Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01539

 

 

 

 

 

 

 

 

                                          А.Оын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01465 дугаар шийдвэртэй, А.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох гэрээний үүрэгт 28 023 480 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Миний бие 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Бтэй зээлийн гэрээ бичгээр байгуулж, 9 500 000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээг байгуулан зээлийн хэмжээг 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж, хугацааг 2014 оны 08 дугаар 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилээр сунгаж, хүүг 5 хувь болгон бууруулсан. Зээлдэгч нь зээлийг тухайн өдрүүдэд бэлнээр хүлээн авч, үндсэн зээл 10 000 000 төгрөг, 24 сарын хүү 9 120 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Зээлийн хүүг сар бүрийн 01-ний өдөр төлөх үүрэгтэй боловч 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 6 437 680 төгрөгийн хүү төлж, 8 682 320 төгрөг төлөөгүй байна. Мөн зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон тул 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги болох 18 682 320 төгрөгийн 50 хувь 9 341 160 төгрөгийн алданги төлөх ёстой. Иймд үндсэн зээл 10 000 0000 төгрөг, хүү 8 682 320 төгрөг, алданги 9 341 160  төгрөг, нийт 28 023 480 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн ихэнх хэсгийг бэлнээр болон дансаар төлж байсан ба үүнийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар гаргаж өгөх болно гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Тайчууд овогтой Буянбатын Билгүүнээс зээлийн гэрээний үүрэгт 12 696 963 төгрөг гаргуулан, Монгол овогтой Аюушийн Отгонбаатарт олгож, шаардлагаас үлдэх 15 326 517 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 298 067 төгрөгийг орлгод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 218 101 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сувд-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-д “ .., 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 1 жилийн хугацаатай ... зээлдүүлэх, зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгийг эргүүлэн төлөх үүргийг хүлээнэ ..,” 2-т “ ... зээлийн мөнгийг бүхлээр .. төлөх” 4-т “ .. гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож, .. гэрээндээ өөрсдийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж чадсан болно ..” гэж тус тус заасны дагуу талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн үндсэн төлбөрийг зээлийн гэрээний хугацааны эцэст буюу 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бүхэлд нь төлөх үүргийг зээлдэгч хүлээсэн байна. 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээний 2-т зээлийн гэрээний хугацааг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилээр сунгав гэж заасны дагуу зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бүхэлд нь төлөх үүрэгтэй.

Харин зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 437 680 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдох бөгөөд энэхүү төлбөрийг хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн хүүний төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй. Талуудын хооронд зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлөх хүүгийн хамт буцаан төлөх тохиролцоо байхгүй бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс зээлийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлөх зөвшөөрлийг зээлдэгчид олгоогүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, гэрээний 3-т заасны дагуу алдангийг тохиролцсон. Хариуцагч зээлийн гэрээний хугацаа дууссан 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 18 682 320 төгрөгийн 50 хувь болох 9 341 160 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй. Гэтэл шүүхээс хариуцагчийг зээлийн үүргээс илүү төлсөн гэж үзэж зээлийн үүрэгт 6 281 636 төгрөг, алданги 4 378 988 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн болно.

Хавтаст хэрэгт авагдсан зээлийн болон нэмэлт гэрээ, түүний гар бичмэлээр бичсэн тайлбар, дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдож байхад шүүхээс талуудын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээгээр зээлийн хэмжээг 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хүүгийн хэмжээг 5 хувь болгон өөрчилсөнийг шүүх орхигдуулан үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг ийнхүү буруу тооцоолон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг үнэн зөв, эрэглэзээгүй талаас нь үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.Бий давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулж 9 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт гэрээгээр 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж гэрээний хугацааг сунгаж хүүг 5 хувь болгон бууруулсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 8 682 320 төгрөг, алданги 9 341 160 төгрөг, нийт 28 023 480 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт тавьсан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж 6823 дугаартай захирамж гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “дээрх хугацаанд хариуцагч 9 500 000 төгрөг, 500 000 төгрөг хүлээн авсан, энэ талаар маргахгүй байна” гэжээ. Гэтэл хариуцагчийн зүгээс энэхүү зээлийн гэрээг бүхэлд нь эс зөвшөөрсөөр байтал шүүхээс зөвхөн хариу тайлбар гаргаагүй үндэслэлээр хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хариу тайлбар өгөөгүйгээр нэхэмжлэлийг маргаагүй зөвшөөрсөн гэж үзсэн нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Бд холбогдуулан үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 8 682 320 төгрөг, алданги 9 341 160 төгрөг, нийт 28 023 480 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 Хариуцагчаас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэж хуралдааныг хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт ирүүлсэн байна. Шүүх Эрүүл мэндийн яамны сайдын тушаалд заасан байгууллагын тамга дарагдах, эмчлэг эмч гарын үсэг зурах шаардлагыг хангаагүйгээс гадна ерөнхий эмчийг н.Уламбаяр эмч орлож зурах эрхтэй эсэх нь тодорхойгүй, магадлагааг сунгалтгүй 14 хоногийн хугацаагаар олгосон гэх үндэслэлээр хангахгүй орхисон байна. Хэдийгээр тус магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А / 243 тоот тушаалаар батлагдсан эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журамд заасан шаардлагыг бүрэн хангаагүй, дутуу байх боловч уг баримтыг хариуцагчаас хуурамчаар үйлдэж ирүүлсэн гэх үндэслэлгүй байна. Эмнэлгийн байгууллагаас олгосон баримтын бүрдэл дутуу байгаа нь хариуцагчийн буруу биш бөгөөд тухайн эмнэлгийн ерөнхий эмчийг орлох эрхтэй эсэхийг өвчтөн эмчлэгч эмчээс шаардан авах боломжгүйг анхаарч үзэх нь зүйтэй.

Мөн хариуцагч энэ зээлийн маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн гэж шүүхийн шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулахыг хүссэн байхад шүүх уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. 

 

Шүүхийн дээрх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, давж заалдах шатны шүүх  залруулах боломжгүй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 583 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 101 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

                  

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                 А.МӨНХЗУЛ