Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 36

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /онлайнаар/

          Шүүгдэгч О.П

          Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолтой, 1929001370057 дугаартай эрүүгийн хэргийг  шүүгдэгч О.Пийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв. 

Монгол улсын иргэн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох, Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жил хорих, Нийслэлийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 5 жил хорих, Бага хангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийн хурааж, 12 жил хорих, Сүхбаатар дүүргийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч О.П нь 2019 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Б-ын бууцан дахь гэр, граж, амбаарт хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн ээмэг, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар, хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 22625890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь О.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч О.П-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-д оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 32 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тоолж, шүүгдэгч О.П-оос 9080500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч С.Ц, Н.Б нарт олгохоор, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, О.П-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, О.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн орой ирээд хохирогч Б.Б-аас эд зүйл хулгайлж авсан минь үнэн. 

Мөрдөн байцаалтанд бүх болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Хотод жолоочийнд орхисон эд зүйлүүдийн үнэлгээ хийгдээгүйгээс надад их хэмжээний хохирол гарсан тул энэ хэрэгт дутуу хяналт тавигдсан. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар нь шинжлэн судлаагүй гэж үзэж байна.

Намайг шүүх хуралд өмгөөлөгчөөр хангаагүй, шүүх хуралдаан эхэлсний дараа хавтаст хэрэгтэй танилцуулсан. Надад 30 минутын хугацаа өгсөн боловч би сайн уншиж танилцаж амжаагүй байтал хурал эхэлсэн.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хугацаа арай олон жил байгаа тул ялын хэмжээг багасгаж, хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналыг оруулж байна. Хохирогч Б.Б-т өөрт нь хохирлыг олгох ба 3 иргэний нэхэмжлэгчид хувааж олгох нь эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн Ц.Д-д 300000 төгрөг төлөхөөр байгаа. Эдгээртэй холбоотой асуудлыг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөн О.Н-тай хамтарч хийсэн гээд байгаа зүйл дээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд ийм зүйл огт яригдаагүй. О.П нь энэ О.Н гэдэг хүнийг  хэрэгт буруугүй гэдэг тайлбарыг бичгээр гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.П давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийг үйлдэхдээ авсан эд зүйлүүдийн зарим зүйл нь мөрдөн байцагдаж байх явцад дутуу хураагдсан. Тийм учраас үнэлгээ нь дутуу хийгдсэн. Тэрийг авч хохирлын хэмжээгээ багасгамаар байна. Хулгай хийхэд надтай цуг явсан хүн байдаг. Миний мэдэхгүй зүйлүүд тэдний гэрээс гарсан байна. Мөрдөн байцаагч надаас нэхсэн. Тэр намайг юм үлдээсэн гэж хэлсэн байсан. Би бол юм үлдээгээгүй. Тэр авсан юмнуудаа бүгдийг нь үрж дууссан. Миний мэдээгүй зарим зүйлүүд хавтаст хэрэгт гараад ирсэн. Би энэ хэргийг уг нь хоёулаа хийсэн юм. Өөр хэлэх юм алга” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь О.П-д  холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, бүхэлд нь хянаж үзвэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь О.П-ийг 2019 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн Шандын хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Б-ын бууцан дахь гэр, граж, амбаарт хууль бусаар нэвтэрч 35 нэр төрлийн эд зүйл хулгайлж, бусдад орон нутгийн тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр 22.625.890,0 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн О.П-д холбогдох хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхэжсэн эсэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийж чадаагүйгээс хэргийн бодит байдлыг зөв тогтоогоогүй чадаагүй байна. Үүнд:

1. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд О.П-ийг 12 цагаантай мөнгөн ээмэг хулгайлсан гэж бичсэн боловч шүүгдэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд 12 цагаантай мөнгөн эмээл хулгайлсан гэж мэдүүлж байна. Бурхан /Бүжинлхам гэх/ хулгайлсныг эзэнд нь эргүүлэн өгсөн тухай хэрэгт баримт байх боловч мөрдөгчөөс О.П-ийн хулгайлсан гэх эд зүйлсийн жагсаалтанд тусгагдаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэсний дагуу орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлгээ хийгдээгүй 12 цагаантай ээмэг, бурханыг хулгайлсан гэж үзсэн байна. /хэргийн 160,  52,  178, 209 дугаар хуудас/

О.П-ийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хохирлын үнийн дүнгээр тодорхойлогдоно. Иймээс хэргийн үйл баримтын талаар буюу эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих асуудалд хамаарах тул 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/88 дугаартай яллах дүгнэлтийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 заалтын агуулгад нийцээгүй гэж үзнэ. Түүнчлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй байхад шүүхээс О.П-ийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хулгайлсан нь болон хохирлын хэмжээ нь мөнгөн илэрхийллээр тогтоогдоогүй 12 цагаантай ээмэг, бурхан /Б гэх/ -ыг хулгайлсан гэж дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн тул О.П-ийн үйлдсэн гэх гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь  мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

2. Мөрдөгчөөс О.П-д хавтаст хэргийн материал танилцуулсан тухай гэх тэмдэглэл хавтаст хэргийн 145 дугаар хуудсанд авагдсан боловч О.П уг баримтад гарын үсэг зураагүй байх тул мөрдөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах бүх ажиллагаа дууссаны дараа яллагдагчид хэргийн материалыг танилцуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэх ажиллагааг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэв. Харин анхан шатны шүүхээс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хэргийн материал танилцуулсан баримт хэргийн 199 дугаар хуудсанд авагдсан боловч О.П холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг мөн өдрийн 10 цаг 00 минутанд эхэлж явуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул ажлын нэг цагийн дотор хийгдсэн дээрх ажиллагаагаар О.П-ийг хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай тул түүний хэргийн материалыг 30 минутад танилцуулсан гэж гомдолдоо дурдсан нь үндэслэлтэй, ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан мөрдөн байцаалт ажиллагааны талаар хүсэлт, гомдол гаргах О.П-ийн эрхийг хязгаарласан гэж үзнэ. /хэргийн 201 дүгээр хуудас/       

