Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00204

 

А.Отгонбаатарын нэхэмжлэлтэй

               иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01465 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1539 дүгээр магадлалтай,

 

А.Отгонбаатарын нэхэмжлэлтэй,

Б.Билгүүнд холбогдох,

 

Гэрээний үүрэгт 28.023.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сувд-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, хариуцагч Б.Билгүүн, өмгөөлөгч Б.Ариунболд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Билгүүнтэй зээлийн гэрээ бичгээр байгуулж, 9.500.000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээг байгуулан зээлийн хэмжээг 500.000 төгрөгөөр нэмэгдүүлж, хугацааг 2014 оны 08 дугаар 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилээр сунгаж, хүүг 5 хувь болгон бууруулсан. Зээлдэгч нь зээлийг тухайн өдрүүдэд бэлнээр хүлээн авч, үндсэн зээл 10.000.000 төгрөг, 24 сарын хүү 9.120.000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Зээлийн хүүг сар бүрийн 01-ний өдөр төлөх үүрэгтэй боловч 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 6.437.680 төгрөгийн хүү төлж, 8.682.320 төгрөг төлөөгүй байна. Мөн зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон тул 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги болох 18 682 320 төгрөгийн 50 хувь 9.341.160 төгрөгийн алданги төлөх ёстой. Иймд үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 8.682.320 төгрөг, алданги 9.341.160 төгрөг, нийт 28.023.480 төгрөгийг Б.Билгүүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Билгүүн шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн ихэнх хэсгийг бэлнээр болон дансаар төлж байсан ба үүнийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар гаргаж өгөх болно гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01465 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Тайчууд овогтой Буянбатын Билгүүнээс зээлийн гэрээний үүрэгт 12.696.963 төгрөг гаргуулан, Монгол овогтой Аюушийн Отгонбаатарт олгож, шаардлагаас үлдэх 15.326.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 298.067 төгрөгийг орлгод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 218.101 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1539 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.583 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218.101 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1539 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гардан авч, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариу тайлбар гаргахдаа ...нотлох баримт гаргаж өгөх болно... гэсэн байдаг. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн, татгалзсан талаарх нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд харин өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр товлож, тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан байна. Гэтэл хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн огноо бүхий нотлох баримт гаргуулах хүсэлт болон хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн. Хариуцагчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тухайд: Хариуцагчаас 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А.Отгонбаатар Р.Сарангэрэл нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг, түүнийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тэмдэглэлийг гаргуулах тухай" хүсэлтийг гаргасан бөгөөд мөн хүсэлтэд эхнэр Сарангэрэлд мөнгө зээлсэн мэтээр давхар нэг дор хийсэн гэрээний тухай нотлох Iбаримтыг .. гаргуулах гэжээ. Дээрх хүсэлтээс үзвэл нэхэмжлэгч А.Отгонбаатар болон хариуцагч Б.Билгүүний эхнэр Сарангэрэл нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан байна. Харин нэхэмжлэгч А.Отгонбаатар нь хариуцагч Б.Билгүүнтэй байгуулсан 2013 оны 10 I дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан бөгөөд энэхүү 2 зээлийн гэрээ нь өөр хоорондоо огноо болон талуудын хувьд ялгаатай байх бөгөөд хариуцагч бус этгээд түүний эхнэр Р.Сарангэрэлийн зээлийн асуудлаар шүүхийн шийдвэр гарсан байх учир тухайн нотлох баримт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул уг хүсэлтийг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тухайд: Хариуцагч Б.Билгүүний уг хүсэлтэд хавсарган ирүүлсэн эмнэлгийн магадалгаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журамд нийцээгүй бөгөөд тухайн магадалгаанаас үзэхэд хариуцагч Б.Билгүүн нь өвчтэй байсан, эмчид үзүүлсэн эсэх нь ч тодорхойгүй байхаас гадна эмнэлгийн тамга дарагдаагүй магадалгаа нь хариуцагчийг тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн эсэхийг нотлох боломжгүй ба энэхүү нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хуульд заасны дагуу авагдсан гэж үзэх боломжгүй, хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй юм. Дээрх зүйлээс үндэслэн хариуцагчийн мэтгэлцэх эрх зөрчигдөөгүй ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх
зарчмын илрэл болдог байтал давж заалдах шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлтийг
хийлгүй хэргийг буцаасан нь хуульд нийцсэнгүй.

Иймд хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

А.Отгонбаатар нь Б.Билгүүнээс зээлийн төлбөрт 28.023.480 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зохигчийн хооронд байгуулагдсан 2 зээлийн гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо ...хариуцагчийн мэтгэлцэх эрх зөрчигдөөгүй, ...анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасан ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

 

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...зээлийн маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн тул шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна эргийн 42, 47 дугаар тал/.

 

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас 2013 оны 10 сарын 25 болон 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардсан байх ба хариуцагч ...2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Эрдэнэцэцэгтэй давхар гэрээ байгуулсан, уг маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн гэсэн тайлбар гаргажээ.

 

      Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг хангаагүйгээс энэ хэрэгт холбоотой асуудлыг шүүх өмнө нь шийдсэн эсэх нь тодорхой бус бөгөөд шүүх хэрэглэх ёстой хуулийг тодруулбал Иргэний хуулийн 281, 282, 232 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар тус шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн ...өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь учир дутагдалтай болсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

 

      Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1539 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сувд-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 299.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД