Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 45

 

Б.Л, Ч.С, Г.Л

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Л-гийн өмгөөлөгч М.Хувцагаан, Э.Ганбат, Ж.Яринпил, шүүгдэгч Ч.С-ын өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Г.Л-гийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 791 дүгээр магадлалтай, 2015250001712 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Т овогт Б-ийн Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “Хоёр буюу түүнээс олон хүнийг алахыг завдах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Ч-ийн С.

3. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Г-ын Л нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан “Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлээгүйгээс хохирогч нас барах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Л-г хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан, хоёр буюу түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн, Г.Л, Ч.С нарыг хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 18 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар 12 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар Б.Л-гийн хорих ялыг нэмж нийт эдлэх 20 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Ч.С, Г.Л нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Л-гээс 14,051,216 төгрөг гаргуулж хохирогч Ч.Гэрлээд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.С, Г.Л нарын үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Ч.С, Г.Л нарыг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Ч.С, Г.Л нарт холбогдох заалтуудыг хүчингүй болгож, тогтоолын 2 дахь заалтыг  “Б.Л-д шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 18 жил хорих ял, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар 12 жил 6 сар хорих ял тус шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Л гаргасан гомдолдоо “...Үүрээр хэргийн газарт очсон цагдаагийн бүрэлдэхүүний ажлын тэмдэглэл, зураг хэрэгт авагдаагүй, хэргийн газарт ирсэн анхны цагдаа нар хэргийн газрыг орхиж явсан зэрэг ойлгомжгүй зүйлүүд их байна. Өглөө 07 цагт үзлэг хийхэд миний хумс, үс, биенээс, мөн Г-ийн гэр болон хувцаснаас цус илрээгүй. Хэргийн газраас хураасан гэх хутганы ишнээс ямар ч хурууны хээ илрээгүй, харин заазуурын ажлын хэсгийн хоёр талаас хээ илэрсэн боловч хэнийх гэдгийг тогтоох боломжгүй талаар дүгнэлт гарсан. Хэргийн газарт ирсэн цагдаа нар тухайн үед Ч.С, Г.Л нарыг тусгаарлаагүйгээс тэд өөрсдийгөө цагаатгуулах гэрч бэлдэхийн хажуугаар хувцсаа солих, ванны өрөөний хана, шалыг арчиж цэвэрлэх зэрэг үйлдлүүдийг хийж хэргийн ул мөрийг устгасан. Энэ хоёр хүнтэй холбоотой олон эргэлзээтэй, шалгах зүйлүүд байсаар байтал өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаад гомдолтой байна. Г.Л-гийн цүнхэнд байсан хувцаснаас Ч.С-ын саарал майк гарсан ба уг майкнаас талийгаач цус илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон байхад майкыг хэрэг гарах өдөр өмсөж байгаагүй гэж Ч.С мэдүүлдэг боловч энэ нь эргэлзээ төрүүлж байна.

