| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 105/2019/0385/Э |
| Дугаар | 1119 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1119
Ш.Г-, С.М- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
шүүгдэгч Ш.Г-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Х.Гантулга,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1411 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ш.Г-, С.М- болон шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Г-, С.М- нарт холбогдох эрүүгийн 1806014620273 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол овгийн Шинэжаргалын Г-, 2000 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Төв аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, барилгын технологийн коллежийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны 672 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:НТ00240918/;
2. Сүхдээ овгийн Сумъяахүүгийн М-, 2000 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвд хүнд машин механизм операторын 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 7 дугаар гудамжны 181-а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УК00240354/;
Ш.Г-, С.М- нар бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух иргэн Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч “Skyworth” загварын 55 инчийн 3D зурагтыг нууцаар, хууль бусаар авч, 1.484.490 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Г-, С.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Г-, С.М- нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Ш.Г-, С.М- нарын цагдан хоригдсон 140 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, Ш.Г-, С.М- нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхнаасаа хэргийн талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсныг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Н.Чинбат нь миний хадам эцэг. Түүний охин Ч.Шинэтуяа бид хоёр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүүтэй болсон. Тухайн үед би 17 настай байсан тул хүүгээ өөрийнхөө нэрээр овоглож чадаагүй. Хэрэг гарах үед манай эхнэр, хүүхэд хоёр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байсан. Хүү маань тархины даралттай төрсөн тул санаа зовоод тухайн үед мөнгө асуухаар найз Ш.Г-н хамт хадам аавынхаа гэрт очиход гэртээ байгаагүй. Тэгээд бид хоёр хоол идээд сууж байтал 2 давхрын өрөөнд зурагт байсан. Ш.Г- бид хоёр ярилцаж байгаад уг зурагтыг барьцаалж зээл авахаар шийдээд явж байгаад цагдаад баригдсан. Миний бие гэнэн томоогүйгээсээ болж гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан, ар гэр, хувийн байдлыг маань харгалзан надад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тодорхой хуульчилсан байхад шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх үедээ 18 насанд хүрээгүй байх гэж тайлбарлах нь хуульд заасныг гуйвуулж, явцууруулсан. Мөн зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэх шүүхэд эрх олгосон нээлттэй зүйл, заалттай холбож тайлбарлах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнээс үүдээд энэ хэсэгт заасан 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүн гэдэгт гэмт хэрэг үйлдэх үедээ хэдийгээр 18 насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд эрх зүйн байдлыг нь дээрдлүүлэн хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан буюу өөрөөр хэлбэл, сэтгэхүй, оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн адил сэтгэж, үйлдэж хийж байгаа 18-21 хүртэлх насны хүнийг энэхүү ойлголтод хамруулан ойлговол зохих байтал энэхүү заалттай хольж, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсныг нь үл харгалзан одоо нас бие, эрүүл мэнд, ёс суртахууны хувьд насанд хүрсэн гэж үзэж, эрх зүйн байдлыг нь илт дордуулж үзсэнд гомдолтой байна. Анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсгүүдийг тайлбарлаж хэрэглэхдээ харилцан адилгүй байдлаар тайлбарлаж байгаа, хуулийг нэг мөр тайлбарлаж, хэрэглэхэд эргэлзээ гарч байгаа нь шийтгэх тогтоол, магадлал, тогтоолуудаас харагдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх арга зам нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчим юм. Иймд шүүгдэгч С.М-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 18 насанд хүрч, одоо 19 нас 06 сартай болсон, өсвөр насаа дөнгөж өнгөрөөж яваа, бие бялдар, оюун санааны хөгжлийг гүйцэд олоогүй зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ш.Г-н өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгч Х.Гантулгатай санал нэг байна.” гэв.
Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуульд заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг шүүх олон янзаар тайлбарлан хэрэглэж байгаа. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед 19 насанд хүрсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэхээр мөн хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдлүүлэх болоод байна. Шүүгдэгч нар нэгэнт 18 насанд хүрсэн учир ингэх боломж байхгүй. Иймээс энэхүү хууль хэрэглээний эргэлзээтэй асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Ш.Г-, С.М- нар бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух иргэн Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч, 1.484.490 төгрөгийн үнэлгээ бүхий “Skyworth” загварын 55 инчийн 3D зурагтыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч Н.Чинбат нь “...би 2017 онд цахилгаан барааны дэлгүүрээс 2.500.000 төгрөгийн үнэтэй “Skyworth” загварын 55 инчийн 3D зурагтыг зээлээр худалдан авч байсан. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн үед, гэртээ иртэл байшингийн гаднах хаалга, дотор талд байдаг вакум хаалга онгорхой байсан. 2 давхрын өрөөнүүдийг үзэхэд, унтлагын өрөөнд байсан зурагт байхгүй байсан. ...” /хх-ийн 27-30/ гэж эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:
гэрч Б.Ялалтбаярын “...2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Авто Плаза” төвийн ард байрлах “Цамба” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар буюу ажил дээрээ байж байтал залуухан 2 эрэгтэй хүн орж ирээд “Манай эгчийн зурагт байгаа юм, мөнгө хэрэг болоод барьцаанд тавих гэсэн юм авах уу” гэхээр нь “Үзэж байж болъё” гэхэд “Гэрээсээ очоод аваад ирье” гээд явсан. 30-40 минутын дараа таксигаар хүрч ирэхээр нь зурагтыг шалгаад “250.000 төгрөгийн барьцаанд авъя” гэхэд “Тэгье” гэсэн. Эргүүлийн цагдаа таарч шалгахад хулгайн зурагт байсан. ...” /хх-ийн 33-34/,
шүүгдэгч Ш.Г-н “...13 цагийн үед хохирогчийн гэр лүү орсон. С.М- вакум хаалганы түлхүүр тавьдаг газрыг мэддэг байсан. Тэгээд хаалгыг онгойлгосон. Хоол идчихээд гарахдаа зурагт аваад гарсан. Барьцаалан зээлдүүлэх газарт тавихаар явж байгаад эргүүлийн цагдаад баригдсан. ...” /хх-ийн 215/,
шүүгдэгч С.М-ийн “...тухайн өдөр Ш.Г-той тааралдаад 13 цагийн үед хохирогчийн гэр лүү орсон. Вакум цонхны түлхүүр шонгийн өлгүүр дээр байдгийг мэддэг байсан. Тэгээд түлхүүрийг аваад вакум цонхыг онгойлгосон. 2 давхрын хаалганы түлхүүр орны гудсан доогуур байдаг. Хоол хийж идчихээд, мөнгөний хэрэг гарсан тул яах учраа олохгүй байж байгаад зурагт барьцаанд тавья гэж ярилцсан. 100 айлын буудлын орчим байдаг барьцаалан зээлдүүлэх газарт очоод асуутал эзэн нь “Үзэж байж болно” гэсэн учир буцаж очоод зурагтаа аваад үзүүлтэл “250.000 төгрөгөөр авна” гэж хэлсэн. Барьцаанд тавихаар явж байхдаа эргүүлийн цагдаад баригдсан. ...” /хх-ийн 215/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26/, эргүүлийн цагдаагийн бичсэн илтгэх хуудас /хх-ийн 12/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 43-44/, алдагдсан эд хөрөнгийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18/ зэргээр давхар нотлогджээ.
Шүүгдэгч С.М- нь хохирогч Н.Чинбатын охинтой үерхэж байх хугацаандаа хүүхэдтэй болсон гэх бөгөөд тэрээр Н.Чинбатыг хадам эцгээ гэж боддог, түүний гэрт нэвтрэх эрхтэй мэтээр тайлбарладаг боловч үүнийг хохирогч Н.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...С.М- манай охины найз залуу байсан. Тэдний дунд хүүхэд байгаа хэдий ч манай хүргэн, гэр бүлийн гишүүн бол биш. Манай охиныг гэртээ байх үед нь л ирдэг байсан. Гэхдээ манай гэрт дураараа орох эрхгүй хүн. ...” /хх-ийн 218-219/ хэмээн эрс няцаажээ.
Иймээс шүүгдэгч Ш.Г-, С.М- нарын бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, тухайн орон зайд хадгалагдаж байсан эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ш.Г-, С.М- нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Г-, С.М- нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдагдсан эд хөрөнгийг хохирогчид хүлээлгэн өгөх замаар учруулсан хохирлоо төлсөн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ялыг тус бүрт оногдуулсныг буруутгах аргагүй бөгөөд үүнээс доогуур хорих ял оногдуулж, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэг /Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх/-ийн холбогдох зүйл, хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба энэ хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заажээ.
Шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ, мөн хуулийн 8.1 дүгээр зүйл /Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл/-ийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан ... байна.” гэсэн заалтуудыг харгалзан үзэх учиртайн гадна, энэ нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Г- нь 2000 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, энэ гэмт хэргийг үйлдэх үедээ 17 нас 10 сар 03 хоногтой байсан бол шүүгдэгч С.М- нь 2000 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, энэ гэмт хэргийг үйлдэх үедээ 17 нас 10 сар 09 хоногтой байсан болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19-22, 79, 99/ зэргээр тогтоогдож байна.
Гэвч 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг анхан шатны шатны журмаар хянан шийдвэрлэх явцад, тэд 19 насанд хүрсэн бөгөөд бие физиологи, сэтгэл зүйн хөгжлийн онцлогоос хамаарч оюун санаа нь насанд хүрсэн хүний хэмжээнд хүрээгүй буюу өөрсдийнх нь бие физиологийн хөгжлөөс оюун санааны хөгжил нь тодорхой хэмжээгээр хоцорч байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг хэрэглэх боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хууль хэрэглээ, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан шүүгдэгч Ш.Г-, С.М- болон шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Гантулга нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1411 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Г-, С.М- болон шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН