Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01127

 

  

 

Кастер Ремо Жозеф /Kuster Remo Josef/,

Шьютемэйкэр Петер Майк /Schuitermaker Peter Mike/ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/01933 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2115 дугаар магадлалтай,

 

Кастер Ремо Жозеф /Kuster Remo Josef/, Шьютемэйкэр Петер Майк /Schuitermaker Peter Mike/ нарын нэхэмжлэлтэй,

 

Стандарт проперти ХХК-д холбогдох,

 

51,223 ам.доллар буюу 126,238,115 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөрийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Стандарт проперти групп ХХК нь Швейцарь улсын иргэн Кастер Ремо Жозефтай 2015.05.04-ний өдөр 24 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн Швейцарь улсын иргэн Шьютемэйкэр Петер Майктай 2015.05.04-ний өдөр 14 дугаартай Орон Сууц худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулсан. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч тал болох Кастер Ремо Жозефь нь нийт гэрээний үнэ болох 54,292 ам.доллар, Шьютемэйкэр Петэр Майк нь 48,174 ам.долларыг хариуцагч талд хугацаанд нь шилжүүлж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч тал нь гэрээнд зааснаар орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан хэдий ч 2015.09.30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан байдаг.Тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэв гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацааг 60 болон түүнээс дээш хоногоор сунгасан тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа сунгасан хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө гэж заасан. Хариуцагч тал нь дээрх хугацааны алдангийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн албан бичгийг нэхэмжлэгч талд 2016.01.12-ны өдөр и-мэйл хаягаар илгээсэн. Хариуцагч тал нь дээрх албан бичигт одоог хүртэл хариу өгөөгүй, алданги төлбөрийг нэхэмжлэгч талд төлөөгүй байна. 2018.06.22-ны өдөр Ашид Адвокатс ХХН-өөс Стандарт проперти групп ХХК-д хандаж гаргасан албан тоотод алданги төлөх хугацааг зааж, уг хугацаанд алданги төлөхгүй бол шүүхэд хандах тухайгаа мэдэгдсэн. Дурдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй учир бидний зүгээс эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах гэсэн боловч Кастер Ремо Жозеф, Шьютемэйкэр Петер Майк нарт хадгалагдаж байсан худалдах, худалдан авах гэрээний эх хувь нь Бээжин-Берн хүрэх олон улсын нислэгийн үеэр гэмтэл авч шүүхийн нотлох баримтын шаардлага хангахгүй болсон. Бидний зүгээс 2018.06.28-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Стандарт проперти ХХК-ийн Кастер Ремо Жозеф, Шьютемэйкэр Петер Майк нартай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ (Home Purchase Agreement)-ний хавсралтуудыг тус тус гаргаж өгөх хүсэлтийг тавьсан. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс дээрх нэр бүхий хүмүүсийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээний бүртгэл хийгдээгүй байгаа талаар дурдаад, 2018.04.23-ны өдөр Гэрчилгээний дугаар:000588952 мөн Улсын бүртгэлийн дугаар:Ү-2204088416 Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээний хуулбарыг үнэн болох талаар 2018.07.18-ны өдөр гаргаж өгсөн. Уг Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээний хуулбараас үзвэл Стандарт проперти ХХК нь гадаадын иргэдийн хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглаж, худалдах, худалдан авах гэрээг халхавчлан бэлэглэлийн гэрээ байгуулсан байгаа нь харагдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулж, Улсын бүртгэлд бүртгэгдсэн учраас Кастер Ремо Жозеф, Шьютемэйкэр Петер Майк нарын нэр дээр худалдах, худалдан авах гэрээний бүртгэл байхгүй байх нь тодорхой юм. Талуудын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нь орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх байсан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн газрын 2019.02.26-ны өдрийн 7/1578 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн өмчлөлд 2018.04.23-ны өдөр шилжүүлсэн байна.Иймд Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар 2015.07.01-ээс 2018.04.23-ныг хүртэл нийт 1023 өдрийн алданги буюу /гэрээний дугаар 14: 48,174 ам.доллар*50%=24,087 ам.доллар, гэрээний дугаар 24: 54,292 ам.доллар*50%=27,146 ам.доллар/, нийт 51,233 ам.доллар болж байна. Иймд Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алданги болох 51,233 ам.доллар буюу 126,238,112 төгрөг (нэхэмжлэл гаргах өдрийн ханш 1ам.доллар=2,464 төгрөг)-ийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн өөрийнх нь шаардах эрхийн үндэслэл болгож байгаа хэлцэл дээр яаж уг хүн оролцсоныг ойлгохгүй байна. Энэ хэлцэл ганц Англи хэл дээр хийгдсэн байдаг бөгөөд Монгол хэл дээр хийгдэж Монгол хэлнээс Англи хэл рүү орчуулагдаж гарын үсэг зурсан хэлцэл биш. Хэлцэлд оролцож байгаа субьект нь Стандарт проперти групп ХХК юм. Тамга дарах нь төгсгөлийн асуудал. Стандарт проперти групп ХХК-тай хэлцэл хийсэн гэж ойлгож байна. Шүүхэд өөрийнх нь хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж Стандарт проперти групп ХХК гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаа хэрхэн солих нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Гэхдээ өөрийн дотоод итгэл үнэмшилдээ групптэй гэрээ байгуулсан гэж үзэж байсан боловч Улсын бүртгэлийн газраас бичиг баримтууд гарсны дараа 2019 оны 10 дугаар сард Стандарт проперти ХХК гэж тодорхойлсон. Хэлцлийн дагуу нэхэмжлэгч нар өмчлөх эрхийг олж авсан. Аливаа хэлцэл араасаа үр дагавар дагуулах ёстой бөгөөд үр дагавар дагуулахгүй бол хүчин төгөлдөр бус хэлцлийн хэлбэр рүү орно. Стандарт проперти групп ХХК, Стандарт проперти ХХК-ийн хувьд эргэлзээгүй, ойлгомжтой хэлцэл байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Хэлцэл хүчин төгөлдөр бус учраас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээрээс гэрээний үүрэг, хариуцлага шаардах хууль зүйн үндэслэлгүй. Хууль мэдэхгүй байх нь тухайн хүний эрх зүй, эдийн засгийн байдлыг дээрдүүлэх үндэслэл болохгүй. Хэлцэл нь ямар нэгэн үр дагавар дагуулаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т энэ талаар заасан. Нэхэмжлэгч нарын хүсэлтээр гэрээ боловсруулж явуулсан гэдэг. Байрны хууль ёсны өмчлөгч нь Даниэл Мансер юм. Тухайн хүн ямар компанийн хувьцааг эзэмших нь өмчлөх эрх олж авахад нь хамаагүй. Хувьцаанд ногдох хэмжээний ашгаа авсан, эсхүл худалдаж авсан, хөрөнгө оруулагч нар бие биендээ бэлэглэсэн ч байж болно. Түүнчлэн бэлэглэсэн зүйлээ өөр хэн нэгэнд худалдаж, мөнгийг нь өөрөө авсан байж болно. Хэрэв энэ хэлцлийн үндсэн дээрээс алданги шаардаж байгаа бол өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлж өгсөн тодорхой үйлдэл хийсэн байх ёстой. Нэгэнт талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, үр дагавар дагуулаагүй учраас алданги төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг буюу хуульд заасан болон заагаагүй боловч агуулгын хувьд үл харшлах хэлцэл. Ямар нэгэн харилцаа үүссэн, харилцаа нь үндэслэлтэй байсан тохиолдолд бид хариуцлага хүлээх байх. Хэлцэлд оролцсон, худалдаж авсан буюу хохирсон гэж үзэж байгаа нэр бүхий гадны иргэдийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд зориулж бэлтгэсэн гэрээ юм. Хөрөнгө худалдан авч байж яагаад гэрээн дээрх зүйлээ анзаардаггүй, хөрөнгөнд гэрчилгээ олгодог, олгодоггүй талаар мэддэггүй юм бэ. Хөрөнгөтний нийгэмд он удаан жил хөрөнгөтний тогтолцоогоор амьдарсан, капитал гэдгийн үнэ цэнийг маш сайн мэддэг хүмүүс хэлцэлд хайхрамжгүй хандаж, хөнгөмсгөөр найдна гэж байхгүй. Швейцар улсын 3 иргэдийн хоорондын маргааныг барилгын ажил гүйцэтгэсэн компаниас нэхэмжлэх хууль зүйн үндэслэл Монгол Улсын Иргэний хуульд байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/01933 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар Кастер Ремо Жозеф /Kuster Remo Josef/-ын 27,146 ам.доллар, Шьютемэйкэр Петэр Майк /Schuitemaker Peter Mike/-ын 24,087 ам.долларын бүгд 51,233 ам.доллар буюу 126,238,112 төгрөг гаргуулах тухай Стандарт проперти ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 789,140 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2115 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/01933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 789,240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 2115 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1,172.2.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байгаа. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч нар худалдах, худалдан авах хэлцлийг үндэслэн өмчлөх эрх шилжүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол иргэний эрх зүйн хамгаалалтын арга болох хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр эрх бүхий байгууллагад хандах, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан буюу бэлэглэлийн гэрээнээс татгалзах бүрэн боломжтой байсан боловч бэлэглэлийн гэрээний эрх зүйн үр дагаврыг ойлгоогүй, Монгол Улсын хуулийг мэдэхгүй, мэдээлэлгүй байсан, ингэдэг л юм байх гэж бодсон гэжээ. Эрх зүйн онолын үүднээс авч үзвэл хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээнээс татгалзах, худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг худалдагчид буюу хариуцагчид даалгах байдлаар эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байхад бэлэглэлийн гэрээнээс татгалзалгүйгээр худалдах, худалдан авах гэрээний дагуу алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нартай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд дүр үзүүлсэн хэлцлээр талууд анхнаасаа ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зориггүй байдаг тул уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хэлцэл хүчин төгөлдөр бус байх тохиолдолд хэлцэлд оролцогч талуудад гэрээний хариуцлага шаардах эрх үүсэхгүй.Мөн нэхэмжлэгч нар анхлан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Стандарт проперти групп ХХК гэж тодорхойлсон байх бөгөөд өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан этгээдийг Стандарт проперти групп ХХК гэж тодорхойлсон, мөн Стандарт проперти групп ХХК-тай уг гэрээг байгуулсан гэж.Хөрөнгө олж байгаа этгээд уг хөрөнгийг ямар хэлцлийн үндсэн дээр олж авч байгаагаа эрх бүхий байгууллагад тайлбарлах нь түүний үндсэн үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажуулдаг нь зарчмын асуудал юм. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх учиртай. Нэхэмжлэгч нар өмчлөх эрх олж авч байгаа хэлцлийг ойлгоогүй байх боломжгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг мөн шүүхэд ирүүлээгүй байна.Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалаас харвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгосон байгаа боловч тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг хэрхэн яаж, зөрчсөнийг хууль зүйн үндэслэл хэсэгтээ дурдаагүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүйгээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Нэхэмжлэгч Кастер Ремо Жозеф /Kuster Remo Josef/, Шьютемэйкэр Петер Майк /Schuitermaker Peter Mike/ нар Стандарт проперти ХХК-д холбогдуулан 51,223 ам.доллар буюу 126,238,115 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2.Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

 

а\. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтыг удирдлага болгож шийдвэрийг хүчингүй болгосон боловч мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-г анхан шатны шүүх хэрхэн яаж зөрчсөн хууль зүйн үндэслэлийг дурдаагүй, ...нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөгч болсон тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтыг удирдлага болгож: ...анхан шатны шүүх хэргийг бодитойгоор тал бүрээс нь нягтлан үзэлгүй шийдвэрлэсэн, ...зохигчийн хооронд байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд хариуцагч гэм буруутай эсэхийг эргэлзээгүй дүгнэх боломжгүй, ...бэлэглэлийн гэрээ ямар шалтгааны үндсэн дээр байгуулагдсан нь тодорхойгүй, ...мөн гэрээний талуудаас гэрээ байгуулах болсон нөхцөл шалтгааныг тодруулах шаардлагатай... гэх үндэслэл заасан байна.

 

б\. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6.-д ... хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг ...хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.. гэж, 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.7.-д ....38.6.-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.. бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох...-р тус тус зохицуулжээ.

 

Давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар мөн хэргийн оролцогчийн ямар хүсэлтийг шүүх хангаагүй талаар дурдаагүй, нотлох баримт бүрдүүлэх үүргээ зөрчсөн гэж үзсэн үндэслэлээ заагаагүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтад нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэслэлээ тодорхой заагаагүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

а\. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ: ...Стандарт проперти групп ХХК-тай 2015.05.04-ний өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу орон сууцны үнийг шилжүүлсэн боловч худалдагч нь орон сууцыг 2015 оны 02 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй 2018.04.23-нд орон сууцыг хүлээн авсан тул гэрээний 6.1.-д зааснаар алданги нэхэмжилнэ... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...гэрээг Стандарт проперти групп ХХК-тай байгуулсан боловч гэрээ хэрэгжээгүй, нэхэмжлэгч нар нь Даниэл Мансер /Daniel Manser/-тэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөгч болсон тул худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхгүй... гэж маргасан байна.

 

б\. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих бөгөөд зохигч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулж, мэтгэлцэнэ, шүүх шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

 

Нэхэмжлэгч нар нь 2015.05.04-ний өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр бус өөр этгээд буюу Даниэл Мансер /Daniel Manser/-тэй 2018.04.23-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөгч болсон үйл баримттай маргаагүй тул 2015.05.04-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй талаарх анхан шатны дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Тухайлбал, хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Кастер Ремо Жозеф /Kuster Remo Josef/, Шьютемэйкэр Петер Майк /Schuitermaker Peter Mike/ нар нь 2015.05.04-ний өдөр Стандарт проперти групп ХХК-тай Орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж, маргаж буй орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, орон сууцны үнийг гэрээнд заасан дансанд шилжүүлсэн боловч 2018.04.23-ны өдрийн Даниэл Мансер /Daniel Manser/-тэй хийсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 84б байрны 14, 24 тоот орон сууцны өмчлөгч болсон үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015.05.04.-ний өдрийн №14, №24 дугаартай Орон сууц худалдах-худалдан авах гэрээнд заагдсан орон сууцыг 2016.07.06-ны өдөр ашиглалтад оруулж, улсын комисс хүлээж авсан нь баримтаар тогтоогдсон байх тул зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт нийцсэн байна.

 

г\. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2115 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/01933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөрийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингөөс 2020.01.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 789,240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР

 

Д.ЦОЛМОН

 

Х. ЭРДЭНЭСУВД