Талийгаачийг хөдөлж орилж байсан талаар гэрчүүд мэдүүлдэг бөгөөд шинжээч дүгнэлтээр 1.5 хувийн согтолттой хүнийг биеэ хамгаалах боломжтой гэдэг нь тогтоогдсон байхад мөрдөн байцаагч ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр 62 удаа шарх авсан гэж үзсэн нь үнэнд нийцэхгүй байна. Ч.С цагдааг орж ирэхэд хутгалуулчихсан хүзүүгээ бариад зогсож байсан гэж мэдүүлдэг бөгөөд ийм нөхцөлд түүний гар, хувцас нь цус болсон байх нь тодорхой байтал үзлэг хийхэд биенээс цус илрээгүй байхаас гадна түүний гаднах байдлын талаарх зураг хэрэгт авагдаагүй. Ч.С гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед эрүүл байсан мэтээр ярьдаг атлаа хүний амь насыг хамгаалах болохоор согтуу байсан гэж мэдүүлдэг. Мөн нэг жилийн дараа Ч.С-ыг архины ойгүйдэлтэй гэж сэтгэцийн эмч дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Үүнээс гадна Г-ийн мэдүүлэг эргэлзээтэй. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэнийх нь тодорхойгүй хувцсыг гаргаж ирснээс гадна эд мөрийн баримт дутуу байсан тул судалж чадаагүй бөгөөд нотлох баримт шинжлэн судлах явцад хуулийн зөрчил гарсан нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагддаг. Иймд хэргийг дахин шалгуулах хүсэлттэй тул үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Ч.С, Г.Л нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримттай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь гэрч Д.Б-ын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр “хохирогчийн гэмтэлд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан” нь тогтоогдсон байхад шүүх шүүгдэгч Ч.С-ыг тухайн цаг хугацаанд хүнд зэргийн согтолттой, орчин тойрондоо болж байгаа явдлыг ойлгож дүгнэлт өгөх чадваргүй байсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйгээс гадна хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бодитой үнэлээгүй. Шүүгдэгч Б.Л-гийн биед үзлэг хийхэд нэг хөлийнх нь өсгий хэсэгт маш бага хэмжээний цусанд бохирлогдсон байж болох толбо байхад үүнээс шинжилгээ аваагүйгээс гадна түүний хөлний улны зургийг бэхжүүлж авсан фото зургийг хэргийн газрын тамгалагдсан гэж гишгэгдсэн цусны мөртэй харьцуулж үзэхэд уг цустай хэсэг дээр шүүгдэгч Б.Л гишгэсэн гэж хэлэх ямар ч үндэслэлгүй. Түүний хөлний ул хэсэг бүхэлдээ цусаар бохирлогдоогүй зөвхөн тодорхой нэг хэсэгт бага хэмжээний бохирдол байсан. Энэ нь тухайн мөрөн дээр шүүгдэгч Б.Л-гийн гишгэсэн ул мөр биш байна гэж үзэх үндэстэйг шүүх анхаарч үзээгүй. Гэтэл энэ түүнийг буруутгах нэг үндэслэл болгосон боловч харьцуулах шинжилгээгээр шинжлээгүй. Мөн Г-ийн мэдүүлгийг үндэслэн бусдыг алахыг завдсан гэж хүндрүүлж байгаа боловч Г анх өгсөн тайлбартаа яригдаагүй зүйлийг дараа нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Тухайлбал, анх тайлбартаа “хутга барьсан хүн орж ирээд идэх юм өг, архи байна уу?” гэж хэлсэн бол дараа нь “намайг ална” гэж хэлсэн тухай мэдүүлсэн. Мөн “эхнэр нь цагдаа дуудаж, цагдаа орж ирээд барьж авсан” гэх боловч дуудлагаар ирсэн цагдаа тэр даруйд нь харсан, авсан гэх нотолгоо хэрэгт байхгүй, Г-ийг алахыг завдсан гэх үйлдэл нь эргэлзээтэй байна. Үүнээс гадна Б.Л нь хэзээ Ч.С-ын биед гэмтэл хэрхэн учруулсан тухай нотолгоо хэрэгт байхгүй байтал хохирогч А.Э-ын амь насыг хохироосон гэдэг таамаглалыг үндэслэн Ч.С-ыг гэмтээсэн байх магадлалтай гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж гэж хүндрүүлснийг нотолсон зүйл байхгүй. Шүүх эмнэлгийн тогтсон үзүүлэлтээр согтолтын зэргийг 0.5-1.5 хүртэл байвал хөнгөн, 1.5-аас дээш 2.5 хүртэл байвал дунд зэрэг гэж ойлгодог. Хохирогчийн согтолтын зэрэг 1.5 буюу хөнгөн зэрэг байсан ба үүнийг үндэслэж хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй гэж үзсэн нь шинжлэх ухааны үндэслэлгүй. Үүнийг гэрчийн мэдүүлгээр нотлох ёстой байтал гэрчийн мэдүүлгээр энэ нь нотлогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 40.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Л-гийн өмгөөлөгч М.