Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 397

 

 

 

 

 

 

   2020           4              2                                         2020/ДШМ/397                МАЛАЛ

 

Э.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

хохирогч Ц.Өлзийбаяр, Б.Нямдаваа,

хохирогч М.Замбагабалын өмгөөлөгч Б.Борхүү,

хохирогч “Лотус финанс” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах,

хохирогч “Лотус финанс” ББСБ-ын өмгөөлөгч Н.Жавзандолгор,

“Өү энд Би Эн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр,

“Өү энд Би Эн” ХХК-ийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа,

шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Г.Хишигсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/389 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Э.Тд холбогдох 1905008520463 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хайтал овгийн Э.Т, 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 6 дугаар байрны 25 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 41-18 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ТК88072801/;

Э.Т нь 2018 оны 6 дугаар сард орон сууц захиалгаар барих гэрээ, “Өү энд Би Эн” ХХК-ийн төлбөрийн үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж, улмаар хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан ашигласан,  

мөн “Лотус финанс” банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн үүргээс чөлөөлсөн гэх 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 18/242 тоот баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан ашиглаж тус “Өү Энд Би Эн” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 27, 54, 6, 62 тоот 4 ширхэг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Өү Энд Би Эн” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан “Блю жем” хотхоны 52а байрны 27, 54, 6, 62 тоот 4 ширхэг 1.030.707.500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авахаар захиалах маягаар урьдчилгаанд 8.000.000 төгрөг төлж, итгэл төрүүлэн хуурч, гэрээгээр халхавчлан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дээрх 4 ширхэг орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бичгийг хуурамч баримт бичиг ашиглан өөрийн нэр дээр гаргуулан авч захиалсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 27 тоот 69.35 мкв 3 өрөө орон сууцыг өөрийнх хэмээн иргэн Г.Мягмарсүрэнд итгүүлэн гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Мягмарсүрэнгээс байрны урьдчилгаа төлбөр гэж хуурч 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 26 тоот 68.01 мкв 3 өрөө орон сууцыг өөрийн хэмээн иргэн Б.Нямдаваад итгүүлэн гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Нямдаваагаас байрны урьдчилгаа төлбөр гэж хуурч 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 6 тоот 68.01 мкв 3 өрөө орон сууцыг өөрийн хэмээн иргэн Ц.Өлзийбаярт итгүүлэн гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон Ц.Өлзийбаяраас байрны урьдчилгаа төлбөр гэж хуурч 2018 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд 39.372.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 69.35 мкв 3 өрөө 27 тоот, 92.8 мкв 3 өрөө 54 тоот, 68.01 мкв 3 өрөө 6 тоот, 156 мкв 5 өрөө тавилгатай 62 тоот 4 ширхэг орон сууцыг өөрийнх бөгөөд эргэлтийн хөрөнгөд 400.000.000 төгрөг шаардлагатай хэмээн “Лотус финанс” банк бус санхүүгийн байгууллагад дээрх 4 ширхэг орон сууцны “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-г үзүүлж итгүүлэн, гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, “Лотус финанс” банк бус санхүүгийн байгууллагаас 330.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 69.35 мкв 3 өрөө 27 тоот орон сууцыг өөрийн хэмээн иргэн М.Замбагабалд “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-г үзүүлж итгүүлэн, гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн М.Замбагабалаас байрны төлбөр гэж хуурч, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр хугацаанд 30.439.610 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, үргэлжилсэн үйлдлээр нийт 1.465.519.110 төгрөгийн их хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шүүгдэгч Э.Тд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “... хэргийн үйл баримтыг буруу дүгнэж Эрүүгийн хуулийг хэрэглэсэн, ...хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтаас зөрүүтэй, хохирогчийг буруу тогтоосон, бусад хүмүүсийн гэмт хэрэгт оролцсон оролцоог шалгах...” гэх мэт үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр уг хэргийг прокурорт буцаасан.

Гэвч мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн гэхэд учир дутагдалтай байна. Тухайлбал, “Технометал” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн ТЭЗҮ-ийн ерөнхий дүгнэлт, Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/Ш32019/07275 дугаартай захирамж, хууль ёсны төлөөлөгч Б.Бадрахаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Н.Мөнхжаргал, Я.Эрдэнэбилэг нараас гэрчийн мэдүүлэг авсан, яллагдагч Э.Таас дахин мэдүүлэг авсан, “Модерн цамхаг” ХХК-ийн Улсын бүртгэлийн лавлагаа гэсэн баримтуудыг хавтас хэрэгт хавсаргаж, “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” мөрдөгчийн 2 тогтоол гаргажээ. Улмаар хэргийн оролцогч нарт хавтас хэргийн материал танилцуулсан баримт үйлдсэн байна.

 “Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын тогтоолын дагуу “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан” байх бөгөөд тогтоолын агуулгаас үзвэл “Өү энд Би Эн” ХХК-ийг хохирогчоор тогтоосон гэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж,

мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тус тус заасан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдүүдийн эдлэх эрх, хүлээх үүргийг зааглан хуульчилсан байдаг.

“Өү энд Би Эн” ХХК буюу түүний төлөөлөгчийг хохирогчоор тогтоосон гэх тогтоол байхгүй, өмнөх мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр эрх зүйн харилцаанд оролцож байтал тус компанид /төлөөлөгчид/ хохирогчийн эрх, үүргийг танилцуулаагүй байна.

Яллагдагч Э.Тд холбогдох энэ хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримттайгаа хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй бичигджээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулах, хэн нь хохирогч болох, хэн нь иргэний нэхэмжлэгч болох, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тохиолдолд иргэний хариуцагчаар хэнийг татахыг нэг мөр дэс дараалалд оруулах шаардлагатай байх тул хэргийг дахин прокурорт буцаах нь зүйтэй.

Э.Тд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр эрүүгийн 1905008520463 дугаартай, 5 хавтас хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, Э.Тд урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн талаар:

Шүүхээс “...хэргийг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан атал мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн гэхэд учир дутагдалтай...” гэж дүгнээд “...тухайлбал...” гэж тодотгоод хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөвхөн дурдсан нь урьд прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн аль заалт биелэгдээгүй, захирамжид заасан ажиллагаануудаас мөрдөн байцаалтын шатанд ямар ажиллагааг нь дутуу шалгасан, цугларсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь эргэлзээтэй, хэргийн нөхцөл байдлууд тогтоогдсон байхад нэмэлт ажиллагаа хийх нь ямар ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэрэгт Э.Тыг холбогдуулан яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс “...яллагдагч Э.Тд холбогдох энэ хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримттайгаа хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй бичигджээ...” гэж прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх нь эргэлзээтэй байна.

Учир нь, “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах...” болон “...яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан...” тогтоолууд нь яллагдагчаар татагдсан этгээдэд өөрийг нь ямар нотлох баримтад үндэслэж, ямар хэрэгт яллаж байгааг мэдэх эрх зүйн акт бөгөөд прокуророос 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолд...” Э.Тыг ямар хэрэгт, ямар нотлох баримтуудыг үндэслэж яллаж байгаа талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурорын тогтоолын тодорхойлох хэсэгт хүнийг гэмт хэрэгт үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана” гэж заасны дагуу хууль ёсны байх шаардлагад нийцүүлэн үйлдэж, тогтоолыг яллагдагчид танилцуулан мэдүүлэг аваад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Гэвч шүүхээс Э.Тд холбогдох хэргийн аль зүйлчлэл нь мөрдөн байцаалтаар цугларсан ямар нотлох баримтуудад үндэслэгдэж, аль үйл баримттай нийцэхгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тодорхой тайлбарлаагүй байна.

Яллагдагч Э.Тыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, үргэлжилсэн үйлдлээр нийт 1.465.519.110 төгрөгийн их хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоож, хохирогч нарт учирсан хохирлыг зөвхөн Э.Т хариуцахаар байхад шүүхээс хэн нь хохирогч болох, хэн нь иргэний нэхэмжлэгч болох, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тохиолдолд иргэний хариуцагчаар хэнийг татахыг нэг мөр дэс дараалалд оруулах шаардлагатай гэж заасан нь шүүхийн заалт ойлгомжгүй бичигдсэн гэж үзэхээр байна.

