Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 84

 

Р.Ё-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0281/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       Ц.Цэен-Ойдов

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгч                                      Г.Ж-

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч             Ө.Өлзиймаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Л.Цуурай

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолтой, Р-ийн Ё-д холбогдох, 1918002590249 дугаартай эрүүгийн  хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. ********** регистрийн дугаартай, Д- овогт Р-ийн Ё-

Шүүгдэгч Р.Ё- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 00:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, “Гэгээ” хүнсний дэлгүүрийн орчим 68-65 УНБ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2., 3.7а., 3.46 дэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ж.С-гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Д- овогт Р-ийн Ё-г Авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1.д зааснаар шүүгдэгч Р.Ё-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Р.Ё-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Р.Ё-д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 505 дугаар зүйлийн 505.1., 508 дугаар зүйлийн 508.1.т тус тус зааснаар иргэний хариуцагч Ж.Р-оос 6.892.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж- /РД:**********/-д, 370.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Т- /РД:**********/ нарт тус тус олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ё-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

... Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмын дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулахдаа зөвхөн Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1.д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1.т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж чадаагүй хөнгөн ял оногдуулсан гэж миний үйлчлүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж- гомдолтой байгаа болно.

Гэмт хэрэг үйлдсэнээс хойш талийгаачийн ар гэртэй уулзаагүй, оршуулгын зардалд нэг ч төгрөг төлөөгүй зэргийг тал бүрээс нь шүүх дүгнэж шүүгдэгч Р.Ё-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Р.Ё-д холбогдох хэргийг хянан анхан шатны шүүхэд буцааж дахин шийдүүлэх хүсэлтэй байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж- тайлбартаа:

Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж-ы өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Шүүгдэгч Р.Ё-д оногдуулсан ял шийтгэл хэт хөнгөдсөн тул давж заалдах гомдол гаргасан. Талийгаач сануулсаар байхад шүүгдэгч нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож уг ослыг үйлдсэн юм. Мөн хохирогчийн ар гэрийнхнээс огт уучлалт гуйж хохирол төлбөр төлөөгүй нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй, ухамсарлахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.Ё-н өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчийн хохирол төлбөрийг арилгах талаар шүүх хуралдаан болохоос өмнө ихэд хичээсэн боловч боломжгүй байдлын улмаас бүрэн төлж барагдуулж чадаагүй юм. Мөн өөрт байгаа таван ханатай гэрийг хохирол төлбөрт өгье гэсэн боловч аваагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс Р.Ё-д оногдуулсан ял шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Р.Ё- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 00:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, “Гэгээ” хүнсний дэлгүүрийн орчим 68-65 УНБ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2., 3.7а., 3.46 дэх заалтуудыг зөрчсөний улмаас Ж.С-гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болох:

-Гэрч Т.Т-ын ...С- ах жолоодож, арын суудалд би суусан. Замдаа Р.Ё-, Г- ах, П- эгч нар 2,5 литрийн 3 сав пиво уусан. С- ах машин барьж байгаа. Уухгүй гэж байсан. Машинд байсан бүх хүнийг С- ах гэрт нь хүргэж өгсөн. Осол гарахын өмнө С- ах Ё-г “...-Чи ийм аймаар согтуу байж яаж машин барьдаг юм. Машиныг чинь би барина гэхэд Ё- машинаа С- ахаар жолоодуулахгүй. Өөрөө барина гээд маргаж байгаад машинаа барьсан... гэсэн мэдүүлэг /1 хх-70/,

- Р.Е- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тухай болон түүний согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-29/., Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-15/., Шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээ хийсэн 40 дугаар дүгнэлт., гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-137-142/., Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 178-181/ зэргээр нотлогдож тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Р.Ё- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 68-65 УНБ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2., 3.7а., 3.46 дэх заалтуудыг зөрчсөний улмаас Ж.С-гийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1.т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.т “...4.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” энэ гэмт хэргийг үйлдэж хүний амь нас хохироосон бол 2 жилээс 8 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульд заасан бөгөөд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр 5 жил хорих ял оногдуулсан нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Р.Ё-гийн гэм бурууд тохирчээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн ...Анхан шатны шүүх гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж чадаагүй, хөнгөн ял өгсөн нь шударга ёсны зарчимд нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж-ы өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

                                                         ШҮҮГЧ                                       Ц.ТУЯА

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.МАНЛАЙБААТАР