05 сарын 17-нд төлсөн 100,000 төгрөг хасагдаж, үлдэх 1,387,077 төгрөгт 24 хоногийн алданги 166,449 тооцогдохоор байна.

 

2014 оны 06 сарын 01-нд хүү 502,316 төгрөгийг өмнөх сарын төлөөгүй хүү 1,387,077 төгрөг буюу 1,4889,393 төгрөгөөс 06 сарын 10-нд төлсөн 55,000 төгрөг хасагдаж, ээ.

 

2014 оны 07 сарын 01-нд хүү 502,316 төгрөгийг өмнөх сарын төлөөгүй хүү 1,834,393 төгрөг буюу 2,336,709 төгрөгөөс 07 сарын 02-нд 360,000 төгрөг төлснийг хасч хүүний төлбөрт 1,976,709 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.

 

2014 оны 08 сарын 01-нд хүү 502,316 төгрөгийг өмнөх сарын төлөөгүй хүү 1,976,709 төгрөг буюу 2,479,025 төгрөг дээр үндсэн зээл 6,278,950 төгрөгт 5 хувийн хүү тооцож, сард 338,948 төгрөгийг 2015 оны 08 сарын 01-нийг хүртэл 12 сараар тооцоход 4,067,370 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Иймд дээрх хариуцагчийн зээлийн гэрээний үүрэг болон хариуцлагыг нэгтгэхэд /2,479,025+6,278,950/ 8,757,975 төгрөг, үүнээс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн 50 хувиар 4,378,988 төгрөг /8,757,975+4,378,988/ буюу 13,136,963 төгрөгөөс 12 сарын 25 болон 28-нд /230,000+190,000/ төлснийг хасч, 12,696,963 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 15,326,517 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 298,067 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 218,101 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцүүлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Бээс /РД: / зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,696,963 /арван хоёр сая зургаан зуун ерэн зургаан мянга есөн зуун жаран гурав/ төгрөг гаргуулан, От /РД: / олгож, шаардлагаас үлдэх 15,326,517 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 298,067 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 218,101 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