Хувцагаан хэлсэн саналдаа “Хэрэг анх гарах үед цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа тухайн цагт хийгээгүй. Хэргийн газраас авсан нотлох баримтуудыг зохих журмын дагуу хадгалаагүйгээс болж шинжээчийн дүгнэлтүүд ээдрээтэй, зөрүүтэй гарсан. Шүүгдэгч  Б.Л нь хохирогч Э.Э-ыг биеэ хамгаалах чадваргүй байхад онц харгис, хэрцгий аргаар амь насыг хохироосон гэж зүйлчилсэнд би эргэлздэг. Хохирогч Э.Э хэргийн газар байсан 4 хүн дотроос хамгийн том биетэй, 180 гаруй см өндөртэй буюу нэг хүнд зодуулаад амь насаа алдахаар хүн биш гэж хөндлөнгийн гэрчүүд, хохирогчийн гэр бүлийнхэн хэлдэг. Хохирогч Э.Э-ын цуснаас 1.5 промилл спирт илэрсэн бөгөөд согтолтын дунд зэрэгт орох тул биеэ хамгаалах чадваргүй байсан эсэх дээр дахин дүгнэлт хийх нь зүйтэй. Шүүгдэгч  Б.Л нь Ч.С, Г.Г нарыг алахыг завдсан гэж мөн 12 жил 6 сар хорих ял оногдуулсан. Ч.С-ын биед хэн гэмтэл учруулсан нь мөн эргэлзээтэй. Хавтаст хэрэгт авагдсан Ч.С-ын мэдүүлэгт “Нэг сэртэл миний толгой хөндүүрлээд, хүзүүнээс цус гарч байсан, гэтэл толгой дээр түмпэн тавьсан байсан” гэж хэлдэг. Хивс болон төмөр сав дээр байсан цус Ч.С-ынх гэдэг нь тогтоогдсон. Жижиг өрөөний хивсэн дээрх цуснаас үзэхэд Ч.С тухайн гэмтлийг жижиг өрөөнд авсан байх боломжтой. Хэвтээ байгаа хүнээс урсаж байгаа цус цацарч төмөр саванд хүрэх үү гэдэг асуудал байна. Ч.С тус гэмтлийг босоо нөхцөлд авсан гэж үздэг. Ч.С Д.Б-тай ярихдаа “Би үхлээ, баяртай” гэж хэлсэн байдаг. Хэн хутгалсан талаар мэдэхгүй байна гэдэг байсан ч мэдүүлгээ өөрчилж эхэлсэн. Энэ нь түүнийг таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс үүдэлтэй. Шүүгдэгч  Б.Л хутга бариад явж байсан учир Ч.С-ыг мөн хутгалсан гэсэн байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэв шүүгдэгч  Б.Л-г бусдын амь насыг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэж үзвэл зорилго, сэдэлт нь юу байсан эсэхийг тогтоогоогүй. Мөн Ч.С-ыг алахыг завдсан үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй ба зөвхөн Ч.С-ын мэдүүлгийг үнэлж дүгнэсэн. Д.Б-тай яагаад утсаар ярьсныг шүүх бүрэлдэхүүн анхаарах хэрэгтэй. Ч.С өөрөө сэрэн ариун цэврийн өрөөнд очоод, тэндээс жижиг өрөөнд эргэн орж талийгаачид алчуур өгөөд, алчуур нөмрөн лифтээр буусан. Буцаж хэргийн газарт орж ирснийхээ дараа Д.Б-тай утсаар ярьсан. Хохирогч А.Э-д 30-40 минутын дотор тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. 04 цаг 44 минутад дуудлага өгч, 47 минутад эмч ирсэн байдаг. Яагаад шууд түргэн дуудахаас цааргалсан бэ? үүний цаана ямар санаа, зорилго байна вэ гэсэн эргэлзээтэй нөхцөл байдлууд олон байгаа учир хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Б.Л-гийн Ж.Яринпил хэлсэн саналдаа “Шүүгдэгч  Б.Л-гийн гэм бурууг нотолж чадаагүй байж яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн. Тус хэргийг үйлдэхэд зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзэж буй хутга, заазуурыг 5 давхрын 47 тоотоос 6 давхрын 57 тоотод хохирогч гэх Г.Г-д шүүгдэгч  Б.Л барьж ороогүй. Шүүх эмнэлгийн 385 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэх 62 шархнаас заазуураар үүсгэгдсэн ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. 1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар талд авагдсан 2011 тоот дүгнэлтийн 1-д шинжилгээнд авсан заазуурнаас цус болон биологийн бусад бодис илрээгүй гэж үзсэн. Хохирогч А.Э-ын биед үүссэн 62 шарх нь хутгаар үүсгэгдээгүй. Энэ нь маш ноцтой асуудал бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад анхан шатны шүүхэд уг асуудал яригдаагүй байсан. Огтлох, хатгах, зүсэх, бүлэх боломжтой ямар нэгэн үзүүртэй зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэсэн байх магадлалтай. Ноцтой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Хохирогч А.Э-ыг хөнөөхөд хэрэглэсэн гэж үзсэн хутга, заазуурыг эд мөрийн баримтаар цагдаа руу авч явсан байдаг. 11 цаг 20 минутанд хутга, заазуурыг Г.Г-ийн гэрт буцаан авчирч, зургийг нь авсан. Үүний цаана ямар нэгэн хувийн сонирхол байсан бөгөөд хуулийн байгууллагуудын нэр хүндийг хувийн сонирхлоос дор үзсэн үйлдэл гаргажээ. Заазуур цусгүй байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан байтал хэд хэдэн цустай зураг аван хавтаст хэрэгт хийсэн. Санаатайгаар хэн нэгэн этгээд заазууранд цус түрхсэн. Шүүгдэгч Б.Л-г хилс хэрэгт гүтгэх зорилго агуулагдаж байхыг үгүйсгэхгүй. Цус илрээгүй заазуур яагаад цустай болов гэдгийг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай. Шар өнгийн хос углаашны зургийг хавтаст хэрэгт хийсэн байдаг бөгөөд үүнийг шүүгдэгч Б.Л өмсөх, гараар зөөх, 6 давхарт оруулах ямар ч боломжгүй. Шүүгдэгч Б.Л-г хөл нүцгэн байсныг бүгд мэдэж байгаа. Ванны өрөөнд маш их хэмжээний цус гаран тунасан, мөн хана руу цацагдсан байсныг арчиж цэвэрлэсэн. Цусыг арчихаас өмнө цагдаагийн байгууллага ирж, нотлох баримтыг бэхжүүлж чадаагүй. Хананы цусыг хэн арчсаныг мөрдөн байцаалтын явцад олж тогтоогоогүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тус хэргийг Ч.С үйлдсэн нь харагддаг. 3 дугаар бүлгийн цустай 5 дахь этгээд тухайн хугацаанд орж ирсэн байж магадгүй. Ч.С-ын толгойд бага зэргийн гэмтэл үүссэн. Хэн төмөр сав тавьсан эсэхийг мөн л тогтоогоогүй. Үүнийг олж тогтоосноор Ч.С-ыг хэн мэсээр гэмтээсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн байх боломжтойг нотлох боломж бүрдэнэ. Тиймээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Ч.С-ын өмгөөлөгч Д.Батбаяр хэлсэн саналдаа “Шүүгдэгч Ч.С-ыг цагаатгасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Г.Л-гийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр хэлсэн саналдаа “Гэмт хэрэг гарахын өмнө эдгээр 4 залуус дөрөв хоногийн турш архидан согтуурсан. Хэрэг гарсан шөнө 10 орчим литр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс хүний эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл байдалд тусламж үзүүлээгүй гэж ял оногдуулсан бөгөөд миний хувьд цагаатгуулах байр сууринаас мэтгэлцсэн. Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 791 дугаартай магадлалаар шүүгдэгч Г.Л-г цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт  болон хууль ёсны нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л нь бусдын амь насыг онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан, хоёр буюу түүнээс дээш хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон байна. Шүүгдэгчийн гэм бурууд хэргийн зүйлчлэл, ял шийтгэл тохирсон, нотолбол зохих байдлыг хангалттай шалган тогтоосон байна. Өмгөөлөгч нар ямар хуулийг зөрчсөн талаар саналаа хангалттай хэлж чадахгүй байгаа учир гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Шүүгдэгч Б.Л-д ял оногдуулахдаа хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байхад гэмт хэрэг тус бүрээр ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүх бүрэлдэхүүн анхааран авч үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Л, Ч.С, Г.Л нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2-т “...өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй” байхыг хэрэг хариуцах чадваргүйд тооцохоор зааснаас үзэхэд сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг бодитой ухамсарлах, түүнд нийцүүлж үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадварын байдал нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг хариуцах чадварыг тогтооход үндсэн шалгуур байхаар хууль тогтоогч тодорхойлжээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед уг этгээдийн сэтгэхүйн хэвийн байдал нь тодорхой шалтгааны улмаас алдагдан, гэмт хэргийн улмаас учрах хор хохирол, үүсэх үр дагаврыг үл төсөөлж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй байсан бол хэрэг хариуцуулж ял шийтгэхгүй. Нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэрэг хариуцах чадвартай гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь уг этгээд гэмт хэрэг үйлдэх үедээ  сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг бүрэн ухамсарлах буюу бусад үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байсан явдал болох нь тодорхой байна.