Иймд дээр дурдсан шүүхийн заалтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр мөрдөгчөөс “...Э.Т нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Өү Энд Би Эн” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан “Блю жем” хотхоны 52а байрны 27, 54, 6, 62 тоот 4 ширхэг орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бичгийг хуурамч баримт бичиг ашиглан өөрийн нэр дээр гаргуулан авч залилсан...” гэх хэрэгт “Өү Энд Би Эн” ХХК-ийг төлөөлүүлэн хохирогч иргэний нэхэмжлэгчээр Д.Ууганбаярыг тогтоож мэдүүлэг авсан. / 2-хх-112-113 дугаар хуудас/

Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор яллагдагч Э.Тд холбогдох “Өү Энд Би Эн” ХХК-тай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, оролцогч нарт тогтоолыг танилцуулахдаа “Өү Энд Би Эн” ХХК-ийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардаж байгаа нь хуулийн үндэслэлтэй учир иргэний нэхэмжлэгчийн эрх, үүрэгтэйгээр анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцүүлэх явцад оролцуулсан.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд “...шүүгдэгч Э.Т “Өү Энд Би Эн” ХХК-ийн эд хөрөнгө болох баригдаж буй орон сууцны барилгын байрнуудаас нь захиалах маягаар гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдсэн...” гэж нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг прокурорт буцаасан тул Дээд шатны прокурорын тогтоолоор “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай тогтоол...”-ыг хүчингүй болгож, “Өү Энд Би Эн” ХХК-ийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр хэрэгт оролцох эрх, үүрэг сэргээгдсэн байна.

Иймд прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тогтоолын дагуу яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь“Өү Энд Би Эн” ХХК-иас гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэх эрхийг зөрчөөгүй байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс “...яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолын агуулгаас үзвэл “Өү Энд Би Эн" ХХК-ийг хохирогчоор тогтоосон гэхээр байна...” гэж дүгнэсэн атал, дараагийн заалтаар “...Өү Энд Би Эн” ХХК буюу түүний төлөөлөгчийг хохирогчоор тогтоосон гэх тогтоол байхгүй, өмнөх мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр эрх зүйн харилцаанд оролцож байтал тус компанид хохирогчийн эрх, үүргийг танилцуулаагүй...” гэж зөрүүтэй дүгнэсэн нь ойлгомжгүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэний нэхэмжлэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тусгайлан хуульчилсан боловч 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх болон энэ бүлэгт заасан үүрэг нэгэн адил хамаарна...” гэж заасан нь “Өү Энд Би Эн” ХХК нь анхнаасаа хохирогчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээн оролцож байсан буюу хохирогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцан мэдэж байсан гэж үзэхээр байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 389 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Ц.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахад болон хэрэг шалгагдаж байхад шүүгдэгч Э.Тын нөхөр Тулга гэх хүнийг шалгуулах хүсэлтийг гаргаж өгсөн. Миний болон хохирогч Нямдаваа, Замбагабал нарын мөнгөнөөс нийт 20.000.000 төгрөгийг Тулга гэх хүн өөрийн дансандаа шилжүүлж авсан байдаг. Мөн бид нартай удаа дараа уулзаж “та нарт мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлдэг байсан. Мөрдөн байцаалтад Тулга гэх хүн байцаалт өгөхдөө “би эдгээр хүмүүстэй огт уулзаж байгаагүй, “Блю жем” хотхонд байр авсан асуудлыг мэдэхгүй” гэж худал мэдүүлэг өгсөн байдаг. “Технометал” ХХК-ийн захирал Эрдэнэбилэг шүүгдэгч Э.Тын аав нь, “Блю жем” хотхоны байруудыг борлуулдаг хүмүүстэй өөрийн биеэр очиж уулзаад, гэрээ хийхэд нь хамт байсан байдаг. Эдгээр хүмүүсийг татаж шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Б.Нямдаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүгдэгч Э.Т биднийг залилж, гэрээ байгуулахдаа өөрийн эцэг болох Эрдэнэбилэг гэх хүний гарын үсгийг зуруулж байсан. Мөнгийг шилжүүлж авахдаа өөрийн нөхөр Тулгын дансаар авч байсан. Эрдэнэбилэг, Тулга гэх хоёр хүн анхнаасаа уг хэрэгтэй холбогдолтой. Мөрдөн байцаалтын явцад эдгээр хүмүүсээс мэдүүлэг авах төдийгөөр шалгасан байдаг. Мөн анх гэрээ хийхэд “Өү энд Би Эн” ХХК-ийн төлөөлөгч гэх хүн байсан. Мөрдөн байцаалтад тэр хүнээс ганцхан мэдүүлэг аваад өөр ажиллагаа хийгээгүй. ...” гэв.

Хохирогч М.Замбагабалын өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүгч захирамждаа “Технометал” ХХК-ийг иргэний хариуцагчаар тат, Тулгыг хамтран хариуцагчаар тат” гэж бичих боломжгүй. Тодорхой ажиллагаануудыг хийх шаардлагатай гэх нөхцөл байдлаар хэргийг буцаасан. Прокурорын хүсээд байгаа шиг захирамждаа тодорхой заагаад өгчих юм бол мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн нөхцөл байдал үүснэ. Шүүгч захирамждаа тодорхой заах боломжгүй тул хохирогч нарын хүсэлтийг хангах шаардлагатай гэж дурдсан. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нар дээрх хүмүүсийг шалгуулах хүсэлттэй байгаагаа бүгд илэрхийлж, бичгээр хүсэлт гаргасан. Бидний зүгээс хохирлоо авах хүсэлтэй байна. Харин прокурор хохирол барагдуулах нөхцөл байдлыг төдийлөн анхаарахгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдалд илүү анхаарч ажиллаад байна. Уг хоёр балансыг тэнцүү барьж ажиллах ёстой. Хохирлыг барагдуулахын тулд дээрх хүмүүсийг заавал татаж шалгах ёстой. ...” гэв.

Хохирогч “Лотус Финанс” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүх хөндлөнгийн байгууллага. Прокурорын ярьж байгаа шиг тэр хүнийг шалга, энэ хүнийг иргэний хариуцагчаар тат гэх байдлаар шүүгчийн захирамждаа заах боломжгүй. Прокурор хэргийг тал бүрээс нь бодитой шалгаж, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр нотлох үүрэгтэй. Бидний зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед удаа дараа хүсэлт гаргасан. Манай байгууллагаас байрыг чөлөөлсөн гэх бичгийг хуурамчаар үйлдсэн болохыг криминологийн шинжилгээний байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Гэвч хүсэлтийг хангаагүй. Мөн манай байгууллагаас авсан 330.000.000 төгрөгийн зарцуулалтыг шалгаж өгнө үү гэсэн. Үүнийг шалгаснаар хамтран хэрэг үйлдсэн хүмүүс илэрнэ гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Т нь эцэг буюу Эрдэнэбилэг гэх хүн рүү 100.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгэхээр Эрдэнэбилэг гэх хүн уг хэрэгт холбоотой. Уг хүн гэрээ хийхэд баталгаа гаргаж өгдөг, мөнгө хүлээж авдаг байсан. Мөн шүүгдэгч Э.Т тамга, тэмдгийг өөрөө сийлж хийх боломжгүй. Ямар хүнээр уг тамга, тэмдгийг хуурамчаар хийлгээд байна вэ гэдгийг шалгаж өгнө үү гэх хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. Улсын бүртгэлийн байгууллага гэрчилгээг хаясан, гээсэн тохиолдолд сарын дараа гэрчилгээг гаргахаар журамласан байдаг. Гэтэл гэрчилгээг гаргуулах гэж сар хүлээгээгүй, Улсын бүртгэлийн даргын тушаал гарахаас өмнө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргачихсан байдаг. Оюунболд, Бямбацогт гэх улсын бүртгэгч нар уг хэрэгт оролцсон болох нь нотлогдож байна. Эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргахад хангаагүй. ...” гэв.

Хохирогч “Лотус финанс” ББСБ-ын өмгөөлөгч Н.Жавзандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ганцхан шүүгдэгч Э.Тын үйлдлийг л шалгахад чиглээд байдаг. Шүүгдэгч Э.Тын нөхөр болон эцгийг нь шалгадаггүй. Мөн 4 байрны гэрчилгээг 2 удаа гаргуулахад 8 ширхэг гэрчилгээ гарч ирж байгаа. Уг 8 ширхэг гэрчилгээний 7 ширхэг гэрчилгээ нь улсын бүртгэгч Оюунболд гэх хүний нэрээр гардаг. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн албанд ганцхан Оюунболд гэх хүн ажилладаггүй. Оюунболд гэх улсын бүртгэгчээс гэрчилгээ гараад байдаг нь эргэлзээтэй. Гэмт хэрэгт хамтран оролцсон байх боломжтой этгээдүүд тодорхой байхад шалгадаггүй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нар хүсэлтүүдээ өгөхөөр үндэслэлгүйгээр хангахаас татгалздаг. Бидний зүгээс хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон СиДи бичлэг зэргийг гаргаж өгөх гэхээр авдаггүй. Хохирогч нар шүүгдэгч Э.Таас хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байгаа. ...” гэв.

“Өү энд Би Эн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

“Өү энд Би Эн” ХХК-ийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа: “...Шүүгчийн захирамжид “Э.Тд холбогдох уг хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримттай хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй бичигдсэн” гэж байгаа. Анх “Өү энд Би Эн” ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр залилах болон баримт бичиг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн байна гэж гомдол гаргасан байдаг. Гэтэл “Өү энд Би Эн” ХХК-тай холбоотой үйлдлийг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг гэж үзэн хөнгөн зүйл, заалтаар зүйлчилсэн. 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч маш тодорхой дүгнэсэн байдаг. “Өү энд Би Эн” ХХК-ийн хөрөнгө болох баригдаж буй орон сууцыг захиалах байдлаар гэрээгээр халхавчлан залилан авч, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт мөнгө өгөхийн тулд бусад иргэдийг давхар хуурч мэхлэн тэдгээрээс авсан мөнгө, эд хөрөнгийг компани руу шилжүүлсэн байдаг. Иймд залилах болон хуурамч баримт бичиг үйлдэх нийлмэл гэмт хэргээр зүйлчлэх боломжтой гэж дүгнэсэн. Гэтэл прокуророос тогтоолдоо “Өү энд Би Эн” ХХК-тай холбоотой үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баримт бичиг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг гэж зүйлчлээд байдаг. Үүнийг нь 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн ерөнхий прокурор Энхтуяа хүчингүй болгож, “Өү энд Би Эн” ХХК-тай холбоотой үйлдэл залилан мэхлэх үйлдэл байна гэж шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар дахиад залилан мэхлэх гэмт хэрэг биш, хохирлоо иргэний журмаар нэхэмжил, харин баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг байна гээд зүйлчлээд байна. Үүнд гомдолтой байна. Шүүгчийн захирамжид “Өү энд Би Эн” ХХК буюу түүний төлөөлөгчийг хохирогчоор тогтоосон тогтоол байхгүй гээд алдаатай дүгнэлт бичсэн байсан. “Өү энд Би Эн” ХХК-ийн төлөөлөгчөөр Д.Ууганбаярыг тогтоосон. “Өү энд Би Эн” ХХК уг байрыг барьж, улсын комисст хүлээлгэж өгсөн. Анх “Өү энд Би Эн” гэх хуулийн этгээд гомдол гаргасан. Зөвхөн шүүх хуралдаанд төлөөлөх хүнийг нь хохирогчоор тогтоогоод байгаа нь алдаатай юм. “Өү энд Би Эн” ХХК-ийг хохирогчоор тогтоох ёстой. ...” гэв.

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Г.Хишигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хохирогчоор тогтоогоогүй асуудлыг ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана. ...” гэж заасан. Гэтэл хохирогчоор тогтоосон тогтоол гаргаагүй. Энэ нь прокурорын алдаа. Хохирогч нарт хохирол учирсан гэх зүйл харагдахгүй байдаг. Гэтэл прокурор яллах талын нотлох баримтыг цуглуулаад, цагаатгах талын нотлох баримтыг огт цуглуулаагүй. Иймд хэргийн бодит байдлыг тогтоох нь зөв гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Тд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Э.Тд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд, прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасны дагуу иргэний хариуцагчаар тогтоож, хохирол төлбөрийг барагдуулан төлбөр хариуцуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Ц.Өлзийбаяр, Б.Нямдаваа, М.Замбагабал, “Лотус финанс” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, “Өү энд Би Эн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр нарыг хохирогчоор тогтоосон бөгөөд Эрдэнэбилэг, Тулга нараас гэрчээр мэдүүлэг авсан ба тэдгээрийг болон гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татаж оролцуулах хүсэлтийг оролцогчдоос гаргавал үүнийг шүүх шийдвэрлэх боломжтой төдийгүй хохирол төлбөр хариуцах эсэх талаар ч хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Э.Тд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/389 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Тд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлтэл Э.Тд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