Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1355

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “М” ХХК,

Хариуцагч: М.Б,

Хариуцагч: Т.Б нарт холбогдох,

 

“М” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743,279,030 төгрөг гаргуулах, Т.Б, М.Б нартай байгуулсан бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн “М” ХХК-ийн 49,96%-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох замаар үр дагавар арилгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Н.Цогт, хариуцагч М.Б, Т.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзаяа, түүний өмгөөлөгч С.Жавхлан, нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“М” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743,279,030 төгрөгийг гаргуулах, хариуцагч М.Б, Т.Б нартай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, “М” ХХК-ийн 49,96 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

“М” ХХК-д Ч.Б нь 743,279,030 төгрөгийг зээлсэн. Энэ нь тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт болон тус компанийн санхүүгийн тайлан, Аудитын дүгнэлт зэргээр нотлогдож байгаа. Компани уг мөнгөөр АНУ-ын “Насдак” ХХК-аас сургалтын материал болон бусад зүйлийг худалдан авсан гэж тайлбарладаг бөгөөд одоог хүртэл буцаан төлөөгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “М” ХХК-аас гаргуулж өгнө үү.

М.Б, Т.Б нарт холбогдох шаардлагын тухайд: Ч.Б нь өөрийн эзэмшлийн хувьцааг худалдах санал гаргасныг хариуцагч нар зөвшөөрсөн байдаг. Т.Б 24,98% хувьцааны үнэ буюу 345,752,722 төгрөгийг, М.Б 24,98% хувьцааны үнэ буюу 345,752,722 төгрөгийг тус тус Ч.Бд төлөхөөр тохиролцсон. Энэ мөнгийг зээлийн гэрээ байгуулан 5 жилийн хугацаанд бүрэн төлөхөөр тохирсон бөгөөд хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр тохирсон. Улмаар бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тусад нь байгуулж, зээлийн гэрээг мөн давхар байгуулсан байдаг.

Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан тул хувьцаагаа буцаан авахаар шаардсан. Гэвч буцаан өгөх ч боломгүй гэсэн учраас л хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээний үр дагаврыг арилгуулах замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардаж байгаа.

Бэлэглэлийн гэрээнүүд нь худалдах, худалдан авах гэрээний халхавч, хууль зөрчиж хийсэн хэлцэл, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул аль аль нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож өгнө үү.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Т.Б, М.Б нараас нийт 49,96% хувьцааг буцаан гаргуулж, Ч.Бг “М” ХХК-ийн 49,96% хувьцаа эзэмшигчээр тогтоох замаар арилгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн компанид холбогдох хэсгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, эвлэрэх санал байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолно гэх ганц баримт болох “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт дээр бичигдсэнээр Ч.Б нь “М” ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч байхдаа компанидаа хөрөнгө оруулалт оруулсан болох нь тогтоогддог. Харин зээлийн гэрээ огт байгуулагдаагүй, оруулсан хөрөнгөндөө хувьцаагаа хөрвүүлж авсан байдаг.

Хэргийн баримтаар “М” ХХК болон Ч.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогддог. Тэгээд ч Ч.Б хөрөнгө оруулалт гэж 743,279,030 төгрөгийг “М” ХХК-д оруулсан болох нь нотлогдохгүй байгаа. Гэрч Ж.Эрдэнэбат мэдүүлэхдээ хөрөнгө оруулалт Б.Эрдэнэсанаа, Ачин гэх хүмүүсээс орж ирсэн болохыг тодорхой хэлсэн.

Тооцоо нийлсэн баримтыг “М” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд үйлдсэн, уг баримтыг үйлдэхдээ нягтлан бодох бүртгэлийн баримтад үндэслээгүй, үнийн дүн нэрийг хараад гарын үсэг зурснаа гэрч Б.Одончимэг өөрөө хэлдэг. Тухайн баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох үнэн зөв баримт болж чадахгүй.

Түүнээс гадна хөрөнгө оруулалтын болон зээлийн гэрээний аль нь ч байсан өнөөдөр Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй.

2011 оны 10 дугаар 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр хувьцаагаа шилжүүлэхдээ өглөг авлага огт яриагүй, хэрэв энэ асуудал байсан бол тэр үедээ шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан байх. Хөрөнгө оруулалт байсан болох нь санхүүгийн тайлангаар ч нотлогдож байгаа тул манайд холбогдох шаардлага огт үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр “М” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч М.Б, Т.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

2011 онд “М” ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл амжилтгүй болж, хувьцааны үнэ буурсан тул Ч.Б өөрийн эзэмшлийн хувьцааг Т.Б, М.Б нарт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх гэрээг хийсэн. Хүсэл зоригоо сайн дураар илэрхийлсэн учир гэрээ хийгдсэн байгаа. 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ хэрэгжсэн, энэ өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар бэлэглэлийн гэрээний дагуу хувьцаа шилжүүлж байгаа асуудлыг шийдвэрлэж, холбогдох бүртгэл хийгдсэн байдаг.

Бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т зааснаар байгуулагдсан тул мөн хуулийн 56.1.1-д заасан үндэслэлгүй. Энэ хэлцэл нь халхавч хэлцэл ч биш тул Иргэний хуулийн 56.1.3-т заасан үндэслэлгүй. Тиймээс компанийн эрх шилжүүлэх гэрээг мөн хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй, улмаар хуулийн 56.5-д заасан үр дагавар үүсэхгүй.

Т.Б, М.Б нар нь шилжүүлэн авсан хувьцаагаа 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гуравдагч этгээдэд шилжүүлсэн, одоо М.Б, Т.Б нар тус бүртээ 21,55%-ийн хувьцааг эзэмшиж байгаа. Тиймээс 49,96%-ийн хувьцааг буцаан шилжүүлэх боломжгүйг хэлмээр байна гэв.

 

Зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч “М” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743,279,030 төгрөг гаргуулах,

Хариуцагч Т.Б, М.Б нартай байгуулсан бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн “М” ХХК-ийн 49,96%-ийн хувьцаа эзэмшигчээр өөрийгөө тогтоолгох замаар үр дагавар арилгуулах шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргацгаав.

 

Шүүх талуудын маргаагүй тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1.“М” ХХК-д 2010 оны санхүүгийн жилд хөрөнгө оруулагчдаас нийт 749,069,030 төгрөгийн хөрөнгө оруулсныг тайланд урт хугацааны өр төлбөрт бүртгэсэн байх ба тус компанийн 2010 оны эхний 10 сарын санхүүгийн үйл ажиллагаанд “Нимм Аудит” ХХК-ийн хийсэн шалгалтаар “М” ХХК нь 721,535,869.67 төгрөгийг зөвлөх үйлчилгээний төлбөрт “Насдак” ХХК-д төлсөн болох нь тогтоогдсон байна. /2хх-ийн 112-142 хуу/

 

Тухайн үед компани үндсэн үйл ажиллагаагаа эхлээгүй, судалгааны ажлыг эрхлэхдээ хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгөөр санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулж байжээ. /2хх-ийн 141 хуу ар тал/

 

Ч.Б нь 2010 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс тус компанийн 50%-ийн хувьцааг эзэмшигч болж бүртгэгдсэн /1хх-ийн 11-15 хуу/ байх ба 2010 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд тус компанид оруулсан 743,279,030 төгрөгийн хөрөнгө оруулалтаа хувьцаанд хөрвүүлээгүй, буцаан аваагүй үндэслэлээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, “М” ХХК-аас мөн төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гаргуулахаар шаардаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Ч.Бгээс “М” ХХК нь 743,279,030 төгрөгийг зээлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ нотолж байгаа “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад Ч.Бг төлөөлж Б.Одончимэг, “М” ХХК-ийг төлөөлж ня-бо Ж.Болортуяа нар гарын үсэг зурсан байх боловч уг баримтыг үйлдэхдээ тэд санхүүгийн болон холбогдох өөр бусад баримтад үндэслээгүй болох нь гэрч Б.Одончимэгийн “Ж.Болортуяа бэлэн маягт аваад ирсэн, байгууллага хоорондын баримтыг нийлэхгүйгээр Ч.Бгийн нэрийг, үнийн дүнтэй хараад л Ч.Бг төлөөлж гарын үсэг зурсан. Нягталж үзээгүй зурсан гэж хэлж болно...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон, хэрэгт энэ баримтыг дэмжсэн өөр бусад баримт авагдаагүйн гадна уг баримтад 743,249,030 төгрөгийг “хөрөнгө оруулалтаар оруулсан” гэснээс бус зээл гэж тэмдэглээгүй байх тул шүүх уг баримтыг нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг эргэлзээгүй нотлох үнэн зөв баримт гэж үзэх боломжгүй юм. /1хх-ийн 46 хуу/

 

Тус компанийн хувьцааг 2010 онд Ч.Б дангаар эзэмшиж байгаагүй, тухайд үед М.Б, Т.Б, Ж.Эрдэнэбат нарын нийт 4 хувьцаа эзэмшигч байсан тул компанийн санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлтээр тогтоогдсон компанид хувьцаа эзэмшигч нараас оруулсан гэх хөрөнгө 749,069,030 төгрөгийг Ч.Бг дангаар оруулсан гэж, мөн компанийн бусдад төлсөн 721,535,869.67 төгрөгийг нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгөөр гүйцэтгэсэн гэж үзэх бүрэн үндэслэлгүй юм.

 

Ч.Бгээс оруулсан тодорхой хөрөнгийг компани буцаан төлөх үүрэг хүлээснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хувьцаа эзэмшигч болон компанийн хоорондын дотоод харилцаа болох мөнгөөр заавал буцаан төлөгдөх нөхцөлөөр хийгддэггүй хөрөнгө оруулалтыг шүүх зээлийн гэрээний үүргийн харилцаа руу хамаатуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хувьцаа эзэмшигч Ч.Б болон “М” ХХК-ийн хооронд компанийн үйл ажиллагаанд зориулж оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэх талаар тохиролцсон тохироо байхгүйн гадна хэрэв буцаан шаардах нөхцөлөөр хөрөнгө оруулалт хийсэн гэж үзвэл компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлсэн хувьцаа эзэмшигч 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор энэ талаарх шаардлагаа гаргах ёстой байсан тул одоо компаниас өр төлбөр шаардаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-дэх заалтуудад нийцэхгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардлага аль ч талаараа үндэслэлгүй тул “М” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743,279,030 төгрөг гаргуулах Ч.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч нь 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр “М” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 49,96%-ийн хувьцааг Т.Б, Бат-Оргил нарт тэнцүү хэмжээгээр буюу 24,98%х24,98%-аар тус тус үнэ төлбөргүй бэлэглэсэн байх ба энэ гэрээний дагуу компанийн эрх шилжүүлэх гэрээг мөн хийжээ. /1хх-ийн 198-201 хуу/

 

Үүний зэрэгцээ Ч.Б, М.Б, Т.Б нар мөн өдөр Ч.Бгээс олгосон 691,505,445 төгрөгийн зээлийг М.Б, Т.Б нар 2015 оны 9 дүгээр сарын 01-нд 345,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-нд 346,505,445 төгрөг тус тус буцаан төлөх замаар барагдуулах тухай зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. /1хх-ийн 6-7 хуу/

 

Эдгээр гэрээний талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Ч.Б нь “М” ХХК-ийн хувьцааг М.Б, Т.Б нарт 691,505,445 төгрөгөөр худалдсан бөгөөд мөнгийг хожим авахаар тохирч, үүнийгээ баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан, хувьцааг бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн...” гэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь “... “М” ХХК-ийн хувьцаа үнэгүйдсэнээс Ч.Б өөрийн эзэмшлийн хувьцаагаа М.Б, Т.Б нарт үнэгүй бэлэглэсэн тул бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр, харин талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч Ч.Б зээлийг бодитоор шилжүүлэн өгөөгүй тул М.Б, Т.Б нарт буцаан төлөх үүрэг үүсэхгүй” гэж тус тус тайлбарласан.

 

Бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ болон зээлийн гэрээ 1 өдөр үйлдэгдсэн, гэрээний талууд Ч.Б, Т.Б, М.Б нар, талууд аль аль гэрээг хүсэл зоригийн үндсэн дээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан  байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэх дүгнэлтэд хүрэв.

 

Иймд зохигчдын хооронд “М” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, уг гэрээний дагуу Ч.Б нь хувьцаа эзэмших эрхийг бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулах замаар М.Б, Т.Б нарт шилжүүлэх, М.Б, Т.Б нар нь худалдан авсан зүйлийн үнийг 2015 оны 9 дүгээр сарын 01, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд 2 хэсгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцож, үүнийг зээлийн гэрээг бичгээр байгуулах замаар баталгаажуулсан гэж үзнэ.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх үүргээ Т.Баатарсүрэн бүрэн биелүүлсэн болох нь “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит хурлын 01, 02 тоот тогтоолууд, хурлын тэмдэглэл, мөн өдрийн хурлаар баталсан “М” ХХК-ийн дүрэм зэргээр тогтоогдсон байна. /1хх-ийн 161-197 хуу/

 

Эрх зүйн дээрх үр дагаврыг бий болгосон бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасанд нийцэхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл мэт харагдах боловч агуулгын хувьд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-т нийцэж байгаа тул хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иймд Т.Б, М.Б нарт холбогдох бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг шилжүүлэхтэй холбоотойгоор хийгдсэн хэлцлүүд учир худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч хүчин төгөлдөр уг гэрээнээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу татгалзаагүй тохиолдолд хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах буюу нэхэмжлэгчийг “М” ХХК-ийн 49,96%-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоох үндэслэлгүй юм.

 

Иймд Ч.Бгийн гаргасан нэхэмжлэлийг дээрх үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нийт 4,155,146 төгрөг /3,874,346+(70,200х4)/ төлөхөөс илүү 1,503,094 төгрөг төлсөн байх тул үүнийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлгүй тул “М” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743,279,030 төгрөг гаргуулах, Т.Б, М.Б нартай 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, “М” ХХК-ийн 49,96%-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай Ч.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,658,240 төгрөгөөс 4,155,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 1,503,094 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Ө.УЯНГА