Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 507

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00507

 

 

“СИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00125 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “СИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.А-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Одгариг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Төмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын “СИ” ХХК нь Монгол улсын иргэн Л.А-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ... тоотод байрлах түүний өмчлөлийн 360 м.кв газар дээр байрлах автомашин хадгалах агуулахын дээр 2, 3 дугаар давхрын өргөтгөл барилгыг нийгмийн халамж үзүүлэх зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар “Иннова Констракшн” ХХК-иар 2013-2014 оны хооронд бариулсан.

Барилгын газрыг өмчлөгч Л.А, түүний нөхөр М.Төмөр нар нь гэрээний үүргээ зөрчиж, 2015 оны 5 сараас сургуулийн гэрэл цахилгааныг таслан, орох хаалгыг хааж, сургуулийн үйл ажиллагааг тасалдуулж байсан тул “СИ” ХХК нь 2015 оны 7 дугаар сард гэрээнээс татгалзаж, барилгад оруулсан хөрөнгөө хариуцагчаас нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүх хамтран ажиллах гэрээг цуцлах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Л.А- нь хамтран ажиллах гэрээнд заасан барилгын 2, 3 дугаар давхрыг “СИ” ХХК-д 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгөөр, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх үүргээ биелүүлэхээс татгалзаад, эзэмшүүлэхгүй байна.

Иймд Л.А-т гэрээгээр хүлээсэн үүргээ “СИ” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг Самдунг интернэйшл ХХК-тай хамтын ажиллагааны гэрээг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Уг гэрээг эхлээд “Самдунг интернэшл” ХХК-тай байгуулаагүй, түүний салбар төлөөлөгчийн газартай байгуулсан.

Салбар төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг харахад 2013, 2014, 2015 оноос 1,1 жилээр сунгалттай байсан. 2015 оноос хойш сунгалт хийлгээгүй байна. Тус төлөөлөгчийн газрын эрх 2015 онд дуусгавар болсон.

Хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хамтын ажиллагааны 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд барилгын ажил дууссан цагаас хойш 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгээр буюу нийт 15 жилийн хугацаатай “СИ” ХХК эзэмшихээр гэрээ хийнэ гэсэн боловч энэ гэрээг хийгээгүй. Барилгын 3 дугаар давхрын ажил ч дуусаагүй байгаа .

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уг гэрээнээс татгалзаж байгаагаа бидэнд мэдэгдэж мэдэгдэл өгсөн. Иймд энэ өдөр энэ гэрээ дуусгавар болсон.

Самдунг олон улсын төлөөлөгчийн газар шүүхэд нэхэмжпэл гаргаж Баянгол, Хан- Уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 15 өдрийн 102/ШШ2016/00630 дугаар шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр Самдунг олон улсын төлөөлөгчийн газрын 462.738.779 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давах болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Биднийг 2015 оны 5-р сараас гэрэл цахилгаан таслан, орох хаалгыг хааж, сургуулийн үйл ажиллагааг тасалдуулсан, гэрээний үүргээ зөрчсөн гэсэн байна. Бидэнд үйл ажиллагааг нь тасалдуулсан зүйл байхгүй.

Автомашин хадгалах агуулах нь Л.А-, М.Төмөр нарын өмчлөдөг газар дээр дамнаад баригдсан тул бидэнд ч өмчлөгчийн гэрчилгээ олгохгүй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбитын ... тоотод байрлах, машин хадгалах агуулахын бариүлгын дээр барьсан 2,3 дугаар давхрыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулийн үйл ажиллагаа эрхлүүлэх зориулалтаар нэхэмжлэгч “СИ” ХХК-д 5 жилийн хугацаагаар, 3 удаа сунгах нөхцлөөр, нийт 15 жилийн хугацаанд эзэмшүүлэхийг хариуцагч Л.А-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Самдонгийн олон улсын салбар төлөөлөгчийн газрын зөвшөөрөл нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгогдож, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хугацаа нь дууссан.

“СИ” ХХК нь 2016 оны 03 сарын 14-нд улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан байна. “СИ” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

2013 онд Самдонгийн ажилтнуудтай манай хүргэн ямар гэрээ хийсэн нь мэдэгдэхгүй, бид нартай ч гэрээ хийгээгүй манай хашаанд ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбитын 36 гудамж 625 в тоотын газар нь миний өмч, Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбитын 36 гудамж 625 a тоот нь нөхөр М.Төмөрийн газар байдаг. Энэ 2 газрыг дамнуулан машин агуулах граж барьсан. Манай нөхөр М.Төмөрийн зөвшөөрлийг авах ёстой байсан. Гэтэл 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс манай болон Төмөрийн хашаанд байшингаа барьж эхэлсэн.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гэрээнээс татгалзсан талаар 2 тал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хамтран ажиллах гэрээ гэж буруу дүгнэсэн байна. Гэрээнээс татгалзсан нөхцөлд шаардах эрх хэвээр үргэжлэхгүй.

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээнд уг барилгын ажил дууссан цагаас хойш эзэмших гэрээ хийнэ гэж тус тусдаа гэрээнүүд яригдах байтал 2 гэрээг хольж буруу ойлгосон. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хамтын ажиллагааны гэрээнд барилгын ажил дууссан цагаас хойш 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгээр буюу нийт 15 хугацаатай “Самдонг интернэшнл” ХХК эзэмшихээр гэрээ хийнэ гэсэн боловч энэ гэрээгээ хийгээгүй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан учраас 3 давхрын барилгын ажил одоо ч дуусаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын хооронд хэдэн сарын хэдэнд ямар гэрээ байгуулсан талаар зөв ойлгоогүй, хуулийн заалтыг зөв хэрэглээгүй хууль хэрэглээн дээр алдаа гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “СИ” ХХК нь хариуцагч Л.А-т холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын ... тоотод байрлах Л.А-ийн өмчлөлийн 360 м.кв газарт байрлаж байгаа машин хадгалах, агуулахын 2, 3 дугаар давхрын өргөтгөл барилгын улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчид 2017 он 11 дүгээр сарын 13-ны өдөр гардуулан өгсөн бөгөөд хариуцагч нь энэ нэхэмжлэлийн хүрээнд эс зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын ... тоотод байрлах Л.А-ийн өмчөлөлийн 360 м.кв газарт байрлаж байгаа машин хадгалах, агуулахын 2, 3 дугаар давхрын өргөтгөл барилгыг гэрээнд заасан хугацаанд “СИ” ХХК-д эзэмшүүлэхийг даалгуулах гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрчилсөн тохиолдолд бичгээр гаргуулж, хариуцагчид гардуулан өгч, тайлбар авах ажиллагааг шүүх хийх ёстой. Энэ ажиллагааг хийгээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хариуцагчийн тайлбар гаргах эрхийг зөрчсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний зүйл нь гэрээний дагуу баригдсан барилгыг нэхэмжлэгч талд эзэмшүүлэх гэсэн агуулгатай байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ эзэмшилд саад болж байгаа хариуцагчийн үйлдлийг таслан зогсоох гэсэн агуулгаар тодорхойлж байгаа эсэх нь тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийг бүрэн тогтоогоогүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч гадаадын хөрөнгө оруулалттай “СИ” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Л.А-тэй 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээг үндэслэжээ. Уг хамтын ажиллагааны гэрээг Самдонг интернэйшнлийн Монгол дахь төлөөлөгч нь Л.А-тэй байгуулсан байна.

 

Талууд маргааны үндэслэлийг өмнө 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн гэх агуулгаар маргаж байгаа бөгөөд өмнөх маргаанд болон энэ хэргийн хувьд нэхэмжлэгчээр оролцож буй “СИ” ХХК нь нэг хуулийн этгээд мөн эсэх, хэрвээ биш бол гэрээний үүргийг шаардах эрх шилжсэн эсэх нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00125 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА