Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 538

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2018/00703/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... аймаг, ............... сум, ..............  баг, ..............  хороолол, .............. байр ......... тоотод оршин суух ............  овгийн С.Э- /РД:............. , утас: ........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .............. аймаг, ........ сум, ...........  баг, .........  хороолол, .........  байр, ...... тоотод оршин суух ......  овгийн Г.Г- /РД:.........., Утас: .........../-д холбогдох

                                      

Зээлийн гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн С.Э-би 2008.12.25-ны өдөр Г.Г-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг 2009.03.01-ний өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги тооцох, хэрвээ зээлийг төлж чадахгүй бол түүний өмчлөлийн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны 1,, тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон юм. Г.Г- нь зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул дээрх зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч Г.Г- нь шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр 2 удаа орсны эцэст МУ-ын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015.06.25-ны өдрийн 508 тоот тогтоолоор “...С.Э-нь Г.Г-аас зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааж өгсөн юм. Үүнээс хойш түүнтэй уулзах гэсэн боловч зугатаагаад уулзахгүй байсан тул шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу түүнийг олсон юм. Иймд түүнээс үндсэн зээл 9,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцож 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг Г.Г-аас гаргуулах хүсэлтэй байна. Хэрэв зээлийг сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр нь гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...С.Э-нь хариуцагч Г.Г-аас үндсэн зээлд 9,000,000 төгрөг, түүний алданги 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. С.Э-, Г.Г- нарын хооронд 2008.12.25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. С.Э-нь үндсэн зээлд Г.Г-т 9,000,000 төгрөг зээлүүлсэн. Төлөгдөөгүй зээлийн 1 хоногт 0,5 хувийн алданги тооцож, Г.Г-ын 1 өрөө орон сууцыг гэрээний үүргийн гүйцэтгэлд хангуулахаар гэрээнд тусгасан байгаа. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн боловч Г.Г- нь С.Э-д итгэмжлэл олгож, 1 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг түүнд шилжүүлсэн байдаг. С.Э-нь тухайн үед Б- гэх хүнтэй хамт наймаа эрхэлж байсан бөгөөд Г.Г-аас олгосон итгэмжлэлийн дагуу Б- гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр Г.Г-ын нэр дээр байдаг 1 өрөө орон сууцыг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүрэг 2008 оноос хойш хангагдаагүй байна. Одоо Г.Г- өөрөө 1 өрөө орон сууцдаа амьдарч байгаа. Г.Г- 1 өрөө байрыг С.Э-д шилжүүлэх талаар улсын бүртгэлийн албанд сайн дураар хүсэлтээ өгсөн. Гэтэл Улсын дээд шүүхийн 508 дугаартай тогтоолд С.Э-, Б- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийг зөрчсөн гэж үзэж, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон байдаг. Гэхдээ улсын дээд шүүхийн 508 дугаартай тогтоолд С.Э-нь Г.Г-аас шаардах эрх нь нээлттэй гэж дурдсан байгаа. Иймд С.Э-нь 2018.05.29-ний өдөр Г.Г-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Г.Г-т холбогдуулан нэхэмжлэл гаргах гэтэл түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар тодорхойгүй байсан учраас түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, шүүгчийн захирамж гаргуулан ажиллагаа хийгээд явж байна. С.Э-, Г.Г- нарын хооронд байгуулагдсан барьцааны болон зээлийн гэрээ хууль зөрчсөн асуудал байхгүй. Ганбаяр өөрөө байраа аваад байрандаа амьдарч байгаа. Иргэний хуульд заасан зээлийн болон барьцааны гэрээний шаардлага хангасан. Иймээс С.Э-, Г.Г- нарын хооронд 2008.12.25-ны өдөр хийсэн зээлийн болон барьцааны гэрээгээр шилжүүлсэн үндсэн зээл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан Г.Г-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.Г- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Иргэн С.Э-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. 2008 оны 6 сарын 12-нд иргэн А- гэгч нь Дархан сумын 5-р баг 20-р хороолол 4-р байр 18мкв 1 өрөө байрны гэрчилгээг /манай/ 14 хоног хэрэглээд өгье гээд аваад явсан. 2008 оны 09-р сард С.Э-гэгч нь танай байрны гэрчилгээ надад байгаа. А- надад зээлийн барьцаанд тавьж 6,000,000 төгрөг зээлж аваад одоо хүүгийн хамт 9,000,000 төгрөг болсон. Энэ байдлыг А-д хэлэхэд би мөнгө авсан нь үнэн, удахгүй мөнгийг нь төлөөд ордерыг чинь авч өгнө гэсэн боловч 2008 оны 12 сар болсон. Ингээд манай гэр бүлийн хүний бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн. Энэ үед С.Э-манайд ирээд машинаараа авч яваад холбооны тэнд байдаг нотариатын газар дагуулж ороод 3 бичиг дээр гарын үсэг зуруулаад энийг А-д хүргээд өгчих А- чинь надаа мөнгөө өгчихнө тэгэхээр чиний байрны ордерыг буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Үүнд итгээд үнэмшээд дээрх 3 бичиг баримт дээр нь гарын үсэг зурсан. Би С.Э-ийг ердөө танихгүй зүс хараагүй тухайн үед нэг ч төгрөг аваагүй учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин дараа нь байрны бичиг баримтаа олж авах талаар шүүхэд хандаж шүүх зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэн миний байрны бичиг баримтыг надад олгосон” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Урьд нь тус хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд гэрчүүдийг асуух хүсэлт гаргаж байсан боловч хангаагүй шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүхээс унаж ирсэн. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь дүр эсгэж хийсэн хэлцэл юм. 2008.06.12-ны өдөр А- гэгч нь 4-р байрны 18мкв талбайтай 1 өрөө орон сууцын гэрчилгээг авч явсан байдаг. Тэгээд 2008.9 дүгээр сард С.Э-нь Г.Г- руу залгаад “танаа 1 өрөө байрны гэрчилгээ надад байгаа, А- 6,000,000 төгрөгөө одоог хүртэл төлөөгүй явсаар 9,000,000 төгрөг болсон. Чи зээлийн гэрээнд гарын үсэг зурчих би чамд байрны чинь гэрчилгээг өгье” гэж хэлсэн байдаг. Харин Г.Г- энэ талаар би мэдэхгүй гэдгээ тодорхой хэлсэн байсан. 2008.12.25-ны өдөр С.Э-нь Г.Г-ыг нотариатч дээр авч очин зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон байдаг. Гэтэл үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад С.Э-нь Г.Г-аар өөртөө итгэмжлэл хийлгэж, 1 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн байдаг. Уг нь зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа барьцаанд тавьсан хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хангуулах захиран зарцуулах асуудал яригдах ёстой. Тэгэхээр  С.Э-, Г.Г- нарын хооронд байгуулагдсан 2008.12.25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус, үндэслэлгүй хийгдсэн гэрээ гэж үзэж байна. С.Э-нь Г.Г-т 9,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн болон бэлнээр өгсөн талаар баримт байхгүй, хэрэгт авагдаагүй. Хэрэв Г.Г-т 9 сая төгрөгийг өгсөн гэж яриад байгаа бол шилжүүлсэн эсвэл бэлнээр өгсөн гэдгийг нотлох баримт байх ёстой. С.Э-нь Г.Г- 9 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн гарын үсэг ч байхгүй. Тиймээс С.Э-ийг Г.Г-тай дүр эсгэж, хүчээр гарын үсэг зуруулан хийсэн гэрээ болох нь харагдаж байна. Тиймээс С.Э-ийн нэхэмжлэлтэй, Г.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э-нь хариуцагч Г.Г-т холбогдуулан үндсэн зээл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Э-, хариуцагч Г.Г- нар нь 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр 9.000.000 төгрөгийг 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлдүүлэх, зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Барьцааны гэрээг бичгээр байгуулж, Г.Г-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 0/0 дүгээр байрны 1,, тоот орон сууцыг барьцаалжээ.  

 

Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1, 166.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба зээлдүүлэгч С.Э-ийг гэрээний дагуу 9.000.000 төгрөгийг зээлдэгч, хариуцагч Г.Г-ын өмчлөлд бодитойгоор шилжүүлснээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

 

Хариуцагч Г.Г-ын нэхэмжлэгч, зээлдүүлэгч С.Э-өөс зээлдүүлсэн 9.000.000 төгрөгийг аваагүй, өөрийн эхнэрийн хамаатан Б.А- авсан гэж  татгалзаж байгаа нь гэрч Б.А-гийн ...Би 2008 онд Г.Г-ын нэг өрөө байрны ордерыг гуйж аваад С.Э-д барьцаалж тавиад 6,000,000 төгрөг зээлсэн, гэрч Г.М-гийн ...2008 онд Б.А- нь Ганбаярын байрны ордерыг барьцаанд тавиад С.Э-өөс 6,000,0000 төгрөг зээлж авсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд зээлдэгч Г.Г-т зээлийн гэрээний дагуу зээлсэн 9.000.000 төгрөгийг буцаан төлөх  үүрэг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үүсэхгүй байна.

 

            Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э-нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар Г.Г-ын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан тул мөн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д зааснаар тэрээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй хэдий ч үндсэн үүрэг болох зээлийн гэрээний дагуу 9 000 000 төгрөгийг шилжүүлэн аваагүй тул ,барьцааны гэрээний үүргээр хангагдах үүрэг үгүй байна.

 

Иймд хариуцагч Г.Г- зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Г.Г-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-200,,,,,,,,дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 0/0 дүгээр байрны 1,, тоот орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.Г-аас үндсэн зээл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөгийг гаргуулах тухай  , Г.Г- нь зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон А-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар жинхэнэ  хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлт гаргасныг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1,105.2-т зааснаар хүсэлтийг урьд нь гаргах  буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаархи нотлох баримтыг ирүүлээгүй тул хангаж шийдвэрлэхээс татгалзсан болно.

 

Энэ талаар өөр этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй болно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Г-аас 13,500,000 төгрөг гаргуулах, хариуцагч Г.Г- нь зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол Г.Г-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-200,,,,,,,,дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 0/0 дүгээр байрны 1,, тоот орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгуулах тухай нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-ийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 224,550 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХААН банк, төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 1,000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ОЮУНДАРЬ