3. О.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна. /хэргийн 63 дугаар хуудас/ Гэтэл О.П-оос  өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй байхад 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүйгээс уг мэдүүлэг нь мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан нотлох баримтаар тооцохгүй байх, хэрэгт ач холбогдолтой эсэхэд эргэлзэх үндэслэл болж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзлээ./хэргийн 76-79 дүгээр хуудас/

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.П-оос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулснаас хойш 6 цагийн дотор мэдүүлэг авах ажиллагааг явуулаагүй гэж үзэх үр дагавар үүссэн эсэхэд шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

О.П-ийн хулгайлсан эд зүйлд үнэлгээ тогтоох тухай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарсан мөрдөгчийн тогтоол болон “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ий гаргасан дүгнэлтийг оролцогч нарт танилцуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөнийг мөн хуулийн 27.2 дугаар зүйлд заасан шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эдлэх эрхийг  ноцтой зөрчсөн гэж үзнэ./хэргийн 156 дугаар хуудас/

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, шүүгдэгч О.П-ийг гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх боломжгүй тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, О.П холбогдох 1929001370057 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх” шаардлагыг хангаагүй гэж үзсэнийг магадлалд зааж байна. Үүнд:

1.  Анхан шатны шүүх нь О.П-ийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэм буруутайд тооцох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байна. Өөрөөр хэлбэл, хүндрүүлэх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинж болж байхад уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй нь Эрүүгийн хуульд заасан  гэмт хэргийн ойлголт, шинж, гэм буруугийн зарчимд нийцээгүй гэж үзэв.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгчийн овог, нэрийг бичихгүйгээр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч 4 жилийн хорих ял шийтгэсүгэй” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасантай нийцээгүй.

3. Иргэний нэхэмжлэгч С.Ц 4200000 төгрөг, Н.Б 200000 төгрөг, Ц.Д 300000 төгрөг, Б.Б 9080500 төгрөг тус тус нэхэмжилсэн байхад  шүүх дээрх иргэний нэхэмжлэлийн үндэслэл,  хэмжээний нотлогдсон байдлыг хэрэгт авагдсан баримтад үндэслэж, зөв тогтоолгүйгээр О.П-оос 9080500 төгрөгийг гаргуулж С.Ц, Н.Б, Ц.Д, Б.Б нарт олгохоор шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан шаардлагыг хангаагүй.  /хэргийн 36, 38, 33, 160/

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.5 дугаар зүйлд заасан “эд хөрөнгийн болон эд хөрөнгийн  бус хохирол”, “нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт шийдвэрлэнэ” гэдгийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс  учирсан  хохирол нь Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан гэм хорд хамаарна гэж үзэж, гэм хор учирсан шалтгаан, үндэслэлээс хамаарч Иргэний хуулийн холбогдох нарийвчилсан зохицуулалтыг баримталж, хохирлын хэмжээ, арилгах аргыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-36.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж, энэ тухайгаа мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шийтгэх ба цагаатгах тогтоолдоо тусгахыг ойлгоно.

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилгах үүргийг Д.П-д хариуцуулахдаа Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалтыг огт хэрэглээгүй байна. 

Шүүгдэгч О.П-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд гаргасан “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтүүдэд өмгөөлөгч оролцуулахгүй шалтгаанаа бичээгүй байна. /хэргийн 63, 197 дугаар хуудас/ Мөрдөгч, прокурор, шүүхээс Д.П-ийн өмгөөлөгч сонгох эрхийг хэрэгжүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан төлбөрийн чадваргүйтэй холбоотой эсэхийг тодруулж, улмаар энэ шалтгаангүй тохиолдолд түүний оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулах нь мөн зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно”, мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт “хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасантай нийцэх байсныг цаашид анхаарвал зохино.

Түүнчлэн Прокурорын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 5/05 дугаар тогтоолоор О.Н холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 174 дүгээр хуудас/  Гэвч О.Н-ийн “... миний юмыг яах гэж байна гэсэн чинь орны хивс, нэг гэрийн хулдаас, моторыг зараад мөнгийг ав гэж хэлсэн..., П би мал маллаж байсан айлдаа очиж хувцас хунараа авна гэж анх явсан...” гэсэн мэдүүлгээс О.П-ийн хүсэлтээр Улаанбаатар хотын Налайх дүүргээс Өмнөговь аймгийн Манлай сум, Манлай сумаас Улаанбаатар хотын Налайх дүүрэг хүртэлх чиглэлд тээврийн үйлчилгээ үзүүлсэн, анх Налайх дүүргээс гарахдаа үйлчилгээний хөлсөө тохироогүй байсан, О.П авахаар очсон эд зүйлсээс өөр эд зүйлс авсан, айлаас авсан эд зүйлсийн зарим хэсэг түүний гэрт хадгалагдаж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байх тул энэ нь О.Н, О.П нарын хооронд иргэний эрх зүйн  харилцаа байсан гэж үзэхэд эргэлзээ төрөхөөр байгааг, хэргийн хуудсыг харандаагаар давхар дугаарласан байх тул дардсаар дугаарлагдсан дугаараар магадлалд заасан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, О.Пүрэвдоржид холбогдох 1929001370057 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.       

2. Хэргийг прокурорт очтол О.П урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

              

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                           ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Т.БЯМБАЖАВ