Гэтэл хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 551 тоот, 672 тоот дүгнэлтүүдэд Б.Л нь “өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй байсан” гэж тодорхойлсон, 672 тоот дүгнэлтэд тодорхойлох хэсэгтэйгээ зөрчилтэй дүгнэлт хийсэн, шинжээчийн 551 тоот, 672 тоот дүгнэлтүүд Б.Л-гийн хэрэг хариуцах чадварыг зөрүүтэй тогтоосон байхад шүүх эдгээр нотлох баримтад тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, 1.3 дахь хэсэг буюу онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч Б.Л-г 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж өмгөөлөгчгүйгээр байцаасан /1 дүгээр хавтас 229-231/, мөн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр түүнд урьд сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг болгон хүндрүүлэн өөрчилж яллагдагчаар татаж байцаахдаа өмгөөлөгч оролцуулаагүйгээс /1 дүгээр хавтас 232-233/ шүүгдэгчийн эрх хөндөгдсөн эсэх, нотлох баримтаар үнэлсэн, чухал ач холбогдолгүй гэж үзсэн зэрэг үндэслэлээ заах шаардлагатай.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч Б.Л-г хохирогч А.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан, Ч.С-ыг алахыг завдсан, Г.Г-ийг мөн алахыг завдсан гэж гурван үйлдэлд яллаж дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн хоёр зүйл, хэсэгт зааснаар зүйлчилсэн талаарх хууль зүйн тайлбар, дүгнэлтийг тогтоолдоо тусгаагүй орхигдуулжээ.  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2035 тоот дүгнэлтээр хохирогч А.Э-ын цуснаас 1.5 промилли спиртийн алкоголь илэрч амь хохирогч хөнгөн зэргийн согтолттой гэж дүгнэсэн байхад шүүх ямар нотлох баримтыг үндэслэн хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй гэж дүгнэсэн нь тодорхой бус байна.

Шүүгдэгч Ч.С, Г.Л нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлоогүйгээс гадна үйлдэл, эс үйлдэхүйн алинаар нь гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тодорхойгүй, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлээгүй гэж дүгнэсэн үндэслэл, итгэлцлийг хэрхэн ойлгож байгаа нь тогтоолд илэрхийлэгдээгүй гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан хохирлын талаарх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг объектив бодит шалгуураар /субъектив дотоод итгэлээр бус/ үнэлж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох бөгөөд ингэхдээ  иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар заах ёстой атал анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтад дээрх дүгнэлтийг хийхгүйгээр шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй.

Үүнээс гадна шүүгдэгч С.С, Г.Л нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж улмаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хууль хэрэглэх дараалал, тэдгээрийн эрэмбийг зөрчжээ.

Дээрх хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх бүрэн залруулаагүй тул магадлалыг шийтгэх тогтоолын хамт хүчингүй болгож, Б.Л, Ч.С, Г.Л нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болно гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал дээрх үндэслэлээр хүчингүй болсон тул шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 791 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Л, Ч.С, Г.Л нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Ч.С, Г.Л нарт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН