Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0834

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0834

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Г.Г

Хариуцагч: С дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б

Гомдлын шаардлага: С дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн  2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Г.Г, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г /цахимаар/, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, иргэдийн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Г.Г шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Миний бие Г.Г нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд З эвсэлээс нэр дэвшин С дүүрэгт өрсөлдсөн. Улсын Их Сургуулийн сонгуульд миний бие нэр дэвшин өрсөлдөхдөө аливаа хувь хүн, хуулийн этгээдээс мөнгөн хандив аваагүй, цуглуулаагүй зөвхөн өөрийн хөрөнгөөс сонгуулийн сурталчилгааны холбогдох зардлыг гаргасан юм. Сонгуулийн хандивын дансыг аливаа банкинд нээлгээгүй.

2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр С дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б нь 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох 0177306 дугаар шийтгэлийн хуудас үйлдэн торголоо.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалт нь миний ойлгож буйгаар хандив авах гэж буй эсхүл авсан нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээж түүнийгээ бүртгүүлэх үүрэгтэй гэж харагдаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд С дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б би Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 дугаар албан бичгээр ирүүлсэн Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй гэх иргэн Г.Г-д холбогдох гомдол, мэдээлэлтэй танилцаад зөрчлийн хэрэг нээсэн.

Г.Г нь Монгол Улсын ИХ Хурлын 2020 оны сонгуульд З эвсэлээс 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн ба Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасныг зөрчиж өөрийн сонгуулийн зардлын дансаа Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй болох нь өөрийн мэдүүлэг, Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/3287 дугаар албан бичиг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон тул 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулж шийтгэлийн хуудас бичсэн.

Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д зааснаар хандив авсан гэх үг байхгүй байх бөгөөд Г.Г нь сонгуулийн зардалдаа өөрөөсөө гаргаж байсан мөнгөн хөрөнгийн хувийн дансаа энэ заалтын дагуу Төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх ёстой байсан.

Г.Г нь өөрийн сонгуулийн зардлын дансыг төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байсан тул зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналт дор шалгаж 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0177306 дугаар шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан болно.

Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу ногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Г.Г нь хандивын данс нээгээгүй, хандив аваагүй, өөрийн зардлаар Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөж байхад Зөрчлийн тухай хуульд зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь 

Иргэн Г.Г С дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б-д холбогдуулан гаргасан С дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №0177306 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. 

С дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №0177306 дугаар шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан сонгуулийн зардлын дансаа үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000 нэгжээр буюу 10,000,000 төгрөгөөр торгосон байна.

Гомдол гаргагч Г.Г 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд З эвсэл-ээс сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөхдөө Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн зардлын дансыг нээлгэж хуульд заасан хугацааны дотор төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэж бүртгүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч ...2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө аливаа хувь хүн, хуулийн этгээдээс мөнгөн хандив аваагүй, цуглуулаагүй зөвхөн өөрийн хөрөнгөөс сонгуулийн сурталчилгааны холбогдох зардлыг гаргасан тул сонгуулийн хандивын данс банканд нээлгээгүй, нээлгэх шаардлага байгаагүй бөгөөд ингэснээрээ хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж гомдлын шаардлагаа тодорхойлжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын данс нээлгэнэ., 51.4-д Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэх, нээлгэсэн дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх талаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан бөгөөд зардлын дансаа бүртгүүлэх журмыг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байна.

Гэтэл нэр дэвшигч Г.Г хуульд зааснаар сонгуулийн данс нээлгээгүй, өөрийн нэр дээрх дансаа ашигласан болохоо илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна., 49.4-д Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно. гэж сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу нээлгэсэн зардлын дансанд төвлөрүүлж зарцуулах, өөр данснаас сонгуулийн зардал зарцуулахыг хоригложээ. 

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. гэж зааснаас үзвэл Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох бөгөөд тус хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.4 дэх хэсэгт заасан сонгуулийн зардлын данс нээлгэх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн үйлдэлд  мөн  хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан хуульд заасан журмын дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй бол шийтгэл оногдуулах талаар зохицуулсан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийтгэлийн хуудас  Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 2.1 дүгээр зүйлийн 1-д тус тус нийцээгүй, үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагч сонгуулийн зардлын данс нээлгэлгүй өөрийн нэр дээрх данснаас сонгуулийн зардал гаргасан нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн боловч данс нээлгээгүй тохиолдолд шийтгэл оногдуулах талаар Зөрчлийн тухай хуульд заагаагүй байхад тус хуулийг төсөөтэй хэрэглэж шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл хууль бус гэж шүүх үзлээ.

Иймд гомдлын шаардлагыг хангаж, С дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн  2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3,  106.3.1, 106.3.12 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 2.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан иргэн Г.Г-с С дүүргийн Татварын хэлтстийн улсын байцаагч Ц.Б-д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, С дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн  2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, С дүүргийн Татварын хэлтстийн улсын байцаагч Ц.Б-с 70200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН

ШҮҮГЧ С.ГАНБАТ 

ШҮҮГЧ Ц.ОДМАА