| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 102/2019/01117/И |
| Дугаар | 001/ХТ2021/01091 |
| Огноо | 2021-09-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2021/01091
Р.Даваанямын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02947 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0005 дугаар магадлалтай,
Р.Даваанямын нэхэмжлэлтэй,
Энгүүн ээг групп ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 24,564,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
17,055,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтөр, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
Нэхэмжлэгч Р.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Энгүүн ээг групп ХХК-тай 2018.08.29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил үүргийг 7-14 хоногийн дотор гүйцэтгэнэ гэсэн нөхцөлтэй. Мөн шинэ ажил нэмж гүйцэтгэхээр бол нэмэлт гэрээ байгуулна гэж тохиролцож, урьдчилгаа 16,564,000 төгрөгийг ерөнхий менежер У.Уянгоогийн Хаан банкин дахь 5455054543 дугаарын дансанд шилжүүлнэ гэснээр шилжүүлсэн. Гэвч тус компани хугацаандаа заасан ажил үүргээ биелүүлээгүй, утас нь холбогдохгүй хүндрэлтэй байдлыг үүсгэсэн. Ингээд 9 дүгээр сардаа багтааж цонх хаалга хийж, дулаалах шаардлагатай болсон тул Ариал цонх ХХК-тай 2018.10.02-ны өдөр гэрээ байгуулж, өөрийнхөө барилгад тохирсон хуванцар хаалга, цонх хийж гүйцэтгүүлэхээр болсон. Энгүүн ээг групп ХХК-ийн хүмүүстэй уулзаж, араас нь хөөцөлдөж явахад өөрсдийн гэсэн агуулахгүй бусдын газарт байрлаж бусдаар юмаа хийлгэдэг нөхцөл байдал илэрсэн учраас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч уг маргааныг иргэний хэргийн маргаан гэж эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Энгүүн ээг групп ХХК-тай байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16,564,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасан алданги тооцож нийт 24,564,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үнэн. Гэрээнд заасан ажлыг хийгээд хүлээлгэж өгөх гэхэд Р.Давааням гуай аваагүй. Захиалсан ажлын материалыг БНХАУ-аас авчирч хийх байсан боловч хугацаандаа ирээгүйгээс саатсан. Төлбөрийн тухайд гэрээнд зааснаар урьдчилгаа 80 хувийг гэрээ байгуулах өдрөө хийх ёстой гэтэл нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй. 9 дүгээр сарын 05-ны өдөр 16,564,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Гэрээгээр захиалагч алданги тооцох үүрэг хүлээгээгүй. Хариуцагч талаас алга болсон асуудал байхгүй. Үүнийг 2018.09.30-ны өдөр бичсэн захидал баталж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтөр сөрөг нэхэмжлэлдээ: Р.Давааням ажлыг хийлгэх урьдчилгаанд 16,564,000 төгрөгийг төлсөн байдаг. Улаанбаатар хотод тус материалыг хүлээн авахад 30,000,000 төгрөг зарцуулсан. Би жижиг, дунд бизнес эрхлээд түүнээсээ улсад татвар төлдөг. Иймээс хийсэн цонхны шил 2,244,000 төгрөг, тээврийн зардалд 1,500,000 төгрөг, хадгалалтын зардалд 2,000,000 төгрөг, компанийн үйл ажиллагааны зардалд 2,000,000 төгрөг, нийт 17,055,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2018.08.29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй байж гарсан зардлаа биднээс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02947 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Энгүүн ээг групп ХХК-иас 16,564,000 төгрөгийг гаргуулж, Харчуул овогт Рагчаагийн Даваанямд олгож, үлдсэн 8,000,000 төгрөг, хариуцагчийн 17,055,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,770 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 243,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 240,770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0005 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02947 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтөр, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхээс хариуцагч нэхэмжлэгчийн тайлбараар ажлын үр дүн хугацаандаа бий болоогүй нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан гэрээний зөрчилд хамаарах бөгөөд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул гэрээнд заасан хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлбөрөө хийгээгүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм гэж үзжээ. Гэтэл гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй явдал нь 2 талын байгуулсан гэрээний 3.2-т заасан гэрээ байгуулагдснаар 80 хувийн урьдчилгааг захиалагч тал гүйцэтгэгч талд шилжүүлэн 20 хувийг ажил гүйцэтгэж дууссаны дараа 2 хоногийн дараа төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл захиалагч урьдчилгаанд 41 хувийг төлсөн байдаг ба үлдэгдэл 39 хувийг төлөөгүйгээс захиалагчийн захиалсан бараа материал саатсанаас гүйцэтгэгч тал хугацаа алдсан байдаг ба энэ Иргэний хуулийн 222.2 дугаар зүйлд хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг. Энэ заалтыг давж заалдах шатны шүүхээс хэрэглээгүй.
Мөн давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлд шилжүүлсэн 16,564,000 төгрөгийг буцаан шаардах хэрэгтэй гэж үзсэн. Гэтэл Иргэний хуулийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Үйл явдлаас дүгнэхэд ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй бөгөөд материал хаана явж байгаа талаар захиалагчид мэдэгдэж байсан байдаг ба захиалагч нь өөр хаалганы ажлыг хүртэл тус компаниар гүйцэтгүүлж мөнгө шилжүүлсэн баримт тухайн хэрэгт байдаг.
Мөн Иргэний хуулийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалттай. Гэтэл талууд нэмэлт хугацаа тогтоогоогүй байдаг, мөн хуулийн 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан байдаг. Үүнээс харахад захиалагч тад гэрээнээс татгалзах боломжгүй нөхцөл байдал харагдаж байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хохирол учирсан нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн нь 2019.08.14-ний өдрийн 361 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба уг ажлыг хийхэд холбогдох зардлыг нэг бүрчлэн нарийвчлан нотлох баримтаар хэрэгт тусгасан боловч нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн тухай хүлээлгэн өгөх үед хүлээж аваагүй, өмнөх гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад гэрээ цуцлах талаар ямар нэг санал гаргаагүй атлаа өөр компанитай гэрээ байгуулж ажлыг гүйцэтгүүлсэн талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 0005 тоот магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.
Р.Давааням нь Энгүүн ээг групп ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 24,564,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 17,055,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
1. Зохигч 2018.08.29-ний өдөр №18/829 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч Энгүүн ээг групп ХХК нь Бумбат төгөл амралтын газрын металл хана, хаалга цонхны ажлыг 7-14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч Р.Давааням гэрээний үнийн дүн 40,100,000 төгрөгийн 80%-ийг урьдчилгаанд шилжүүлж, үлдэгдэл 20%-ийг ажил үйлчилгээг гүйцэтгэж дууссаны дараа гүйцэтгэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцжээ.
Захиалагчаас гүйцэтгэгчид 2018.08.31-ний өдөр 16,564,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээнд заасан хугацаа өнгөрсөн боловч гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр захиалагч гэрээнээс татгалзаж, ...ажлын урьдчилгаанд төлсөн 16,564,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 24,564,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...урьдчилгаа 80%-ийг төлөхөөс 41%-ийг төлж, үлдэх 39% болох 15,639,000 төгрөгийг өгөөгүйгээс цонхны материал хугацаа алдаж ирсэн, энэ талаар захиалагчид танилцуулж байсан бөгөөд ажлыг гүйцэтгэж дуусгаад 2018.10.01-ний өдөр захиалгыг нийлүүлж угсрах гэсэн боловч захиалгыг хүлээж аваагүйгээс 17,055,200 төгрөгийн илүү зардал гарч, хохирол учирсан... гэх үндэслэлээр хохирлыг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас урьдчилгаанд шилжүүлсэн 16,560,000 төгрөгийг хангаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7.-д зааснаар алданги нэхэмжилсэн шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.7. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт цугларсан баримтад өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтад нийцжээ.
Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ..гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйд дан ганц үүрэг гүйцэтгэгч буруугүй, ...хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2. дахь заалтыг хэрэглээгүй, ...гэрээ цуцлах талаар талууд нэмэлт хугацаа тогтоогоогүй, түүнчлэн захиалагч буруутай тул гэрээнээс татгалзах боломжгүй нөхцөл байдал бий болсон гэж үзнэ. ...хариуцагчид учирсан хохирол шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байхад нотлох баримтыг үнэлээгүй тул магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ, үүргийг тогтоосон хугацаанд нь гүйцэтгэнэ, талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Хариуцагч нь ажлыг 7-14 хоногт гүйцэтгэх үүрэг хүлээсэн, гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээс хойш 25 хоноход материалаа татаж ирүүлээгүй байсан, үүрэг гүйцэтгүүлэгч ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж байсан боловч гүйцэтгээгүй, улмаар 2018.10.01-ний өдөр захиалагч гуравдагч этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул захиалагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй, түүнчлэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр урьдчилгаа төлбөрийг үргэлжлүүлэн олгоогүйд үүрэг гүйцэтгүүлэгчийг буруутгах боломжгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1., 206 дугаар зүйлийн 206.1., 222 дугаар зүйлийн 222.2. дахь заалтад нийцсэн байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6.-д зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Үүрэг гүйцэтгэгч гэрээ цуцлахаас өмнө захиалагчид ямар нэг ажил хүлээлгэж өгөөгүй, гэрээ цуцалсанд дээр дурдсанаар захиалагчийг буруутгах үндэслэлгүй тул тэрээр үүрэг гүйцэтгэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэхгүй, нэхэмжлэгч үүргээ зөрчсөний улмаас хариуцагчид хохирол учирсныг хариуцагч баримтаар нотлоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлүүлэхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.
Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй, орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0005 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтөр, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Энгүүн ээг групп ХХК-иас 2020.01.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД