Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01131

 

  

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/02842 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******,******* нарт холбогдох,

 

Хууль бус үйлдлийг хүчингүйд тооцуулах, орон сууцны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хилийн цэрэгт хилчин цэргээс хошууч цолтой болтлоо алба хааж, 1990 онд тэтгэвэрт гарсан. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 1986.08.23-ны өдөр тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын даргын А/31 тоот тушаалаар Дотоодын цэргийн Толгойтын гарнизонд шинээр ашиглалтад орсон 36 айлын орон сууцны 5 тоотыг ******* миний биед эзэмшүүлэхээр шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийн бичиг авч, улмаар гэрээ хийн байрандаа нүүж орсон. 1994 онд манай гэр бүлийн хүнд улсаас Амгаланд орон сууц өгөхөд, бид гэр бүлээрээ Амгалан руу нүүсэн ба хамт ажиллаж байсан *******ыг хуучин байрандаа түр амьдарч бай хэмээн оруулсан. Тухайн үед ******* нь хилийн 12 дугаар отрядад ажиллаж байгаад хотод шилжиж ирсэн ба өөрийн гэсэн орон гэргүй байсан тул миний бие сайхан сэтгэл гарган байрандаа оруулсан. Гэтэл ******* нь 2014.03.12-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоогоор уг орон сууцыг хувьчлан авсан гэх бичиг гаргуулж, улмаар өөрийн эзэмшлийн болгож, түүний хүү******* тус байрны өмчлөгч болсон байна. Миний бие уг байрыг *******д бэлэглээгүй, худалдаагүй бөгөөд сайхан сэтгэлээр түр амьдруулж байсан юм. *******тай дарга, цэргийн харилцаатай байсан, өмнө нь ч бас албаны ажилд нь тусалж байсан. Хариуцагч 1994 оны хавар нүүж ороод 1995 оны 5 дугаар сард Мааньтын хорих руу нүүсэн байсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа очиж нүүхийг шаардаж байсан. Эхлээд хаалгаа тайлж өгөхгүй байсан, дараа нь хүү нь тайлж өгөөд зодоон хийх дээрээ тулж байсан. Би 2014 онд байрыг минь ******* хувьчилж авсан болохыг мэдсэн. Миний бие тэр үед өвдөөд 4-5 жил хэвтэрт байсан. Тэгээд биеэ гайгүй болсны дараа одоо л байраа олж авахаар хөөцөлдөж байгаа нь энэ юм. Иймд ******* болон******* нарын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцон, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 1-36 дугаар байрны 5 тоот орон сууцны эзэмшигч нь ******* миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 1955 онд төрсөн. Дээд боловсролтой цэргийн командын мэргэжилтэй. Оросын холбооны улсын хилийн цэргийн сургуулийг 1978 онд төгссөн. Ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой, 305 тоот хаягт амьдардаг. Миний бие башир арга хэрэглэн хууль зөрчдөг хүн биш, надад тийм хэмжээний ухамсар байхгүй. 1994 оны 5 дугаар сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг Хилийн цэргийн 0129 дүгээр ангиас Улаанбаатар хотын хилийн 0151 дүгээр ангид шилжин ирсэн. Ирсэн даруйд ******* намайг эхнэр нь Төмөр замын газраас байр өгсөн гээд энэ байрыг суллаж өгсөн нь үнэн. Гэхдээ энэ байр бол бидний байр биш албаны байр. Миний бие Хилийн цэргийн 0151 дүгээр ангиас Цагдаагийн ерөнхий газрын харьяа дотоодын цэргийн 05 дугаар ангид тусгай салбарын захирагчаар ажиллаж байгаад 1997 оны 11 дүгээр сард тэтгэвэрт гарсан. Олон жил хөдөө ажилласан тул Цагдаагийн ерөнхий газрын дотоодын цэргийн 05 дугаар анги миний байрны асуудлыг шийдвэрлэж энэ байрыг миний мэдэлд өгсөн. Улмаар 2014 оны 3 дугаар сард байрыг хувьчилж авсан. Одоо энэ байр миний хувийн өмч, хувийн эзэмшилд гарч хүүдээ 2014 онд байраа өгсөн ба одоо хүү*******, охин X. Саранчимэгийн хамт амьдарч байна. ******* нь намайг энэ байгууллагын байранд 25 жил амьдарч байхад байрны асуудлаар нэг ч үг дуугараагүй мөртлөө 2014 оны 3 дугаар сард хувьд гарсан сургаар байрны маргаан үүсгэж эхэлсэн. Намайг цагдаад өгсөн бөгөөд очиж мэдүүлэг өгөөд эрүүгийн хэрэг биш байна гээд хаагдсан. Би хууль зөрчөөгүй, байрны асуудал бүгд тушаалаар явж, сүүлд нь Засгийн газрын тогтоолоор надад хувьчилж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байр бол байгууллагын мэдлийн байр. Нэхэмжлэгч ******* өөрөө мэдээд бусдад шилжүүлээд, буцааж аваад байдаг байр биш юм. Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 2005.11.24-ний өдрийн 175 дугаар тушаалаар байгууллагын мэдлийн орон сууц эзэмшүүлэх эрхийн бичгийг *******т олгосон. Засгийн газрын 2009 оны тогтоол гараад орон сууцны оршин суугчдад нь хувьчлахаар болоод улмаар Төрийн өмчийн хороо, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны тогтоолоор *******т хувьчлуулсан. Орон сууц өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг *******т олгосон. Дараа нь орон сууцыг өөрийн хүү*******т шилжүүлсэн. Одоо энэ орон сууц******* болон түүний охин Х.Саранчимэгийн өмчлөлд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/02842 дугаар шийдвэрээр: 1963 оны Иргэний хуулийн 108 дугаар зүйл, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан *******,******* нарт холбогдох бусдын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцох, эзэмшигч болохыг тогтоолгох *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар магадлалаар: Сонинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/02842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.07-ны өдрийн 02842 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 82 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.Анхан болон давж заалдах шатны шүүх өмчлөгчөөс уг орон сууцыг *******т эзэмшүүлэх талаар ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй, гэрээ байгуулаагүй, ******* нь уг орон сууцны хууль ёсны эзэмшигч *******гийн зөвшөөрлөөр түр сууж байгаад улмаар өөрийн болгож, хувьчилж авсан нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Мөн ******* нь 1994 оноос уг орон сууцанд түр амьдрахдаа эзэмших гэрээ байхгүй байсан 1986 онд орон сууц эзэмшигч нартай байгуулсан гэрээг 2005 онд ЦЕГ-ын Дотоодын цэргийн 05-р хорооны захирагчийн тушаалаар шинэчлэн, байр эзэмших гэрчилгээг солих үед тус ангид ажиллаж байсан өөрийн давуу байдлаа ашиглаж, анхны эзэмшигч *******д мэдэгдэлгүйгээр уг орон сууцыг эзэмших гэрээг хууль бусаар олж авсан болно.Шүүх мөн өөр айл оруулахыг хориглосон заалтыг зөрчсөн гэжээ. 1963 оны Иргэний хуулийн 216-р зүйлд ...Хөлслөн авагч өөрийн эзэмшиж байгаа орон сууцдаа гэрээ ба хөлс төлбөргүйгээр түр суугчийг оруулж болно. Түр суугчид нь хөлслөн авагчийн анхны шаардлагаар уул орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй бөгөөд хэрэв чөлөөлөхөөс татгалзвал өөр орон сууцтай эсэхийг харгалзахгүй шүүхийн журмаар нүүлгэн гаргана... гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд орон сууцандаа өөр айл оруулахыг хориглоогүй байх тул гэрээгээр энэ эрхийг хязгаарласан нь хуульд нийцээгүй учраас *******г энэ үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.Мөн 1963 оны Иргэний хуулийн 219-р зүйлд ...Орон сууц өмчлөх эрх хөлслөн өгөгчөөс өөр өмчлөгчид шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх улсын нэг байгууллагаас нөгөөд шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан бөгөөд энэ бүх хугацаанд тухайн орон сууцыг өмчлөгч байгууллагаас *******тай байгуулсан гэрээг цуцлах талаар ирүүлсэн ямар нэгэн баримт байхгүй учраас анх гэрээгээр эзэмшсэн эрх нь хэвээрээ байна.Давж заалдах шатны шүүх ...хариуцагчийг орон сууцыг хувьчлан авах хүртэл буюу 1994-2014 оны хооронд орон сууц эзэмшсэн бодит байдлыг ямар нэгэн баримт үндэслэлээр няцаагаагүй бөгөөд энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээр эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан... үзжээ.******* нь тухайн орон сууцыг эзэмшээгүй байхад давж заалдах шатны шүүх орон сууц эзэмшсэн бодит байдал гэж буруу ойлгон энэ хугацаанд эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж үзжээ. Нэхэмжлэгч ******* өөрийн эзэмшлийн орон сууцандаа *******ыг түр суулгасан болохоос түүнд эзэмшүүлээгүй тул тухайн орон сууцыг хувьчилж авах хүртэл ямар нэгэн нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй юм. Харин уг орон сууцыг хувьчилж авсны дараа эрх нь зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн. Учир нь 1963 оны Иргэний хуулийн 52-р зүйлд зөрчигдсөн эрхийг хамгаалах тухай шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг харгалзахгүй авч хэлэлцэнэ, 2002 оны Иргэний хуулийн 76-р зүйлд ...хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тооцно, ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн ...үеэс үүснэ... гэж заасан бөгөөд ******* нь 2014 онд уг орон сууцыг ******* хувьчилж авсныг мэдэж, энэ үеэс эхлэн орон сууцыг эзэмших эрх нь зөрчигдсөн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүссэн байна.Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дээрх байдлуудыг дахин нотолсны үндсэн дээр шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* нь *******,******* нарт холбогдуулан хууль бус үйлдлийг хүчингүйд тооцуулах, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 1-36 байрны 5 тоот орон сууцны эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийг удирдах Ерөнхий газрын даргын 1986.08.23-ны өдрийн а/31 тушаалыг үндэслэн 0151-р ангийн Зэвсгийн дарга Г.Батаад ордер №5 дугаартай Байр эзэмших эрхийн бичгээр 22 дугаар хороо 1-36 байрны 5 тоотыг эзэмшүүлсэн, 1994 онд Г.Батаагийн эхнэрт улсаас байр өгсөн үндэслэлээр байрнаас нүүхдээ *******ыг өөрийн байранд оруулснаар ******* уг байрыг эзэмшиж эхэлсэн байна.

 

Байгууллагын мэдлийн орон сууцны байрыг хөлслүүлэх, эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, байр хөлслөгчийн үүрэг хариуцлагыг сайжруулах, байгууллагаас тавих хяналт шалгалтыг дээшлүүлэх зорилгоор байр эзэмшигчидтэй шинэчлэн гэрээ байгуулахыг үүрэг болгосон Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн 05 дугаар хорооны захирагчийн 2005.11.24-ний өдрийн 175 дугаартай тушаалыг үндэслэн 2006.01.01-ний өдөр *******д №05 дугаартай Орон сууц эзэмшүүлэх эрхийн бичиг олгожээ. /хх-59, 116/

 

Монгол Улсын Засгийн газрын 2009.09.23-ны өдрийн 292 дугаар тогтоолоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ЦЕГ-ын эзэмшилд байсан 36 айлын орон сууцыг оршин суугчдад нь хувьчлуулахаар шийдвэрлэсний дагуу Төрийн өмчийн хорооноос 2010.04.07-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд Орон сууц хувьчлах тухай 2/684 тоотоор тус орон сууцыг оршин суугчдад нь хувьчлахыг зөвшөөрч, сууц эзэмшигчдийн жагсаалтыг хүргүүлсэн, ******* нь оршин суугчийн хувьд жагсаалтын 5-д бичигдсэн байна. /хх-81-85/

 

Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны Орон сууц өмчлөх эрх олгох тухай 2014.03.12-ны өдрийн 04 дугаартай тушаалыг үндэслэн *******д маргаж буй орон сууцыг өмчлөх эрхийн 0116355 дугаартай гэрчилгээ олгож, хамтран өмчлөгчөөр Г.Тамара,*******, Г.Хишигжаргал, Х.Саранчимэг нар бүртгэгдсэн бөгөөд 2018.08.06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид шилжүүлэх гэрээгээр *******, Г.Тамара, Г.Хишигжаргал нар нь тус орон сууцны өөрт ногдох хэсгээ*******, Х.Саранчимэг нарт хариу төлбөргүйгээр шилжүүлснээр орон сууцны өмчлөгчөөр Т.Хишигбаяр, Х.Саранчимэг нар бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ. /хх-33-35, 47, 86, 88/

 

2.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би хариуцагчид байраа худалдаагүй, бэлэглээгүй, сайхан сэтгэл гарган түр амьдруулж байсан, ...хариуцагч нь миний эзэмшлийн байрыг надад мэдэгдэлгүй хувьчлан авсан нь хууль бус, ...орон сууцны эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Батаа нь 1986 онд маргаж буй орон сууцны эзэмшигч байсан талаар хариуцагч маргаагүй, энэ талаар холбогдох баримт хэрэгт цугларчээ.

 

Байгууллагын мэдлийн орон сууцыг бусдад эзэмшүүлэх эсэх нь тухайн хуулийн этгээдийн эрх хэмжээний асуудал тул эзэмшигч нь уг эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, хөлслүүлэх нь Иргэний хуульд нийцэхгүй.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.

 

Аливаа этгээд эд юмсыг бодитойгоор эрх мэдэлдээ байлгах явдал эзэмшил үүсэх нэг хэлбэр бөгөөд нэхэмжлэгч нь 1994 оноос хойш тус хөрөнгийг өөрийн эзэмшилд бодитойгоор байлгаагүй байна.

 

1994 оноос ******* тус орон сууцыг хөлсөлж байсныг байгууллагын удирдлага хүлээн зөвшөөрч, 2005 онд ЦЕГ-ын Дотоодын цэргийн 05 дугаар хорооны захирагчийн 175 дугаар тушаалыг үндэслэн *******т орон сууцыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосноор ******* хууль ёсны эзэмшигч болж, Г.Батаагийн эзэмших эрх дуусгавар болсон гэж үзнэ.

 

Иймд *******ыг өөрийн давуу байдлаа ашиглаж, анхны эзэмшигчид мэдэгдэлгүй орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар авсан гэх шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгч тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Улмаар ******* нь хууль ёсоор өөрийн эзэмшилд байсан орон сууцыг хувьчилж авахдаа энэ талаар бусдад мэдэгдэх үүрэг хүлээгээгүй.

 

Дээр дурдснаар хариуцагч нарын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, хэрэгт цугларсан баримтад үндэслэгджээ.

 

Орон сууц өмчлөх эрх олгох тухай 2014.03.12-ны өдрийн 04 дугаар тушаалтай холбоотой маргаан үүссэн баримт хэрэгт байхгүй байна.

 

3.   Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ.

 

Нэхэмжлэгч нь маргаж буй орон сууц 2014 онд бусдад хувьчлагдсанаар өөрийн эрх зөрчигдсөн гэж үзэж 2019 онд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-д зааснаар нэхэмжлэлийг хугацаандаа гаргасан гэж үзнэ. Иймд хөөн хэлэлцэх хугацааны талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 

4. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэргийг шийдвэрлэхдээ 1963 оны хуулийг баримталсан нь буруу байх тул алдааг засна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/02842 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул *******,******* нарт холбогдох хууль бус үйлдлийг хүчингүйд тооцуулах, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 1-36 байрны 5 тоот орон сууцны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гаас 2020.02.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД